ГЭГЭЭ ЗУУЖ НИССЭН ХАВРЫН ШУВУУ
2015-05-29 У.Бямбаням 608

(“Ус шиг цэнхэр”-т бичсэн хөрөг)

Өнөөдөр монголын уран зохиолын баримжаа (хүүрнэл, яруу найраг ялгаагүй) номын дэлгүүрт бүтээл нь сайн борлуулалттай, шинэ үеийн төлөөлөлд өөрсдийгөө тооцсон хэдэн залуусын жишгээр тогтож байна.Манай уран зохиол хамгийн уйтгартай үедээ явж байна хэмээн шүүмжлэгч Хасбаатар гуайн нэгэн цагт хэлсэн шиг энэ голдирол дагасан уйтгарт байдал удахгүй арилж, шүүмж судлал идэвхжиж, зааг ялгаа тодорно гэж боддог.Уншигчдад ялгаж салгах, шүүн дүгнэх боломж ихэнхдээ үгүй, зохиолчид нь тэдний хэрэгцээг харгалзан бичих болсон цагт бол бүр ч үгүй.Тиймээс ч уран зохиолын хөгжил нийгмийн хөгжлөөс хэтэрхий хамаарах болсон шиг санагдана.Үүнийг дагаад үндэстний утга зохиолын хөгжилд үнэтэй тус нэмэр болсон зохиолч, зохиолууд мартагдаж, барууны соёлыг даган дууриах сэтгэлгээний мананд бүдгэрч, болсон болоогүй орчуулгын зохиолоор тэр орон зайг дүүргэж буй нь харамсалтай.Прүст, Камюгийн нэрний өмнө Франц бичигдэж, Жойс, Фолкнер Англи хэлтний уран зохиолд хамаардаг шиг үндэстний утга зохиолын ертөнцөд чухал үүрэгтэй, зохиолуудыг нь мартах учиргүй, тэрхүү бүтээлүүд нь монголчуудын сэтгэлгээ болон уран зохиолын төлөвшилд чухал үүрэгтэй тийм зохиолчид бий.

Мартах учиргүй ийм нэг хүүрнэгч нь Пэрэнлэйн Лувсанцэрэн. “1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн  зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм” хэмээн Аюурзанын тэмдэглэсэн нь харуусалт үнэн билээ. Кавказын ууланд болсон тэр осол Монголын уран зохиолын хойчийн гэрэлтэй, чиг зүгтэй байх асан төлөвшилд багагүй өөрчлөлт авчирсныг өдгөө бид харж байна.1962 онд “Нар шингээгүй” өгүүллэгээ барьсаар Монголын уран зохиолын хаалгаар эмээнгүй орж ирсэн тэр хүн өдгөө хүүрнэл зохиолын өмнөө хэлэх зохиолчдын тоонд зүй ёсоор багтжээ.1966 онд Горькийд сурч байхдаа зохиолч П.Пүрэвсүрэн гуайд нэг их урт захидал бичиж, “Ус шиг цэнхэр” гэсэн өгүүллэгээ хавсарган “Залуучуудын үнэн”-д хэвлүүлж өгөхийг хичээнгүйлэн гуйсныг ёсоор болгох гэхэд “Энэ зохиол орчин үеийн сэдэвтэй бус, залуусын амьдрал тусаагүй тул нийтлэх боломжгүй” гэсэн хариу авсан инээдтэй, хөөрхийлөлтэй ч гэмээр түүх байдаг. Ингээд тэр үеийн “Цог” сэтгүүлийн эрхлэгч асан Дамдинсүрэн (Өвгөөдэй)гуайд аваачиж өгснөөр хэвлэгдэн, уран зохиолын хүрээллээс хальсан шуугиан тарьсан гэдэг.

