ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС-9: Танд би дахиад захиа бичиж болох уу?
2021-08-03 Илгээгээгүй зурвас 890

...

Хайрлан дурлалцсан "хав халуун" шөнүүд бидэнд байгаагүй. Хамтдаа тэврэлдэж, үнсэлцэж тэгээд бас биесээ илбэх өдрүүд ч, хором мөч ч байсангүй. Хөтлөлцөн алхах нь бүү хэл хажууд чинь бараадасхийн явж ч үзээгүй ээ, би! Тийм ээ, бид хэзээ ч нүүр нүүрээрээ уулзалдаагүй. Бид учраагүй. Бид танилцаагүй. Биесээ холоос ч атугай харалцаагүй. Бид бие биедээ нэрээ хэлж, тэгээд "Найс түү мийт юү" ч гээгүй. Гэхдээ. Бидэнд уран зохиол, шүлэг яруу найраг, кино ший, тэгснээ бас амьдрал философи ярьж, "бичилцэж" өнгөрөөсөн хэчнээн олон сар, хэчнээн сайхан шөнүүд байсан юм бэ! Бүр нэг хайрламаар. Огтоос танихгүй нэгэнд доторхоо уудлан ярьж чадсан өөрийгөө ч тэврээд авмаар. Тэгэхдээ танд тэсгэлгүй их тэврүүлмээр. Би танд тэврүүлж үзмээр. Гэхдээ даварч үнсэхгүй ээ. Бас үнсэлцэх ч үгүй. Ганц агшны ганц л тэврэлт. Тэврэлт гэдэг галзуу дур өдөөсөн үнсэлт, гал авалцсан шөнөөс ч эрхэм санагдах болох. Тийм л нэг хүнийг тэвэрч үзэх, энгэртээ наана гэдэг нэг тийм тайлбарлахын аргагүй мэдрэмж бололтой! Бие биедээ хань болж хэчнээн шөнө, хэчнээн олон зүйлийн талаар хөөрөлдсөн бэ, бид! Хэнд ч хэрэггүй, дэмий утгагүй мэт санагдах эрээвэр хураавар сэдвүүдээс алийг нь бид үлдээж орхисон бол? Утсаар дамжуулан холбогдсон, сүлжээнд бид болзсон... Зарим үед хачин их яриа нийлнэ, заримдаа хааяа нэг муудаад авна. Гэхдээ л ихэнхдээ л эв найртай "бичилцэнэ". Балчир гэж гололгүй надтай ярилцаж, бас түүхийг минь сонсож байсанд баярлалаа.

Бас юу гээч, "Жаал аа, унтаач" гэнгүүт нойр яаж хулжаад "унтахгүй юм шүү" гэж хэчнээн их тэсэж хамт элдвийг "бурж байсан" тэр шөнүүдийг, тэр хөөрөлдөөнийг үгүйлж байна. Би таныг санаж байна.

Эгч ээ, би танд арай "балчирдах" уу? Хэдий айлын отгон ч гэлээ, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үнэнч байх гэж хичээж яваа том зүрх, том хүсэл минь танд мэдрэгддэг болов уу? Таныг тэгж хэлэхээр яаж "жаал" байхаа болих вэ гэж боддог. Үнэхээр яаж жаал байхаа болих вэ??? "Танд дурлахгүй ээ" гэж хэлсэндээ хүрсэн шүү. Даанч дасаж "орхиж" энэ сэтгэл, энэ миний амьдралын өдрүүд. Танаас зурвас ирээ болов уу гэж байнга л утсаа шагайж байна. Мэдэлгүй өнгөрчихсөн юм болов уу гээд байсхийгээд л захианы апп-аа нээж үзэж сууна. Мют хийчихсэн юм биш байгаа гэсэндээ байн байн утсаа шүүрч авдгийг та мэдэх үү? Аа, бас тантай шөнөжин ч хамаагүй элдвийг бичилцэж "чалчиж-чаталж" байхдаа утасны цэнэг яг л ангамал газар борооны жаахан чийгийг ховх сордог шиг ямар хурдан дуусдаг гээч. Тэр цаг ядаж байхад ямар "факин" хурдан урсдаг байв аа! Тэгээд л би гэдэг хүн хөнжлөөсөө год үсэрч хором бүрийг алдахгүй гэсэндээ ханын залгуурын дэргэд цомцойн суугаад хайртаасаа зурвас хүлээж байгаа юм шиг сэтгэл догдлон таны зурвасыг хүлээнэ. Тан руу бичнэ... Тэгээд л баахан юм "ярилцаж" бичилцэнэ. Орой болгон "хуруунууд минь утасны дэлгэц дээр хэрхэн бүждэг"-ийг та харсан бол ч гайхна даа! Таныг би "амьдаар" нь (биш ээ, азаар та энэ тэнгэрийн дор эрх танхи үүлсийн чөлөөнд надтай нэгэн адил Улаанбаатарын нарийн ширхэгт тоосонцороор хаа нэгтээ амьсгалж яваа) харж байгаа ч, сүлжээнд оруулдаг зургуудаар чинь хэдийнэ тантай танилцаж бас ойр дотно болчихжээ. Энэ муу юу? Ийм байхад болох уу? Зүгээр л би таныг дассан сэтгэлдээ хадгалчихаад үе үесхэн гаргаж ирээд дурсаж байж болох уу?

Бас эмээгийн минь нандигнаж "баадандаа ороосон" судрууд шиг танаас ирсэн зурвас, сүлжээнд оруулдаг таны дуртай "шүлгүүд"-ийг хаа нэг ил гаргаж ирээд уншиж энүүхэндээ "үнгэж" болно биз дээ?

Эгч ээ, би танд дасчихжээ. Та муухай. Дасгачхаад яагаа ч үгүй юм шиг "Хэзээ нэгтээ уулзацгаана биз ээ" гээд л "яваад өгсөн". Эргэж харалгүй,.. Яваад л өгсөн. Энд, яг байгаа газраа ирэхийг тань хүлээгээд л утсаа ширтэн горьдлого тээн сууж байна, Жаал чинь!   Тагтаагийн номуудыг тэвэрч явдаг болохоор шууданч "Тагтаа"-гаар үгээ би дайлаа. Танд би дахиад захиа бичиж болох уу?

Түр хүлээнэ үү...
Top