Уралдааны шилдэг шүлэгчид: АМАРБААТАРЫН УРАНТОГОС
2017-04-28 1370

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Амарбаатарын Урантогос. Тэрээр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд 1988 онд төрсөн. Яруу найргийн "Өдөр бүхний элегия" /2011/,  "Гуравдугаар сарын байшин" /2013/, "Эрсийн зуун" /2017/ түүврүүд хэвлүүлсэн.  Одоогоор БНХАУ-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэгт суралцаж байна.

***

Шүлэг гэнэтхэн л бичигдсэн
Тэсгим хүйтэн өвөл сөн.
Шүтээний хуудсанд үлдсэн
Мөр хэдийн баларсан баймаар.
Өнөөдөр чамайг олж хараад
Хэлмэгдэн дагжив, цас мэт
Өөрөө ч анзааргагүйдээ
Орхиж чадсан хайр минь!
Орсон цас өдөртөө бүлээн
Эх нутгийн тэнгэр
Одоо би таниас
Алс одохоос эмээхүй
Бүхлээр минь эзэмдэх
Хорин есөн нас
Битүү дурлалын ормоор
Өвчин ортол ороох мэт...
Хэзээ ч юм унагасан
Үг хийгээд нулимс
Хаашаа ч биднийг явуулалгүй
Хорьж чадсаных энэ үү?
Ганцаардалын нөмөрт ахиад
Гашуун шүлэг хэдийг бичих!
Чамаас хийгээд өвлөөс
Чөлөөлөгдөн нисэж одох!
Чив чимээгүй хайлах!
Хайлан уусах!
Чиний эсвэл өвлийн энгэрт
Чичрэх, цэцэг мэт мэгдэн хөлдөх...
Шүлэг гэнэт л төрдөг
Цэнхэр, уйтан өвөл сөн
Шүтээний чихэнд шивнэсэн үгс
Одоо л биелэх болсон баймаар.
Улаанбаатараас одохын үест төрсөн шүлэг

Хүүдээ удтал хоргодсоор
Чамаас холдох хөндүүр
Хүнээс өөр юмгүй
Хов хоосонд хүрнэ гэхээс.
Уйлж суусан өдрүүд
Тэнд үгүй, бүү гунь!
Уйтан ийм л шүлгүүдэд
Би хамгаас дургүй.

2017.02.13
***

Ойлгох- гэдэг
Огтоос буруутангүй амьдрахын нэр.
Алгуурхан мацах мэт мандаж буй нарны
Амьсгалд нь дулаацах энэ улаахан зүрх
Ай, чиний болгоомжгүй тасалж гээсэн цэцэгний
Арчаагүй, турьхан үр гэж хэн мэдэх билээ!
Чиний нүдийг олж үзээд ичимдэгхэн инээмсэглэх
Цээжний чинь илчинд үл мэдэгхэн туяарах
Тохуурхагч тэнгэрийн заль /одоо ч үнэмшимгүй/
Чи намайг урвасан гэж хэзээ итгээ вэ!
Тэнгэрийн өнгөтэй, бяцхан хөх цэцэгс
Өөр өөрийн замаар харь холд оджээ
Тэд сайн болов уу, диваажинд дахин учраа болов уу!
Тийм гэнэн хялбар нэгнээ яаж орхио вэ.

2017.04.03

Амарбаатарын Урантогосын шүлгүүдийг бид сэтгүүлч Амарсанаагийн Амармэндэд уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.

Тэрбээр шүлгүүдийг уншаад:

Харьцангуй эх хувь шүлэг шиг санагдлаа. Өөрийн болгож чадаагүй хайр, ганцаардал зэрэг сэдвийн тухай бичигдсэн ч пассив биш харин ч эрч хүчтэй уур амьсгал бүрдүүлсэн нь таалагдлаа. Өвлийн тухай хэсгээс болоод уу, эсвэл зарим нэг хэсэг дэх үгийн сонголтоос ч болсон уу, Оросын яруу найргийн түүвэр уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.

Зарим нэг үгийн сонголт, хувирал дээр бичээч илүү дээр сонголт хийж болох байсан мэт. Гэхдээ бичээч албаар ийм сонголт хийсэн байж ч мэдэх. Яруу найраг заавал бусдад ойлгомжтой байх албатай ч биш.

Эхлээд уншихад шүтээн гэх тодорхой бус үг шүлгийн үндсэн уур амьсгалтай огт зохицоогүй юм шиг санагдсан бол дараагийн уншилтын дараа бичээч албаар энэ үгийг шүлэгт шигтгэснээр ямар нэг нууцыг бий болгосон ч юм шиг сонирхолтой санагдав.

гэсэн сэтгэгдэл бидэнд ирүүлсэн юм. ТАГТАА-ийн зүгээс А.Урантогост урлан бүтээхүйн ихийн их амжилт хүсье!

Түр хүлээнэ үү...
Top