Цаг хугацаагаа, нийгмийн тогтолцоогоор нь үзвэл чамгүй хугацаа өнгөрсөн ч дээрх байдал нэг их өөрчлөгдсөнгүй.Лувсанцэрэнгийн бүтээл номын дэлгүүрт зарагддаггүй, зарагдлаа ч хүмүүс авахгүйн учир нь бид уран зохиолын хэлбэрт илүүтэй анхаарч, орчин үеийн уран зохиол нь хот, хотын хүний амьдрал, иргэншлийн асуудлыг хөндөх ёстой гэсэн явцуу сууринаас хандаж, мал малчинг дүрсэлбэл хуучин, хөдөөний шинжтэй юм гэсэн бүдүүлэг дүгнэлт хийдэг зангаасаа салаагүй учраас тэдгээр бүтээлүүд цагийн савсалгад мартагдаж буй нь тэр. Хэмингуэйг тэртээ 1950-иад онд Куба загасчныг дүрслэсэн гээд, Шекспирийг Дундад зууны үеийн Английн хаант засаглал, элэр балрыг сурталдсан гээд дэлхий уншихаа байх нь яасан юм бэ. Уран зохиолын үнэлэмж ийм байдлаар явдаггүй нь харамсалтай. Ус шиг цэнхэр торго авчраарай гээд үлдсэн баруун говийн бүсгүй, хилийн чинадад гарч хэд төгрөг олох санаатай явж буй найз залуугаа үдэн, онгоцны буудал дээр зогсоо бүсгүй хоёрын хооронд өмссөн зүүсэн, ажил мэргэжил цаг хугацааны ялгаанаас давсан хамгийн том ижилсэл нь хүн гэдэгт оршино.Тэд шаналдаг, баярладаг, уйддаг, урвадаг, бас хайрладаг.Мөн энэ мэтийн амьдрал, хувь тавилангийн шоглоом дэлхийн хаана ч өрнөж л буй.Малчны хайр маниусынхаас өөр байдаггүй нь сайхан.Тиймээс л зохиолын өгүүлэмжээс урган гарах утга агуулгыг зөвхөн баатараар нь, дүрүүдээр нь үнэлнэ гэдэг барагтайхан хүний хийх ажил болж таарна.

1969 оноос эхэлсэн “Нар шингээгүй”, “Оддын доор”, “Хаврын шувуу” түүврүүд монголын хүүрнэл, тэр дундаа богино өгүүллэгийн бичлэгийг шинэ шатанд авчирсан гэж би хувьдаа үздэг. Соцреализм шувтрах тийшээ хандсан ч уран зохиолыг ямар нэг баригдмал сэдэл санаа, үзэл суртлын хандлагад чиглүүлж асан 60-аад оны сүүл үед түүний бүтээлүүд монголын уран зохиолын ирэх чиг хандлагыг тодорхойлсон юм. Яг энэ сэдлээр 80-аад оны утга зохиолд шинэ хандлага бүхий хэд хэдэн зохиолчид төрсөн байдаг. Үеийнхэн нь үүнийг Лувсанцэрэн Горький төгсөж ирээд МЗЭ-д “Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч”-ээр ажилласантай холбон дурсдаг.Москвагийн Бутырины гацаанд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн оюутны байранд сүүтэй цай чанаж монхордуу хамар нь хөлөрч, хүүхнүүд шохоорхом сэргэлэн нүд нь талимаарч, шинэ өгүүллэгээ уншиж, хөдөөд өнгөрүүлсэн амьдралынхаа тухай сонин сайхныг хуучилдаг байсан тухай нэгэн сайхан дурсамжийг Д.Гармаа гуай өнгөрсөн оны “Өнөөдөр” сонинд бичжээ. Авьяас зүтгэлийг нь таньж, Горькийд явуулсан тэр үеийн зохиолчдын хорооныхонд өөрт минь огт хамаагүй харь атал баярласаар явна.Харь оронд үргэлжилсэн үгийн зохиолчоор суралцсан тэр таван жил л түүнд “Ус шиг цэнхэр”, “Зүрх мартахгүй”, “Сарны сонат” зэрэг олон өгүүллэгийг нь төрүүлж өгчээ.Эх орноосоо хол, тэр бүхнээ санан дурсах сэтгэл ч бүтээл төрсөн нөхцөлтэй холбоотой биз.

