ҮЛ ХҮСЭХ ҮНЭН
2018-01-26 У.Бямбаням 308

- Улаанбаатар хотод олонтоо таарах болсон кофены мухлагийн нэгэнд Чүн Хи сууна. Хэдийгээр нүүр царай мэдэгдэхүйц зураг авахыг зөвшөөрөөгүй ч “MacBook Pro” маркийн зөөврийн компьютерийнх нь дэлгэцийн зурганд Умард Солонгосын төрийн далбаа харагдана.

Хотын төвийн гудамж бүрт үзэгдэх болсон жижигхэн кофений газарт бид анхны уулзалтаа товлосон юм. Түүнд амласныхаа дагуу би олны хөлөөс зайдуу газрыг сонгосон нь энэ. Карамелиар навчны дүрс гарган амталсан хоёр аяга “Макиато” кофений гол дахь зайд түүнд үзүүлэхээр авчирсан “Нью-Йорк таймс”-ын сэтгүүлч Барбара Дэмикийн “Атаархах зүйл үгүй” номын англи эх харагдана. Биднийг зааглах метр хүрэхгүй өндөртэй модон ширээг Умард, Өмнөдийг өргөст торон утас, далан шуудуу, артиллерийн төхөөрөмж, танкны урхи, газрын минээр сүр даран тусгаарласан 250 км урт, 4.0 км өргөн 38 дугаар өргөрөгтэй зүйрлүүлж болмоор. Энэ нь надад гэхээсээ илүү Чүн Хи-д ийм сэтгэгдэл төрүүлж буйг би мэдэрч байлаа.

Ямартай ч тэр миний уулзахыг хүссэн мятаршгүй ятгалгыг зөвшөөрч, өөрөө хэлээгүй ч үйлдэл, үг бүрээс нь мэдрэгдэх ямар нэгэн эрсдэлтэй нүүр тулж суугаа нь энэ. Тэрбээр Барууны сэтгүүлчдийн сүржин тодорхойлсон дарангуйлагч нийгэм, бурангуй үзэл сурталд гинжлэгдсэн ард түмний дунд, эдийн засгийнх нь сүүлчийн багана сууриараа булгаран унаж, улсынх нь өрийн хэмжээ 10 тэрбум долларт хүрсэн 1990 оны босгон дээр Умард Солонгосын зүрх Пхёньян хотод мэндэлжээ. Чүн Хиг төрөхөөс долоон сар, арав хоногийн өмнө Зүүн Германы Засгийн газар Баруун Герман руу нэвтрэх хязгаарлалтыг хүчингүй болгосноор 1.2 сая хүн хил нэвтэрч, 1990 он гарахад олон зүйлийг зааглан сүндэрлэсэн Берлиний хананаас дурсгал төдийхөн үлдээд байв. Румыний коммунист удирдагч Николай Чаушеску буудуулж, Мао Зэдуны хөрөг Барууны жуулчдын худалдаж авдаг дурсгалын бараан дээрх символ төдийхөн болж, ЗХУ ганцаардаж эхэлсэн ч Умард Солонгос бүсээ чангалан, эх орноо өөрсдийн хүчээр босгоно гэсэн агуу удирдагчийнхаа урианд нэгдээд байв.

Хэдийгээр коммунист нийгмүүд нуран унаж, олон жил хаалттай байсан улсын иргэд Барууны тахианы махан бургерийг хүйтэн колагаар даруулан идэж суусан ч агуу жолоодогчийнхоо бэлэглэсэн нийгэмд, Чусоны үеийн баатарлаг эрийн түүхээс сэдэвлэсэн Хон Гильдоныг үзэж өссөн Чүн Хи-д бага нас нь тийм ч муу байсан санагддаггүй. Тиймээс би түүнд “Хон Гильдон” киноны гол дүр Пак Чүн Хигийн нэрийг өгөхөөр шийдсэн юм.

