Тод амьдрал
2021-03-15 Ц.Дэлгэрмаа 1678

(Өгүүллэг)

Тэр намайг сэтгэлзүйч шиг л анхааралтай ширтэнэ. Үнэндээ ч миний хувьд сэтгэлзүйчээс бараг ялгаагүй л дээ. Тэгээд цааш эргэж үнсний сав руу тамхиа дарж унтраангуутаа сандлын түшлэг налан бараг л тэрийгээд,

-Хэтэрхий үнэн байдал чинь чамайг алж байна гэв. 

Алж байна гэнэ ээ. Бүр үү? гэж бодогдлоо.

-Би хуурамч байдал л хүнийг алдаг гэж боддог юмсан. Чинийхээр тэгээд би яах болж байна, Филип? (Найзын маань нэр уг нь Пүүжээ. Европт олон жил амьдарсан, яг л европ хүн шиг биеэ авч явдаг найзыгаа би энэ нэрээр нь дуудаж дасчихсан.)

-Боль доо, чи одоо ч энэ үнэн байдал, хуурмаг байдал гэдгийг хэтэрхий үнэнээр нь хүлээж аваад байна шүү дээ гэж тэр хэллээ.

-Наадах чинь л намайг хэвээр байлгаж байгаа зүйл гэж хамар дороо бувтнахад минь Филип урагш болж ирээд мөрөн дээр минь зөөлхөн алгадаж, -За за шал дэмий л юм, хөгшөөн гэв. 

Бид хэсэг дуугүй суулаа. Дуугүй суух тал дээр түүн шиг сайн хань нөхөр гэж үгүй. Тэгснээ гэнэт ам нь халдаг зангаараа (дуугүй удаан сууж чаддаг шигээ ярихдаа ч сайн хүн гэвэл чухам тэр л дээ, тэгээд ч дэмий чалчаа биш болохоор ярих нь надад таалагддаг юм),

-Европчууд боловсон занг арьс шигээ л өөриймшүүлсэн улс. Хараа муутай хүн өглөө босмогцоо шилээ авч зүүдэг шиг, чих хатуутай хүн сонсголын аппаратаасаа салдаггүй  шиг, бие махбодын хувьд бэрхшээлтэй нэгэн таяг юм уу тэргэнцэрийнхээ тусламжгүйгээр явж, хөдөлж чаддаггүй шиг тэд боловсон занг өөрсдөдөө дадуулсан байдаг. Гэхдээ тэд үүгээрээ хуурмаг байдаггүй, ямар ч харилцаан дээр гайхалтай үнэнээрээ байж чаддаг. Харин манайхан хэтэрхий бүдүүлэг. Шууд дайрна, шулуун шударга гэж ярина. Гэвч үнэндээ эрээ цээргүй. Ямагт бусдыг шүүмжилнэ. Бүтээлч биш ховч шүүмж шүү, тэр нь.  Тэгсэн мөртлөө улаан нүүрэн дээрээ хэчнээн тааламжтай сайхан байгаа мэт жүжиглэдэг гээч. Харин чи тиймгүй болохоор л ингэж цөхөрч байгаа юм. Би чамтай нөхөрлөх яагаад дуртай гээч. Чам шиг хүмүүс олшрох тусмаа хүмүүс нэгнийхээ дэргэд тухгүйтэхгүй, арцалдахгүй зэрэгцэн оршиж болох юм шүү дээ! гэлээ.

Филип үүгээрээ юу хэлж байгааг би угтаа бол ойлгож байлаа. Гэвч цөхөрсөн хүнд юу ч аврал найдвар болж санагддаггүй юм. Бодож сэтгэх, үйлдэл хийх байтугай оршин байх нь дараатай болчихсон гутралд автахаар хүн юунд ч идэвхгүй болдог. Өнгөн дээрээ тийм биш шиг харагдаж болно л доо. Тэр тусмаа л газар доогуур нүхлэн амьдардаг шавж, өт хорхойс шиг гутралдаа дотроосоо идэгдэж байдаг юм даа. Би бол төрөлхийн дүйнгэ (ямарваад хариу үйлдэл удаан) зан араншинтай хүн. Дээр нь өнөөх чимээгүй хорхойс юухан хээхнийг минь цөлмөж бараад, одоо яг л газрын гадарга дээгүүр гарч ирж тэнүүчлэх шиг гутрал цөхрөл нь гадагшаа илрэх болсон хүн. Мэдээж ийм байдлыг нийгэм хүлээж авахгүй, ажлын газрынхан чинь ар хударгаар чинь тэнэг маанагаар дуудаж, дарга захирлууд бүтээмжгүй байдлыг чинь огт хүлээн зөвшөөрөхгүй. (Тэднийг бол ойлгож байна аа, ямар ч бүтээмжгүй ажилтнаар байгууллага ер нь яах юм бэ.) Харин би хаа очиж  ямар нэг шийдэл сонгох хэрэгтэй үед боломжит санаа, хувилбарыг дэвшүүлэх юм уу дэмжиж чаддаг болохоор  (бас магадгүй удаан, дүйнгэ чанар маань сайн гүйцэтгэл дагуулдаг болохоор) л дарга маань өдий болтол халчихгүй явсаар байгаа билээ.

