МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГ(2016-2018)-ИЙН НҮҮР ЦАРАЙ, ХУВЬ ЗАЯА, ЗОЛ ЗАЯА
2018-03-27 Х.Чойдогжамц 3994

“Гэгээн Муза”-14 олон улсын театрын наадмынбосгон дээрээс шинжихүй  хэмээх тойм шүүмжээс хэсэглэн оруулав.

“Жүжигчингүй” найруулагчийн зовлон ба гомдсон Сэнгэ
(Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр)

     Орон нутгийн театруудад “орон нутгаа” л бодож суудаггүй, тэдэндээ зориулж төлөвлөгөөгөө биелүүлээд ханачихдаггүй дотроо бодолтой, дороо суурьтай цөөхөн найруулагчдын нэг нь Ч.Далай гэдгийг Ч.Ойдовын “Далан худалч” инээдмийн жүжгийг драмын жүжиг болгон шинэчлэн тавьсан бүтээлээс харлаа.

            Жүжгийн пролог явахад л гайхширмаар содон илэрхийлэл угтав. Бүрхэг бүрий гэрэл дунд олны хэсэг бужигналдаж сараалжин хашаануудыг хэсэг хэсгээр барьсан хүмүүс хаа хайш хэлхэлдэх хөдөлгөөний завсар хүзүүнээсээ гинжлүүлсэн, оосорлуулж хөтлүүлсэн, туулгаж, туугдсан хүмүүсийн зовлонт явдал гурил тээрэмдэх лүгээ эцэшгүй эргэлдэн үзэгдэнэ. Тайзны зураач С.Гантулга орчныг мэдрүүлэхээс илүү утга санааг өдөөх цомхон хэрнэ хөдөлгөөнтэй тайзны дүрүүдийг бүтээсэн нь жүжгийн агуулгатай, жүжигчдийн тоглолтой нэгдэж байсныг онцлох хэрэгтэй болов уу. Улмаар жүжгийн дүрүүдийг хувцаснаас нь авахуулаад энэ цаг руу татаж үзүүлэхдээ далан худалч хэмээх Сэнгэ болон түүний эсрэг зогсох дүрүүдийг орчин үежүүлж, Пагма, Алимаа, худалдаачин данжаад нарыг тухайн он цагт нь үйл явдлыг өрнүүлэн сүлсэн нь сонирхууштай шийдэл байв. Ингэж эдүгээчилж тавихын үндсэн сэжим нь Сэнгээгийн хэлж буй “Та нар намайг далан худалч гэдэг болохоос би чинь худалч хүн биш шүү дээ” гэхүгнээс үүдсэн бололтой. Улмаар жүжгийн төгсгөлд арга заль, сийрэг ухаанаараа ард олныг аварч, амар тайван амьдруулж буй Сэнгээг баярлалаа л гэсэн үгтэй бүгд орхиод явчихна. Гомдож гунигласан Сэнгээ тайзны ар луу орохтой зэрэгцэн орчин үеийн доргио хэмнэлтэй хөгжмийн хэмнэлд бүжих жаргалтай нь аргагүй залуучуудыг үзүүлсэнээр жүжиг дуусах нь тэр. Сонин өнцөг шүү. Далан худалч Сэнгээг биш гомдсон Сэнгээг гаргаж ирэн орчин цагийнхаа үзэл санаатай холбон амьдруулж үзсэн нь үнэхээр шинэлэг.

         Гэвч найруулагчийн тэмтрэх гэсэн энэ санаа жүжигчдийн тааруу тоглолтоос болж үзэгчдэд гүйцэт ирсэнгүй. Жүжигчин хүн буруу харсан ч нуруугаараа мэдэрч харьцан тоглох ёстой гэсэн үг байдаг. Тоглолтын ямар ч амьд харьцаагүй, тухайн нөхцөл дэх үйлдэл, үгээ үнэлэн мэдэрч тоглохгүй, бүх дүрүүд нь эгнэж зогсчихоод үзэгчид рүү хандан үгээ хаях (П.Сүхчулууны тоглосон худалаачин данжаад, Х.Ганхуягын тоглосон салга баяныг эс тооцвол) тоглолт шувтан харагдсан. Ялангуяа гомдсон Сэнгээгийн зөрчлийг тоглон авч явах ёстой жүжигчин Х.Сайнбаяр зовлонгүй бүгдийг зохицуулаа яваа сайхан залуу л харагдаад байсан нь жүжгийг үлэмжхэн унагаасан тал нь байв даа.

