НАЙРГИЙН УЛИРАЛ: “Зун дууслаа, Ачу” хэмээх эхний өдөр
2021-08-09 Ц.Дэлгэрмаа 851

Намрын сар гарч, навчсын өнгө хувираад эхлэхээр шүлэг уншим болдог нь миний ч зан биш, байгалийн зөн гэлтэй. Хөглөрсөн их навчсын дунд зай олж гишгэх газаргүй болоод ирэхээр цээжний гуниг хүндэрдгийг өвчин гэлтэй. Гэхдээ бас эхэнд төрсөн зөнгөөр энэ л өвдөлтөө анагааж болдог нь зол гэлтэй. Намар тэгэхээр миний хувьд найргийн улирал-анагаагч улирал байх нь. Намар аа, чамд зориулан энэ буланг нээж байна.


Өнгөрсөн номын баяраар өөрөө явж асруудаар тойрч ч амжаагүй байтал богц дүүрэн номтой болчихлоо. Тэр нь голдуу шүлгийн түүвэр. Ойрын найрт шүлэг уншаагүй би вээр зуны үдэш, бүрэнхийд голдуу суухдаа хаа нэгтээгээс нь сөхөж харах төдий л суух. Тэгсгээд өнөөх шүлгийн номууд ч аар саар ажил хэрэг, унших ёстой өөр ном зохиолуудад байраа тавьж өглөө.

Харин одоо хэдийн намрын сар... Шүлэг л уншиж амьд явмаар улирал. Энэ л өдрүүдэд би навчин дээр гишгэсэн гэмээ Урианхай гуайн шүлгийг уншин цайруулж, намрын шөнүүдэд Гүлрансыг уншин гансрах учиртай юм. Өнөөх богц дүүрэн шүлгийн номыг би ширээнийхээ нэгэн зайд өрөөд орхисон байснаа харж зогсоно. Өнөөдрөөс эхлээд би эдэн дундаас шинэ “мэндэлсэн” гурван түүврийг онцолж, гурван өдөр уншихаар шийдлээ. 

“Зун дууслаа, Ачу” хэмээх эхний өдөр

Ажилдаа гарахаас өмнө гадаах цаг агаар, тухайн өдрийн аяс, сэтгэлийн төлөв гээд олон зүйлээс шалтгаалж тэр өдрийг ямар хөгжмөөр эхлүүлэхээ шийддэг учиртай. Бас заримдаа ямар дуу сонсохоо шийдэж ч амжаагүй байтал дуу өөрөө намайг сонгон ирэх нь бий. (Зохиолч Г.Аюурзанын "Аз жаргалын үнэ цэн" өгүүллэгт гардаг шиг л) Өнөө өглөө харин дуу намайг зорин ирэх нь тэр. “Гэрлэн бүрхүүл гэмтсэн учир шалтгаан чи бол салхинд итгэе...” гэж эхэлдэг тэр дууг дагаж аялангаа би өнөөх номуудаас өнөөдөр алийг нь уншихаа шийдчихлээ. Гэрээс гармагц чихэвчээ зүүгээд, өнөөх дуугаа утсан дээрээ тоглуулав. Харин үүрч яваа Тагтаагийн даавуун торон дотор “Анидча” нэртэй ном бий.  

Наймдугаар сар... Намрын уур нэгэнт оржээ. Намрын уур орох гэдгийг тайлбар тольд “халууны эрч буурч, нүүдлийн шувуу ганганахаа болих үе” хэмээн тайлбарласан буй. Халууны эрч буурах гэдэг хачин таатай  сонсогдоно. Халуун намайг хүчгүйдүүлж, халуунд би юу ч хийж чадахгүй болдог. Бас аагим улирлын алагласан үзэмж нь аливаад төвлөрч, тухтайхан бодох ч зав өгдөггүй. Тиймээс л би намарт дуртай. Адаглаад л цээж дарж, нүд таглаж, хамар, ам бөглөсөн харшлаас сална гэхээс баяр төрнө. Намар надад дундарч хоосрохын нэр биш, дутсан юмс бүрдэж, илүүдсэн юмсаас гуужин ангижрахын нэр шиг санагдана.

Ажил дээрээ ирээд уншсан эхний шүлэг:

Зун дууслаа, Ачу!
Зуныг хоёул хэрхэн үдэх вэ?
Зуурдын юм гэнэ ээ, энэ хорвоо
Зуун жил бид ингэж хайрлалцахгүй дээ...

