Х.ЧОЙДОГЖАМЦ: АМИН ХУУЧИЙГ ДЭЛГЭН ХӨӨРӨЛДӨХҮЙ
2021-06-10 Х.Чойдогжамц 209

 

Дуртгалын улаан очис яндангаас шидлэн

Дурсамжийн галт тэрэг зогсоол дээрээс хөдөлнө

Байн байн дохиолох чимээ нь зүрх цочоон

Сайхан муухай учралын харгуй цочрооно

(С.Дашдооров. 1990)

 

                            Дурсамжийн зэрэглээт талын бор толгод

Академич Ц.Дамдинсүрэн 1959 оны “Ардын аман зохиол ба бичгийн зохиолын тухай” өгүүлэлдээ “Намын есдүгээр хурлаар батлагдсан үндэсний соёлын тухай илтгэлд хэлсэн нь ардын аман үгийн зохиол болох амаар уламжилж ирсэн баатрын үлгэрүүд, явган үлгэр, оньсого, дуу, хууч зэргийг цуглуулан бичих ба судлах мөн хэвлэх ёстой гэжээ”[1] хэмээснийг онцлон дурьдсан байдаг. Мөн “Аман өгүүлэг” өгүүлэлдээ “аман өгүүлэг бол монгол ардын аман зохиолын нэг чухал хэлбэр бөгөөд их дэлгэрсэн зүйл мөн. Монгол хүмүүс аман өгүүллэг ярихыг ‘хууч хөөрөх’ гэж нэрлэдэг. Тэгэхлээр аман өгүүллэгийг бараг ‘хууч’ гэж нэрлэж болмоор юм”[2] гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Монголын үгийн урлагийн нэрт төлөөлөгч С.Дашдооров зохиолчийн “Элдэв учрал” хэмээх өвөрмөц хэлбэр зохиомж, шимтэж хошуурам баялаг агуулгатай, монгол аман билиг соёлын улбаа уламжлал мэдрэгдэх ном “Бидний монголчууд” цувралаар (2003) хэвлэгдсэн нь эдүгээ эрэл сураг тавих нүдний гэм болжээ. “Бидний хорвоо”(1991) номд нь анх хэвлэгдэж, “Цог”, “Утга зохиол урлаг” сонинд хэсэгчлэн нийтлэгдэж байсныг уншигч хорхойтнууд андахгүй. Өдгөө ч энэхүү номон доторх сэтгэлд бүлээ оргиулсан амин халуун яриа, уярал ухаарал, гуниг баярын дурдатгал шингэсэн учрал тохиолдлуудаас ам дамжин ярьж амьд хэвээр хуучлагдан оршсоор байдаг билээ. Өөртөө болон үе үеийн танил дотно нөхдөд тохиож учирсан түүхүүдийг дурсамж, тэмдэглэл, намтар, хөргөөр урлан өгүүлэхээс гадна яриа дурсамж, хууч яриа, аман түүх, түүх домгийн тэрхүү баримт хэлбэрээр нь цуглуулан бичиж, тээн дамжуулсанаараа нэн онцгой юм. Энэ жил эрхэм зохиолчийн мэндэлсний 85 насны ой тохиож буй бөгөөд үр хүүхдүүд нь бүрэн зохиолын түүврийг нь хэвлүүлэх өгөөжтэй ажлыг эхлүүлэхдээ уг номоор магнайлж буй аж. С.Дашдооров гуайн уран бүтээлийн өв, гар бичмэлүүдийг дахин нягтлан шүүж, энэхүү номд холбогдох хэвлэгдээгүй материал, ховор шинэ бичвэрийг мөн зохиолчийн архив дахь түүхэн гэрэл зургуудаар нэмэн баяжуулаад “Амин хууч” нэрээр дахин хэвлүүлж буйг уншигч та гартаа дэлгэн сууна.

Зохиолч номынхоо өмнөтгөл “Өөрийн учир” тэмдэглэлдээ “Ай цаг хугацаа юутай хурдан өнгөрөө вэ? Анхны шүлэг зохиол хэвлэгдсэн 1952-1953 он, анхны ном, түүвэр гарсан 1958-1959 он, сурагч ахуйн цагаас хүсэн мөрөөдсөн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн босго алхсан 1958 оны дурсгалт намар, өөрийнхөө авьяас чадварыг нээсэн оюутан ахуй цаг, ахмад болон үе тэнгийн зохиолч, яруу найрагчдын царай зүсийг анх харж учирсан өдрүүд, заримтай нь дотночлон үерхэж явсан жилүүд эдүгээ надаас холдон дурсамжийн зэрэглээт талын бор толгод лугаа алслан байгааг санахад уяралтай бөгөөд дурсгалтай ажээ. Тэр бүхэн минь миний зохиолч болох замд таарах, дайрах хувь тавилан байж дээ” гэж уясан дурсжээ. Тодрон алслаад буйг санагалзан хуучилж болдог нь хүний бодол сэтгэлийн нэгэн гайхамшиг, амаар “уламжлан шүншиглэснээ” түүхчлэн домоглож, хуучлан хөөрөлддөг монгол үндэсний билиг соёлын нөгөө гайхамшиг ажаам. Иймээс ч найрагч өөрөө,

Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан жирэлзэнэ  дүрслэл яруу бичсэн биз ээ.

“Амин хууч” ном “Сэтгэлийн хуудас”, “Цагийн эрх”, “Хөхрөөн хөгжөөн”, “Амин халуун”, “Учрал ухаарал”, “Нүүдэлчин” гэсэн зургаан хэсгээс бүрдэнэ. Монголын соёл урлагийн хэд хэдэн үеийг төлөөлөх нэр цуутай зохиолч, яруу найрагч, орчуулагч, театр, киноны жүжигчин, найруулагч, кино найруулагч, зураглаач тэргүүтэй зуу гаруй хүмүүсийн яриа дурсамж, хууч яриаг сонссоноо С.Дашдооров зохиолч бичгээр сийрүүлэн туурвижээ. Зохиолч бүр “энэхүү номоо туурвин цогшуулж байхдаа” гэж онцлон бичсэн байна. Үнэхээр л  өгүүлсэн хүн нь зуугаад мөртлөө яриа бүрт дам дамаан дурьдагдах хүмүүс, тэдгээрийн элдэв зөн төрх, он цагийн хэлхээ, хэрэг явдлуудын сүлжээ, санаа сэдлийг өгүүлбэл ой санамжийг сэргээн хөөрөлдөж, хүүрнэн хуйлалцах эдгээр хууч яриануудад хичнээн нарийн сэтгэл хөдөлмөрийн илч дулаан шингэсэн нь мэдрэгдэнэ. Нөгөөтээгүүр нэгэн үеийн уран бүтээлчид үнэнч сэтгэл, итгэл үнэмшил, хүсэл зориг, бүтээн туурвихуйн чин эрмэлзлэлээрээ хэрхэн нэгдэж, ойлголцож, басхүү тэмцдэг байсан үнэн дүр төрхийг тольдож болно.

Домог яримхай өвгөн буюу аман түүхийн үнэ цэн

Гавьяат жүжигчин Н.Дугарсанжаа “Цогт тайж” киноы зураг авалттай санамсаргүй таарч Б.Ринчен зохиолчийг анх харсанаа хуучилсаныг С.Дашдооров гуай “Домог яримхай өвгөн” хэмээн нэрлээд ийн буулгажээ.

“Хэн нэг хүн айраг хуллан барьтал тэр хүн маань хоёр гардан авснаа, баруун гарынхаа ядам хурууг хултай айргандаа дүрэн дээш сэржимдэж, “Хатан Туулдаа өргөе!” хэмээн өгүүлснээ шимэн уулаа. Би “Яасан ёсорхуу хүн бэ?” гэж бодон хөдлөх ярихыг нь сонирхон байлаа. Гэтэл тэр майханд орж ирсэн нэг хүн “Та чинь шүтлэгтэй юм уу” гэж шоолох аястай дуу алдахад өнөө хүн хуван шар нүдээ нэгэнтээ том болгон харснаа сахлаа сурмагхан илбэж,

-Манай Монголын өвөг дээдэс хэзээнээс Хан уул, Хатан туул голдоо суугуул нутаг, уугуул ус минь гэж бишрэн бахархаж цай идээнийхээ дээжийг өргөн ирсэн уламжлалтай юм. Би шүтлэгтэн бус Монгол нутгаа гэдэг чин сэтгэлтэн... гэж нэгэн хэвийн намуун дуунаар гүнгэнэн өгүүлэв. Хүмүүс ч чимээгүй болж сайх асуулт тавьсан залуу “мад” болсондоо ичингүйрэх бололтой сууна”

