Б. ДӨЛГӨӨН: МОРРИТОЙ ӨНГӨРҮҮЛСЭН МЯГМАР ГАРАГУУД
2021-01-29 Б. ДӨЛГӨӨН 730

 

 

 

Би ер нь нээх сэтгэл санаагаар гутардаггүй нэг гутрахаараа орчлонгийн хамаг муу гэсэн болгоныг өөртэйгээ холбож өөрийгөө улам сэтгэлээр унагаж, үсний резин тасрах, сэрүүлгэндээ сэрээгүй хэдэн минут унтчихсан байх зэрэг асуудлыг хорвоогийн төгсгөл мэт хүлээж авдаг болчихдог. За энэ нь бараг 7 хоног үргэлжилнэ. Зарим үед ходоодтой минь холбогдож, хоол идэх дур хүсэлгүй болж, идсэн ч шингээж чадахгүй болчихдог. Ер нь амьдралын хэв маяг маань тэр чигтээ алдагдана. Ямар ч бүтээмжгүй болж хий зүйл ширтэж, анхаарал төвлөрөхгүй болж, юм л бол нулимс цийлэгнэж хоолой зангирна. Ийм үед аль болох хүмүүсээс хол байж тэдэнд уураа гаргачихгүй юмсан, гомдоочихгүй байсан гэж бодож ганцаараа байхыг илүүд үздэг. Тэгээд аль болох хүмүүсээс зайгаа барьдаг. Угаасаа бусдын ярьж байгаад ч анхаарал төвлөрөхгүй болчихдог. Тулгарсан асуудлаа аль болох хэвийн болох хүртлээ хойшлуулж сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байхыг эрмэлздэг. Чадвал сайн унтаж амарч, ном уншиж кино үзэж, ачааллаас өөрийгөө жаахан холдуулж байж нэг юм дээрддэг.

За ном унших арга минь сүүлийн 2 гутрал дээр нэмэр биш нэрмээс болов. 12 сард хугацаа давчуу өөртөө итгэл муутай, бэлтгэл хангалтгүй шалгалтанд давхиж ороод гэрт асуудал гарч хоёр гурван өдөр хямарч хоолноос гарав. Яг тэр үеэр их л давгүй сонирхолтой Банзрагч Зам гэх роман уншиж таарсан юм. За яг эд дундаа өрнөл дээрээ явж хамаг ном амар сайхандаа жаргах гэж байтал заяаны хос, учралт амраг зохиолын гол дүр бурхан болчихов. Монгол зохиолч маань ямар ч сайхан амьдралд ойр, уран яруу, сэтгэлд дотно, зүрхэнд амьдруулж дүр бичдэг юм? Сайхан тархин дотроо кино зураглаад л байж байтал 2 шөнө орон дотор минь уйлуулсан. Нус нь мэдэгдэхгүй нулимс нь ялгагдахгүй амьсгалж чадахгүй холион бантан болсон. За тэгээд нэрмээс биш сайхан сэнгэнэтэл уйлуулснаараа стрэсс маань ч овоо гайгүй болсон юм билүү.

Сая хэд хоногийн өмнөөс бас хамаг юм болж бүтэхээ байгаад, хичээгээд сууж байхад номын сангаас ID картгүй гэж хөөгдөж, хичээл дээрээ номоо мартаж, гэнэт яагаад ч юм юунд ч юм яараад, хамаг зүйлс давхцаад, өөрөө өөрийгөө стресдүүлж за бүр сүүлдээ өнгөрсөн баларсан харамсаж, түүх болсон зүйлст хамаг хайран цагаа эморч үрэв.

Энэ үеэр бас ном уншсан ном минь мөн л надад тайвширал биш гуниг дагуулж ирэв.

 

 Номны нэр Tuesdays with Morrie. Монголоор Морритой өнгөрүүлсэн Мягмар гаригууд.

Дэтройтын Чөлөөт хэвлэл сонины нийтлэлч, Үндэсний хэмжээний АБС-ВЖР-АМ радиогийн нэвтрүүлэгч, Америкийн спортын редакторуудын холбооны спортын шилдэг тоймч, ESPN сувгийн спортын сэтгүүлч Митч Альбом нийт 6 ном бичсэний нэг нь энэ ном юм.

