ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС- 21: АМЬДРАЛЫН ХАМГИЙН ШИЛДЭГ ТОГЛООМ
2022-11-25 Илгээгээгүй зурвас 154

Кинонд! Тийм ээ, уран сайхны кинонууд дээрээс л бүтэлтэй болж байхыг нь үзсэнээс биш амьдрал дээр тулаад ирэхээр ихэнхдээ бүтэлгүйтэж төгсөнө. Ийм романтик учралууд бүтсэн ч дундаа ороод ирэхээрээ сүйрдэг. Нэг нэгэн рүүгээ шүлсээ үсчүүлэн хараадаг. Уйлалддаг. Хэлээ хөхөлцөн долоох шахан янаглалцаж асан тэд (бид) эцэстээ хэн хэнийхээ шүлснээс сэжиглэн зайгаа барина. Новш...би ийм төгсгөлтэй кинонд ч тоглохоос эмээх сэн. Гэтэл...”тэр нэг юмны” уруул, хамрын үзүүр гижигдсэн сул сүлжсэн өтгөн үс нь (үсэн дээр нь бяцхан ялаа тонгочиж байсан), үнэр нь...үнэхээр намайг чөтгөр алгадаад авах шиг болсон. Анхилуун. За, юу болсныг эхнээс нь яръя. Юу ч хүлээгээгүй, жаахан илүү нойрноос бус өөр юунд ч шунаагүй, байдаг л нэг борооны дараах дүнсгэр өглөө. Нийтийн тээврийн зогсоол хүртэлх нэг км орчим замыг гар утсаа ширтсээр л туулчихна. Энэ зам, миний “хоёр зээрд” нарын ээнэгшил үү, шал согтуу шөнө ч өвдөг шороодуулалгүй гэрт маань дэмнээд аваад ирнэ. Уг нь би гар утсаа ширтэн мэдээ уншсаар зам дагуу эгнэсэн унаанд суугаад ажлынхаа хаягийг хэлээд л гүйцдэг байлаа. Харин тэр өдөр нэг ч унаа байсангүйн дээр ажилтай ойрхон зогсоолтой автобус ирж явсанд халаасаа ухан 350 төгрөг олж атгаад автобус руу гүйлээ, суулаа, мөнгөө өглөө, жолооч “Зайгаараа урагшлаад өг” гэснийг биелүүллээ. Энэ удаа надаас бусад нь утсандаа хамраа дүржээ. Харин миний хамар чухам яг ямар өнгөтэйг нь хэлэхэд хэцүү (будаггүй) буржгардуу үсний хам хум сүлжээснээс салаалсан ганц 2 ширхэгт гижигдүүлэн байв. Дотроо “Улбар, үгүй ээ, хүрэн гэхэд ногоондуу ч юм шиг, шар-бор- ногоон юм уу?” гэж өөртөөгөө ярин ганцаараа инээмсэглэнэ. Хөвсгөр үсэн дунд нь ялааны бяцхан “ялаахай” төөрчихжээ. Болдог сон бол үсэнд нь хуруугаа дүрээд бяцхан ялааг суулгаад цонхоор сул тавьчихсан гэх мэт зүйл бодон бодолдоо живж байтал машин огцом соёгосхийтэл огиулах шиг зогсознов. Жолооч хараал урсгана. Харин тэр минь над руу харж хөлөн дээр гишгэсэндээ уучлалт гуйлаа. Тэр цонх руу эргэж суудлын бариулаас цусгүй юм шиг цагаан гараараа аль байдаг чадлаараа атгаж авав. Би ч даган, бид мөр мөрөө нийлүүлэн зогслоо. Нүдний өмнүүр модод жирэлзэнэ. Моддын навчис цонх бус цээж шүргээд ч байх шиг сэтгэлд таатай зовуурь мэдрэгдэнэ. Түүнийг харахгүй байж тэссэнгүй. Хальт л харж болохоор, эсвэл үхэн үхтлээ, усан нүдээ ширгэтэл ширтэж зогсмоор бурхны бүтээсэн өөрийнх нь хамгийн хайртай хөрөг шиг л тийм гээд хэлэхэд ч хэцүү, гэхдээ ийм гээд хэлээд уйлчихмаар гоо үзэсгэлэн дэргэд минь байв. Анх удаа бодол сэтгэлд тэнгэрт нүргэлэх аянга шиг агшин зуур тэр бүсгүйн дүр хэзээ ч мартагдахааргүй зурагдаж орхилоо. Бид нэг буудал дээр буух нь тодорхой болж хамтдаа хаалгаа руу дөхлөө. Марко Пологийн аяллын замыг тэмдэглэсэн газрын зурагтай үүргэвчтэй болохыг нь анзаарлаа. Мөн л аяллын гадуур хувцастай. Түүнийхээ халааснаас гар утсаа гарган facebook үзнэ. Бүргэд шонхрын хүчийг дуудан залбираад ч чухам зүүн дээд булан дахь зураг