Хариулт ганцхан өгүүлбэрээс цаг үеийн “таагүй” өнгө аяс, язгуур өвгийн түүх, уламжлалт нүүдэлчин соёл, зан үйлийн өв эрдэм, итгэл бишрэлийн ухаан гээд олон бодит тусгалтай баримт, “гэрчтэй амьд” мэдээлэл,  аман түүхийн үнэн хураангуйг мэдэж болохоор байна. “Бичгийн түүх гэдэг бол голдуу улс төрийн түүх байдаг тул бичгийн түүхийн орхигдуулсан орон зайг аман түүхээр нөхвөрлөх хэрэгтэй гэсэн үзэл хандлага сүүлийн үед хүмүүнлэгийн ухааны салбарт гарч ирээд байна. Аман түүх нь бичгийн түүхээс ялгаатай нь улс төрийн түүхийг биш, тухайн үеийн улс төрийн үзэл суртал нь хувь хүний амьдрал, хувь заяанд хэрхэн нөлөөлснийг өгүүлж байдаг”[3] ажээ. Жишээлбэл номын “Цагийн эрх” бүлэгт улс төрийн хэмжээ хориг доорх уран бүтээлчдийн хувь заяа, элдэв содон түүх, аргай сүйхээн тухай дурсамжууд инээд нулимс, харамсал баясал хослуулан түүхийн доторх түүх, хууч доторх хууч, үгэн дотох үг, бодлын гүн дэх ухаарлыг учирлан нээж таниулна. Аман түүхийн үнэ цэнийн өсөлттэй холбоод, басхүү “Амин хууч” номын ач холбогдолтой хамтатган нэгэн шинэ баримт хачирлан өгүүлэхийг хүслээ.

2020 онд Улаанбаатар хотноо зохиогдсон “Гэгээн Муза 15” олон улсын театрын наадмын драмын жүжгийн төрөлд ОХУ-ын Буриадын театрын бүтээл “Дүүлэн нис. Бильчир нутгийн түүх”(Полёт. Бильчирская история) хэмээх нэгэн содон жүжиг шилдгээр шалгарсан юм. 1961 онд Эрхүү мужийн Осинский дүүрэгт Братскийн усан цахилгаан станц барьсанаас үүдэж буриад тосгонууд үерт автан төрсөн нутгаа орхиход хүрсэн эмгэнэлтэй бодит явдлыг өгүүлэх агаад В.Распутины “Прощание с Матёрой” туужийн санааг тусгажээ. Эхлээд бүтээлч судалгаа явуулж, бодит явдлыг туулсан гэрчүүдийн яриа дурсамж, намтар, хөгшчүүлийн хууч яриа, уугуул иргэдийн аман түүх, хууч домгийг дүрсжүүлсэн үр дүнгээ жүжиг бүтээхдээ ашиглаж нэгтгэсэн нь шинэлэг байлаа. Баримтат уран сайхны гэж төрөлжүүлмээр атал үндэсний аялгуу хөгжим, ардын дуу бүжиг бүхий туульслаг цар хүрээтэйгээр найруулсан нь өвөрмөц нийлэг хандлагыг мэдрүүлсэн. Нэмээд баримтат дүрс, баримтат хроник, аман түүхийн баримт, амьд дурсамж, хууч ярианууд бүхий проекцийг жүжигчдийн биед буюу хувцсанд, барьж буй эд юмсад нь тусган харуулах шийдлүүд нь бэлгэдэлт утгуудаар арвитган баяжуулна. Тайзыг нэлэнхий усанд автуулж дэвсгэрлэсэн зэрэг дэглэлтүүд нь бие даасан дүр болон амилж, түүн дээрх олны хэсгийн галтай, гунигтай тогтолтууд буцалж буй гол мэт ч санагдахаар уран сайхны олон илэрхийллүүдтэй. “Түүхийг өгүүлж ярих хүмүүс амьд байгаа цагт усан доорх дурсамж сэргэх болно”, “Усанд живсэн бүхэн ёроолд үлддэг гэдэг. Гэвч хүний ой санамж амьд байсан цагт үерт автсан тэр газар үүрд амьдрах болно” хэмээх санааг гүндээ агуулахдаа залуучуудыг түүхийн тээгч, үндэстний соёлын ой санамж болгон үзүүлсэн юм.