Намтар зохиолыг нойрны эм болголгүй
 найруулан дэглэж дэмнэсэн нь

(Улсын драмын эрдмийн театр “Жаргаагүй нар”)

            Ш.Гүрбазар зохиолчийн бичсэн “Жаргаагүй нар” жүжгийн зохиол баримтат кино, түүхэн он дарааллын бичиг лүгээ адил Д.Нацагдоржийн үнэн бодит амьдралыг идэр наснаас эцэслэх хүртэл нь үнэнхүү мөшгөн үзүүлсэн байсан. Энэ бол товчхондоо Д.Нацагдорж, түүний намтар болохоос Д.Нацагдоржийн тухай урлагийн бүтээл биш байв. Харин зохиолчийг аварсан дүр нь “Хүн-зөн” хэмээх Д.Нацагдоржийн оюун бодлын нөр цуурай болсон хийсвэр дүр. Жүжигчин Э.Идэрболдын хоолойны өнгө, цуурайлсан яриа, төлөв даруу ном эрдмийн хүнээс илүү оюунлаг сэхээтэний идэр ирмэг төрхийг харуулахыг зорьсон тоглолт ч энэ дүрийг хүчтэй илэрхийлэл болгож чадсан юм.  Найруулагч Ч.Түвшин өөрийн дэглэлтдээ үүнийг соргог мэдэрч сонирхолтой шийдлүүд шигтгэж чадсаныг хэдхэн баримтаар задлан ярья. 

Тайз гэмээнэ оюун сансар (Есөн есийн бэлгэдэл)

        Т.Алтан-Од зураачийн бүтээсэн тайз элдвийн зүйлс хамж нэгтгээгүй, харин ч эсрэгээр хоосон орон зай, цаг хугацааны гүн агуулгыг илтгэх дугуй хэлбэрийн цагирагууд доороос дээш алсарсан байдалтайгаар цойлсон байв. Гэр, дээвэр зэрэг бодит орчныг мэдрүүлэх цагирагууд алсрах тусмаа жижигсэж оюун санааны хязааргүй эрх чөлөө, сансрын уудмыг төлөөлсөн тайз өөрөө нэгэн дүр болон тоглож бүрнээ чадаж байлаа. Ашидийн ерөөлийг бэлгэдсэн нийт есөн цагираг есөн гарагийг ч санагдуулахын сацуу тэнгэрт өргөсөн сүүн сацалыг ч зүйрлэх мэт. 

Глобус (Нацагдоржийн ертөнцөөс нар мандсаар...)

            Д.Нацагдорж гэргийн хамт Германд суралцаж, эрдэм соёлын үрийг хураан эх орон, ирээдүй хойчдоо ихийг бүтээхийн хүсэл дүүрэн нугарашгүй эрмэлзлийг дэлхийн бөмбөрцөгөөр(глобус) дамжуулан өгүүлэхийг найруулагч зорьсон нь тун оножээ. Улмаар тэднийг эх орноос нь гэнэт дуудан буцаах болоход алсын ёр совинг мэдэрсэн Д.Нацагдорж өөрийн үзэл санааны цөм ертөнцийг харуулсан глобусаа оюун бодлын дүрдээ(өөрөө өөртөө) “бүрмөсөн” өгчихөөд явж байгаа нь үзүүштэй, яриуштай хэсэг болсон юм. Ч.Түвшин найруулагч саяхан “Залуу нас” сонинд өгсөн “Манай үзэгчид жүжгийг зөвхөн “үзэх” гэж л ирээд байна”ярилцлагадаа энэ тайлбарыг нотлох мэт:

         “Жаргаагүй нар” жүжгийн тайзыг Д.Нацагдоржийн уран бүтээл, бүтээсэн үлдээсэн бүхнийг бодоход ч хүрээний байдал мэтээр байж болохгүйг бодолцсон доо. Есөн гарагийг төлөөлсөн тэрхүү ертөнцөөр Д.Нацагдорж зогсолтгүй аялаад байгаа юм. Төмрийн заводод очоод газар доор орж байх шиг, Германд очихоороо дээшээ гараад, Хүрээнд гэртээ ирэхээрээ далий орчинд ч орчихож байх шиг. Энэ дунд холбогдоод яваад буй зүйл нь дэлхийн хэмжээний боловсрол. Түүнийг глобусаар илэрхийлсэн. Өөрөө ч сурахын төлөө шунаж дурлаад байгаа шүү дээ. Жүжгийн зохиолч Ш.Гүрбазар ах бид хоёр нэг зүйлд санаа нийлсэн юм. Хүн мөрөөдөлгүй болохоороо эцэслэдэг юм байна гэж. Зураач нартаа ч гэсэн би тайзыг болж өгвөл битгий зогсоогоорой. Хөдөлгөөд бай, есүүлэнг л хөдөлгөмөөр байна шүү гэж хэлсэн. Цаг хугацаа яваад л байдаг. Бид хуучин амьдралтайгаа зууралдаад л байдаг. Энэ дунд нэг л хүн зууралдахгүй явах ёстой”[1] гэж хэлжээ.