Монголд жуулчлагчдын нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг Өмнөд Солонгосчуудаар Чүн Хиг төсөөлсөн нь алдаатай явдал болохыг уулзсан даруйгаа л мэдлээ. Түүнд эмэгтэйчүүдийн үзэсгэлэн гоог төгс болгохын тулд хүн төрөлхтний бодож олсон элдэв түрхлэгээс аль нь ч хэрэггүй бололтой. Гэлээ ч түүнийг 26 хүрч яваа гэхэд итгэмээргүй. Цэвэрхэн цагаан царай, нимгэн зовхитой бүлцгэрдүү нүд, үзүүрээрээ үл мэдэг шантгардуу жижиг хамар, сайн ажиглавал духных нь баруун дээд хэсэг дэх үрэвслийн жижиг сорвиноос өөр өө сэв нүүрэнд нь үгүй. Чүн Хи өөрийнхөө Пхёньян аялгыг Христ сүмийн ёслолын дуутай, харин Өмнөдүүдийн аялгыг хэт гялгар хувцсаар жигдэрсэн К-Поп хамтлагийн дуунуудтай жишсэн нь үнэхээр оновчтой зүйрлэл болохыг уулзалтын төгсгөл рүү мэдэрсэн билээ.

Карамель макиато дундаа орох үед би түүнд Умард Солонгосын хаалттай нийгэм, коммунист дарангуйллын талаар америк сэтгүүлчийн бичсэн бүхэн хэр бодитой болохыг болгоомжлонгуй асуулаа. Хариуд нь лавлах аргагүй ганцхан өгүүлбэр л олж сонссон. “Өмнөд Солонгос руу зугтаж гарсан хүмүүс бидний талаар таатай зүйл ярих нь бараг л үгүй. Тийм хүмүүс ихэнхдээ бусадтай үзэл бодлоо хуваалцдаггүй, дотроо бүх зүйлээ хадгалдаг, итгэл үнэмшилгүй хүмүүс байдаг. Зарим нь өр зээлнээсээ болж, зарим нь улсын хариуцлагатай ажлыг алдагдуулсан учраас хорих лагерийн хариуцлагаас зугтдаг. Тиймээс тэднээс таатай яриа хүлээх нь бараг л бүтэшгүй хэрэг”.

Чүн Хи интернэтийн хэрэглээ чөлөөт нийгэмд хөл тавьсны хувиар өөрийн дураар мэдээлэлд нэвтрэх ч эх орных нь тухай Барууны хэтрүүлэгтэй мэдээлэлтэй алхам тутамд нүүр тулах болдгоо хэлсэн. Тиймээс ч тэр америк сэтгүүлчийн фантааз ихтэй уран зохиолорхуу бүтээлийг сөхөх атугай барьж үзэхийг ч цээрлэсэн юм. Харин надад Барбара Дэмикийн адил “Энэ бүхэн өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд тэдний оюун санааг эзэрхийлэхийг хүссэн нэгэн гэр бүлийн үйл хэргийн биелэл” гээд хэлчих хангалттай баримт байсангүй.

Өнгөрсөн зуны хоёр сарыг би Умард Солонгосоор өвчлөх шахуу өнгөрүүлсний дүнд багашаархан мэдлэгийг хуримтлуулжээ.

Зөөврийн компьютерийн маань “bookmark” хэсэг Умард Солонгосын тухай урт урт нийтлэлүүд, Солонгосын хойгийн маргааны талаарх дуулиант мэдээнүүд, “RT”-ын баримтат кино гээд өөрөө хүртэл төөрмөөр урт цувааг үүсгэжээ. Тиймээс ч Пхёньянд очиж үзээгүй хэрнээ хотын ерөнхий төрхийг нүдэнд харагдтал ярьсан нь Чүн Хигийн гайхшлыг төрүүлэв. Олон улсад “Үзүүлэнгийн хот” нэрээрээ алдаршсан энэ хотыг Барууныхан муу муухайгаа нуух халхавч хэмээн сурталддаг. Америк сэтгүүлчид Умард Солонгосын талаарх үнэнийг олохын тулд Өмнөд Солонгос, Их Британи, Хятадад очих ёстой гэж итгүүлдэг. Гэвч эх орноосоо дүрвэгсдээс илүү өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун Чүн Хи миний Умард Солонгосын үнэнийг олж харах цорын ганц атлаа доторх зүйлсийг тодорхой харахад бэрх, бүдэг бадагхан тусгалт цонх билээ.

