“ГЭМШИЛ”-ИЙГ ШИНЖЛЭХҮЙ
2018-05-23 Х.Чойдогжамц 1051

Товч агуулга

Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын “Гэмшил” өгүүллэг зохиолчийн буюу “би” баатрын багын дурсамж хүүрнэлийн хэлбэрээр бичигдсэн. “Би арван настай байсан сан...” гэсэн орхилтын ур маягийг(гурван цэг) ашигласан, утга төгсөөгүй өгүүлбэрээр зохиол эхэлнэ. Сэлбэ голын хөвөөнд үеийнхээ хүүхдүүдтэй жараахай хөөн тоглоход эрэг дээр нь Алимаа гэх суга таягтай хазгар охин харж суудгийг дурсана. Алимаа нь тэдний барих гэсэн жараахайг чулуу шидэн үргээж баясах бөгөөд тэд хариугаа авахдаа таягийг нь булаан байнга уурлуулчихдаг. Тайвшрах ч үгүй, босох ч үгүй уйлан хичнээн ч байж мэдэх учраас аргадахын тулд элдвээр алиалан жүжиглэсээр таягаар нь цохиулсны эцэст тайтгардаг байжээ. Нэг өдөр уйлуулдгаараа л уйлуулчихаад арганд нь ерөөс орохгүй байсанд “малгай дүүрэн эрвээхэй” барьж өгье гэхэд зөвшөөрнө. Найзууд цэцгэн дээр суусан эрвээхэйг малгайгаар даран чадмаг барьж өгөхөд Алимаа өнгө өнгийн цэцэг шиг эрвээхэйсийг малгайдаа хийн таягтайгаа хамт барин дагадаг. Алимаа “Ямар гоё далавчтай юм бэ?” гэж өхөөрдөхийн хамт найзууд нь барьсан эрвээхэйнүүдээ хэрхэн хатаах талаар маргалдаж эхлэнэ. Тэр  мөчид  Алимаа гэнэт малгайтай эрвээхэйнүүдийг цөмийг нь дээш цацчихдаг. Цэцэг дэлгэрэх шиг агаарт алаглах эрвээхэйс зүг зүг нисэн одоход нөгөөдүүл дахиад л нэг нэгийг барихаар явцгаана. Ингэж гүйлдсээр тоглоомоо болин өгүүлэгч баатар малгайгаа хартал нэг улаан цоохор эрвээхэй үлдчихсэн байна. Хичнээн дээш шидээд ч нисэхгүй болохоор нь цэцгэн дээр үлдээгээд явчихна. Ниссэн үү? үхсэн үү? мэдэхгүй. Маргааш нь байхгүй байсан хэмээн өгүүлэгч дурсана. Харин харьж явтал хурууных нь өндгөнд улаан хүрэн будаг шиг юм наалдчихсаныг үзээд палхийнэ. Нисч чадаагүй нөгөө эрвээхэйн далавчных байх гэж санаад хуруугаа арчин арчин гэртээ ордог. Энэ тухайд хэн ч мэдээгүй атал шөнөжин зүрх нь түгшиж хононо. Зохиолын төгсгөл өгүүлэгч дурсамжаасаа буцан ирж тэр явдлаас хойш “хүмүүс бие биенийхээ жигүүрийг гэмтээчих болгонд сэтгэл минь эмзэглэн надаас болж Алимаа суга таягтай болсон юм мэт санагддаг юм” гэсэн гэмшлээ ухааран тайлсанаар дуусна.

Он цагийн дараалал хийгээд үйл явдал

Зохиолын он цагийн зохиомж өгүүлэгч баатар багын явдлаа эргэн дурсаж буйгаар эхлээд дурсамжаар өнгөрсөн цагийн хүүрнэлээр (өгүүлбэр төгссөн цагийн нөхцлүүдэд бас нарийн учир бий) өрнөн эргэн дурсамжнаасаа буцан тэр явдлаас хойших сэтгэлийн гэмшлээ учирласанаар төгсөнө. Сонирхолтой нь дурсамжаа өнгөрсөн цаг дээр “на”, “в”, “лаа” нөхцлөөр төгсгөн хүүрнэж байхдаа дөрвөн удаа “сан” хэмээх цагийн баймж утгат үгийг магадгүй санамсаргүйгээр хэрэглэсэн байдаг. (“Харагддаг сан”, “Байсан сан”...) Хэрэглэсэн өгүүлбэрүүдийг шинжлээд үзвэл харуусан гэмшсэн, эмзэглэн өрөвдсөн, санагалзаж дурссан хандлага илүүтэй шингэсэн байх бөгөөд дурсамжынхаа цуваа хүүрнэлийн шугамаас буцаж одоо цагаасаа өгүүлэгч багын явдлууддаа дахин дүгнэлт хийсэн шинж анзаарагдана. (Зохиолч ингэж “буцан” хүүрнэснээ мэдээгүй ч байж магад даа)       

