Моносын анхил түгсэн цэлмэг өдрийг дурснам
2022-01-07 Ц.Дэлгэрмаа 597

Пүрэвхүүгийн Батхуяг гэж сайхан инээмсэглэсэн ах, тэр л инээмсэглэсэн залуу дүрээрээ мөнхөрч одов. 2000-аад оны эхэн үе. Наяад оныхон голдуу, ерээд оныхон араас нь түрсэн залуус уран зохиолын зам мөрөөр замначих гээд л, энд тэнд бөөгнөрсхийж, уралдаж шүлэг бичиж, уншиж, суралцаж явахад ихэнхийнх нь нөмөр нөөлөг, зам мөр заагч, нөлөөлөгч, багш, тэр бүү хэл ах нь мэт халуун дотно явсныг нь бид бүгд мэднэ.

Батхуяг ахын тухай хамгийн тод дурсамж миний л хувьд “Утга зохиол, урлаг” сонинтой холбоотой. Энэ сонины редакцид зурвасхан хугацаанд ажиллаж асан үе. Чимээгүй нам гүмд ганцаараа компьютерийн гар товшин суухад шавилхан бор ах намуухан инээмсэглэсээр орж ирдэг сэн. Тэгээд хэзээний таньдаг мэддэг юм шиг ойр зуурын юм хум асууж, ярьж хөөрөнгөө утга зохиолын эсээ, шүүмж, бичвэр сэлтээ зөөврийн флаш дээрээсээ хуулуулаад, “За дүүд найдлаа шүү” гээд гарч одно. Чухам ямар ямар бичвэр сэлт байсныг одоо тухайлан санахгүй ч анхны шүүмжийн номуудад нь голдуу орсон, тэгээд мэдээж ихэнх нь бусдын тухай, хатуу шүүмж гэхээсээ сайныг нь олж харсан нүдтэй бичвэрүүд л байсан болов уу даа.

Тэгээд л шүлэг зохиол, бүлэг нэгдэл, шинэ ном, тоотойхон болдог уран зохиолын арга хэмжээ гээд амьдрал минь уран зохиолтой аль нэг талаараа заавал холбогдон зугуухан хөвөрч, тэр бүхэнд Батхуяг ахтай ёс юм шиг л таарч, тэр болгонд ах өнөө л зангаараа дандаа инээмсэглэчихсэн, мэндтэй устай явдаг асан. Тиймээс л одоо ахын инээмсэглэсэн зураг фэйсбүүкийн найз болгоны шахам постоос мэлтэсхийтэл гараад ирэхэд хамар шархирч, нулимс зангирч, тэвчилгүй сул асгарч сууна. Тэгтлээ дотно биш атал тэр хүн надад өмөрч уйлах, үгүйлэн харамсах шалтгааныг үлдээгээд одсон байнам.

“Нэн шинэ үеийн яруу найраг” гэж нимгэвтэр хэр нь нэлээд олон залуу шүлэгчийг бүтээл юутай нь танилцуулсан хүрэн номыг Батхуяг ах эрхлэн гаргасан юм. Тэгэхэд бид хэд сурдаг сургууль, уншдаг найрагчид, бичдэг хэв маягаараа хүртэл хөөрхөн ялгарч, хоёр талдаа гарчихаад, заримдаа жаахан толхилцонгуй байдаг ч харин энэ номд бидний үеийнхэн бүгд шахам, тэр дундаа хожим сүүлд ч шүлгээ бичсээр л үлдсэн, бичихдээ муу ч үгүй дориухан бичдэг хэдийг нь яг л таниад оруулсан мэт одоо санагддаг юм. Чухам хэн нэгэн болж амжаагүй эрэгтэй, эмэгтэй тэр хэдэн шавилхан залууг тоон авч хэлэлцээд зогсохгүй, хүн нэг бүрийн шүлгийнх нь тухай, бүтээлчийн талаас нь ч тэр чамгүй голтой бяцхан өмнөтгөлүүд бичин хэвлэснийг уншаад “Халуун сэтгэлтэй хүн юм даа” гэж бодож билээ.