Чүн Хи 1946 онд агуу удирдагч Ким Ир Сений үүсгэн байгуулсан Пхёньяны үндэсний их сургуулийн англи хэлний ангийг төгссөн. Лаос, Вьетнамаас эхлээд Түнгүс хэлийг хүртэл үздэг энэ сургуульд солонгос оюутнууд л суралцах ёстой учраас гадаад ертөнцийн талаарх мэдээллийг зөвхөн багшийнхаа зааснаар хязгаарлажээ. Умард Солонгосчууд интернэтийн зах хязгааргүй орон зайд ард түмнээ живүүлэх дургүйгээрээ Хятадыг санагдуулна. Англи хэлний анги төгссөн Чүн Хи хүртэл гадаад ертөнцийн талаарх мэдээлэл хомс хүртсэнийг бодоход сүлжээний хяналт Хятадаас хатуу болох нь мэдэгдэнэ. Харин телевизийн хэдэн суваг гардгийг сонирхсон асуултад тэр “Зарим Орос сувгууд гарна аа” гээд ичингүйрч, зовсон шинжтэй инээмсэглэлээ. 2000 оноос эхлэн Энэтхэг, Хятадын адал явдалт кинонуудыг цөөн тоогоор гаргах болсноор Чүн Хи шүтдэг жүжигчин, Хонконгийн тулаант киноны мастер Жэки Чаны тоглосон киног үзэх боломжтой болжээ.

Улаанбаатарт олноор сүндэрлэх болсон шилэн барилгуудын нэгт байрлах Солонгос ресторанд би Чүн Хи-г хүлээн сууна.

Үнэ дундаж, орчин, үйлчилгээ сайн учраас энд хөл хөдөлгөөн ихтэй. Бид хоёр дахь ярилцлагаа өмнөх шигээ албан ёсны, баригдмал байлгахыг хүсээгүй учраас ийм газрыг сонгосон билээ. Хажуугийн ширээний монгол гэр бүл кимчитэй шөл, халуун ногоогоор амталсан тахианы мах амтархан идэж, будааны цайгаар даруулна. Хэдхэн жилийн өмнө сонин содон зүйлд тооцогддог байсан Солонгос соёл өдгөө бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Чүн Хи-гээс “Sorry, Could you wait me just 10 minutes” (Арван минут хүлээж чадах уу, уучлаарай) гэсэн мессеж ирсэн учраас би зөөврийн компьютерээ дэлгэн time.com руу хандлаа. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Оросын эдийн засаг илаарших уу гэсэн уламжлалт уйтгарт мэдээний дор Умард Солонгос орчин үеийн нисэх онгоцны буудалтай боллоо гэсэн мэдээ нийтлэгдсэн байна. Хүйтэн дайны эхэн үед баригдсан хуучин нисэх буудлаа халж, олон улсын зэрэглэлд нийцсэн “Терминал 2” нэртэй шинэ буудал барьсан талаар мэдээнд дурджээ. Энэ явдал Хойт Солонгосчууд гадаад ертөнцийн өмнө үүд хаалгаа маш болгоомжтой бөгөөд алгуур нээж байгаагийн баталгаа байж ч мэднэ.

Удалгүй Чүн Хи ирж, бид хоол ирэхийг хүлээх зуураа эх орных нь одоогийн нөхцөл байдлын талаар ярилцан суув. “Заримдаа миний бодлоор манай эх орон хэтэрхий нээлттэй болсон юм шиг санагддаг. Бодсоноос хавьгүй олон ажилчин хилийн чанадад гаргаж, мэдээлэл технологийн хувьд ч хөгжиж байна”. Чүн Хи-гийн ярианы хаалга ч бага багаар нээгдэж буйг энэ өгүүлбэр баталж байх шиг. Харин Америк тэргүүтэй улсууд ажилчид илгээх бодлогыг нь цөмийн хөтөлбөртөө хөрөнгө босгохын тулд явуулж буй “боолчлол” хэмээн тайлбарладаг гэж тэр дургүйцэв.