Үйл явдал болж буй газар: Өгүүлэгч баатрын төрөлх нутаг болох Сэлбэ голын хөвөө

Дүрүүд:

“Бид” гэж ерөнхийлсөн найзуудын дүр, таяг, жараахай, шар цэцэг, эрвээхэйс

Гол дүр:

Өгүүлэгч “би” баатар, Алимаа, малгай, улаан цоохор эрвээхэйн дүрүүдийн өгүүлэмж гол санааг илэрхийлдэг. Улаан цоохор эрвээхэй бол Алимаа охины адилтгал дүр юм. Малгай бол “бид” гэж ерөнхийлөөд байгаа эмзэглэн гэмших сэтгэлгүй “харанхуй” хүмүүсийн адилтгал. Зохиолын төгсгөлд “тэр цагаас хойш сэтгэл минь” гээд үл мартагдахгүй эмзэглэл, гэмшлийг өөртөө үлдээсэн нь малгайд нь нисч чадахгүй болсон эрвээхэй (Алимаагийн төлөөлөмж) үлдсэнтэй холбоотой юм. Ингэхээр малгай бас хүүгийн дотоод сэтгэлийн төөрөгдөл, гэмшлийн тэмдэг.

Хэлбэр ба хэллэг:

Хэлбэр, зохиомжийн хувьд харилцан яриа бараг байхгүй гэж болно. Өмнө дурьдсанчлан өнгөрсөн, одоо цагийн тодорхойллоор эхлэл төгсгөлөө хашсан. Хашихдаа утга төгсөөгүй эргэцүүлсэн “дутуу” өгүүлбэрээр эхэлж, баталсан өгүүлбэрээр төгсгөжээ. Энэ нь бага нас болон, насанд хүрсэн үеийн төлөөлөмж бөгөөд өсвөр насны хүүхдийн сэтгэхүйн эмзэг онцлогийг далавч, таяг, эрвээхэй, тоглоом зэрэг дүрслэлээр үзүүлсэн. Утга санааны хувьд цогцолбор эхээр нь буюу догол мөр бүрээр нэг цогц санаанаас нөгөө цогц санаа руу шилжсэн ерөнхий хэллэгтэй. Цогц санаатай хэсэг болгонд далд утга тээсэн хэллэгүүдийг тусгаж өгчээ. Мөн хэсэг бүр дотроо үйл явдлыг эсрэгцүүлж харьцуулсан өгүүлэмжтэй. Зургаан догол мөр болгож үзэх боломжтой байна. Бүх хэсэг Алимаатай сүлэлдэнэ. 

I хэсэг: Жараахай барихаар хөөн тоглох хүүхдүүд-эрэг дээр суух Алимаа, Чулуу шидэж үргээн баясах-таягаа булаалган уйлах, босох ч үгүй үнэнээсээ гомдон суух, тоглоомоор ойчин унах, алиалж аргадах-цохин тайтгарах. 

II хэсэг: Уйлуулдгаараа уйлуулах-алиалсан ч инээгээгүй, цэцгийн дэлбээ шиг эрвээхэй-малгайгаараа даран авах.

III хэсэг: Эрвээхэйн далавчийг өхөөрдөх-суга таягтайгаа (Алимаагийн далавч) хамт барьж явах, учиргүй баярлан хөөрөх-эрвээхэйг хатаах маргаан дэгдэх, сул тавих.

IV хэсэг:  Цэцэг дэлгэрэх шиг эрвээхэйс нисэн одох-зүг зүг дахин эрвээхэй барихаар одох, Алимаа ард нь хоцрох-Малгайд ганц эрвээхэй үлдэх.

V хэсэг: Нисэж чадаагүй эрвээхэйг цэцгэн дээр орхих-Өөрийн хуруунд эрвээхэйн далавчны толбо наалдахад сэртхийх.

VI хэсэг: Хүүгийн гэмшил-Амьтны жигүүр гэмтээсэн эмзэглэл, Алимааг бодох-Хүмүүсийг шүүмжлэх-өөрийгөө шинжлэх.

