ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС-6: ДАЛАВЧ НАР ХОЁР
2021-06-23 Илгээгээгүй зурвас 1156


-Чи сайн байгаа юу?
-Сайн байгаа. Чи харин сайн байгаа биз дээ?
Үнэхээр үү? Аан ингэж асууж болохгүй юм байна. Гэхдээ, гэхдээ үнэхээр сайн байгаа гэж үү. Сайн байгаасай гэж нууцхан хүсэмжилж энэ асуултыг асуусан ч, яг үнэндээ сайн байгаад нь харамсаад байх юм. Эсвэл. Бишээ, эсвэл гэж байхгүй. Асуултанд нь хариулах хэрэгтэй.
Би…. би сайн байгаа. Өвлийн хүйтэн шөнүүдийг бороо асгарсан зунтай хамт үдэхдээ өөрийгөө сайн байгаа хэмээн тайтгаруулсаар энд ирж. Хоолны зуршил муудаад сүүлийн хагас жилийн хугацаанд 10 гаран кг хасчихсан. Турах тусам ходоод агшаад юм идэхээ больчихдог юм байна. Бас хэт турснаас болоод дархлаа их муудаж амархан ядарч сульдаад байдаг болсон. Уг нь амттай хоолны төлөө төрчихсөн мэт "хоол бол хайр" гээд л явдаг байж билээ. Гэсэн атал одоо бол хоол чинь ердөө л хоол. Үгүй ер хүн заавал хоол идэхгүй зүгээр ус уугаад л амьдарчихаж болдоггүй юм уу гэж хүртэл бодох болсон. Ядаж байхад ходоод, нойр булчирхай зэрэг өвдөөд. Сүүлийн хэдэн өдөр бүр хавирга руу хатгуулаад унтуулхаа болилоо. Бүр сүүлдээ цустай огиулаад байхаар нь үзүүлтэл шархнаасаа болоод дотор цус алдчихсан байна гэсэн. Нээрээ хөл хорионы буянаар он гарснаас хойш нэлээн их ном уншсан. Яагаад тийм сонголтууд хийснээ мэдэхгүй ч дандаа л их гунигтай ном уншчихаад байх юм. Бичиж байгаа зүйлс нь ч тэр. Нийтлэе гэхээр, миний хаанаас гарсан юм гэмээр ихэд гунигтай бичвэрүүд болчихоод. Толинд харсан чинь нүд нэг л биш. Хүнд чинь нүдний ч билүү, зүрхний ч билүү нэг тийм гал байдаг даа. Унтарчихсан юм шиг байгаа юм.


Заза. Би сайн байгаа биш юм байна. Ингэж хэлж арай болохгүй байх.
Зун хурдан болоосой гээд, мөн ч их хүлээсэн дээ. Намайг бороотой бүрхэг өдөрт дуртайг мэднэ дээ. Угаасаа би халууцаж чаддаггүй. Нээрээ миний цэцэгнүүд их хөөрхөн дэлбээлчихсэн. Малингарын төрлийн том дэлбээт цэцэгнүүд их хурдан дэлбээлж, эргээд их хурдан үхчихдэг юм билээ. Яг л амьд байх хугацаагаа булаалдаж байгаа мэт. Ковидоос болоод энэ жил хаашаа ч явж чадахгүй шинжтэй. Уг нь нодинон очсон газраа ахиад нэг удаа очихсон гэж бодож байсан юм. Яг тэр эрэг дээр. Яг тэр кофе, бялууг идээд. Тэр сандал дээр ахиад суухсан гэж. Тэр хээрийн цэцгийг ахиад түүхсэн гэж, их хүссэн юмсан. Үнэндээ өөр нэг их зүйл хүсээгүй уджээ.
Аан нэг гайхалтай мэдээ байгаа юм байна. Өнөөх асуулт. Асуултын хариултаа би олчихсон. "ҮҮРД ӨӨРТӨӨ ҮЛДЭЭЖ БОЛНО ГЭВЭЛ, ЭНЭ АМЬДАРЛААС ЮУГ АВЧ ҮЛДЭХ ВЭ" гэж. Олон жил бодлоо шүү. Үнэндээ юуг ч авч үлдмээргүй байсан ч, тэр нэгэн жилийн зул сарын өдрийг, далавч нар хоёртой хамт өөртөө үүрд үлдээмээр байна…. Чиний үгүй ертөнц хичнээн харанхуй, хичнээн хүйтэн юм бэ.
-Би ч гэсэн сайн байгаа..