Чүн Хи-гийн хувьд улс орных нь талаар дэгсдүүлдэг хүмүүст дараах үгийг хэлэхийг хүсдэг: “Мэдэхгүй зүйлийнхээ талаар хамаагүй ярьж болдоггүй”. “Бусад хүмүүс манай орныг хэтэрхий аймаар гэж ярьдаг. Хэрвээ тийм байсан бол хүмүүс амьдарч чадахгүй шүү дээ. Бид тэнд сэтгэл хангалуун амьдардаг. Тэдний хэлээд байгаа харанхуй бидэнд саруул гэгээ” гэж Чүн Хи хэлсэн.

Пхёньян хотын өмнөд хэсэгт байрлах гар гараасаа барьсан хоёр эмэгтэйн аварга том дурсгалыг би BBC-гийн баримтат киноноос олонтаа харж байлаа.

Уг дурсгал хоёр Солонгос нэгдэхийг бэлгэдэн сүндэрлэдэг. Хойт Солонгосчууд албан ёсны газрын зурагтаа Умард болон Өмнөд Солонгосыг нэгтгэн “БНСАУ” гэсэн нэртэй нэг улсаар дүрсэлдгийг тэр хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ч Чүн Хи нэг хэлтэй, нэг цустай энэ ард түмэн хэзээ нэг өдөр нэгдэнэ гэдэгт итгэн, бусдын адил нэгтгэхийн төлөө зүтгэж байна хэмээн бодож явжээ. Харин хилийн гадна түүнийг огт өөр байдал угтсаныг харамсангуй хэлэв. “Монголд ирээд би Өмнөд Солонгосчууд өөр бодолтой байдгийг мэдсээн. Тэд биднийг зэрлэг бүдүүлэг, айдас хүйдэс дагуулсан хүмүүс мэтээр хардаг юм билээ”. Биднийг нийтлэлээ бэлтгэх зуур Солонгосын хойгт буун дуу гарч, 11 жил чимээгүй байсан Өмнөд Солонгосын ухуулгын чанга яригч ассан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Гэвч энэ бүхэн хоёр талын уулзалтаар эцэс болсон. Чүн Хи-гийн хувьд хоёр Солонгос нэгдэх нь үүн шиг л цаг хугацааны асуудал ажээ.

Ард түмэн нь Чүн Хи-гийн нэгэн адил агуу жолоодогч, мөнхийн удирдагч, бас түүний хүү хүндэт генерал Ким Жон Ун-даа итгэнэ. Төрөхөөс нь эхлэн эргэн тойронд нь өрнөсөн коммунист үзэл тэднийг нөхцөлгүй эх орончид, удирдагчдаа үхтэл үнэнч, нийгмийн тогтолцоондоо сэтгэл хангалуун байхад сургажээ. Харин сүүлийн 50 жил хориг арга хэмжээнд хүлэгдсэн “Даяанч вант улс”-ын ирээдүйн юунд итгэх вэ гэдэгт хариулт хараахан олдоогүй л байна.

2014 онд хоёр тал Монголын барилга, үйлдвэрийн салбарт таван мянган солонгос ажилчин ажиллуулах гэрээ үзэглэсэн. Гэрээний дагуу өдгөө Монголд 2000 орчим Хойд Солонгос ажилчин хөдөлмөрлөх болжээ. Тэд цөм хараа хяналтад байдаг учраас ярилцлага авна гэдэг бараг л бүтэшгүй хэрэг болохыг би биеэр мэдэрсэн билээ.