Ерөнхийлсөн хоёр асуулт, ярианаас бусдаар өгүүлэгчийн бодрол, дурсамжаар бүтсэн. Өгүүлэгч би гэхийн сацуу “бид” гэж бичээд байгаа нь олныг хамруулсан далд утгыг илэрхийлэхийн зэрэгцээ уншигчдыгаа давхар төлөөлүүлэн авч явж байна.

Үүдэл санаа, эх сурвалж

Зохиолчийн намтар, дурсамжыг уншихад зохиол бүтээлийнхээ тухай дэлгэрэнгүй задалж тайлбарласан, урлан судлалаа нээн ярьсан зүйлс бага учир “Гэмшил” өгүүллэгээ яг үүнээс л үүдэн санаж бичжээ, түүхэн бодитой болон уран сайхны дүр юмаа гэсэн тайлал хөндлөнгөөс өгөхөд хэцүү. Ямартай ч бага насанд нь тохиолдсон, харсан, сонссон зүйлээсээ сэдсэн, магадгүй санагдуулж сэдрээсэн явдлаас эхтэй гэх үндэстэй. Тодорхой цаг үе, нийгмийн орчин нөхцөл нь тод тусгагдсан зохиолын үүдэл санааг бага ч гэсэн тодорхойлж болох ч зохиогчтой нь уулзаж туурвисан түүхий нь мэдэхээс нааш боломжгүй зүйл. Ямар ч зүйлийг харж, бодож байгаад хэдий хугацаанд юун тухай бичих санаа төрсөн нь зохиолчийн хувийн архивт л хадгалаастай билээ л.

Бүтцийн талаар: Загварчилсан танилцуулга

Дүрүүдийн шинж, дүрслэл

Алимаагийн дүрээс бусад дүрийг нь нийтлэг байдалтай дүрсэлсэн байна. Алимаагийн гадаад төрх шинжийг суга таягтай, хазгар охин, эрэг дээр суун харна зэргээр товчхон ч оновчтой дүрсэлжээ. Сонирхолтой нь Алимаагийн дотоод сэтгэл зүйн шинж юм. Жараахай барихаар хөөцөлдөн тоглох хүүхдүүд рүү зориуд жараахайг үргээн чулуун шидээд тачигнатал инээн таашаал авч байна. Мөн өөрийг нь шоглоход хариугаа авахдаа таягаараа цохиж тайтгардаг зэрэг нь охины бусадтай ижил биш сул тал, дутуугаа мэдрэх сэтгэл зүйнх нь өнгөн хуурмаг илрэл болохыг чадварлаг дүрслэн харуулсан. Эсрэгээрээ “бид” гэж бичээд байгаа дүрүүд охинд хандаж буй бусад хүмүүс, цаагуураа нийгмийн сөрөгдүү хандлага, харилцааны жишээ. Бид, хүмүүс хоорондоо ойлголцож, биенээ хайрлан мэдрэхгүй байгааг зориудаар дүрслэлжээ.

Зан байдал, харилцаа холбоо

Зохиолын III хэсгээс хойш Алимааг тойрон өгүүлж ирсэн үйл явдлын хурд, дүрүүдийн хэмнэлтэй хүүрнэл удааширдаг. Барьж өгсөн малгай дүүрэн эрвээхэйг цацсаны дараа Алимааг ор тас орхигдон хүүгийн дотоод сэтгэлийн эмзэглэл, түгшүүр дээр төвлөрөн нэлээд нухацтай гэмээр “зогсоц аван” үргэлжилдгийг анзаарах хэрэгтэй. Харин төгсгөлд хүүгийн сэтгэл Алимаа дээр эргэн бууж буй нь харилцаагүй биш харин ч гүндээ гэмтсэн далавчтай эрвээхэйг суга таягтай Алимаатай зүйрлүүлэн бодож эмзэглэсээр, бодсоор явсан холбоо мэдрэгдэнэ. Бусад дүрүүдийн Алимаатай харьцах холбоо дотно нандин биш болохоор Алимаа өөртөө аяархнаар “Ямар гоё далавчтай юм бэ?” гэж хэлэх юм уу, юм асуухад толгой дохин хариулахыг эрмэлзэнэ. Сүүлд нь барьсан эрвээхэйг суллан нисгэхдээ ч нэг ч үг хэлэхгүйгээр зохиолч шийдсэн нь Алимаагийн зан байдал, сэтгэл зүйн битүү далд, эмзэг байдлыг илэрхийлэхэд зохирсон. Үнэндээ цацагдсан эрвээхэй агаарт цэцэг дэлгэрэх шиг болсон үзэгдсэн нь Алимаагийн чин сэтгэлийн үг байсан билээ.