Тэрхүү “Ус шиг цэнхэр” нэрийг сонсмогц барьж, тогтоохын завдалгүй хөнгөн гуниг тээж, хаа нэгтээ тавиад мартаж орхисон чухал зүйлээ санах мэт сэтгэл дэнсэлдэг нь сурагч ахуйдаа уншсан анхны сэтгэгдлээс үүдэлтэй байжээ.Гэнэн томоогүй явахдаа ус шиг цэнхэр торго захичихаад хүний өрх татан,хошуу алгасаж одсон амрагаа дурсахЖанцангийн ( өгүүллэгийн дүр) нэгэн адил мэт тийм нэг өвдөлтгүй зовиур. Үнэхээр ч, өгүүллэгийг уншаад дуусмагч сэтгэлд борооны гэмээр үүлгэрхэн, хөнгөн усан хөшиг цэнхэрлэн татдаг нь сонин.Бүхэлдээ гэж хэлэхэд хэт ойворгон ч, хүний дотоод сэтгэлийн таньж баришгүй үзэгдлүүдийг ил хөврүүлэн нарийн мэтгэдэг зохиолч тийм ч олныг нэрлэхгүй.Нэгэн цагт зохиол бүтээлээ туурвиж асан С.Эрдэнэ, хожим нь Д.Батбаяр, П.Баярсайхан гээд л төгсгөх жишээтэй.Жингийн цувааг үдээд, даваан дээр хоцрохтой зэрэгцэн сэтгэлд нь эргэж хургах залуугийн дурсамжид түүртэн, өтөлж өвгөрөх ертөнцийн жам ёсны өмнө тамирдан бухимдах Жанцан уншигчийн сэтгэлд сүүлчийн тэмээний хүзүүнд дүнгэнэн тэртээ гүвээг давж буй хонх шиг үл мэдэх цуурай үүсгэдэг.

“Би гэрэл гэгээтэй тэнүүн сайхан амьдрал мөрөөдсөн юм” хэмээн харуусан, өрөөний буланд уйлж суугаа “Нар шингээгүй” өгүүллэгийн дүр ч ялгаагүй хэзээ нэгэн цагт итгэл тээн, дотносож явсан хэн нэгнийг, эсвэл тийм нэгэн гунигт дурсамжийг сэдрээж, хажууханд бүсгүй хүн харамсан уйлж суух шиг сэтгэл тавгүйрхдэг юм. Гэвч тэр нь таатай тавгүйрхэл.Эмэгтэй дүрийнхээ дотоод сэтгэл унал гутрал, баяр жаргалын урвалыг торгон мэдрэмжтэйгээр, гайхалтай нээж өгснөөрөө энэ бүтээл түүнийг уншигчтай чамгүй дотно танилцуулсан ажээ.Цэрэн хар мууг санадаггүй гэнэн цагаахан насандаа дурлал шохоорхлын дөлөнд итгэн өөрөөсөө нас ахимаг хүнтэй ханилж, ажил алба ч гэж түүртэлгүй, бүх зүйл нь бэлэн хангалуун амьдралд умбасан ч сэтгэл зүрх аажимдаа унтарч, хүсэн тэмүүлсэн тэр жаргал нь юу болохыг мэдэхээ байна.Харин хадлан дээр Найдантай танилцсанаар чухам хэрхэн амьдрах ёстойгоо ойлгодог.Гэвч хэн нь ч бусдыг хуурсангүй, гэмгүй дотно нөхөрлөнө.Эцэстээ нөхөрт нь бие биенээ хайрлах сэтгэлийн дотно харилцааг ойлгох сөхөө байсангүйд харамсан уйлж суугаа нь тэр.Дээрх өгүүллэгийн үйл явдал товчхондоо ингэж өрнөнө.Гэвч миний энд нуршин буй яриа, үйл явдлын тоочилт өгүүллэгийг уншихын энд хэзээ ч хүрэхгүй бөгөөд унших сэдэлд чинь таацуулж байгааг анхаарах буй за.Гариг эрхсийн дундаас “дэлхий” гэж нэрлэсэн энэ бөмбөрцөг дээр л амьдрал үргэлжлэх боломжтой гэдэг.Тэгвэл уран зохиол дэлхий дээрх өөр нэгэн дэлхийг бүтээдэг.Бидний танихгүй, мэдэхгүй хүмүүсийг дурлуулж, учруулж, үхүүлж, шаналгаж тэрхүү зэргэлдээ ертөнцийн хаалгаар бид шагайн байж л өөрсдийгөө бага ч атугай таньж, үнэн төрхөө олж хардаг.Тиймээс ч зохиолд бидний дунд хэвшил болсон, өдөр тутмын амьдралд тохиодог үзэгдэл, үйл явдлыг нурших нь хэнд ч сонирхолгүй, тэндээс таних мэдэх юу ч үгүй.Нийгмийн хүнд бараан сэдэв, эсвэл түүхэн баатарлаг явдлыг барьж, уншигчдын хүсэл сонирхлыг дагасан бүтээл туурвих нь ч ялгаагүй дээрхийн адил.Тэнд хүн өөрийгөө танин мэдэх, бодож сэтгэх ямар ч боломж өгөлгүй, үйл явдлаараа хөтлөн, зөвхөн зугаацуулах үүрэгт дулдуйддаг нь уран зохиолын жинхэнэ мөн чанартай үргэлж харшилдсаар ирлээ.Харин Лувсанцэрэнгийн богино өгүүллэгүүд баатаруудынхаа дотоодод төвлөрч, бодрол, монолог шинжтэй бичигдсэнээр сэтгэл дэх мянга түмэн хувирлуудыг уншигчдын өмнө илчилж, мөнөөхөн хийсвэр дүр бидний дунд амилан бүтдэг онцлогтой.