Олон улсын байгууллагууд, НҮБ-ын судалгаагаар өнгөрсөн жил өлсгөлөн, эрх чөлөө, гадаад ертөнцөд гарах, Өмнөдөд буй хамаатнуудтайгаа уулзах гэх мэт шалтгаанаар 1396 иргэн төрсөн нутгаа орхин гарсныг мэдээлсэн. 2011 оноос өмнө уг тоо хоёр дахин их байсныг Ким Жон Ун БНХАУ-тай хиллэх хилийн шугамын 1416 км тутам дахь харуул хамгаалалтаа чангатгаснаар одоогийн тоонд барьжээ. Үлдсэн 25 сая хүний хувьд удирдагчид, улс орныг жолоодогч генералууд ямар итгэл амалж чадахыг хэн ч мэдэхгүй. Умард Солонгосыг ганцаардсан, ичимхий, эсвэл хэт биеэ тоосон алинаар нь ч илэрхийлэх аргагүй. Ойлгомжгүй энэ зангаасаа болж хүнсний хомсдол, эдийн засгийн хоригтой тулгарна. Хэвлэл мэдээлэлд нийтэлснээр Зүүн Хятадын далайг чиглэсэн усан онгоцнууд буцаж ирэхдээ Хятадын бараа таваарыг тээвэрлэж авчирдаг. Түүн дээр олон улсын тусламжийн байгууллагуудаас илгээсэн тусламж хоол хүнсний гол эх үүсвэр болдог хэвээрээ л байгаа аж. Энэ бүхний шалтгааныг Чүн Хи “Америк тэргүүтэй орнууд манай улсад худалдааны хориг тавьдаг. Тиймээс л нөхцөл байдал хэцүү болж байна. Тэрнээс манай ард түмэн чадвартай” гэж хэлнэ. Бусад иргэд ч яг ийм үзэл бодолтой байдаг нь дамжиггүй биз. Олон улсын агентлагуудын мэдээлж буйгаар Умард Солонгосын ДНБ-ий 25 хувь нь цэрэг армид зарцуулагддаг. Улсын гол тулгуур “Сонгён” хэмээх хувьсгалч үзэл баримтлалд цэрэг арми хамгийн чухал гэж үздэг учраас тэр ажээ.

“Бидэнд Монголоос өөр итгэл найдвар алга гэж хэлж болно. Дэлхийн ихэнх орон бидний эсрэг үзэл санаанд нэгдэж байгаа. Харин Монгол бидний урьд өмнө нь төдийлэн мэдэхгүй шинэ газар. Тиймээс ч хүмүүс Монголыг их сонирхдог” гэж Чүн Хи ярилаа. Ардчилсан хувьсгал ялсны дараах 10-аад жилийн хугацаанд царцанги байсан хоёр улсын харилцаа сэргэн шинэ шатанд гарч ирэв. Улаанбаатар Пхёньяныг өрсөлдөгч талуудтайгаа үг хэлээ ололцох, эдийн засгийн шинэчлэл явуулахад нь тусалж, хариуд нь далайн боомтуудыг нь ашиглан байгалийн баялгаа гадагш гаргахыг хичээх болсон талаар Барууныхан бичдэг. Өнгөрсөн жил хоёр тал барилга, үйлдвэрийн салбарт таван мянган ажилчин илгээхээр гэрээлсэн. Энэ нь удирдагч Ким Жон Ун Орос, Хятадаас хэт хараат эдийн засгаа хөгжиж буй орнууд руу чиглүүлж, хөрөнгө оруулалт татан эдийн засгаа шинэчлэхийг хичээж буйтай нийцсэн нь гарцаагүй. Гэвч эдийн засгийн өөрчлөлт сүүлийн 60-аад жилийн хугацаанд хатуу сахилга батын дор тогтсон үзэл санааг өөрчилж, гадаад ертөнцийн өмнө үүд хаалгаа нээхэд хүргэчих нь юу л бол.

Ярианыхаа эхэнд тэр “Almost good” (ер нь гайгүй дээ) гэсэн хоёр үгийг ёс юм шиг хэлнэ.