 

1979 онд Массачусетс мужийн Уэлтом хот дах Брандэйсийн Их сургууль төгссөн тэрээр энэ сургуулийн Нийгэм судлал, гүн ухаан, шашин, сэтгэл судлалын Профессор Морри багшийгаа зурагтын дэлгэцээр Гэхригийн өвчин гэгддэг Amyotrophic Lateral Sclerosis буюу нугасны гаралтай булчингийн хатингиршил гэсэн мэдрэлийн системд хурдацтай нөлөөлдөг, эмчилгээгүй өвчин тусан гэртээ үхлээ хүлээн сууж байгаа тухайгаа ярьсан нэвтрүүлгийг үзсэнээр энэ ном гарах хэвлэгдэн өнөөдөр ингээд бидний алганд атганд байх анхны алхам болжээ.

 

1979 онд сургуулийн төгсөлтөөсөө хойш Профессор Морритой уулзаагүй сүүлд салахдаа холбоотой байна гээд гарыг нь атгаж тэврэлдээд салсан тэрбээр оройн зурагтын нэвтрүүлгийг үзээд их сургуулийн оюутан байх анх түүний хичээлийг сонгож орсон өдрөө дурсан санадаг. Ихэд дотноор мэндэлж найз мэт Митч хэмээн нэрээр дуудуулж дотноссон өвгөн багшаа зорихоор шийддэг.

Их сургуулиа дөнгөж дүүргээд авьяас чадвараа энэ ертөнцөд өргөн барих гэнэн хүслээр бялхан Нью йорк хотыг зорихоор их сургуулийн хотхоноо орхиж одсон түүнийг сургууль төгссөний дараах он жилүүд огт ондоо нэгэн болгоод хувиргачихсан байсныгаа ухаардаг. Холбоотой байна хэмээн салсан өвгөн Профессортойгоо холбоогүй болж, төгөлдөр хуурч болон гэсэн хүсэл мөрөөдлөө орхин, мөнгөний төлөө цаг наргүй ажиллах тэрээр гэр бүл болон эхнэрээсээ хэр их хөндийрсөнөө ойлгож эхэлдэг. Төгөлдөр хуур тоглосоор алдар цуутай хөгжимчин болно хэмээн мөрөөдсөн мөрөөдөл нь хэдэн цэнгээний газар, биелдэггүй амлалтууд эргэж холбогдоно гэсэн үгсээр замхран алга болсон аж. Ингэж явсаар шал өөр мэдээ мэдээлэл бэлтгэх спортын мэдээлэлийн сувгын завгүй ажилтан болсон байв. Гэр бүлийн харилцаа хөндий хүйтэн, ажил ажил хэмээн цагтай уралдан ажилласаар нэг л мэдэхэд цаг хугацааг хэр хурдан өнгөрч байгааг анзаардаг. Энэ их цаг хугацааны галт тэргэнд сууж тэрээр юугаа алдаж юугаа золиосолж буйгаа мэдэхгүй, ер нь галт тэрэг хааш яваагаа ч мэдэхгүй зорчиж яваагаа ойлгоно.

 

Курсын ажил болон дипломын сэдэв сонголт болон диплом бичихдээ Морри профессортойгоо ярилцаж дотноссон тэр 2 эцсийн удаах уулзалтуудыг ном болгох зориулалтайгаар амьдарч буй амьсгалж буй хүмүүст цаг хугацаа үлдээгүй хайртай хүмүүс гэр бүлийнхэнтэй өнгөрүүлэх хугацаа багатай хүний өмнөөс зөвлөх зөвлөмжийг номоороо дамжуулж хүргэхийг зорьжээ.

Митч Морри хоёрын дипломын ажил болон курсын ажил дээрээ ажиллаж суудаг өдөр нь мягмар гарагийн үдээс хойш. Харин Морри багшийгаа зорьж очсон өдөр нь санаатайгаар биш санамсаргүйгээр Мягмар гараг байж  таарсан нь 7 хоног болгон уулзаж тэр хоёрын нэрлэж заншсанаар энэхүү төсөл буюу ном дээрээ ажиллах ажил нь Мягмар гараг бүр гэрт нь зочлох уулзалт болж таардаг юм. Тэр 2 өөрсдийгөө Мягмар гарагийнхан гэж нэрлэх дуртай.

