ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС-10: МИНИЙ ГАРЫН АЛГАНААС Ч ТОМ НАВЧ ХАЦАР АЛГАДАН УНАХАД
2021-08-10 Илгээгээгүй зурвас 812

Би чамд хайртай...

 

Чи олж уншиж чадах болов уу. Үнэндээ чамд зориулж бичсэн олон захиа байдаггүй ч бас яг одоо илгээж байгаа захиагаа сүүлчийн захиа ч гэж нэрлэж чадахгүй л байна. Учир нь би чамайг үхэн үхтлээ үгүйлж, сэтгэлийнхээ мухарт байнга л чиний дурсамжийг олон өнгөөр зураглаж бичих болохоор, өөрийнхөө ертөнцөд чамд үргэлж үнэнч байх болохоор, өр зүрхний минь гүнд чи хэзээд байр сууриа алдахгүй болохоор би сүүлийнх гэж үнэхээр хэлж чадахгүй нь гэхдээ үүнээс хойш чамд бичсэн дурсамж бүрээ, захиа бүрээ уншуулах эсэхээ бол сайн мэдэхгүй байна, зогсох ёстой учраас...

Намар байсан. Миний гарын алганаас ч том навчис хацар алгадан яг л бороо шиг шаагин унахад, жиндүүхэн салхинд унаж байгаа навчисын дор би уйлаад л, нулимсаа арчаад л алхдаг байхад. Харин тэр үед нар гарч миний амьдралд намайг дулаацуулсан, тэр чи байсан. Үнэхээр богинохон биш ээ, хоромхон ч биш харин хангалттай дурсамжтай, хайртай, сангалзалтай өдрүүд өнгөрсөн. Үнэээн, би дахиж олон хэлж чамд төвөг удахгүй ээ, гэхдээ хүн болж төрсний утга учрыг, хайрын хамгийн дээдийг чамаас мэдэрсэн болохоор үнэхээр чамайг тавьж явуулах надад амар байсангүй ээ. Чи минь миний сэтгэлд дэндүү их байр суурь эзэлсэн болохоор чамайг хэнээр ч би орлуулж чадахгүй болохоор чамайг санахаараа цамцыг чинь тэврээд, үнэрлэн жаал уйлах юм, үүнээс өөр юу ч хийж чадахгүй юм даа.

Үнээн. Би шаналж шархлаад тартагтаа тулаад, ёроолгүй нүх шиг амьдралын эргүүлэгт автчихсан юм шиг санагдаад, газар шургаж уначихаад босох гэхээр түших бариул, гарах гарц олдохгүй шархалж, цус нь гоожсон зүрхнээс өөр юмгүй болсон тэр үедээ чамаар таяг хийж дахин өндийсөн минь үнэн. Гэхдээ энэ өвдөлтөө, амьдралын асуудлаа шийдэх гэсэндээ хийсэн үйлдэл байгаагүй ээ, харин цор ганцхан удаа “хүнээс” авсан хамгийн сайхан мэдрэмжиндээ хөтлөгдөөд зүрх уярч, хайраар дүүрсэн тэр цаг хугацаа байсан юм шүү.

Хичнээн олон удаа уйлсан ч чамайг зовоохгүй гэсэндээ хажууд чинь очих бүртээ инээж, хичнээн олон удаа шаналсан ч чамайг зовоохгүй гэсэндээ хэнэггүй байгаа мэт зан гаргаж, хичнээн их өвдсөн ч чамайг зовоохгүй гэсэндээ хичнээн удаа хэлээ хазаж, хичнээн олон удаа зөвхөн чинийх л байхыг хүсэж бусдаас нуугдан хүлээснээ хэлж мэдэхгүй байна. Учир нь би үнэхээр их итгэсэн, бусдаас илүү их итгэж, бусдаас илүү ихээр хүндлэсэн.  Хэзээ ч, юуг ч би хийж өгч чадахгүй гэдгээ мэдэж байсан ч хийж өгөх дэндүү их хайр, хүсэл минь үнэн байсаан.