Энэ нь ихэнхдээ асуултаас зайлсхийх цэвэрхэн арга байх бөгөөд түүнд үлдэж буй үнэн юунаас шалтгаалж буйг хялбархан мэдэж болохоор. Тэдний зүрх сэтгэлд удирдагчдынх нь үг, үзэл санаа Пхёньян хотын төвд тойрог хэлбэрээр босгосон цор ганц эрх барих хүчин Хөдөлмөрийн намын бэлгэдэл алх, бийр, хэмжигч барьсан гурван гарын нүсэр хөшөө шиг бат суусныг ямар ч ардчилсан солонгос хүний ярианаас мэдэж болно. Чүн Хи-гийн зүрхэн тушаа газарт Умард Солонгосчуудын мөнхийн удирдагч хэмээн өргөмжилдөг Ким Чен Ирийн хөрөг бүхий жижиг тэмдэг зүүлттэй харагдана. “Миний хамгийн их дурлаж уншсан бүтээл бол энэ ном. Манай агуу жолоодогч Ким Ир Сенийг төрсөн үеэс эхлээд Японы эсрэг дайнд тулалдсан талаар бичсэн “Иринтэй хамт” гээд найман боть энэ номыг их уншсан даа. Гайхалтай зохиол” гэж Чүн Хи хэлнэ.

Ким Ир Сений найман боть өөрийнх нь санаачилсан бага зэргийн шашинлаг суурьтай коммунист үзлийг олон нийтэд хүргэх цорын ганц цолгорсон арга байжээ. Коммунизм тогтохоос өмнө Зүүний Иерусалим гэгдэж байсан Пхёньян Ким Ир Сений эрх мэдэл хүчирхэгжихийн хэрээр өнгө зүсээ хувирган, библи уншихыг хориглож, христ сүсэгтнүүдийг цөллөгт илгээснээр шашны суурин дээр үзэл суртлын нүсэр байгууламж сүндэрлэн боссон гэлцдэг. Удалгүй агуу жолоодогч, мөнхийн удирдагч гэсэн хүндэтгэлт нэрс хүн бүрийн амнаас сонсдож, хот бүрийн хамгийн өндөрлөг, хүний нүдэнд тусахуйц цэгт удирдагчдын хөшөө сүндэрлэн босч, тэдний үзэл санаа нар адил бүхнийг гийгүүлсэн ажээ. Тиймээс ч Умардууд шашин шүтлэгээс илүүтэй “Дэлхий дээрх бүх ид шид бурханд биш чамд бий” гэсэн үзэл санаанд итгэж, хэцүү цаг үед ард түмнээ гийгүүлсэн генералуудаа хүндэтгэнэ.

Манан дундаас сүүдийн тодрох Пхёньяны дүнсгэр, хүйтэн төрхийг “Та хаана байна вэ, Хүндэт генерал” дууны ая улам ч жихүүдэс төрүүлэм болгодог гэх хүмүүсийн яриа ортой. Гэвч тэр дуу өглөө бүр хотын дээгүүр цуурайлахдаа түрэмгийлэгчдийн эсрэг ард түмнийхээ төлөө тулалдсан хүндэт генерал өдгөө ч бидний дунд үргэлжлүүлэн амьдарч буй гэсэн сэтгэгдлийг төрүүлэх ёстой. Мөнхийн удирдагч Ким Чен Ирийн бичсэн энэ дуу,

“Намрын хүйтэн салхи үлээхэд тэргүүн гудгар ч. Удирдагчийн дулаан ивээл бидний хүсэл зоригийг хөтөлнө” зэргээр үргэлжилдэг.