 

Морри бүжиглэх дуртай, буурал үстэй профессор бүжгийн заал руу тогтмол явна. Тэр багадаа эцэх эхийн хайр амсаагүй учир үр хүүхдээ халамж хайраар өсгөж хүмүүжүүлсэн. Сонгосон мэргэжилдээ эзэн нь байж, хийж буй ажилдаа дуртай байж, ханилсан ханьдаа хичнээн хайртай бас халамжтай байхыг энэхүү номоор бидэнд өгүүлжээ.

Үхэх дөхсөн хүн амьдралын үнэт зүйлсээ, амьдралаас ойлгосон сургамжаа, алдсан алдаагаа анхааруулга болгож, сурсан мэдсэнээ зөвлөгөө болгож, хайртай оюутандаа болон амьдраад үлдэж ард хоцорч буй хүн болгон нэгийг мэдэж хоёрыг тунгааж амьдралдаа хайртай хүмүүстээ цаг заваа харамгүй зориулж байгаасай гэсэн сургамжтай мөртлөө гунигт ном байв.

 

 Морри насан өөд болохоосоо өмнө булшин дээрх бичээсээ өөрөө сонгож байгаа тэр үг нь зүрхийг минь зүсч, халуун нулимс хацар даган урсахад хаа нэг газар Морри шиг сайн хүн, сайхан сэтгэлтэй нэгэн бас ийнхүү бусдад тусласаар, насан эцэс болтлоо бусдын төлөө сайн үйл хийсээр чиээгүйхэн оршиж амьсгалж амьдарч байгаа гэх итгэл бадраасан юм. Сэтгэлд минь энэ номны утга учрыг л надад мэдрүүлсэн, номны утга учир гол цэг нь энэ үг юм “ДУУСТЛАА БАГШИЛСАН”

 

Он цагийн хэлхээс:

1916 оны 12 сарын 20 төрсөн

1940 өөд оны сүүлээр Дэтройтэд 1 жил багшилсан. Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаад

1960 аад оны өмнөхөн Брандэйсийн Их сургуульд ирсэн.

1976 онд тэдний анхны хичээл

1979 хавар төгсөлт

1994 зун Морри өвчинөө мэдсэн

1994 намар Морри сүүлийн хичээлээ заасан

1995 11дүгээр сарын 4 амьсгал зогсжээ.

 

Онцлох ишлэл:

• Хайр сэтгэлгүй бол бид чинь даль жигүүргүй шувууд гэсэн үг.

• Хайр гэдэг бол яг өөртөө санаа тавих мэт хэн нэгний төлөө зовохын нэр юм.

• Хайр сэтгэл дийлнэ. Хайр ямагт дийлдэг.

• Гагцхүү хайр сэтгэл биш өөрийг тань харж хандаж байгаа хүн бий гэдгийг мэдрэх хамгаас эрхэм.

• Амьдралд хамгийн чухал нь бусдыг хайрлах, бусдаар хайрлуулах байдаг юм

 

байна. Түүний дуу намсч бараг шивэгнэв. Хайрыг тосч угтах хэрэгтэй. Хайрлуулах гэж хүлээх хэрэггүй, хайрлуулчихвал хэтэрхий уяхан зөөлөн амьтан болно гэж бид санадаг.

• Гэр бүл л хамгийн чухал нь юм даа. Гэр бүл үгүйсэн бол хүнд тулж түших суурь, бат найдвартай орон зай гэж юу байх билээ.

• Хүүхэдтэй байхыг юутай ч зүйрлэж хэлэх арга алга даа. Үнэхээр л тийм. Юугаар ч орлуулахгүй зүйл шүү. Найз нөхөд ч орлохгүй, янаг амраг ч орлохгүй. Хэн нэгний төлөө сэтгэлээ шаналгаж зүрхээ өвтгөн бүрэн хариуцлага үүрье, сэтгэлийнхээ угаас хайрлаж энхрийлж үзье гэвэл үр хүүхэдтэй л болох хэрэгтэй.