Маш олон удаа чимээгүйхэн хайрласан ч хэзээ ч миний сэтгэл чиний дотор багтах орон зай үгүй гэдгийг би харсан. Хамгийн сүүлийн удаа би зогсох ёстой гэдгээ л бодоод өвдөөд байсан, яг зүрх тэгж хэнд ч юу ч гэж тайлбарлах боломжгүй өвддөгийг би мэдэрсэн, харин чи энэ өвдөлтийг амсаж үзээгүй байж болох юм. Гэхдээ дэндүү их хайртай хүнээ явуулна гэдэг яг яаж ч тайлбарлаж чадахгүй өвдөлтийг өгдөг юм билээ. Хайраас болж хүн үхлээ гэж сонсож байсан ч нээрээ үхэж ч болох юм байна гэдэг мэдрэмжийг тэр үед би яг амссан. Хүмүүсийг гайхдаг байсан би, харин өөрийнхөө зүрхний өвдөлтөөр үхэж болох хайранд одоо итгэнэ.

Гэхдээ явах хүртэл чинь яаж ч хайрласан үлдэхгүй хүн гэдгийг ухаарсан болохоор, яг үнэндээ би чамд зориулсан тийм их хайр байсан ч  чиний төлөө гэж хэлээд үхэх эрхгүй болохоор би өвдсөн. Хайр бүхнээс хүчтэй гэдэг ч энэ хайр бууж өгөх ёстой хайр гэдгийг би ойлгосон, бас зогсох ёстой хайр гэдгийг ч зүрхээрээ мэдэрсэн.  Учир нь миний хайр өөр хүнийх. Тийм учраас би яг одоо бууж өгөхөөр шийдсэн.

Харин  миний дотроос чамайг гэсэн жинхэнэ хайр алга болохгүй гэдгийг, хэзээ ч өтлөхгүй, яг л сайхнаараа үүрд зүрхэнд минь өөрийнхөө орон зай дотор орших болно гэдгийг, өчүүхэн ч гэсэн ч чиний ургуулсан цэцэг байдаг гэдгийг чи минь дурсаж яваарай. Үргэлж дахин, дахин олон мянган удаа, хэзээд зөвхөн чамайг сонгох болно гэдгийг минь санаж яваарай. Чиний төлөө хийж чадах ганцхан зүйл минь үргэлж чамайг хайрлах болно, үхэн үхтлээ чимээгүйхэн байсан ч, харахгүй байсан ч, харагдахгүй байсан ч чамд үнэнч байх болно.

МТЯЦ - Чихэнд минь, сэтгэлд минь шивнэсэн тэр сайхан үгсийг чинь хэзээ ч мартахгүй ээ,

... – цэг, таслал бүр минь чамд л зориулагдсан, мөн чамд зориулж бичсэн мөр бүхнийхээ ард хайраа шингээж байсан, цаашдаа ч чи миний зүрхэнд бичигдсээр л байх болно.


Шаналалтай, өвдөлттэй, нулимстайгаа бичсэн ч миний зүрх, чамайг хайрласан хайр минь талархалаар дүүрэн байна. Бүх зүйлийг эмзэгээр, хүндээр, эсвэл заавал учир шалтгаантайгаар ойлгох гэдгийг чинь би мэднэ ээ, гэхдээ энэ захиаг миний илэрхийлэхийг хүссэн хамгийн сайхан хайр байсан, бас зогсоохыг хүссэн зориг байсан гэж ойлгоорой, гуйя. 

Түүний минь өвөр дэндүү дулаахан юмсан, гар нь зөөлхөн, үнсэлт нь галзууруулмаар юмсан. Хорогдоод л хорогдоод л баймаар. Хажууд нь байх үедээ хэн гэдгээ мартаж, айдас гэдэг зүйл үргээд одчихдог тийм л амар тайван. Гэсэн ч одоо зогсоно, бичсэн захиагаа хүртэл уншуулж чадахгүйгээр, илгээчих зориггүйгээр

 

 

Түр хүлээнэ үү...
Top