“Мөнгөн аяга” өгүүллэгийн Очир дарханыг нутаг даяараа л амь үрэгдсэн хүүдээ аяга хийж байна гээд шөнө өдөргүй суух юмдаа. Хүүг нь өнгөрсөн гэдгийг нуугаад хэн ч хэлээгүй, улирч алба хаахаар болсон гэхээр тэгдэг биздээ хэмээн ярьж байхад тэрээр, “Эмгэнийг л өнгөрөх юм бол энэ аягыг дутуу ч хамаагүй орхино. Би энэ эмгэнийг л хуурах гэж ингэж суугаа юм.Бид хоёрын хүү эргэж ирнэ гэдэг өнгөрсөөн.Амьтан нуугаад байгаа юм.Би хамаг учрыг гадарлаж байнаа.Бүсгүй хүн угаас богино жолоотой.Энэ аягатай миний ноцолдож суугааг хараад хүү минь амьд яваа хэмээн сэтгэл нь хууртаж суугаа амьтан” гэж бодож суудаг. Хүүгээ гэсэн хөгшиний сэтгэл, хэн хэнийг нь гэсэн Очирын сэтгэл, тэр дунд юуг ч тааж таамаглаагүй нутгийнхны сэтгэлийн холбоосуудыг тэр ийн урласан. Түүний өгүүллэгүүдийг хуучны, хөдөөний, орчин үеийн сэдэвтэй биш гэсэн явцуу ойлголтоороо мартан орхигдуулбал ердөө л Очир өвгөнийг нутгийхан нь тодорхойлсон шиг ядмагхан тодорхойлолт болж хоцорно гэсэн үг.

Хэд хэдэн бүтээл нь хэвлэгдсэний дараа Ш.Гаадамба гуай Явуухулангийн “Харахаас ялдам хонгор бүсгүй” шүлэгтэй түүний богино өгүүллэгийг жишин, уран сайханы нээлт гэдэг үүнийг хэлэх авай хэмээн дуу алдсан ч зөрж, няцаах хэрэггүй үнэн. Тэр монголын хүүрнэл зохиолын ертөнц дэх Явуу байжээ. Үүнийг Нурамтын өвөрт өвөлжөөний хашаа барихаар цугласан таван өвгөнөөр л баримжаалахад хангалттай. Өтөл насандаа ховор тохиолдох мартамгүй жаргал шиг санагдах, энэ таван өвгөцүүлийн хэд хоногийн хээрийн амьдрал ингэж эхэллээ хэмээн зохиолчийн бичсэнчлэн өвөлжөө барихдаа ч бус нас ахих тусам мэдрэх амьдрал жаргалын үнэ цэнийг цэгнэх, үе тэнгийн хэдтэйгээ олонтой ингэж суухгүйгээ мэдсэн “Өвгөн шувуу”-гийн Жавын нэгэн адил Халзан Хаймчиг залуу цагтаа үерхэж нөхөрлөсөн дөрвөн өвгөнөө уруу татсан нь тэр. Хүүхэд багачуулын хараанаас жаахан холдож, шажин шуугианаас хөндий нэрмэл халаан, галын дэргэд суугаа тэдний сэтгэлийн нарийн сайхан бүхнийг Нурамтын өвөрт тэр л дэлгэж чаджээ. Түүний баатарууд амьдралын хүнд нугачааг давж гарсан зүдгүүрт амьдралтай боловч төсөөлөхийн аргагүй сайхан сэтгэлтнүүд байдаг. Яг л “Сарны сонат”-ын Жанжаа шиг… Зохиол бүтээлтэй нөхөрлөсөн охорхон хугацаандаа тэр “олсон санаагаа тодорхой амьдрал болтол, баатаруудынхаа дүрийн амьд хүн болтол бүтээнэ гэдэг маш төвөгтэй, зовиур шаналгаатай ажил юм” хэмээн тэмдэглэн үлдээжээ.  Энэ мэт шалтгаанаас л монголын уран зохиолд “хүүрнэл яруу найраг” гэсэн сэм үгс цухалзаж, С.Дашдооров, П.Лувсанцэрэн, С.Эрдэнийн утга уянга, сэтгэлзүйн богино өгүүллэгүүд тод томруун үлдсэн юм.

