ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС-14: ЧАМТАЙ УГТСАН ХАЧИН ЦЭЛМЭГ ӨГЛӨӨ
2021-09-27 Илгээгээгүй зурвас 925

Танд хэн нэгэнд илгээж чадаагүй, зовоох вий гэсэндээ ч юм уу, аль эсвэл зориг дутаад ч юм уу илгээгээгүй аваад үлдчихсэн захидал, бичвэрүүд байдаг уу? Тэгэвч түүнийгээ хэн нэгэнд хуваалцах хүсэл төрдөг үү? Манай tagtaa.mn сайт тэр нандин бичвэрүүдийг тань хуваалцах "Илгээгээгүй зурвас" булан нээж байна. Та нэрээ нууцлаад нийтлүүлж болно, хүсвэл нэртэйгээ ч нийтлүүлж болно. Хамгийн гол нь илгээж чадаагүй тэр зүйл тань л байх ёстой юм. Магад таны сэтгэлийн шарх жаахан ч атугай эдгэж, хөндүүр тань түрхэн ч болов мартагдах ч юм бил үү?

Чамтай угтсан хачин сайхан цэлмэг өглөө. Ийм цэлмэг тэнгэр, ийм цэнгэг өглөөг ойрын үед үзээгүй санагдана. Машины цонхоор шувуу жиргэх чимээ, тэртээ хол хаа нэг явах машины дуу, нар дөнгөж тусаад шүүдэр буусан байна. Хөнжилдөө хоргодсон өглөө, нойроо харамлаад энгэрт чинь шигдээд л баймаар өдрүүд илүү олон, илүү урт байгаасай гэж яагаад ч юм их хүссэн. Чиний аабан бээбэн үс, сормуус, жижигхэн давхраатай нүд, нүдээ хүүхэд шиг онийлгож ирээд эрхлэнгүй хардаг харц, зөөлхөн арьстай дух, жижигхээн хамар, бас жижигхээн чих...
Гарыг чинь атгаад чамайг ширтээд хэвтэх хамгийн амар тайван бас дүүрэн мэдрэмж байсан. Зүгээр л хамт хэвтэхдээ, хамт сэрэхдээ хичнээн тайван байдгаа яагаад хажууд чинь муухай зүйл огт бодож чаддаггүй ээ бодоод олохгүй.


2019.09.17

Чи бид танилцсан тэр өдрөөс хойш 3 жил өнгөрч. Өөрийгөө амьд гэдгийг мэдрэхээр би дэвтэрээ гаргаж ирээд энэ тэмдэглэлээ дахин дахин уншдаг. Чиний тэврэлт, үнэр, бие дээгүүр минь эмээсэн байдалтай гүйх гар, энгэрт чинь наалдаад хэвтэхэд эрүү тавьж болмоор цээжний хонхорхой... Би дахин дахин санадаг..

Энэ хугацаанд би их олон зуршилтай болж анх зурвас бичиж эхлэхдээ шөнө сэрж чатаа шалгаад хариу үлдээдэг байсан, одоо тэр миний шөнөөр сэрээд чамайг бодох шалтаг төдий болжээ. Чиний байнга явдаг нисэх, яармагын замд цагаан өнгөтэй машин бүрийг би чамайг болов уу гэж хардаг. Сэрүүлэгнээсээ өмнө сэрчихээд би унтаа ухаандаа чиний тухай бодож хэвтдэг. Утсаа нээх үү? Чамаас зурвас ирсэн болов уу? Чи өнөөдөр ажиллаж байгаа болов уу? Зам дээр таарах болов уу...? Таарвал нүүр лүү нь харах уу? Буруу хараад зогсох уу?

Би өөрийгөө өөрчлөхийг маш их хүсч байсан. Бардамнал гэж нэрлээд байгаа энэ зүйлийн талыг нь ч болтугай тайлж хаячихаад чам руу дөхөхийг хүссэн. Чамтай сэрсэн цөөхөн хэдэн өглөөний аль нэгт нь зүгээр ажлаа тасалчихаад чамайг тэврээд хэвтээд байх байж. Өглөө сэрээд яарч босолгүй хурхирахыг чинь чагнаад нүдийг чинь, үсийг чинь, хамрыг чинь, уруулыг чинь хараад л хэвтдэг байж. Илүү удаанаар.... Ядаж нэг өглөө ажилдаа явлаа гэдгээ хэлээд гардаг байж. Ядаж ганц удаа хоол хийж өгөөд өглөөний цай хамт уудаг байж... Өнөөдөр мөчөөгөө өгөхгүй гэж сөргөж үг хаяхын оронд зүгээр л зөөлөн инээдэг байж. ...ХАРАМСАХ...

Хамгийн хэцүү зүйл харамсах. Хэрвээ...? Хэрвээ би тэгсэн бол... Хэрвээ тэр үед... Хэрвээ тэр үед л ганцхан удаа чамтай ярилцсан бол...

Чамаар дүүрсэн цээжнийхээ өвдөлт бүрийг хуудас хуудсаар, дэвтэр дэвтэрээр буулгалаад ч энэ хөнгөрөхгүй. Энэ үгс хэзээ ч миний сэтгэлийг бүрэн илэрхийлж чадахгүй...
Магадгүй бидний зам ахиж хэзээ ч нийлэхгүй, сэтгэл дүүргэдэг ийм өдрүүдийг ахиж үдэхгүй. Чиний тухай бичсэн тэмдэглэлүүд хэдэн дэвтэр дүүргэж, уртаас урт харамсал хэдий хугацааны дараа анихыг мэдэхгүй.

Харамсал, өвдөлтийнхөө чимээг аяга кофены гашуун амтаар дарж амсхийгээд л алхаж яваа шүү. Би нь...
Эргэн дурсахад үргэлж дулаахан байдаг

Түр хүлээнэ үү...
Top