бүрэлзээд харагдсангүй. Байгалын л зураг байна гэж тоймлон байгальд хайртай охин байх нь гэж бодлоо.. Автобуснаас хамт бууж нэг зүг хамт алхлаа, нэг тийш зэрэг эргэлээ. Биднээс бусад нь эргэсэнгүйд эвгүй санагдаад түүнээс жаахан хоцорлоо. Улаанбаатарын гол судас болох Энх тайвны өргөн чөлөө сунайна. Уруугаа учир хөл өөрийн мэдэлгүй л түргэсэж зөрөх олонтой шүргэлцэнэ. Өчигдөр үзсэн “Тэмдэглэлийн дэвтэр” киноны гол дүр шиг араас нь гүйж очоод сэтгэлээ илчилсэн бол өдийд бид юу болсон байх байсан бол гэж одоо бодно. Би түүн шиг л зориглох ёстой байсан юм шиг харамсал төрнө. Алсыг харагчаас дүүжлэгдэн “Гар мултрах нь надтай болзох уу?” гэж айлгаж “аргадсан” шиг нь ямар нэгэн зүйл бодож олж болох л байсан. Аав минь таван давхрын тагтнаас нэг гараараа зүүгдэж ээжээр хайртай гэж хэлүүлж байсан гэдэг. Уг нь ээж сайн л байсан юм билээ, түүний хэлснээр аавд хэтэрхий олон өрсөлдөгчид байж. Тэдний дундаас шийдмэг босон тагт руу гарсан үйлдлээрээ дайснуудаа бүгдийг нь үгүй хийж ээжээр минь хайртай гэж хашхируулж чадсан баатар эр дээ. Яагаад ч юм тэгж хашхирснаас хойш аавд минь үнэхээр хайртай болчихсон гэсэн. Надад энэ эр зоригийнх нь хэлтэрхий байгаа л гэж найдна. Нэг удаа тиймэрхүү зүйл хийсэн юм байна шүү. Дөнгөж болзож эхлээд байсан ч би ухаангүй дурлачхаад байв. Драмын театрын баганын сүүдэрт түүнтэй ярилцаж суугаад хөдлөхөөр бослоо. Сэтгэл хөдлөөд түүнд “ намайг үнсээч” гээд хэлчхэв. Тэр эрсхэн үгүй гэв. Үнэхээр үнсмээр биш үнсүүлмээр байсан юм шиг байгаа юм. Хөтлөлцөн шатаар буухдаа би нүдээ аниад чамайг үнсэх хүртэл чинь нээхгүй гэж хэллээ. Тэр мангар гэхээс өөр юм хэлсэнгүй. Намайг бүдэрч, хий гишгэхэд тэр гараас чанга атган инээд алдана. Би нээхгүй, түүнийг даган инээмсэглэнэ. Хүмүүстэй шүргэлгэж, мөргөлдөж эхлэхэд л тэр сандарч “нүдээ нээгээч ээ мангараа, нүдээ нээлдээ тэнэг ээ, гэж хэлнэ. Явж, явж тэр гэнэт зогслоо. Хацар дээр халуун нойтон уруул хүрээд авлаа. Санкт Петербургын автобусны буудал. Би түүн рүү харж инээмсэглэсэн, харин тэр хөмсөг нь зангирсан байсан ч уруул дээр нь нууцлаг инээд тодорч байв. Тэгээд удаан нууж чадалгүй инээд алдаж, бид хамт хөхрөлдөж гарсан. Тэгээд дахин хөтлөлцөж цааш алхсан. Тэр оройгоо хацар үнсэн хараа оруулсан уруулд талархан түүнийг үнссэн. Олон жилийн өмнө юм аа.

Харин одоо, амьдралын минь цор ганц асуудал болох амьдрал надаас дахиад эр зориг, ур ухаан гаргахыг битүүхэн хүсэж байна. Миний хамгийн шилдэг тоглоомоор дахин нэг зүрхээ савлуулаад үзээч гэж тойруу утгаар шивнэж байх юм. Уг нь би түүнтэй дахин 3 дахь удаа таарвал хэлэх үг хийх үйлдлээ бэлдчихээд хүлээсээр намар болчихлоо. Би юу гэх байсан гээч, түүнийг Энх тайвны өргөн чөлөөнд гүйцэж очоод “Чи үдийн 2 цаг 47 минутад завтай юу?” гэж асууна.

Миний төсөөлснөөр тэр – Юу...?? гэхэд нь

-          Өнөөдөр 2 цагт завтай юу?

-          Яах гэж?

-          Хамт парк орж галзуу хулгана дээр сууя

Үүнээс цааш юу болохыг төсөөлж чадахгүй нь. Гэхдээ миний бодолд кинонд гардаг шиг хамгийн сайхан хувилбар нь л үргэлж бодогдоно. Тийм ээ, кинонд!

Түр хүлээнэ үү...
Top