• Эдгээр үнэт зүйлсээс хамгийн чухал нь ГЭР БҮЛЭЭ ХАМГААС ДЭЭДЛЭХ ИТГЭЛ

• Бие биеэ харла, эс тэгвээс сөнөнө.

• Хүн үхлийн тухай ойлгосон цагтаа амьдарч сурдаг юм.

• Заримдаа ганцаардан уйлмаар үе тохиолддог хэр нь бид уйлж болохгүй гэж ойлгосон учир нулимсаа барьдаг. Хань нөхдөө хайрлаад ямар нэгэн зүйл хэлмээр санагдсан хэр нь хэлсэн үг маань юу гэж санагдах бол гэж эмээгээд дотроо хав дараад дуугүй өнгөрдөг. Морригийн хандлага бол түүний эсрэг. Усны цорго нээгээд гараа угаадаг шиг сэтгэлээ задгай тавь. Тэглээ гээд чамд муу юм болохгүй. Харин тус болно. Дотроо айж байвал цамцаа тайлах мэт “за энэ бол айдас юм. Үүнд хэт автагдах хэрэггүй. Үүнийг мэдэрлээ ингээд л гүйцээ” гэж өөртөө хэлж болох аж. Ганцаардлын тухайд ч мөн адил түүнийг хорих шаардлагагүй, нулимсаа урсга, түүнийг гүйцэт мэдэр гэхдээ л “за энэ бол миний ганцаардал, үүнээс эмээх хэрэггүй, ертөнц дээр өөр олон янзаар сэтгэл хөдөлдөг биз дээ. Тэгэхээр тэндээс бас мадэрье. 

• Нас ахина гэдэг гандаж өгөрч байгаа биш харин өсч хөгжиж байгаа хэрэг.

• Нас бол өрсөлдөх зүйлбиш

• Хайр, зөөлөн эелдэг зан, анд нөхдийн эерүү дулаан сэтгэлийг эд зүйлсээр орлуулж болхгүй. Эерүү зөөлөн зүйлийг мөнгө орлохгүй, эрх мэдэл түүнийг нөхөхгүй. Чиний эрж хайгаад байгаа сэтгэл хамгийн ихээр үгүйлэгдэх үед мөнгө, эрх мэдэл, хичнээн их байлаа ч орлож чадахгүй.

• -Сэтгэл чинь юунд ханахыг чи өөрөөл мэднэ.

-Юунд?

-Өөрт байгаагаа бусадтай хуваалцахад...

• Чи хэргэм зэрэгтэй хүмүүст таалагдах гэж байгаа бол тэр санаагаа хаях хэрэгтэй. Тэд хаашдаа чамайг тоож харахгүй. Чи азгүй бүтэлгүй улсуудад гайхуулах гэж бодож байгаа бол тэр

 

санаагаа ман март. Тэд чамд атаархах л болно. Зэрэг зиндаа чамайг хаана ч хүргэхгүй. Харин илэн далангуй нээлттэй сэтгэл чамайг хүн бүхэнд ижилхэн хүргэнэ.

• Хайр гэдэг хүнийг өнгөрсөн хойно ч энх тунх байлгадаг.

• Ханилж суух хүнээсээ чухам юу хүсч хүлээхийг мэддэггүй. Тэр байтугай өөрсдийнхөө хэн гэдгийг мэддэгүй улс чинь хэнтэй гэрлэж буйгаа яаж ч мэдэх билээ.

• Нөхөд сайхан л даа. Гэхдээ чамайг шөнө бөгшүүлэн ханиаж унтаж чадахгүй, хэн нэгэн  хажууд чинь сахиж асарч халамжлаад хонох хэрэгтэй цаг ирэхэд найз нөхөд байдаггүй л байхгүй юу.

• Тэд нэгэн бие болж үг хэлэх хэрэггүй, ердөө хараад л нэг нь нөгөөгийнхөө бодол санааг ойлгодог болжээ.