-Нэмээд чи өөрөөсөө залхчихжээ. Гэхдээ бүр ч тийм биш байх. Чи өөрийгөө миний чамайг гадарладаг шиг төдийгүй бүр сайн мэдэх ёстой. Тэгэхээр өндийж үз ээ, хөгшөөн. Ямх ямхаар ч болов хичээхээс өөр арга байхгүй гэж Филип хэлэв. (“Урагшаа, зоригтой, зүтгэ” мэтийн бадрангуй үг түүний амнаас унадаггүйд би талархдаг юм.)

-Хичээж байгаа гэж хэлээд би тамирдуухан инээхчээ аядлаа.

Бид ахиад л дуугүй сууцгаав. Филип ахин нэг тамхи асаалаа. Тамхиа татаж дуусаад тэр явахаар өндийв. Тэгээд хаалган дээр очсоноо эргэлзэн зогтусаж, -Нээрэн явахгүй юу? Уг нь ганцаараа байснаас дээр дээ!? гэлээ.

Би толгой сэгсрэв.  Филип гарч одлоо.

Тэгэхээр та одоо миний яагаад ингэж цөхөрч гутарсныг гайхаж байна уу, эсхүл цөхөрч гутарсан хүнтэй хамт үлдээд, цаашаа яахыг нь (зүгээр л) хармаар байна уу? Гэвч би эхний асуултад хариулж түвдэхгүй л болов уу, ер “яагаад?” гэдэг асуулт шиг хүнийг тарчлаан шаналгадаг зүйл өөр байдаг гэж үү?

...

Филипийг гарч явуут би ууж тасарсан амьтан шиг толгойгоо унжуулан нэлээд суулаа. Толгойд тоймтой гэхээр юм буухгүй атал далдуур ямар нэг зүйлийн төлөө тархи, мэдрэл цуцталаа ажилласан аятай хамаг л булчин, судас маань хөвчирсөн нь мэдрэгдэнэ. (Ийм байдалтай шөнөөр унтаж чадахгүй хөрвөөх ямар байдаг гээ. Тэгээд хар нүд хамхиж ч амжаагүй байтал өмнөхтэйгээ яг ижилхэн өдөр залгана гээд бод доо.) Би хоёр гараа дааж ядах мэт алгуурхан өргөж хоёр чамархай дээрээ авчраад өнөөх чангарч, чивчирч, лугшаад байгаа судсыг тэмтрэн багахан хүчтэй даралхийлэв. Урт амьсгаа авмаар болж ирэхэд би урт урт амьсгаллаа. Дараа нь гараа буулгаж, толгойгоо гэдийлгээд хүзүүгээ аажуухан хоёр тийш хөдөлгөв. Энэхэн зуур бие махбод минь арай сэргэх шиг болж ирсэн ч би яг юу хийхээ мэдэхгүй байлаа. Хэвтмээр ч үгүй, суумаар ч үгүй, босмоор ч үгүй, уумаар ч үгүй, бас өмнө нь ер татгалздаггүй үйл байсан атал уншмаар ч үгүй. Ер яамаар ч үгүй атал ямар нэг юм хийх ёстой болдог нь л хүмүүний хамгийн том асуудал биз ээ. Заримдаа би өөрийгөө нэгэн зэрэг Камюгийн Мерсо шиг, Форест Гамп шиг, бас “Хувирал”-ын хөөрхий Замза шигээр мэдэрнэ. Тэгэх зуураа би, Тодоо гэгч энэ эр ер хэдийнээс “тэд” болж хувираад, юуны учир өөрөө өөрөөсөө үгүйрэн алга болов гэж гайхна. Гэвч “би” гэж анхнаасаа ер байсан гэж үү. Би гэж миний ойлгож буй энэ бие махбодыг эцэг, эх хоёр минь л хамт “үйлдэн” бий болгосон. Энэ нэрийг ч тэд л санаачлан “бодож олоод” надад өгсөн. Бүтнээрээ Тод-Амьдрал гэх энэ нэр анхнаасаа л оршихуйг минь ёгтолсон хэн нэгний егөө юм шиг санагдахыг яана. (Ухаан орсон цагаас л амьдрал надад хуучны зүдэгхэн бичлэгтэй киноны хальс нь халтайж орхисон кадр шиг хэсэг бусаг, бүдэг бадаг; өнгө будаг, өрнөл ч гэх юмгүй байсаар ирсэн.) Амьдрал намайг егж байх шиг санагдах бүр би өнөөх Форест шиг гараад хаашаа ч хамаагүй гүймээр болж ирэх ч тэгэх зориг дутаж (тэгээд ч Форест эргээд ирдэг), Замза шиг шавж болчихмоор ч Кафкагийнх шиг “илбэ шид” (тэгээд ч би амьдрал дотор байна) надаас тойрч, Мерсо шиг “хэнэггүй” хөндлөнгийн хүн хэвээр үлдье гэвч (муу ч гэсэн “хүний нэр төр” байдаг болоод тэр үү) амиа зуух гэж нийгэмтэй, хүмүүстэй хутгалдаж л явна. 