---

Нэг.. 

Оч шиг гялалзсан тунгалаг нүдэнд ухаангүй дуралчихаад
Одтой тэнгэрт салхи шиг хуйлран бүжиглэн мансуурч
Оосор бүчгүй халуун зүрхээ зад татан яарахдаа
Одоо л би бүтэн боллоо гээд
Би чамайг хамгийн анх үнссэн


Хоёр.. 

Час халуун энгэрт чинь наалдан суугаад
Чамайг надад өгсөн далавч, нар хоёрт баярлалаа гэж
Чадлынхаа хэрээр зүрхний гүнд чинь шумбан орчихоод
Чамдаа би хайртай гэж хэлээд
Би чамайг хоёр дахь удаагаа үнссэн


Гурав..
Хаврын шөнө хайрын тухай хөлчүүрэн суугаад
Харцны чинь өмнө хамаг бүхнээ дурсан байж
Хасын сар шиг очирсон нүднээс чинь үнэнийг амтлахдаа
Хайрын дуутай урт шөнүүдийг үдэн байж
Би чамайг гурав дахь удаагаа үнссэн


Дөрөв..
Анхны бороо чиний минь нүдэн дээр уртаар дуслан байхад
Алчуур бариад сэтгэлийг чинь хатаах гэж шаналан шаналан байж
Ахиад чи хэдэн удаа намайг уучилхыг
Амьдралд би хэдэн удаа чамайг гомдоохыг
Амьсгаа даран бүлээрч харамсахдаа уучлаарай гээд
Чамайг би дөрөв дахь удаагаа үнссэн


Тав..
Хэрэвзээ би тэнгэр болоод чамайг төөнөхөд
Хэрвээ би сар болоод чамд мартагдхад
Хэлж амжаагүй сүүлчийн үгээ итгэлтэйеэ хэлэхдээ
Хэзээ ч битгий мартаарай чамдаа би хайртай шүү гээд
Би чамайг тав дахь удаагаа үнссэн


Зургаа..
Чимээ аниргүй далайн хөвөөнд хөтлөлцөн алхахдаа
Чийгтэй хацрын чинь хяруунд живчихгүй гэж
Чиний үнэртэй хээрийн цэцэгсийг зулгааж өвөртлөөд
Чинийхээ зүг баглаа болгон алхахдаа
Чамайг би зургаа дахь удаагаа үнссэн


Долоо..
Чи далавч, бас нар
Чи тэнгэр, бас далай
Чи есөн мөрт яруу найраг
Чи ертөнц бүүвээлэх мяндсан хөгжим
Чи минь миний амин хүсэл
Чи минь миний нандин эрдэнэ
Чамайгаа би долоо дахь удаа үнсэе..


Найм.. 
Үгүйн зовлонг дүүргэж чамайг надад өгсөн тавилан
Үйлийн үртэй хахир орчлонгийн ирмэгт
Үүрийн шөнүүдээр нүдээ ширгэтэл хүлээсэн шүлгүүддээ
Үндсээр нь тасалсан миний тавиланг өршөө гэж сөхрөхдөө
Би чамайгаа найм дахь удаагаа үнссэн


Ес..
Холын тэнгэрт шувуу буцаад ганганажээ
Хожмын өдөр салхи болоод шуураарай
Хорсол тээсэн нүднээс гуниг яаж асгардгыг би харсан
Хороомоор байвал миний амийг бүүр ав|
Хойд насандаа эргээд уулзацгаая гэж залбирахдаа
Хонгор минь чиний нэртэй цаасыг би сүүлчийн удаа үнсэж байна….

Түр хүлээнэ үү...
Top