Харанхуй хад буюу монолог, диалогийн цогцол-Уран бүтээлчийн цөм ертөнц

Жүжгийн өрнөл хэсэгт хэлсээр гүтгэгдсэн Д.Нацагдорж аль бэрхийг эдлэн зовж байхад глобус тэвэрсэн оюун бодлын нөр цуурай нугарашгүй, цуцашгүйгээр өөрийн уран бүтээл, өнийн хүсэл эрмэлзлээ дуулсаар байх аж. Найруулагч олон шүлэг хэлхэж оруулсанаас амьдралынх нь алаг замыг төлөөлүүлэн “Дөрвөн цаг” шүлгийг эвлүүлэн дотоод хүүрнэгчээр нь уншуулсан нь сонирхолтой. Жүжгийн туйл хэсэгт тус тусдаа ярьсаар явсан Д.Нацагдорж, оюун бодлын дүр хоёр маань нэгдэж шоронгийн өрөөний нэгэн мухарт глобусаа биендээ солилцон “Харанхуй хад” өгүүллэгийн хэсгээс харилцан уншдаг “тасархай” нэгэн хэсэг бий. Диалог юм шиг атлаа монолог, монолог юм шиг атлаа диалогоос бүрэлдсэн өвөрмөц энэ найруулга цаанаа жүжгийн тайлал болсон нэгэн чухаг монологийг бүрдүүлж Д.Нацагдоржийн цөм ертөнцийг тодруулж байна. Бие сэтгэл, оюун санаа нэгэн зэргээр харанхуй засгийн өмнө туйлдаж байгааг гайхамшигтай бадруун дүрслэн харуулав.

 “Баавартай” найруулагч Б.Баатар буюу
Монголын театрын Брехт

(Улсын хүүхэлдэйн театр “Монгол Ардын Суут” жүжиг)

         Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн бүтээлүүдээс хамгийн “урлаглаг” болсон нь буюу Д.Нацагдоржийн тухай уран бүтээл болж чадсан нь “Монгол ардын суут” байсан."Хүүхэлдэйн театр" нэгэн орой Б.Баатарын "найруулагчийн театр" болон хувилсан гэхэд хилсдэхгүй. Арт чиглэлийн киноны хэлийг санагдуулах өгүүлэмж, найруулгатай эл жүжигт сэтгэл зүйн триллер, абсурд төрлийн элементүүд ч элбэг. Чухамдаа Д.Нацагдорж, Д.Нацагдоржийн тухай бүтээл хоёр "өөр" байх учиртайг үлгэрлэн харууллаа. Гэрлийн найруулга(Х.Камесхан), хөгжмийн найруулга(Т.Сэр-Од, Э.Базарханд), тайзны зургийн найруулга(В.Энх-Амгалан, Б.Бямбацэрэн, С.Энх-Од) гээд цөм уялдан нэгджээ.Ердөө долоохон дүр, дөрвөн бэсрэг үзэгдлээс бүрдэх энэ жүжгийн тайз ч ганцхан модон тэрэгнээс бүрдэж аж. Модон тэрэг гэмээнэ дөрвөн өөр дугуйтай бөгөөд нэг нь л дотно мэдрэмж төрүүлэх модон дугуй байх. Нийтдээ жүжгийн турш модон дугуй болон Д.Нацагдоржийн хоршил дүрслэл таван удаа гардаг(Модон дугуй тэврэн хэвтэх Д.Нацагдорж, Модон дугуй эргэхэд гарч ирэх Д.Нацагдорж, Согтон унахад толгой тушаах модон тэрэг, Модон дугуйны дэргэд зохиолоо бичих Д.Нацагдорж, Модон тэрэгний дугуй тэврэн үхэх Д.Нацагдорж). Жүжиг эхлэхэд модон тэргийг гэдрэг харуулан байршуулж, 1930-д оны нацист террор, улаан террорын хөгжим нүргэлэхэд төмөр, хаймран дугуйнууд эцэсгүй мэт галзууран эргэх нь цаанаа л нэг цөвүүн цагийн тухай үзэгчидтэй ярьж буй нь мэдрэгдэнэ. Улмаар модон дугуй ганцаар аажим эргэхэд жүжигчин Ц.Цэрэндоржийн амилуулсан бидний танил Д.Нацагдоржийн дүр тайзнаа дөлгөөхөн алхсаар үзэгчид рүү харан хөрөг зураг мэт зогсоно. Тайзны шийдэлд ахуй орчныг дүрслэхээс гадна гүн агуулга шингээхийн чухлыг, тайзны дүрслэлүүд дүрд туслахгүйгээр тайз өөрөө нэгэн дүр болж үзэгдэх ёстойг Д.Нацагдоржоос ч онцгой модон тэрэгний дүрээс мэдрэх үүргийг үзэгч хүлээсэн юм. Тэгэхээр "Монгол ардын суут" жүжгийг үзэхдээ эхлээд Д.Нацагдоржийн тухай биш, модон тэрэгний(дугуй) тухай өөр зуураа бодох, басхүү мэдрэх шаардлага тулгарсан билээ...