Олон улс юу гэж хардгаас үл шалтгаалан, бусад хүмүүс биднийг юу гэж хэлдгээс хамаарахгүйгээр тэнд эгэл жирийн хүний амьдрал өрнөдгийг ойлгоорой хэмээн Чүн Хи-гийн учирласны дагуу би түүний сэтгэл зүрхний үнэнийг зарим хэсэгт хүндэтгэн үзэх учиртай байлаа. Дэлхийн зүүн хойд биед, манай эриний хамгийн адармаатай нийгмийн нэгэнд төрж өсөн, өдгөө амьдарч буй энэ туяхан бүсгүйг байнгын бэлтгэл сургуулилалт, хатуу дэг журамтай сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээд тоглодог байснаар барахгүй аргентин Месси, англи Бэкхэм, франц Зиданы тоглолтыг шүтэн биширдэгт нь эргэлзмээр.

-Гэвч ээж минь намайг спортоор явуулахыг хүсээгүй. Багаасаа эрэгтэйлэг байсан болохоор тэр үү, эмэгтэйлэг байлгах талаар их анхаарч, мэдлэг боловсролтой хүн болгохыг хүссэн гэж тэр ярина. Бүрэг, ичимхий, эсвэл далд нууцлаг байдал Хойд Солонгосын соёлын салшгүй хэсэг гэдгийг ихэнх хүмүүс мэднэ. Тиймээс Чүн Хи-гийн хувьд өвдөгнөөс дээш гарсан богино банзал, хэт задгай энгэртэй цамц өмсөх нь байж болшгүй зүйлийн нэг. Харин Ким Ир Сений цэрэг армиа хүчирхэг байлгахын тулд 1971 онд баталсан эрэгтэйчүүд 30, эмэгтэйчүүд 28 насандаа гэрлэх шийдвэр ерээд оноос хойш тийм ч хатуу хэрэгжихээ байсан нь залуусын хувьд гадаад ертөнцийн өмнө хаалга нээснээс илүү сайхан хэрэг байжээ. Чүн Хи-гийн хувьд ийм шийдвэр байсан, байгаагүй өөрт нь таалагдсан хүнтэйгээ учиртлаа ганц бие байхыг илүүд үздэг.

Саваагүй, эсвэл эрээ цээргүй гэж болохоор хүсэлтийнхээ эцэст би өмнөхөөсөө олон асуулттай л үлдлээ.

Хүний амьдрал яаж эргэхийг, нөхцөл байдал хаашаа чиглэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ гэсэн Чүн Хи-гийн үг үнэн. Бид юуг ч таамаглах аргагүй. Олон аравны турш хүн төрөлхтнөөс зожгирсон 25 сая хүний ирээдүй түүний л нэгэн адил “Бид энэ замаар явах болно” (Танай улс хэзээ нэг өдөр өөрчлөгдөнө гэдэгт чи итгэдэг үү гэсэн миний асуултад тэр ингэж хариулсан) гэсэн эрс шийдмэг үзлээр гол зогоож байгааг мэднэ. Бас тэнд бүхнийг өөрийн атганд байлгахаар адгадаг дээрэнгүй үзэлд үл нухлагдахыг хүссэн хүмүүсийн эгэл жирийн амьдрал өрнөдгийг ч мэднэ. Америк сэтгүүлчийн ёжлонгуй тодорхойлсон шиг тэдэнд үнэхээр атаархах зүйл байдаггүй юу. Эсвэл тэдэнд гадаад ертөнцөөс атаархах зүйл өчүүхэн ч алга уу?

Пхёньянаас гадагш ганцхан удаа аялахдаа Чүн Хи өмнөд зүгийн хөдөө тосгонд очжээ. Оюутнуудыг ахуй амьдралтай танилцуулах төр засгийн шийдвэр түүнд олон зүйлийг ойлгуулсныг тэр хэллээ. “Тэнд л би тариачдын амьдрал хэчнээн хүнд хэцүү болохыг, биднийг хоол хүнсээр хангахын тулд яаж ажилладгийг мэдэрсэн. Түүнээс хойш ганц ширхэг будаа ч аягандаа үлдээхгүй байхыг хичээх болсон” гэв.

Үнэхээр түүний аяганд ганц ширхэг ч будаа үлдсэнгүй.

Түр хүлээнэ үү...
Top