Г.Аюурзанын эмхэтгэсэн “Монголын сонгомол өгүүллэг” түүврээс цааш түүнийг төдийлөн олон хүн мэддэггүй нь надад чамлалтай санагддаг.“Хаврын шувуу”, “Нар хиртэхгүй”, “Оддын доор”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал”, “Хөдөөгийн дуун” зэрэг алийг нь ч муу гэх газаргүй эдгээр бүтээлийг номын сангийн тавиур дээр харах бүртээ олзуурхан шүүрч, хэдэнтээ эргүүлдгээ нуух юун.Тэнд л монгол хэлний энгүүн сайхан хэл найруулга, донж хийц, хүний сэтгэлийг тольдсон нарийн нандин бүхэн нуугдаж байдаг учраас тэр.Сүүлд харин “Борзооны явдал” туужийн шинэ хэвлэлтийг номын дэлгүүрт олж үзээд долоо хоног тутмын сэтгүүлийн номын буланд хүүхдийн уран зохиолоос унших номонд нэн тэргүүнд оруулан бичсэн билээ.Судлаач, шүүмжлэгчид эл туужийг цаг үетэй нь холбон, дайн байлдааны хүнд бэрх нөхцөл хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлсөн тухай гэж ярьдаг ч хийсвэр, уран сэтгэлгээгээр өөрийн ертөнцийг бүтээдэг тэдний хувьд энэ бүтээл хэзээ ч хуучрахгүй юмдаг.Бидний багад дотуур байраар дүүрэн иймэрхүү яриа гардаг байсан нь одоо бодоход Уэлт Дэснэй, Дрэйм Ворксын кинонуудаас ч дутахааргүй фантаз, уран сэтгэмжтэй санагдана.Тампуулин багшийн эл түүхийн тухай 80-иад оны эхээр “Гэгээн алсад одох юмсан” түүвэрт Ц.Энхбат шүүмж бичсэнээс өөрөөр хэн ч ярилгүй уджээ.

Хорвоо ертөнцөд мартаж санах учрал тохиол цөөнгүй.Гэвч мартаж болохгүй зүйл гэж бий.Уран зохиолын хөгжлийн дагуу, бичигдээгүй хуулиар цагийн замд бүдгэрч мартагдах нь муу зохиолын жишээ боловч нийгэм төвтэй уран зохиол газар авсан, жинхэнэ болоод хуулбар, муу зохиолын зааг ялгааг харж чадахаа байсан энэ үед энэ мэтийн жинхэнэ зохиолууд цагийн саалтад орхигдоно гэдэг харуусалтай.39 оныг бидний дунд үдэж, 10 гаруйхан жил уран зохиолын ертөнцөд амьдраад одохдоо тэр чамгүй зүйлийг бүтээсэн, харин тэр бүтээсэн үнэтийг үнэлж, хүндлэх сэтгэл бидэнд байх учиртай.Гэгээ зууж нисэн ирээд хүмүүний сэтгэлийг гэрэлтүүлчихээд хавраар буцсан хүндэтгэлт зохиолчийн тухай энэхэн үгсийг хэлхлээ. Тэнгэрийн хаяанд тэртээ уулсын сугаар ус шиг цэнхэр манан хөшиглөн, нүргээнт хотын амьдралаас зугтмаар санагдана. Зун ирж бас буцаж байна даа.

Уртнасангийн Бямбаням

Түр хүлээнэ үү...
Top