ДУРТАЙ ШҮЛЭГ: БИЛГҮҮН БИЛЛ -ШӨНИЙН ГАЛТ ТЭРЭГ ЧАМАЙГ ХАА Ч АВААЧИЖ МЭДНЭ
2021-01-20 448

Хүүхэд байхдаа кассетны хөгжмөөр ФМ радио сонсож өдрийг бардаг байв. Тэр үедээ л ХИТ болж асан хэдэн дуунуудаар дуу хөгжмийг төсөөлж явсан хүүхдэд “ Шөнийн галт тэрэг ” хамтлаг цэнгэг агаар мэт л санагдаж байлаа... Тэд “Цэнхэр шувуу” гэх цор ганц цомогтой ч би болон манай үеийн залуусыг амьд хөгжимд уриалан дуудсан хамтлагуудын нэг гарцаагүй мөн билээ.
Дууны шүлгүүд нь дорнын өнгө аястай хэрнээ барууны альтернатив хөгжимтэй гайхалтай сүлэлдэх Шөнийн галт тэрэг чамайг хаа ч аваачиж мэднэ...  Ингээд “Эрхэм сонсогч та бүхэн шөнийн галт тэрэг хамтлагийн “ Цэнхэр шувуу ” цомогт орсон Зөөлөн хэмээх дууг хүлээн аван сонсож байна...”
... Тэртээд анивчих ганц од чи түүний сэтгэлд нь гэрэлтээч ...

Зөөлөн зөөлөн буух цэнхэр манан
Надаас хэн явсныг
Чи хэлээч
Тэртээд анивчих ганц одтой
Сэтгэлд тэр нэгэн гэрэлтэнээ
Хулээ чи хулээ
Тэнгэрийн ододтой
Чи хүлээ
Намайгаа чи хүлээ
Хөврөн хөврөн урсах цэнхэр манан
Хаа тэр нэгэн хуслийг хэлээч
Тэртээд анивчих ганц од чи
Түүний сэтгэлд нь гэрэлтээч
Хүлээ чи хүлээ
Тэнгэрийн ододтой
Чи хүлээ
Намайгаа чи хүлээ

 

Ө.ҮЛЭМЖТӨГС|МЭДРЭХҮЙН ДӨРВӨН УЛИРАЛ

Зун

Час ногооноор асаж гялбалзах

Зуны их үдийн дуниар агаарт өлгөөстөй

Чийгшүүлэгч сэрүүн горхийг хуурай нар ууршуулан залгилахад

Зэрэглээтэх мэт юмс бүрэлзэн дайвалзана.

Хэт бүгчим буй орчинг гүн нозооролд автуулсаны дараачаар

Халуун агаарт зуслангийн байшингууд, модон саравч, хашаа хайс жигд хэмээр хөвж эхлэв.

Наршихгүйн тулд хүмүүс сүүдэр бараадан зүйрмэглэх зуур

Нэг хэрчим шүүслэг тарвасыг ялаанууд дамжлан одно

Намар

Бүх хүн багадаа улаан бурханаар өвдөх ёстой тийм нэг хүлцэнгүй зөвтгөл мэт

Бага залуу шүлэгчдийн нялхсын өвчин энэ л улиралд үгдэрнэ.

Онош нь тогтоогддоггүй өвчин тусаж

Олон хоног дараалан өндөр хэмтэй халуурсаны эцэст

Биеэр битүү улаан толбо туурч байж л

Биеийн халуун гэнэтхэн намдлаа.

Хүүхэд байхдаа тусчихсан бол хүндээр өвддөггүй

Хөл хорионд олон хоног хэвтэж зовохгүй байснаа ойлгоод

Хаана, хэн энэ өвчнийг надад ханиад адил халдаасныг тогтоох гэж оролдоно.

Хийл хөгжмөө нэг л өдөр хайрцаг саванд нь хийж орхиод

Хэл бичгийн мэргэжилтэн болохоор шийдсэн охин Вивалдыг сэргээн тоглоход

Хайлган намрын модод цахилгаан цахих мэт сэрчигнэн шуугиж

Хусан ойд навчин аадар төдөлгүй цутгасан тэрхэн мөчид халдварлан өвчилснөө санав.

Өвөл

Удаашруулсан дүрс бичлэгийг хэдэнтээ давтан үзэх мэт

Өвлийн хотын улигт дүр зураг цонхны цаана бүүдийнэ.