              Нэрт найруулагч, онолч Ёжи Гротовскийн “Жүжгийн эвлүүлэг тайзан дээр биш, үзэгчдийн анхаарал даган буй болдог. Үзэгчдийн хүлээн авч байгаа байдал эвлүүлгийн “судалгэж хэлсэн санааг эл жүжгийн тавилтыг тайлбарлахдаа дэм болгон эшлэмээр байна. Театрын бүтээл үзэгчдийн өмнө үзүүлэн тавьж “үзүүлсэн” бус нууцын эрэлд мордуулсан хөтлөгч урлаг байх ёстойг зохиолын бичлэгийг гайхалтай задлан уншсан Б.Баатар найруулагч өвөрмөц дэглэсэн битүү утгат найруулгын шийдлүүдээрээ тодорхой гэгч хэлэв. Үй олон “үзэгч”-ийг биш оролцогчдыг бэлтгэх буюу үзэгчдийнхээ уран сайхны сэтгэлгээг тэлээх бүтээл хамгаас чухал.

Жүжгийн зохиолын тухайд цухас

            Ц.Хулан зохиолчийн бичсэн жүжгийн зохиол Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн шөнийг сонгон авч хураангуйлан бичсэнээрээ шинэлэг хэлбэртэй байсан ч судлаач, шүүмжлэгч хэмээх хүмүүсийг нүдэн балай, чихэн дүлий суудаг мэтээр ойлгосон бололтой. Р.Чойномын 1977 онд бичсэн “Последный день” буюу “Сүүлчийн өдөр” өгүүллэг нь их зохиолч Д.Нацагдоржийн амьдралын сүүлчийн өдрийн үйл явдлыг мөнөгүүлдэг юм л даа. Гар бичмэлээр хүмүүсийн гар дамжин тодорхой хүрээнд уншигдаж явсаар одоо анх хэвлэгдэх гэж буй нь энэ. Ерөнхий агуулгын хувьд манай намтар, уран бүтээлийг нь судласан эрдэмтдийн бүтээлд дурьдагддаг мэдээ баримтуудаас онцын зөрүүтэй бичигдсэн зүйл үгүй ч уран сайхны сонирхолтой зохиомж, далд өгүүлэмж, эх дүрийг амилуулсан дүрийн сэтгэл зүйн шинэтгэл бичлэгээрээ өвөрмөц туурвил. Хэвлэгдсэний дараагаар олон судлаачийн тайлал тайлбарыг өөртөө дуудах нь дамжиггүй. Гэтэл Ц.Хулан зохиолчийн бичсэн “Монгол ардын суут” жүжиг ерөнхий бүтэц, зохиомж, өгүүлэмжийн хувьд дээрх өгүүллэгтэй тун төстэй хэв шинжийг хадгалжээ. Бүтээлчээр ашигласан юм болов уу ч гэж таамаглахаар... Зүүдний далд утгат дүрслэл, морин тэрэгчин өвгөн, өөрт нь сайн бүсгүй, үхлийг зөгнөсөн ёр бэлгэдлүүд зэрэг нь давхацсан төдийгүй Д.Нацагдорж амьдралаа эргэн цэгнэхдээ өөртөө л бурууг өгч эх орон, нам хоёр чинь өөр зүйл гэсэн бодол гаргалгааг хүртэл өөриймшүүлэн авчээ. Мэдээж нэмж баяжуулсан зүйл төдий чинээ байгаа ч авьяас, заль хоёр нэгэн дор багтдаггүйг хэлмээр байна. Эцэслэн дүгнэхэд энэ жүжгийг найруулагчийн хараа л нэвт гэрэлтүүлж Д.Нацагдоржийн цаг хугацаа хэмээх зүйлийг, уран бүтээлч хүн өөрийн хүлээсэн цаг хугацааныхаа үүргийн төлөө хэрхэн тууштай зүтгэдгийг бидэнд ухааруулж чадлаа. Б.Баатар монголын театрын Брехт нь ажээ.

