Бадамбазарын Оюунаа. Монгол Улсын Зөвлөх Багш, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, орчуулагч.
2019-11-28 215

Б. Оюунаа: Яруу найраг яг л зүрх шиг. Тэр үгүй бол бидний аялал шууд зогсоно. Яруу найраг яг л бөөр шиг, элэг шиг. Тэр ямагт ариутган шүүж, хэрэгтэй амин дэмийг бидэнд тунгааж өгдөг. Яруу найраг бол үхэшгүй мөнхийн сүнс юм. Бидний амьдрал хэмээх аялал төгсөхийн цагт тэрбээр яг л нэг шидэт үүл мэт бидний биеэс салан одно. Ингэхдээ, бидний сэтгэлийн хайрын хамгийн сайхныг сорчлон шүүн тунгааж аваад, цааш түгээхээр ертөнцөөр элин халихдаа яг тийм  хайрыг ойлгох нэгнийг хайж, түүнд шингэж, сүнсэнд нь  амь өгөхөөр цуцатлаа ниснэ. 

***

Халцарсан будагтай модон тайз

Ханан дээр нь Фридагийн өвдөлтүүд орь дуу тавих

Таазнаас нь дусаал гоожсон энэ жижигхэн театрт

Танихгүй хүмүүс үзэгчдийн суудлыг дүүргэсэн байна

Эхний үзэгдэлд үсээ сүлжсэн үзэсгэлэнт би

Эргэлдэнэ эргэлдсээр хамгийн жаргалтайгаар бүжиглэв

Хаа сайгүй миний үгс нисээд л байгаа үзэгдэнэ

Хяламхийн үзэгчид юу ч эс дуугарна

Тэгтэл дараагийн үзэгдэл эхлэхэд би

Тэвчилгүй гуниглан харцаа буруулан,  доош харав

Энэ л төрх минь тэдэнд таалагдаж эхлэв

Эхнээсээ ганц нэг хүн баяр хүргэн мэхийв

Сүүлийн үзэгдэл эхлэхэд өөрийгөө барж би

Сүүдэрт төрхөө үзэгчидэд харуулан чангаар уйлав

Үсээ зулгаан задарсан гэзгээ үзэн ядаж

Өөрийнхөө үнэн бүхнийг тэдний өмнө илчлэв

Уйлж, цурхирч, шаналан зовлондоо өөрийгөө ороосоор

Уй гунигаас өөр гоёолгүй болтлоо сэтгэлээ нүцгэлэв

Цусаа ханах мэт цэг таслал, ганцаардсан үгс танхимаар нисэлдэж

Цуурайтсан шүлгүүд чих бүхэнд гэнэт хүрэв

Үхэтхийн унахад минь тэд алгаа хорстол ташив

Үхэх тусам тэд намайг ямар их хайрладаг гээч.!

 

Э. Бүжинлхам

***

Сүмийн хонх мөнхөд жингэнэсэн
Сүүмийсэн улбар туяа өнөд гийсэн
Тийм нэг жижигхээн хотод би
Тантай хамт амьдармаар л байна...

Цаг хугацааны урсгалд
Цараа, дусал нэмэрлэх шиг
Эртний цаг жигдхэн цохилох дуун
Эвсээрхэн, тосгоны л нэг дэн буудал

Тэгээд хаяахан, орой намуухан цагаар
Тосгоны аль нэгэн дээврээс бишгүүрийн дуу уянгалаад л...
Бишгүүрч өөрөө, бүр цонхон дээрээсээ... тоглоод л...
Бас, том том алтан зул цэцгүүд цонхоор ярайгаад л...

Та надад дурлаагүй ч байсан хамаагүй ээ,
Тасалгааны голд пааландсан том зуух
Тэрхүү паалан бүрийн дээр зургууд харагдаад л...
Тэнгисийн хөлөг, тэгээд бас зүрх, сарнай

Үлдсэн нэг цонхоор нь
Үргэлж л цас... цас... цас... туж цас
Та хэвтээд л ... яг л миний дурладаг нозооронгуй төрх...
Тоомсоргүйхэн, анзааргагүйхэн
Гэв гэнэт хаяа нэг чүдэнз зурахаас өөр аниргүй...
Гэрэлтэж нэг, унтарч нэ тамхи чинь уугиад л...
Ув удаанаар чичирхийлж, үнс нь уначих гээд л...
Уйдаж назгайрсан та тэр чигт нь тамхиа зуух руу шидээд л...

Марина Цветаева(1892-1941)

Орос хэлнээс орчуулсан Б. Оюунаа

 

Түр хүлээнэ үү...
Top