Доктор Г.Билгүүдэй “Аман түүх гэж юуг хэлэх вэ” өгүүлэлдээ “Найман шарга агтыг нэхэн олж ирсэн хэрэг явдлыг Тэмүжин, Боорчи нар дурсан ярьсан тохиолдолд энэ нь ‘хууч яриа’ байсан бол хожим хойно ‘Монголын нууц товчоон’-д тэмдэглэгдэх үед бол цаг хугацааны хувьд ‘аман түүх’-ийн шинжийг олсон монголчуудын олонтоо сонссон зүйл болон хувирсан байжээ гэж үзэх үндэстэй байгаа юм. Эрт цагийн эцэг өвгөдийн баатарлаг үйлсийн тухай дурсамж хууч яриа нь аажимдаа аман түүх болон хувирах зүй тогтол байжээ”[4] гэж дүгнэжээ. Энэхүү “Амин хууч” номын үл анзаарагдам мэт аар саархан тэмдэглэлүүд, тухайн цагтаа бол итгэлтэй хүндээ л аминчархан булагнаж ярих дахин давтагдашгүй яриа, болсон явдлууд нь  XX зууны нийгэм түүх, соёл урлаг, түүн дотор аж төрсөн хүмүүсийн жудаг чанарын тухай аман түүхийн нэгэн өвөрмөц хэв шинжтэй чуулган, эрт эдүгээн олон өнгө төрхийг цогцлоосон ой санамж, сурвалж мэдээлэл болон уламжлагдан үлдэж байна.

Тэр аяараа зохиол ярилаа шүү...

Дээрх үгийг Ц.Уламбаяр гуай нэгэн хуучдаа хэлсэн бий. Зохиолч бага (Төмөрийн) Нацагдорж өөрийн найруулалцсан “Сүхбаатар” киноныхоо анхны үзлэгийн дараа гэнэт л ээжтэйгээ уулзмаар санагдаад болохгүй дэнслээд байхаар нь зөндөө хөтлөгдөөд очсоноос эхлээд амьдралаа хуучилсан яриа бол эмгэнэлт бяцхан роман л гэсэн үг. Үүнтэй ижил С.Удвал гуайн анхны хайрын учрал тавилангийн ээдрээн тухай мөн л уянгын зохиол шиг гайхам түүх. С.Буяннэмэхийн зохиолчийн амьдралын дотор өмрөм гунигтай төгсгөлийн тухай Хар малгай Жамбалын хуучийг уншсан хэний боловч аньсага чийгтэх нь эргэлзээгүй. Их Д.Нацагдоржийн алдарт бүх малгайтай хөргийн учир, Дандар баатарын сэтгэлийн гүн дэх нууц, Д.Гомбожав, Д.Маам, Б.Явуухулан, М.Цэдэндорж, Р.Доржпалам нарын уран бүтээлийн ертөнцийг нээн хөтөлсөн яриа дурсамжууд бол хэр баргийн баримтат кино зохиол, урлан судлалын эрдмийн ажлаас илүү амь амьдралтай бичигдэн үлджээ. Энэ мэтээр хууч ярианууд доторх далдагдсан утга, сэтгэлийн олон өнгө, нарийн өгүүлэмжүүдийг шинжлэн задалвал урлагийн шилдэг бүтээлүүд олныг төрүүлж ч болохоор санагдана. Аман түүх, дурсамж яриа ингэж бие даасан уран бүтээл, ангид хэв төрхтэй төрөл болон боловсроход хууч яриаг мэдээлэгчээс гадна дамжуулан өгүүлж буй хүний илэрхийлэх уран чадварын онцлог яригдах ёстой нь мэдээж билээ. Номд багтсан С.Дашдооров гуайн зарим дурсамж, тэмдэглэлүүдээс өөрийнх нь бичсэн шүлгийн санаа, өгүүллэгийн дүрүүдийн үр хөврөл болов уу гэлтэй уран бүтээлийн халуун амь холбоо анзаарагдах нь бас сонирхолтой. 

Өнгөрснийг зүйрлэн харах өөр өнцгийг, хүнийг ойлгох хүмүүнлэг ухаарлыг эдгээр хуучууд, аман түүхүүд танд өгөх буй за. Амин хуучийг дэлгэн хөөрөлдөхүй...

 

СУИС-ийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамц

 


[1] Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын өв уламжлалын асуудалд I”(Редактор Х.Сампилдэндэв, эмхтгэсэн Ч.Жачин, Л.Хүрэлбаатар). УБ., 1987, 52 т.х

[2] Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын өв уламжлалын асуудалд I”(Редактор Х.Сампилдэндэв, эмхтгэсэн Ч.Жачин, Л.Хүрэлбаатар). УБ., 1987, 132-133 т.х

[3] Г.Нандинбилиг, С.Дулам “Монгол аман зохиолын онол II (Хүүрнэн өгүүлэх аман зохиол, жүжиг наадмын аман зохиол)”. УБ., 2020, 236 т.х 

[4] “Яруу утгын тайлал II”. УБ., 2009, 38 т.х

Түр хүлээнэ үү...
Top