Хүүхэнд ч, архинд ч, унд хоолонд ч би шимтдэггүй. Ертөнцийн жаргал гэж олонх хүний сэтгэдэг зүйлсэд даамай автдаггүй маань намайг ийнхүү тарчлаадаг биз. Эцэг эхээ ч тэгтэл хайрлаж байсангүй. Хүний ганц хүү би ухаан орсон цагаасаа тэднээс хөндий зэнзийхэн явсаар тэд нэгэнт үгүй болсон. Филипийг эс тооцвол дотно хүн ч гэж надад үгүй. (Хамаатан садан гэхээр улс мэдээж бий. Би тэднийг, тэд ч намайг ор танихгүй хүн шиг л явдаг.) Магадгүй Филип над дээр ирэхгүй, утас цохихгүй бол би анзаарч тоох ч үгүй байх (байзаарай, гэхдээ нэлээд хэдэн өдрийн дараа бол жаахан гайхаж, түүн рүү утасдах ч магад юм байна).

Ийм нэг сэжүүр гарч ирсэн тул би Филипийн араас очъё гэж бодов. Ингээд өрөөн дотроо холхиод байснаас арай дээр байх. Тэр юу гэлээ? Аа тийм, “Ямх ямхаар ч болов...” 

Би гадуур хүрмээ өөрөө ч эс анзаарах мэт өмсөж, яг хаалгаар гарахын даваан дээр эргэлзэв. Үүдэндээ нэлээд зогслоо. Гарахгүйгээр “шийдээд” (гутарсан хүний аливаа шийдвэр дандаа идэвхгүйг сонгодог) үлдчихэж ч магад гэж бодсон ч тэгсэнгүй. Ямар ч байсан гудамж руу гараад ирлээ.