Хөгшин модны дор санаашрагч чамайгаа
Хувьсагч хорвоогийн хэсэг гэхээс санаа алдам
Үнэхээр цаг нь ирж төгсвөөс
Үнсэлт чинь цагийн салхинд бүдгэрвээс
Үймрэхээс өөрөөр жамыг сөрөхгүй
Үүлгэр заяагаа санахаас уйлам...

Намар ирлээ, Ачу!
Намрыг хоёул хэрхэн угтах вэ?
Угтахын хамт үддэг нь жам гэнэ ээ
Уймраад яах вэ, хоёул...

Сонсоод алхсан дуу, уншсан шүлгийн уур амьсгал хоёр нийлээд сэтгэл нэг их сайхан ханалаа. Тэр ханал нь аз жаргалаар бялуурахын, архи дарсанд хөлчүүрхэхийн, амрагийн сайханд цэнгэхийн ханалаас огт өөр. Сэтгэлийн чинь нэгтээ сэмрэн бөхийсөн мод байгаад, чи түүнээ анзаарч дэргэд нь түшин зогсох шиг, хэнд ч сонсогдохгүй намуухан дуу аялж, тэгээд тайтгарах шиг тийм нэг ханал юм. Саях шүлэг ном дотор зохих байраа олж эхэн хэсэгт нь байгаад зогсохгүй, цааш миний унших шүлгүүдийн уур амьсгалыг тодорхойлох шиг санагдлаа.

Ажил дээрээ ирээд ч бас 'A sound'-ын дуунуудыг үргэлжлүүлэн сонссоор... Цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж болдоггүй тухай тэд дуулж байна.

Удаах шүлэг:

(Түүний ажил явдлаас ирсэн зэдэд кофе иржээ. Ердөө тавхан ширхэгтэй. Хувааж уувал арван удаа ууна. Тэгээд л дуусна. Дуусчихлаа.)
Өдрийн тэмдэглэлээс

Урдаас энэрэлгүйгээр эгцлэн тулсан
Уй гашууны сэхүүн үнэнийг аяга кофенд шингээн
Удаан гэгч хутган, дараа нь аажуухнаар шимнэ.
Зовлонгоо би уув уу, зовлон намайг уув уу?
Ирсэн өнөөдрүүдийг туулж чадсан атал
Ирээгүй маргаашнаас айх минь юув?
Энэ аяган дахь дуусахад л чамаас үлдсэн биет бүхэн барагдана.
Энэлэнт юм, ээ гэвч чамгүй өнөөдрүүдтэй эвлэрэх л болно, анд минь.

Үхэл, мөнх бус, зуурдын бүхний тухай бясалгахад төгс зохирох улирал-намар. Намар олон хүнтэй учирч, намар л бас олон хүнээс салж, хөндийрсөн байдаг. Энэ шүлэг өвөл бичигдсэн байх магадтай ч би ийн өөрийн сэтгэлдээ намраар сүлэн уншиж сууна. Гунигтай шүлэг шиг намуухан "хүүрнэдэг" гэрэл зургууд... дүн өвлөөр алсаас дуулдсан таагүй мэдээ. Аав минь ч бас намраар биш, хавраар "явсан". Гэхдээ би намар айлсах тусам аавыгаа улам санана гэдгээ мэдэрнэ. Учир нь өнөөх сэтгэлийн минь бөхгөр мод өмнө нь өөртэй минь адил байсан бол одоо аавыг минь санагдуулдаг болсноос тэр. Намрын моддыг өрөвдөж, өөрийн минь хувцас хэтэрхий өөдөсхөн болохоор аавынхаа хүрмээр хучиж өгөхсөн гэж санааширдаг байсан жаал охин. Одоо бол аавгүй өдрүүдэд дасаж,  амьдралын жамтай эвлэрч яваа эмэгтэй. Энэчлэн өвдөлт, үхэл, зовлонг бид өөр өөрсдийнхөөрөө л давж туулдаг нь шүлгийн "Зовлонгоо би уув уу, зовлон намайг уув уу?" гэх парадокс мөртөөр илэрнэ.  Ийн асуугаад, "Ирээгүй маргаашаас айх минь юув?" гэж мөн өөртөө хэлэх зуур уншиж буй хэн нэгэнд "нээрэн тийм шүү дээ" хэмээн уужрал төрүүлэх магад. Ингэж шүлгийн хэл бичээчийн мэдрэмжийг уншигчийн мэдрэмжтэй холбож, сая шүлэг амилна. (Шүлгийн хэл гэснээс энэ тухайд дэлгэрүүлж бичих зүйл буй тул ингээд орхиё.)

