Сэтгүүлч, яруу найрагч Б.Ганчимэг: Дотно алс...
2018-03-21 7802

Жил бүрийн Гуравдугаар сарын 21-ийг ЮНЕСКО-гоос Дэлхийн яруу найргийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Бид энэ өдөр  МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, МОНЦАМЭ агентлагийн дарга, сэтгүүлч, яруу найрагч Бадамдоржийн Ганчимэгийг  "Дуртай шүлэг" буландаа урилаа. Тэрээр яруу найрагч Ганбатын Лхагвадуламын "Дотно алс" түүврээс өөрийн дуртай шүлгүүдээ хуваалцсан юм.


Б.ГАНЧИМЭГ: “Дотно алс” гэсэн нэгэн гайхалтай ном миний найз болоод удаж байна. Зүсийг нь ч хараагүй, нэг ч удаа уулзаагүй нэгэн хатагтайд автаж, заримдаа тачаадан атаархаж, заримдаа оргилон хайрлах болов. Түүний шүлгүүдийн хүчирхэг ховс, ид шидийн гэмээр дуудлага, гуниг баясал, орь хүслэнгийн минь өдөөгч болов. Чичирхийлсэн эмзэг долгион судсан дундуур минь жирвэлзэж, чимээгүйхэн ямар нэгэн хана мөргөх өрөвдөм айдас болов, тэр надад:

Өчигдөрхөн цухлыг минь барж байсан өвөл 
Өглөө сэрэхэд л дуусчихсан нь гунигтай байна.
Өөрөө түлхэж явуулсан бүхнийхээ араас
Өдөр бүр уйлах минь тэнэг байна.

Өдийг туулж, тэндээс энд хүрчихээд
Өчигдөрөө өнгөрсөнд нь үлдээж чадахгүй байна.
Өвдөж, өвтгөхөө туйлд нь хүртэл үзчихээд
Өндийж босох хүчээ мэдрэх бүртээ хоосроод байна.  Өндийж босох хүчээ мэдрэх бүртээ хоосроод байна... Хоосроод... байна...

Ариун галыг хүлцэнгүйгээр
Долоонтой тойрч чадах охин,
Амьдрал туршаа шүд зуух тэсвэртэн
Дотор минь байна.

Өөрийг минь хүрээлсэн
Өндгөн гэрэл хагараагүй,
Өрөвдөх, гомдох, хардахын
Аль алийг мартсан байна. 

Уурссан модод зунжин үсэглэсэн номоо
Урж тасдах шиг навчсаа гөвдөг дөө
Углуурга сайт гинжнүүдээ зүрхнээсээ яаж тэгж
Уйлахгүйгээр тайлахыг л сурахгүй байна. 

***

Эзэн минь, боол минь
Эвхээстэй ганцхан даашинз минь
Хүүхдэрхүү гомдоллогч зөрүүдхэн минь
Хардагч, сэжигч, халшрагч минь
Хачин гутранги ганцаардагч минь
Өмчлөгч, өширхөгч, өөнтөгч минь
Өршөөгч, өрөвч эмзэгхэн минь
Хэврэгхэн итгэлт минь, хэнээт найрагч минь
Хүслэнт хүүгийн минь эцэг, мөнхийн хорьтон минь.
Хэцүү үгтэн, зүрхтэн минь, тэнэгхэн минь
Хэзээд ч чамайг хайралсан юм шүү....

Дуу нь сэтгэлд ингэж хадах гэж байдаг аа. Ингэж хадаагдсан дуу хадаах увидсынхаа цаана хатаагдсан л байгаа даа. Хатаагдсан зүрхний тамир л ийм хүчирхэг тэмтрэгддэг дээ. 

Уйлмаар болох, ураад шидчихмээр болох, оргилоод газрын гав руу тэнэн алга болмоор болох, оч үсэргэн гал шиг шатан халуурмаар болох...Цаадах... цаадахын цаана ийм л юм болж байна даа.... 

Түр хүлээнэ үү...
Top