Ямх ямхаар. Би үүдээр гарахаасаа л оюун санаагаа, өөрөө өөрийгөө ямх ямхаар жолоодох гэж үзэв. (Хүнтэй харилцах, олны дунд орохдоо тэгж хичээдэгчлэн.) Гэхдээ энэ удаа энэ үйлийг зовохгүй хийх гэж хэрэндээ л хичээлээ. Өөрөөр хэлбэл таашаах гэж оролдсон гэсэн үг. Амжилтын нийгэм дэх бөөн бөөн стресс, сэтгэл гутралын эсрэг урлаг бүтээгчдийн голдуу хэлдэг үгс: Өөдөсхөн зүйлсээс ч (мэдээж би өөриймшүүлж хэлж байна) сайхныг мэдэр. Жижиг гэлтгүй юмсыг анзаараад үз.
Өөдөсхөн... шуургатайд бутны ёроолд бөөгнөрсөн хэдэн болжмор. Өөдөсхөн… орцны үүдэн дэх сандлын түшлэг дээр цэвэрхэн гэгч сийлсэн бяцхан зүрхний дүрс (хөзрийн бундан шиг биш, жинхэнэ зүрхний дүрс сийлсэн байв). Өөдөсхөн… бүсгүйд хөтлүүлсэн жаахан охин (хажуугаар нь өнгөрөхөд над руу эхлээд гайхан ширтсэнээ дараа нь инээв). Өөдөсхөн… бүрхсэн тэнгэрийн урд захад тасарсан хэсэгхэн цавцгар үүл. Өөдөсхөн… замын эсрэг тал дахь тамхины цэгт зогсоод улаан цог улалзуулах, нүдээрээ инээмсэглэсэн хархүү. Өөдөсхөн… шуургатай өрсөх мэт гудамжны хог шүүрдэх тод өнгийн хантаазтай ажилтан. Өөдөсхөн… хөмсгөө зангидаагүйгээр барахгүй инээмсэглэл тодруулан зөрөх хэн нэгэн. Өөдөсхөн… тэрэг түрсэн бүсгүйн араас очиж тэргийг нь сэв хийтэл өргөөд автобус руу оруулж өгч буй залуу. Өөдөсхөн… дөнгөж задалсан амттаныхаа цаасыг хогийн сав руу хийчхээд хамт яваа найз руугаа гүйж очих охин. Өөдөсхөн… зай завсаргүй шахалдсан барилгуудын бяцхан чөлөөн дэх тэнгэрийн дэвсэгт тодрох гудамжны моддын дүрс (орон хотын дунд ч байгаль өөрийнхөө гоо сайхныг тунхаглан байна). Өөдөсхөн… гудамжинд хэвтээ ноорхой нэгний хамрын өмнө гараа барьж үзэх эр... (үнэхээр хэн нэгэн үхчихсэн хэвтээ бол яах вэ?)
Хүчтэй, том, агуу зүйлс шиг шууд анзаарагддаггүй өөдөсхөнүүдийг ийнхүү анхаарч ажин (таашаасан нь юу юм) явсаар би Филипийн ресторанд ирлээ. Тэр цомхон ажилтантай, багашаархан ресторанаа тун амжилттай авч явдаг. Ресторан нь нүсэр том, гял цал ресторануудтай харьцуулшгүй атал бүрдүүлсэн уур амьсгал, өөрийнх нь гардан оролцоо, сайн үйлчилгээ, тогтсон үйлчлүүлэгч гээд юм бүхэн бий. Чухам үйлчилгээний газарт байвал зохих “өөдөсхөн”-үүдийг Филип энэ газартаа бүрдүүлж чадсан. Аль хэдэн жилийн өмнөөс л ресторанаа томруулж болохуйц боломжид хүрсэн ч тэр үүнээс татгалзаж, харин орлогынхоо тодорхой хувийг Улаанбаатарын нэгэн асрамжийн газарт хандивлах болсон. Тэгээд мэдээж дуртай зүйлсдээ гар татдаггүй. Гэхдээ ухамсартай, боловсон биеэ авч явахаа хэзээд мартдаггүй, гутралтай найздаа хүртэл цаг гаргаж амждаг хариуцлагатай эр хүн. 

...

Оройн хүлээн авалтын бэлтгэл ажил гээд түмэн завгүй бололтой ч тэр намайг ирсэнд баярлаж, сайшаасан ч аятай угтав. 

-Манай нэг үйлчлэгч ирдэггүй. Утас нь холбогддоггүй. Уг нь ажил ер тасалдаггүй хүн. Ийм үед нэг хүнээр ч гэсэн дутна шүү дээ.

Нээрэн анзаарвал Филип хормогч өмсөж, гартаа алчуур барьжээ.

-Надад хийчих юм байна уу?

Филип бодолхийлэв.

-Чи тэднийд очоод ирэх юм уу? Миний машинаар явчих. Бага насны хүүхэдтэй гэсэн. Болохгүй бол хүүхэдтэй нь аваад ир. Гэхдээ над руу яриарай. Ер нь яасныг нь мэдмээр байна.

Филип үйлчлэгчдийн нэгнээс хаяг асуугаад ирье гээд явлаа. Тэгээд цаасан дээр тэмдэглэсэн хаяг, машиныхаа түлхүүртэй хамт авчирч өгөв. 

-Энд баймаар байсан юм биш биз? Надтай ярьж хөөрөөд...? гэж тэр асуулаа.