Бэлгэ тэмдгийн хэрэглээ

Нисч чадахгүй болсон ганц эрвээхэй-Бусдаас “өөр”, хазгар хөлтэй Алимааг бэлгэдэхийн хамт бас хүүгийн сүүлчийн томоогүйтэл, гэмшлийн тэмдэг дохио болж байна.

Шар цэцэг- Үржил шим, уян сэтгэлийн өнгө боловч шоовдор, атаа жөтөөг илэрхийлдэг сөрөг талтай.

Малгай-Малгай дүүрэн эрвээхэй барьж өгөх хүслээр хүүхдийн дэврүүн бас эмзэг гэнэн сэтгэхүйг гаргасан. Мөн өнгө өнгийн цэцгийн дэлбээ энэ утгын бэлгэдэлтэй.  Төгсгөлд хүүгийн гэмшсэн сэтгэлийн бэлгэдэл болдог. Өөрийнх нь малгайд нисч чадахгүй болсон ганц эрвээхэй үлдсэн нь Алимаа бөгөөд хүүгийн сэтгэлд үүрд үлдсэн юм.

Эрвээхэйг хатаах-Хүүхдүүд барьсан эрвээхэйгээ яаж хатаах тухай маргалдахад охин юу ч хэлэлгүй бас бодолгүй эрвээхэйсийг цацчихдаг. “Хатаах” гэсэн маргаан охинд далавчгүй болгох гэх шиг урмыг нь хугалсан, сэтгэлийн шархыг нь хөндсөн байна. Зохиолын төгсгөлд зохиолч энэ санаагаа хүүгийн бодлоор дүгнэн зангидсан байдаг. “Тэр цагаас хойш хүмүүсийг бие биенийхээ жигүүрийг гэмтээчих болгонд сэтгэл минь эмзэглэн надаас болж Алимаа суга таягтай болсон мэт санагддаг юм” гэж бие биенээ хүмүүс битгий далавчгүй, жигүүргүй болгоосой, мэдрээсэй гэсэн охины хэлж чадаагүй битүү чин сэтгэл хүүд бат шингэн үргэлж дурсаж байдгаар үзүүлсэн. 

Бэлгэ тэмдэг бүхий үйл хөдлөлүүд

“Алимаа “Ямар гоё далавчтай юм бэ?” хэмээн өхөөрдөн цөмий нь малгайд хийж, баруун гарынхаа суга таягны дунд бариултай цуг хумин атгачихаад бидний хойноос суга таягаа хурдан хурдан тулж урагшаа тэмүүлэн айсуй харагдддаг сан”

“Өнгө өнгийн эрвээхэй нэгэн мөчид агаарт цэцэг дэлгэрэх шиг алаглаж харагдсанаа зүг бүр тийшээ нисэлдэхэд бид дахиад л нэг нэг эрвээхэй хөөн хашгиралдсаар одов”

“Алимаа тээр хойно хоцорчихсон бидний хойноос дэгэнцэж харагдав. Бид нэг л хэсэг барьсан ч юмгүй хий баахан гүйлдэж яваад эргэж ирэхэд малгай дотор нэг улаан цоохор эрвээхэй үлдчихсэн байлаа” гэсэн угсраа өгүүлбэрүүд Алимаагийн дотоод сэтгэлийн гуниг, шаналанг илтгэсэн бэлгэдэлт үйл хөдлөлүүд байна. Эхний өгүүлбэрт эрвээхэйн гоё далавчыг суга таягтай ч урагш тэмүүлэн яваатай эсрэгцүүлсэн бол дараагийн өгүүлбэрт мөн цэцэг дэлгэрэх шиг агаарт алаглах эрвээхэйг охиноос бусад нь тоохгүй өөр эрвээхэй хөөж одох эсрэгцлээр, харин сүүлийн өгүүлбэрт хамт явсан Алимаа тээр хойно үлдчихээд гүйцэж ирж чадахгүй байгаа байдлыг малгай дотор эрвээхэй гэмтчихсэн бусдаасаа үлдэж хоцорсон байгаатай жишин бэлгэдсэн үйл явдлууд “учирлан” дараалж байна.

Өгүүллэгийн эхэнд “Алимаа эхэр татан хумсаараа газар маажин удтал тайтгарах ч үгүй, босох ч үгүй суучихна” гэсэн хэсгийн тайтгарах ч үгүй, босох ч үгүй гэдэг үг охины бие болон сэтгэлийг төлөөлж хүнд тээшэнд дараатай явдгийг бэлгэдэн өгүүлжээ.

Түр хүлээнэ үү...
Top