Өтгөн харанхуй шөнийн царцанги үйл хөдлөл

Өрнөлгүй үлгэбэр уур амьсгалаас үүр хэзээ ч цайхгүй

Уртын урт балар шөнө учир замбараагүй зүүдний гүнд

Өнөд үүрд төөрөн бэдэрч яваа мэт мэдрэмж үлдээнэ.

Үнэгний нүд залгисан би л ганцаар сэрүүн, сэрэмжтэй оршино.

Тэвчээр алдан нойронд авталгүй,

тэсгил алдран мансууралд живэлгүй

Тунгалаг оюуны мөнхийн гэгээг сэрж мэдэрвээс

Түнэр харанхуй , дүн хүйтэн төгсөшгүй үргэлжлэхээс залхахгүй.

Хавар

Хуурай тарчиг, өлмөн хоосон

Хачин урт үргэлжлэх юм гээч энэ улирал

Халаасаа нэгжиж, хумбагаа сэгсрэвч горь найдлагын мухарт үртэс ч үгүйд

Хуйсагнуур араншин минь дүрсхийн оволзож, тэсгэл алдан байж ядна.

Харшлын эм, ханиалга намдаах өтгөн зунгааралдсан уусмал л

хэсэгхэн хугацаанд өрөвслийг дарна.

Ханш нээхэд ичигсдийн төлөөлөл хөдөлгөөнд орж хужирт яваа хотил тарвага мэт

Хөлдүү цэвдэг гудамж, хонгил хаалга болгоноор хэрэн тэнүүчлэвч эрэл суралд хатна.

Ирж яваа цаг гэж цөм ам хуурайгүй шаагилдавч

Энх улирлын араншин нь цөвүүн цагийн хүрдэн мэт гачлантай!

 

ЯРУУ НАЙРАГЧ: Б. БАТЗАЯА

Чамайг үгүйлнэ гэдэг...

Чамайг үгүйлнэ гэдэг

Чамайг олж харсан өдрийн чимх гэгээг үгүй хийх бүрэнхий биш

Чамайг олж харсан өдрийн чимх гэгээ л үлдэх харанхуй юм.

Чам руу тэмүүлнэ гэдэг

Хэлээ огтлохоосоо өмнө хэлчихдэг байж гэх халаглал биш

Хэлээ огтолсон хойно олдсон үгсийн хэзээ ч төрөхгүй нь гэх харуусал юм.

Чамайг санана гэдэг

Чамайг мартах вий гэх айдас биш

Чи л намайг мартсаар буйд итгэх шаналан юм.

Чи одоо бол

Хурууг минь өвтгөөд эдгэчихсэн дурсамж төдий сорви биш

Хуруунд минь орчихоод хэн нэгэнд хүрэх бүр хөндүүрлэх өргөс юм.

Чи одоо бол

Хайр зөгнөх ирээдүй биш

Хайран, дутуу санагдах өнгөрсөн юм.

Би одоо

Чиний нэрээр хүн бүрийг дуудах зовлон

Чиний хоолойгоор хүүхэн бүр дуугарахыг сонсох өр өвдөм жаргал

Би одоо

Бичихээс өөрөөр тайвширч мэдэхгүй

Бийрийн чинээхэн ганцаардал юм.

Хөгжим уянгалахуй дор урсах нулимс чи бид хоёрын хүүхэд

Хүний нүднээс урьтаж тэврэх хурууд л хөөрхий үрсийн минь өлгий.

 

 

 

 ЯРУУ НАЙРАГЧ: Б. ГАЛСАНСҮХ

 

Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг
Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг
Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л
Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг
Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг
Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л
Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг
Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг
Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л
Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Хавар болохоор санана

Шүд өвдөхөд санана

Өвс ургахад санана

Муу хэлүүлэхэд санана

Муу явахад санана

Сайн явахад санана

Сайнаар хэлүүлэхэд санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Гөлөг харахаар санана

Шувуу нисэхээр санана

Үдэш болохоор санана

Зүүд зүүдлэхээр санана

Зүг зүг рүү харахаар санана

Нар гарахаар санана

Сар гарахаар бас санана

Сар гарахгүй байсан ч санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана

Хол явахаар санана

Даарахад санана

Дандаа санана …

Гадаа гудамжинд санана

Ганцаардахад санана

Уур хүрэхээр санана

Нойр хүрэхээр санана

Уйлаад санана …

Намар санана

Зун санана

Насаараа санана

Ээжээ санана

Ээж ээ, таныг санана.

~ Б.Эрдэнэсолонго

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top