ПИГИЙН АМЬДРАЛ
Зохиолч: Янн Мартел, Орчуулагч: Батсайханы Сувддулам

Дэлхий дахины дөчин хэлэнд орчуулагдаж, 10 сая хувь борлогдсон "ПИГИЙН АМЬДРАЛ" хэмээх гайхалтай романы тухай та лавтай сонсож байсан биз ээ. Тэгвэл бид дэлхийн орчин үеийн утга зохиолын сор бүтээлүүдийн нэг болох уг романыг зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу, Канадын Westwood Creative Artists хэвлэлийн агентлагтай хамтран монгол уншигчдадаа өргөн барьж байна. 

Амьдралыг далай хэмээн сэтгэвээс бид их усны аясаар хөвж яваа бяцхан завьтай аялагчид юм. Дарвуулаа босгож, сэлүүрээ агсаж бие сэтгэлийг хатамжлан бэлдлээ ч далайн шуурга дэгдэж, хүчит давалгаа эрчилвээс мяндсан утсаар нэхсэн дарвуул босгож, мянган гараар зэрэг сэлүүрдээд ч усны хүслээр болох буюу. Хувь тавилан, жам ёсны өмнө бид үргэлж ийм золгүй, толгой бөхгөр, харц дорд орших ёстой юм гэж үү?

Хүн төрөлхтний мөнхийн шаналлын эх болсон энэ асуултад дэлхийн шинэ үеийн утга зохиолын гол төлөөлөгчдийн нэг Янн Мартел “Пигийн амьдрал” зохиолоороо өөрийн хариултыг өгчээ. Түүний эл ном дэлхийн олон сая уншигчдад амьдрах итгэл, хувь тавилангийн өөдөөс сөрөн зогсох их хүч хайрласан юм. “Пигийн амьдрал” бол бодит түүхийг уран сайхнаар сүлж, цэцэн ухааныг егөө наргианаар сүлжиж, инээд нулимсны давс хужрыг тааруулан, эмгэнэл, аз эзийн ир мохоог ташлуулан бүтээсэн сайн инжааны шилдэг бүтээл билээ.

Зохиолч Янн Мартел 1963 онд Канадад төржээ. “Пигийн амьдрал” роман нь 2002 онд англи хэлт утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Мэн Бүүкэрийн шагналыг (Man Booker Prize) хүртэж, Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг жаран нэгэн долоо хоног тэргүүлсэн юм. 2012 онд “Пигийн амьдрал” романаар хятадын нэрт найруулагч Ан Ли ижил нэрт кино хийж, Оскарын хэд хэдэн төрөлд шагнал хүртсэн билээ.

Энэхүү гайхалтай бүтээлийг залуу орчуулагч Батсайханы Сувддулам уран яруу, утга төгөлдөр орчуулан монгол уншигчдадаа барилаа. Бид бүтээлийн сонголт, орчуулгын чанараараа ямагт тэргүүлдгийг эл сонирхолтой роман баталж чадна гэдэгт итгэлтэй байна.

Романыг уншаад утга зохиолын бүтээлийг дэлгэцийн бүтээлээр нь шүүх боломжгүйг та ойлгох биз ээ.

Хэвлэгдсэн он 2017
ISBN 99978-823-4-2