Бичсэн, бүтээсэн, ботилсон болгоныг нь он сартай, юутай хээтэй нь дурдахыг би энд урьтал болгосонгүй. Их сургуулиудад багшилж олон арван шавь, дүү нартаа зам жим гаргаж өгч, тэр хэрээрээ өөрөө ч урагшилж, хөдөлмөрлөж, олон арван шүүмж, судлал шинжлэлийн бүтээл бичиж, эсээ бичвэрүүд нийтлүүлж, яруу найраг, хүүрнэл, жүжгийн зохиолоор жигд туурвиж явсныг нь бид бүгд аанай л мэднэ. Миний анзаарснаар Батхуяг ах Монголын уран зохиолоо нэвт шувт уншсан, тиймээс ч үндэсний уран зохиолоо их л эрхэмлэн үзэж, шүр сувдыг нь ялгахыг эрмэлздэг нь илт мэдрэгддэг байсан. Энэ л халуун сэтгэлд нь талархдаг болохоор хүндэлдэг байв.

Бас би бээр түүний элгэн халуун дүү нар, шавь нарын нэг биш, тэр ч байтугай хүн бүр түүнийг зорьж очин номын өмнөтгөлөө бичүүлээд байхаар нь тэр тусам бишүүрхэн зэнзийрхдэг байв. Харин Батхуяг ах өөрөө л номоо гаргасан гэсэн үү, ахдаа өгөөч гэж хэлж, авч уншчихаад дараа нь богинохон зурвасаар заавал сэтгэгдлээ дайж, бяцхан урам хайрладаг асан. Ер хүн бүхэнд л тэгж ханддаг байсан биз ээ. Биднийг балчир үед эрийн цээнд хүрээд, ид жагсаж, эр зоригоороо уран зохиолд ч, ер өөр өөрийн байгаа газраа салхи савир, хөдөлгөөн оруулж, шинэ сэтгэлгээг дэмжиж ирсэн, ахархах ихэрхэх, аргалах баширлахаас хол хэдэн сайхан ах нар дээд үед маань байдагт би ямагт талархаж, бахархдаг. Батхуяг ах бол гарцаагүй тэдний нэг мөн билээ.

Хамгийн сүүлд яруу найрагч Т.Амар-Амгалантай хоёр талаасаа уншигддаг шүлгийн түүврээ хамтран гаргах гэж байгаа тухайгаа утсаар ярьж, “Чи уншаатахаач” гэж билээ. Тэгж л би ахын номд анх удаа “гар хүрч” үзэж. Одоо эхлүүлчхээд буй хайрын туужаа хэнд уншуулах вэ гэж анхны цэгээ хатгаа ч үгүй атлаа бодож, тэгэхдээ Батхуяг ахыг товлож суулаа. Учир нь Монголын уран зохиолын тууж бичлэгт “Миний сэтгэл рок”, “Нохой далайн зомгол” хоёр нь зохих ёсны байр суурийг эзлэх учиртай бүтээлүүд гэж хувьдаа бодож явдгаас туужийн номоо ямар ч байсан зорьж уншуулна даа гэж бодсон нь тэр.  Ахын тухай үг холбовоос ингээд л болох нь. ...Тэсэхгүй асгараад байсан нулимс ч энэ товчхон бичвэрийг хөврүүлж суутал ашгүй нэг тогтов. Сайн хүний араас харамсаад уйлсан гэж өөрийгөө зөвтгөх нь, бас, ширүүн уйлган бороо бус, шиврээ цагаан хур болон замыг тань бүү саатуулаасай, бидний нулимс.

Төгсгөлд нь бас нэг тодхон дурсамж, хаврыг зун дөнгөж л залгаж байсан үе, С.Зоригийн хөшөөтэй цэцэрлэгт ч билүү дээ, Батхуяг ахтай, бас нэг өөр хүнтэй гурвуул яагаад ч юм тааралдаж билээ. Тэгэхэд надад хандан тоглоом шоглоомоор хэлсэн үг нь хожим яг л үнэн болж таарсан. Амьдрал мэддэг, учир мэддэг хүмүүсийнхээ үгийг бид дандаа сонсож явах учиртай нь тэр. Моносын анхил түгсэн цэв цэлмэг өдөр байж билээ. Мод тарьж, үг тарьж, хойчийн залуусаа тордож явсан халуун сэтгэлт, дулаан инээмсэглэлт ахан байлаа, тэр.

Яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа

Түр хүлээнэ үү...
Top