Ингэхэд дуу “хаана” явна? Тэд юун тухай дуулж байна вэ? Уншиж байгаа номоосоо толгой өндийлгөн чих тавилаа. Тэд дуулсаар л байна: "цаг нь болохоор уул нурж элс болон хувирдгийг, ус ширгэж үүл болдгийг", "бүх юм үүсэн, устдагийг"... Би номоо ахин нээж ийм шүлэг уншив.

Сүүлийн шүлэг:

Хэзээ хагацаж дуусдаг вэ?
Хайр дүүрэн ч эцэст нь хувцсаа баглаад гарахад уу?
Хувцсаа баглаагүй ч эцэст нь хайр алга болоход уу?
“Анхны бороо орж байна” гэх үгээр угтаа хайртайгаа хэлж буйг чинь мэдэвч
“Аа орж л байг” гээд аяга шанагаа түчигнүүлэхэд үү?

Өөртөө олгосон чөлөөгөө өөрт нь олгож чадахгүй адгахад уу?
Өөрт нь олгож чадсан чөлөөгөө өөртөө олгож чадахгүй цөхрөхөд үү?
Тайлбарлаж угаасаа болохгүй зүйлд тайлбар нэхэж ээрэхэд чинь
Тэр чигтээ амаа түгжчихсэн тэр жил үү?
Тайлбарлаж угаасаа чадахгүй зүйлд тайлбар нэхэж ээрэхэд минь
Тэр чигтээ амаа түгжчихсэн тэрний дараа жил үү?

Бичиж дуусахаасаа өмнө залхаж
Босоод явчихмаар санагдсан энэ мөчид үү?
Хагацлыг одоо цаг дээр мэдэрч байна
Хагацаж хэзээ дуусдаг вэ?

Хагацахаа мэдэхгүй л учирдаг, хагдрахаа мэдэхгүй л ургадаг. Учралын сайхан нь тэндээ, улирлын сайхан нь ч бас үүндээ. Юмс цагтаа л өрнөдөг нь, юу ч болсон цагтаа л дуусдаг нь тэр. Энд нэг нь шүлгийн хэлээр өгүүлэхэд, тэнд нөгөө нь хөгжмийн хэлээр дуулж байна. Ертөнц ч бас өөрийн хэлээр хүүрнэж буйн илрэл - навчис унаад эхэлж байна.

Шүлгэн дэх, хагацлыг одоо цаг дээр мэдэрч буй тухай тэр ганц мөрт! Хагацаж буйгаа ч мэдэхгүй хагацах нь бий. Тийм хагацлаас хүн хагас дутуу, болхи толхи, дундуур гуцуухан л мэдрэмжтэй хоцрох вий. Хагацал хэрвээ ирвээс хаврын сайханд хоргодолгүй, харьж буцаж түгдрэлгүй, хаан шиг бардам хагацвал сайхан. 

Ингэж бодохоор эргэж хургасан эрт урьдын амраг садан, элэг цөмлөх шиг өвтгөсөн анд нөхөд, элэрч балрахыг нь хүлээдэг халгаатай дурсамж бүхнийг зүгээр л тэр хэвээр нь орхиод, амьдрахаар шийдсэн минь зөв санагдана. Энэ шүлэг ч бас түүнтэй тохирч байна. Хагацаж дуусах хэрэгтэй. Хагацаж сурах хэрэгтэй. “Эврика” гэдэг шиг идтэй үг аж - Анидча!

Эцэст нь унших гурван мөр: 

...Есдүгээр сарын бороо ахин орох хойтонгуудад
Шүхэрлээд хоргодох өнгөрсөн бидэнд бий
Ертөнцийн үнэн энэ ээ, инээмсэглэн хагацъя!

...

 Гэрэл зураг: ФБ дэх Улбар паблишингийн хуудас
Бичвэр дэх шүлгүүд: Ч.Бат-Уянга "Анидча" шүлгийн түүвэр

Түр хүлээнэ үү...
Top