-Үгүй ээ, яваад ирье. Тэр тусмаа зүгээр байна гэхэд минь Филип баярлаж байгаа бололтой, 

-Ямх ямхаар шүү дээ хөгшөөн, миний ажил ч тийм… гэснээ дэлгэсэн гарынхаа хоёр алгыг ээлжлэн харав. 

Би зогсоол руу очиж, Филипийн машиныг асаагаад хөдөллөө. Энэ зуур нөгөөх л өөдөсхөнөө мартахгүй явах гэж хичээв. Амралтын өдөр зам сэлүүхэн байгаа нь л сайн хэрэг болж таарлаа. Түүнээс биш машин жолоодож явахад анхаарал төвлөрөл, хурд хоёроос шалтгаалаад өөдөсхөн зүйлсийг анзаарах боломжгүй ажээ. Хотын төвөөс хойш чиглэлтэй шулуун замаар ердөө хоёр том уулзвар гатлаад л гэр хороолол руу орчихно. Харин эндээс эхлэн анзаарга, сонорт маань маш хүчтэй, сөрөг өөдөсхөнүүд торж эхлэх нь тэр. Гудамжны үзүүрээс гэнэт гарч ирсэн хоёр хүү золтой л тэргэн доогуур минь орчихсонгүй. Жаахан л хурдтай явсан бол... гэж бодохоос зарсхийв. Гэтэл жолооч бүр над шиг ингэж аяарлаж явах нь юу л бол. Хаврын хавсарга тавьсан өдөр атал хөвгүүдийн нэг нь хөл нүцгэн, хоёулаа гадуур хувцасгүй аж. Намайг ингэж үүлгэртэх зуур тэдний арай томхон нь хэдийдээ ч, хаанаас ч шүүрээд авчихсан юм бүү мэд, машин руу чулуугаар тас хийтэл нүүлгэж орхиод, зам хөндлөн гараад гүйж одлоо. Би бууж харах гэснээ болив. Тэр үйлчлэгчийнд очиж байгаад л нэг мөсөн харъя. Үгүй тэгээд харлаа гээд ч яах билээ. Филип ч юм бодохгүй л авч яваад засуулах биз. Цаашаа жаахан явтал тэр хавьдаа л томхон худалдаа, үйлчилгээний төв бололтой газар машинууд зогсоол дээр эмх цэгцгүй овоорч, дуут дохио, хашхичиж ярих хүмүүсийн чимээ чих рүү түрэн орж ирлээ. Би өөрийн эрхгүй унтууцан цонхоо дээшлүүлэх гэв. Гэтэл би анхнаасаа л цонхоо буулгаагүй явж шүү дээ. Гудамжны үзүүр бүрд шахам нэг, хоёроороо хөлчүү улс үзэгдэж эхлээд, зарим нь эв найртай хашаа налан сууж гараа занган, толгойгоо хөлчүүрхэнгүй дохин ярилцаж суух бол зарим нь гутал, хувцас нь салбайчихсан амьтад заамдалцаж зогсох ч үзэгдэнэ. 

Би өнөөх цаасан дээрх хаягаа харан байж орох ёстой гудамж руугаа эргэлээ. Гудамж нэлээд өгсүүр юм. Тэр өгсүүр өөд дундаа том гэгчийн хуванцар савтай ус дамжилсан хоёр жаахан охин тав ч алхалгүй амарч, гараа ээлжлэн сольж барьсаар явахтай таарлаа. Би зогсож, тэднийг хүргээд өгье гэтэл хоёул учиргүй сандран "үгүй", "зүгээр" гэлцэв. Охид намайг сониучирхах гэхээсээ гайхсан байртай ширтэнэ. Би бууж тэдэн рүү очлоо. 

-Ах нь… гээд би түгдэрч, халааснаасаа хаяг, нэр бичсэн цаасаа гаргаж хараад, -...энэ гудамжны зуун аравт байдаг Хэрлэн гэдэг айлд очих гэж байгаа юм. Ус чинь их хүнд юм байна. Та хоёрын гэр хол бол хүргээд өгье гэлээ. 

Охидын нуруугаар арай намхан, нүүрэмгийдүү нь миний хэлсэн нэрийг дуулаад инээмсэглэв. 

-Аан, та Хэрлэн эгчийнд очих гэж байгаа юм уу? Яах гэж байгаа юм бэ? гэхэд арай өндөр нь нудраад авлаа. 

-Би ажлын газраас нь яваа юм.