• Чи өөрийгөө сорьж чи өөрөө хэн, бусад нь хэн болох, түүнтэй хэрхэн зохицож болох үгүйг мэддэг болно.

• Ханиа хүндэтгэхгүй бол их л зовлонтой учирна. Буулт хийж сураагүй бол их л зовлонтой учирна. Та хоёрын хооронд юу болоод байгааг илэн далангүй ярьж сураагүй бол их л зовлонтой учирна. Тодорхой үнэт зүйлсийг амьдралдаа ижилхэн дагаж мөрдөхгүй бол их зовлонтой учирна. Та хоёр хайрлаж хүндэтгэдэг үнэт зүйлийн хувьд ижил байх ёстой гэхчлэн хайр сэтгэл, гэр бүлд хэдхэн дүрэм байдгын бид мэднэ.

• Бид бусдыг уучлах төдийгүй өөрсдийгөө ч уучлах ёстой. Тиймээ хийж амжаагүй зүйлсийнхээ төлөө болох байсан зүйлийн төлөө харамсаад явж болохгүй.

 

• Байгаа байдлаа хүлээн зөвшөөрхөөр сэтгэл тайвширчихдаг юм байна.

I. Дэх мягмар гариг. Хорвоогийн тухай хөөрөлдсөн минь

 

II. Дахь мягмар гариг. Өөртөө харамсахуйн тухай хөөрөлдсөн нь

III. Дахь мягмар гариг. Харууслын тухай бидний яриа

IV. Дэх мягмар гариг. Үхлийн тухай бидний яриа

V. Дахь мягмар гариг. Гэр бүлийн тухай бидний яриа

VI. Дахь мягмар гариг. Бид сэтгэл хөдлөлийн тухай ярилцав.

VII. Дахь мягмар гариг. Өтлөхөөс эмээхийн учрыг хөөрөлдсөн нь

VIII. Дахь мягмар гариг. Мөнгөний тухай хөөрөлдсөн нь

IX. Дэх мягмар гариг. Хайр сэтгэл хэрхэн үргэлжилдэг тухай хөөрөлдсөн нь

X. Дахь мягмар гариг. Гэр бүлийн тухай хөөрөлдсөн нь

XI. Дэх мягмар гариг. Бид Соёлын тухай хөөрөлдсөн нь

XII. Дахь мягмар гариг. Нигүүслийн тухай хөөрөлдсөн нь

XIII. Дахь мягмар гариг. Бид сайхан өдрийн тухай хөөрөлдсөн нь

XIV. Дэх мягмар гариг. Салах ёс гүйцэтгэв.

 

Эдгээр сэдвүүд болоод гол дүрүүдийн амьдрал, онцлог, ааш зан, ертөнцийг үзэх үзэл зэрэг рүү өндийн харж сайхан сэтгэлийг тольдохыг хүсвэл, олдсон амьдралдаа эзэн нь байж урсан өнгөрөх хором мөч бүхнийг таашаах, өнөөдрийн амьдралдаа дүгнэлт хийхийг хүсвэл заавал уншаарай. Гуниг, харуусал авчирсан түүнийхээ хэрээр зөндөө их ухаарал, зөвлөгөө бэлэглэсэн сайхан бүтээл болсон байна лээ.

Би төрснөөсөө хойш өвөөтэй байж үзээгүй ч  энэ номыг уншиж дуусаад нээх сонин хуучин авдрын үнэртэй монгол ахуйн өвөөгийн үнэр хамар цоргих шиг санагдаж билээ. Яг л өвөө шиг мэдрэгдсэн ном байв.

 

Урьдны 5 номоо тэмдэглэл багахан богинохонг хөтөлсөн боловч нэг цаас дээр нэг компютер дээр ноороглосоор дуусгаж чадахгүй л явна. Энэ тэмдэглэл минь сэмэрч эморсон үедээ үдшийн бүрэнхийд Франкфуртэр тор метроны буудлын сандал дээр утасны жижиг дэлгэц дээр, цахим номны хуудасны тэмдэглэлээ эргэн уншисаар бичиж дуусгав.

27.03.2019

Түр хүлээнэ үү...
Top