Б.ДӨЛГӨӨН: Die Farbe von Milch (Color of milk)
2021-02-26 Б. ДӨЛГӨӨН 317

 

 

Энэ бол миний номын тэмдэглэл ба би өөрийн гараараа үүнийг бичиж сууна. Энэ бол 2020 он би цонхны дэргэдэх бичгийн ширээн дээрээ суугаад үүнийг бичиж сууна. Би шувуудын жиргээн, үүлсийн нүүдэл, навчсын унаж буйг ажин сууна. Би тийм ч өндөр биш, харин үсний маань өнгө бол хар хүрэн. Яг л өтгөн баахуу цай шиг. Миний нэр бол Дөлгөөн. Би өөрийн нэрээ үсэглэж мөнхүү бичиж чадна. Д.Ө.Л.Г.Ө.Ө.Н. Би та бүхэнд энэ ном дээр юу болдог тухай өгүүлэх гэж байна. (Goodreader Jeanette хүний номын тэмдэглэлээс жишээ аван бичив. Spoiler буюу утга агуулгыг тэр чигт нь товчлон багтаав. Учир нь монгол хэлнээ орчуулагдахгүй ном байж мэднэ. Харин англи хэл дээр уншиж байгаа бол номоо уншиж дуусаад миний тэмдэглэлийг уншаарай гэж хүсье.)

 

Номын тэмдэглэлээ ийнхүү эхлүүлсэн учир нь номын ерөнхий бичиглэлт нь ийм юм. Энэхүү ном нь хавар, зун, намар, өвөл гэсэн үндсэн 4 ахиад хавар гэсэн төгсгөлийн 1 бүлгээс бүтнэ. Бүлэг тус бүр эхлэхдээ “Намайг Мэри гэдэг. М.Э.Р.И хэмээн үсэглэж бичдэг. Энэхүү номыг би өөрийн гараар бичиж байна. Харин энэ жил бол 1933 он би 15настай. Би тийм ч өндөр биш харин миний үсний өнгө яг л сүү шиг...” хэмээн бүлэг бүр давтагдан эхэлнэ. Энэ ном ерөнхий бичиглэл нь хүүрнэл маягаар бичигдсэн, 15 настай сэргэлэн, хэгжүүн, хэл ам, авхаалж самбаа нь гүйцэгдэхгүй бяцхан охин өөрийн амьдралын нэг жилийн тухайгаа уншигчиддаа өгүүлэн бичиж буйгаар бичигдсэн. “Та намайг зогс. Үүнийг битгий хий. Яагаад тэгсэн гэж бодно” гэх мэтээр уншигчидтайгаа харьцаж байгаа нь энэхүү номыг улам амилуулж буй мэт.

 

Уншиж бичиж чадахгүй, хүүхэд хаанаас үүсдэгийг мэдэхгүй, өглөө нартай уралдан босч үдэш ододтой зэрэгцэн орондоо ордог бүдүүлэг харанхуй охин. Гэхдээ үг хэл ам нь хурц үйлдэл нь хурдан шалмаг, хүсэл эрмэлзлэл өндөр, сониуч энгийн л нэг 15 настай охин. Өглөө босоод тахиа гахайгаа хооллон, өөрт оногдсон ажлаа үргэлж биелүүлдэг, гомдол мэдүүлж өвчин ярьдаггүй охин. Гэр бүл болон хөршүүд өрөөл бусад ялангуяа эгч нар болон өвөөтэйгөө сайхан харьцдаг эелдэг хөөрхөн ааштай охин. Дөрвийн дөрвөн охинтой бүдүүлэг танхай фермер эрийн хамгийн бага охин. Дэр гэж юу байдгыг ч мэдэхгүй өдөр бүр ядарч унатлаа ажилладаг хөөрхий өрөвдөлтэй охин.

 

Нэг л өдөр аав нь түүнийг чинээлэг айлд гэрийн ажилд нь туслуулахаар явуулах болно. Өөрөөс асуулгүйгээр үл барам гэнэт нэг өдөр тийш яв хэмээнэ. Хөөрхий охин ямар ч сонголтгүй чинээлэг айлд зарцлагдахаар болно. Харин аав нь бага хэмжээний мөнгө хүртэнэ. Аавыг нь дурьдсан дээрээ ээж аав 2 нь ямар гээчийн цэвдэг сэтгэлтэй хүйтэн харьцаатайг нэмээд хэлье. Магадгүй хүн гээч амьтан боловсролгүй бүдүүдлэг соёл иргэншил нийгмийн харилцаагүй байснаар илүү бүдүүлэг ёс суртахууны доголдолтой болдог байх магадлалтай.