-Мм… Хэрлэн эгч... гэснээ өндөр охин нь түгдэрч, -...манай хамаатан. Манай хашаанд амьдардаг юм. Энэ гудамжны цаад үзүүрт… гээд бидний зогсоо гудамжаас цааш, хөндлөн шороон замын цаад тал дахь сунайсан урт гудамжийг заав. 

-Өө ашгүй. Та хоёр тэгвэл суучих гэхэд минь охид энэ удаа машинд дуртай орж суулаа. Би усыг нь өргөж, машины ар луу хийв. 

-Та хоёр байнга усанд явдаг уу?

-Тэхх... уг нь тэргээр зөөдөг… гэснээ өндөр охин дуугүй болчихлоо.

-Тэгсэн чинь Хэрлэн эгч манай тэргийг гадаанаасаа алдчихсан. Аав өчигдөр хөдөөнөөс ирээд Хэрлэн эгчийг тэрэг хулгайд алдлаа гээд зод… гэж намхан охиныг дуржигнуултал өндөр нь гараараа амыг нь таглаад авлаа. 

-Дуугүй яваач! гэж тэр дүүгээ зандрав.

Ногооноор будсан төмөр хаалгатай намхан хашаанд нэг том байшин, зүүн урдхан, бараг хашааны үүдэнд тулгаж барьсан навтгар бор гэр байна. Би охидыг буулгаад, машины араас савтай усыг авч, хашаа руу оруултал хоёр охин хашааныхаа хаалгыг хаачхаад, араас гүйж ирэв. 

-Ах аа, одоо бид хоёр өөрсдөө гэр лүүгээ оруулчихъя. Хэрлэн эгчийнх энэ гэж том нь өнөөх гэр лүү заалаа.

Охид цаанаа л хулгаж, сүрдсэн аятай болчхож. Би усыг газар тавих зуураа том байшин өөд өлийвөл хөшиггүй цонхон дээр зогсоо цээж нүцгэн, лухгар эр өөдөөс сүртэй харж үзэгдэв. Би охид руу толгой дохиод гэр лүү алхлаа. Өнөөх эр араас ширтсээр зогсоо нь мэдрэгдэнэ. 

Гэрийн хаалгыг татан орвол орон дээр хэвтэх хүн давхийтэл цочин өндийлөө. Хойморт зулсан ширдэг дээр гурав-дөрөв хэрийн насны охин хүүхэд тоглож суув. Охин намайг харуутаа ээж рүүгээ гүйж очоод, хормойноос нь зууран ард нь хярлаа. Хорин тав-зургаагаас хэтрэхгүй насны гэмээр болов уу тэр бүсгүй их л гайхсан янзтай дүрлийтэл ширтэнэ. Угийн цонхигор царайтай бүсгүйн нэг талын хацар шанаа нь анзаарахгүй байхын аргагүй хөхөрч, хавджээ. Тэр сунайсан урт гэзгээ ар нуруу руугаа болгосноо охиноо тэвэрч, 

-Сайн, сайн байна уу? гэж мэндийн хариу сулхан дуугарав. Би бушуухан шиг л,

-Филип…  гэснээ түгдэрч, -Пүүжээ намайг явууллаа гэлээ. 

-Аан… гээд бүсгүй гэдрэг эргэн охиноо орон дээр суулгаад, хоймор өөдөө хяламхийж, -...би холбоо барьж чадсангүй. Бас гараад явах гэхээр… гэснээ санаа нь зовов бололтой үгээ залгив.

Би бүсгүйн харцыг дагуулан харвал хоймор дахь хоёр авдрын нэгэн дээрх толины урд бяц хэмхэрсэн утас байх аж. Замд охидын ярьсан болоод цонхоор ширтэж асан өнөөх лухгар эрийг санамагц би ихэд аягүйцэв. Аягүйцэхтэй зэрэгцэн тэрхэн мөчид миний хаанаас гарав гэж өөрөө ч гайхмаар эрсхэн хоолойгоор түүнд,

-Та охиноо ч бас хувцаслаад аваад явчих гэлээ. 

Бүсгүй үг хэлэлгүй хацраа дарж, доош харав.

-Зүгээр ээ. Та санаа зоволтгүй. Филип өөрийг чинь ямар ч байсан аваад ирээч гэсэн.

Бүсгүй тэрхэн зуур эргэлзсэнээ миний эрсхэн байдлаас ч болсон уу, нэгийг шийдэв бололтой охиноо шаламгайлан хувцаслаж гарав. 