Хүүхдийн жүжиг гэхээр л үлгэр домогхон мэт байсаар, хийсээр...
(Улсын драмын эрдмийн театр “Царцаа Намжил”)

  

     Хамгийн түрүүнд “Царцаа намжил”-ын үлгэрийг нэмэн баяжуулж бичсэн зохиолын санаа анхаарал татаж байв. Зохиолч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяа нарын хамтран бичихдээ Намжилын бурхан багшийнхаа сүүлийн захиасыг биелүүлж замдаа цээжилж явдаг “хоёр зээр жорон жорон” хэмээх үгийг “буга, согоо жорон жорон” хэмээн өөрчлөөд тэмээний эврийг буга аваад явсан язгуурын монгол домогтой холбож, “бараан шувуу вааг вааг” гэдэг хэсэгт “хэрээ яагаад хар өнгөтэй болсон бэ” хэмээх домгийг сүлж, “хоёр хулгана газар малтаад бувар бувар” гэснийг муурын дүр нэмж оруулан бүр ч үзүүштэй болгожээ.

        Б.Золжаргал дэггүй яриатай, дүрсгүй явдалтай Царцаа Намжилын дүрийг тоглолтооро сайн ирүүлж байв. Энэ мэт жүжигчдийн сонголт, дүрийн боловсруулалт оновчой болсоныг С.Болд-Эрдэнэ (бурхан багш), Б.Одончимэг(Хэрээ), Б.Шинэбаяр (Хулгана), Э.Тодгэрэл(Муур) нараас харж болно.Эрлэг Номун хаан болон түүний хатанд дүрд ажилласан П.Цэрэндагва, Ж.Оюундарь нар ад чөтгөрийн авид хачин ааш, адал сонин яриа хөөрөөг том хүн ч айж цочоор хурц тоглолоор гаргасан.Муурын дүрд тоглосон Э.Тодгэрэлийг магтахын байхын аргагүй байлаа. Түүний бүтээсэн “Ромео, Жульетта хоёр”-ын Меркуцио, “Адууны түүх”-ийн унагахан, “Чөлөөт хос”-ын Манбретто гээд дуу хоолойгоо шахаж дуугарсан давтагдашгүй өнгө болон биеийн хөдөлгөөний чадамгай тоглолтоор нь хэдийнэ танил болжээ. Муурын биеийн хөдөлгөөн, зан араншинг гайхалтай сурмаг гаргахын зэрэгцээ түүнийхээ учрыг олж харьцан тоглох нь нүд салгамгүй ширтмээр харагдах аж. 

         Жүжгийн төгсөлд харин Эрлэг Номун хаан “Миний гарт юу байгааг таавал замбуулин хорвоод чинь буцаана” гэж хэлдгийг“ямар амьтан байгааг” хэмээн буруу хэлж байсныг эс тооцвол өөлөх зүйл байсангүй. Гэхдээ “Царцаа Намжил”-ын шинэ түүхийг амилуулсан ч гэлээ бид танил үлгэрийг үлгэрээр нь баяжуулж, хүүхдийнх гэхээр л үлгэр домогхон мэт, хүүхэд л үзэх ёстой мэт, шинэ зүйл байдаггүй мэт хандлагыг дорвитой өөрчилж хүүхдийн жүжгээ хүн “үзэхээр” хөгжүүлэх ёстой болов уу гэсэн болол төрнөм.

Үргэлжлэл бий...


[1]“Залуу нас” сонин. 2018. II сар. №4(44)

Түр хүлээнэ үү...
Top