 

Энэхүү айлд гэрийн эзэн болох тосгоны сүмийн номлогч, хэгжүүн хийрхүү зантай түүний хүү өвчтэй эхнэрийн хамт 3 давхар байшинд амьдарна. Гал тогоо болон гэрийн ажил гүйцэтгэх нэг хүн болон Мэри 2 нэг өрөөнд аж төрнө. Түүн дээр түлээ хагалагч, морины зүчээнд ажиллах нэг хүн зөвхөн өдрийн цагаар л ирж ажиллана. Мэдээж хэрэг үүр цайхаас үдэш хүртэл 3 эгчтэйгээ ажилладаг байсан үеийг бодоход хийх ажил бага.

 

Айлд очоод нэгэн хүнд өвчтэй эмэгтэйг асрах үүрэг ноогдоно. Дэр аваад өг гэхэд нь дэр гэж юу вэ гэхэд нь хөөрхий өвчтэй хадагтай Мэриг ихэд өрөвдөн хайрлана. Өдөр бүр өөрт нь хань болж элдвийг шалгаан байцаах цоглог эрч хүчтэй охинд дасна. Номлогч эхнэрт нь хань болж түүнийг асрах Мэрид ч талархана. Даанч энгийн ажил нэгэн хэвийн энэхүү амьдрал нь өвчтэй эмэгтэйг нас барах хүртэл үргэлжлэв.

 

Үүрэгт ажил нь дууссан учраас тэр байшинг орхиж явна хэмээн бодож талийгаач эмэгтэйн өрөөг цэвэрлэж байхдаа нэгэн ном олж эргүүлж тойруулан харж үй олон хуудастай эрээн зүйл л харагдан, цагаан цаасан дээр алтан үсгээр сийлсэн олон эгнээ багана болсон цэгцтэй дараалал түүний сонирхлыг ихэд татав.

 

Харин түүний бодож байсанчлан хүнд өвчтэй эмэгтэй нас барсанаар түүний ажил дууссангүй. Номлогч түүнийг гэртээ үлдэн үргэлжлүүлэн гэрийн ажил хийж байх ёстойг мөнхүү аавд нь үнэ хөлсөө үргэлжлүүлэн төлж байхаа ч амлав.

 

Номлогчийн  хүү хөөрхий Мэригийн эгчийг жирэмсэн болгочихоод үүнийгээ хэнд ч хэлэлгүй үүрэг хариуцлага ч хүлээлгүй бие муу ээж нь өөд болонгуут их сургууль руугаа яван одно. Энэ бол номын цорын ганц жигшүүрт хэрэг биш юм. Хүү нь их сургуульдаа явж, эхнэр нь тэнгэрт хальснаар гэрийн ажил багасч, хоол бэлтгэгч болон түлээ хагалагч ажилтнуудаа хөөн явуулж Мэритэй Сүмийн номлогч байшинд хоёулахнаа аж төрөх болов.

 

 

Түүнийг ийнхүү ном, бичиг үсэгт сонирхон дурлаж байхыг номлогч анзааран түүнд бичиг үсэг зааж өгдөг болов. Томоор жижгээр бичих, унших, үсгийг нийлүүлэн үг бүтээх, үгсийг нийлүүлэн өгүүлбэр бүтээх, өгүүлбэрүүдийг нийлүүлэн өгүүллэг бүтээх мөн ном бүтэх зэргийг тэр ойлгодог болов. Уншиж бичиж чаддаг болсоноор тэр дэлхий ертөнцийг шинээр өөрөөр өөр өнгөөр өөр өнцгөөр харж чаддаг болов.

 

Эхний үгээ холбон уншиж мөнхүү бичдэг болсноо гэртээ очин хөөр баяраар дүүрэн дуулгахад хөөрхий охины харанхуй бүдүүлэг гэр бүлийн ямар ч гишүүн ойшоон авч үзсэнгүй. Магтаалын үг сонсох байтугай харин ч шүүмжлэл сонсов. Өвөөдөө л тэр "ном уншиж өгвөл таны бахархал төрөх үү" хэмээн асуухад өвөө нь л түүнд "тиймээ" хэмээн хариулсан нь л түүнд хангалттай байв.