Би гэр доторхыг тойруулж харлаа. Их л хуучны хоёр авдар хойморт зэрэгцүүлж, нэгэн дээр нь бүсгүйн ээж, аавынх бололтой жаазтай хоёр зураг тавьсны өмнө нь цайны дээж өргөн, зулын цөгц, сангийн бойпор, арц, хүж, чүдэнз, эрхи сэлтийг тавилжээ. Мэдээж гэрт өөр юмс байсан ч тэр хэсэг л миний нүдэнд яагаад ч юм их л тод тусав. Гаднаасаа бол навтайсан бор гэр харагдсан, харин ороод суухад цэлийсэн, цэмцгэр юм гээч. Тэрхэн зуур толгойд минь Филипийн “ямх ямхаар” бас миний өнөөдөржин анзаарах гэж хичээж яваа “өөдөсхөн” эргэлдсээр. Гэхдээ гэрээс анх гарах үеийнхээс өөр, гэр хорооллын гудамжаар давхиж явсан үеийнхээс огт өөр… Энэ “өөдөсхөн”, энэ “ямх ямхаар” яахын аргагүй өөр байлаа. Ганцхан өдөр, хэдхэн цагийн дотор юмс өөдөсхөн өөдөсхөнөөр хувьссаар онхи өөр болж болно гэж үү. Үүнээс цааш ямх ямхаар хичээгээд л байх уу. Дотор минь чухам юу өрнөөд буйг тодорхой хэлэхэд бэрх ч ямар нэг юм яах аргагүй өөрчлөгдсөн нь тов тод агаад тэр сацуу бас хэрхэхээ мэдэхгүй үймцсэн бодол эргэлдэнэ. Басхүү би энэ мэдрэмждээ урамшиж, одоохон учрах бүхэнд юу ч байсан бэлхэн буйгаа ухаарч байлаа. Ямар нэг юм шийдэх болдог нь тулгамдуулж, ямар нэгийг үйлдэх болдгоос халширч, яагаад гэж цөхрөн гайхдагаас огт “өөр” ийм зүйл надад энэ амьдралд ер тохиож байсан бил үү. Өнөөх байнга лугшин цохилоод байдаг тархины судас ч тавирчихсан мэт санагдана. Үнэхээр тийм гэж үү? Гэвч надад эргэцүүлэхийн завдал гарсангүй. Бяцхан охин гадагш гарах болсондоо баярлаж хөөрөн, шулганаж эхэллээ.

“Ээж ээ, би зайрмаг иднэ”, “Ээж ээ би маамаагаа авч явах уу?”, "Ээж ээ, би шувуу харна" “Ээж ээ би...", "Ээж ээ би..." Охин их тод хэлтэй юм. Тэгээд ээждээ хөтлүүлэхээр гараа өглөө. Өөдөсхөн гар...

Би түрүүлж гараад бүсгүйг гэрийнхээ хаалгыг цоожлохыг харж зогсов. Бүсгүй цайвар ягаан өнгийн алчуур толгойдоо зүүж, хөхөрсөн шанаагаа халхалжээ. Өнөөх байшингийн цонхон дээр луглагар эр үзэгдэхэд бүсгүй нүүрээ буруулж, алчуураа засаад охиноо хөтлөн бушуухан үүд рүү  зүглэв. 

Хашааны үүднээс хөдөлмөгцөө би түүнд хандан,

-Танихгүй хүн ороод ирэхээр гайхсан байлгүй. Намайг Тод-Амьдрал гэдэг гэлээ.

-Би сандарсандаа эхлээд таныг таньсангүй. Түүнээс биш ресторанд ирэхэд чинь харсан юм байна аа. Ингэж хэлээд бүсгүй сулхан инээмсэглэхийг би толинд тогтоон харж авлаа.

“Хэтэрхий үнэн байдал чинь чамайг алж байна” гэж өглөөхөн Филипийн хэлснийг би эргэн санав. Тэгээд, харин ч эсрэгээрээ ч юм бил үү гэж нухацтай “сэтгэлзүйчийнхээ” үгийг анх удаа зоримогхон сөрөн бодлоо. Арын суудалд ээжтэйгээ зэрэгцэж суусан охин өөдөсхөн, өөдөсхөн шулганана.

Ц.Дэлгэрмаа

Түр хүлээнэ үү...
Top