Уралдааны шилдэг шүлэгчид: БАТЗАНЫН ОНОНБААТАР
2017-04-27 494

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах "ТАГТАА" номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Батзанын Ононбаатар.  Тэрээр 1986 онд Дорнод аймаг Баян-уул сумд төрсөн. Төрөлх сумдаа дунд сургууль дүүргэж Улаанбаатар хотод хуучнаар Барилгын коллежид цахилгаанчин мэргэжлээр суралцаж төгсчээ. Анхны шүлгийн түүвэр нь “Сар уулсыг элээнэ”нэртэйгээр  2016 онд хэвлэгдсэн. Түүний шүлгийн түүврийг Их засаг их сургууль ихэд үнэлж 2017 онд Чингисийн алдар одонгоор шагнасан ажээ.


АРИУСАЛ”

Хаврын үдэш
Хажуу айлаас
Хэц дэлдэх дуу
Хээрийн түймэр мэт түгэхэд
Нүдээ аниад тэрхүү дууг анирдан чагнавал
Нүргээнт чимээ даруй
Уухай хадах түрлэг болж хувирав.
Эсгий гэрийн минь тооноор
Одод бултаар шагалзах мэт
Эцэг дээдсийн минь сүнс
Аниатай нүдэн дотроос минь намайг ширтэж
Шумуулных шиг сиймгэр далиар
Шугуйн гүнийг нэвтэлж
Далайн уудмыг туулах
Их хүчийг мэдрүүлэв.

2017 он
Аниргүй шөнийн блюз”   

Үр лүүгээ
Гэр лүүгээ
Хань луугаа
Хөгжимчин эр яарч явна.
Ширээн дээр асгасан аяга кофены үнэтэй
Хуучин гитараа үүрээд
Шилэн оймсны төрхтэй шөнийн гудамжаар
Мартагдсан дуу аялан
Зуухан дээр буцлах халуун цайны ууранд
Зургийн жааз нь өнгө нэмэх
Буйдхан оромж луугаа
Зоорины мухарт мартагдсан
Төгөлдөр хуурын товчлуурыг
Зовлонт могой сүүлээрээ шавхуурдан
Гунигийн аяз эгшиглүүлэх
Жаргалын оромж луугаа
Салхины үлгэрт бүүвэйлэгдэн нойрсох
Сайхан хань, бяцхан үрс лүүгээ
Хөгжимчин эр
Хөсөр унасан навчсыг гишгэлэн яарч явна аа...

2016 он
  *** 

Сахилгагүй хүүгийнхээ хүсэл шиг
Эсрэг тэсрэгийн дунд
Сайн хүн байх
Яасан хэцүү вэ?

Батзанын Ононбаатарын шүлгүүдийг бид ГЭРЭГ сэтгүүлийн эрхлэгч, яруу найрагч, утга зохиол судлаач Уртнасангийн Бямбанямд уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.

Тэрээр шүлгүүдийг уншаад:

Эхлээд уншихад ер бусын мэдрэмж, далд утга агуулгаар дүүрэн мэт санагдах “Ариусал” шүлэг үнэн хэрэгтэй жирийн дараалсан дүрслэл, хэлний тоглолт, “Аниатай нүдэн дотроос минь намайг ширтэж” мэтийн хэт хийсвэрлэл, логик зөрчил бүхий залуу шүлэгчийн гэнэн төөрөгдөл төдийхөн аж. Шүлэг, яруу найраг гэхээсээ бөө мөргөл, далд хүчний уриа дуудлага, магтуу шиг сэтгэгдэл төрүүлнэ.

Б.Явуухулангийн “Сохор зоосны дууль” найраглалыг санагдуулам “Аниргүй шөнийн блюз” шүлгийн сүүлийн мөрийг л анхааралтай ажиглаарай. Өмнөх хэсгийг нь шудраад уншихад нэг их буруудахгүй. “Хөгжимчин эр, хөсөр унасан навчисыг гишгэлэн яарч явна”. Энэ мөр бол харин өөр. Амьдрал үнэн хэрэгтэй бие биесээ үйрүүлсээр дуусдаг энэ хором юм уу даа. Нэгний аз жаргал, нөгөөгийнх нь үйрч унаснаар төгсдөг. Нөгөө талдаа үйрч буй навчис, яарч буй хөгжимчний сэтгэлийн эсрэгцэл. Энэ хоёр мөр л дээрх шүлгийг авч гарчээ.

Гурав дахь богино шүлэг харин эвчхэн. Сахилгагүй хүүгийн хүсэл шиг тааш таамаглашгүй эсрэг, тэсрэгийн дунд орших. Зарим экзистенциалист философчдын үзэхээр амьдралын тааш таамаглашгүй эргэлтийн дунд хүн өөрөө төгс байх боломжгүй гэнэ. Тэгэхээр энэ бүтэшгүй санаашрал яруу найрагчид, зураачид, киночид гээд ертөнцийн бодит ахуйгаас тасарч чаддаг нэгэнд л байх бодрол биз.

гэсэн сэтгэгдэл ирүүлсэн юм. Энэ үг яруу найрагчийн цаашдын уран бүтээлд тус болно биз ээ. ТАГТАА-ийн зүгээс Б.Ононбаатарт уран бүтээлийн арвин их амжилт ерөөе!

Түр хүлээнэ үү...
Top