 

Түүний анхны үг "Библи" байв. Тэр ахин олон үг сурахыг бүх үсгийг таньж мэдэхийг улам ихээр хүсэж тэр их хүсэл эрмэзлэлээрээ өвлийн хүйтэнд үүрээр босч бүхэл бүтэн байшинд гал түлэн өнөөдөр өөр үсэг сурна хэмээн хөөрч догдолдог болов. Гэхдээ тэр нэг өдөр хүртэл. Тэр нэгэн өдөр хүртэл.

 

Тэр нэг өдөр бол Мэригийн хувьд цаг агаарын хүйтнийг биш хүний сэтгэлийн цэвдэг хүйтнийг мэдэрсэн өдөр байв. Номлогч үсэг бичих уншихаа зааж байх явцдаа түүний гуянд хүрч илж таалж эхлэв. Түүгээр ч зогсохгүй мөрөөр нь гараа явуулж арьсанд нь гараараа ичгүүр сонжуургүйгээр хүрэв... Энэхүү өдөр бүрийн давтамжит үйлдлийг нь тэсэн явсаар нэг шөнө номлогч түүний өрөөнд зочлов. Өглөө сэрэхэд хөнжлийн даавуу цусанд будагдсан мөнхүү жижиг цэнхэр толбонууд ч харагдав. Босч галаа түлж байшинг дулаацуулах явцдаа тэр орны даавуу хормогч гээд толботой бүгдийг шатаав... Гэвч энэхүү гэмт үйл, гэм нүгэл шөнө болгон давтагдах жамтай байсан ажээ.

 

Гэхдээ тэр эхнээсээ эсэргүүцэж болох байсан боловч... хаяад явж болох байсан боловч... хэн нэгэнд хэлж болиулж болох байсан авч тэр тэгээгүй. Учир нь юу ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг нийгмийн золиос л болов. Ингэх л ёстой ийм байдаг л байх хэмээн бодсон юм. Хүлцэнгүй чимээгүй явсаар бүх үсэгнүүдээ ч сурав... Харин сурсны дараа л тэр эсэргүүцэх хүчтэй болсон юм...

 

Энэхүү номноос ариун гэгээн бурхны элч гэгдэх, тийнхүү тосгоныхонд танигдсан сүмийн номлогч гэх хүн хичнээн их шунал тачаал гэм нүгэлдээ баригдан байгааг хүсэл шуналаа захиран чадахгүй жаахан охинд халдчихаад энгэр дээр нь хэрхэн жаахан хүүхэд шиг уйлж байгаагаас та харж болох юм. Энэ нь нэг удаагийн үйл байсангүй хэрхэн огоорон дахин шунаж байгааг, хүслээ барьж дийлэхгүй бусдын эсэргүүцлийг ч үл тоон хүн өөрийгөө хичээж байгааг харж болно.

 

Мөн энэхүү ном 1933 оны үйл явдал боловч яг л өнөөгийн нийгмийн зарим талыг харуулан илтгэж буй мэт.

• Шашинд хэт автах үзэл. Тэд үргэлж ариун гэгээн бурхны элч мэт харагдах. Заримдаа зүгээр л мөнгө олох хэрэгсэл, хэн нэгнийг ашиглах хэрэгсэл болсон байх.

• Охид бүсгүйчүүдийн эрх хаа сайгүй хичнээн их зөрчигдөж байгааг. Сургууль болон бичин үсэг тайлагдалт эмэгтэйчүүдийн амьдралд хичнээн чухал болохыг.

 

• Хүчирхийлэл хэрхэн болдгыг, тэдний үндэс суурь нь анхнаасаа нийгмийн буруу тогтолцоог. Дутуу дулимаг мэдээлэл. Хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх

• Хүн мэдлэг боловсрол, мэдээлэл дутуу байх тусмаа хүний ятгалад автах, үгэнд хууртах нь элбэг тохиолдог болохыг харуулж байна.

 

Сүү шиг өнгөтэй үстэй түүн шигээ сэтгэлтэй охиныг бурхны элч хэмээн баг зүүсэн буг чөтгөр цагаан цаасан дээрх хар толбонуудыг тайлж унших хүсэл сэтгэл дэврүүн мөрөөдлийг хэрхэн муухайгаар ашиглаж цусан улаан өнгөөр будан байгааг та харах болно...

 

Дөлгөөн

25.01.20

Берлин, ХБНГУ

 

 

Түр хүлээнэ үү...
Top