Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй
Зохиолч: Милан Кундера, Орчуулагч: Жалан-Аажавын Тэгшзаяа

Орчин цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг чех гаралт франц зохиолч Милан Кундерагийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээл. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэрэг зохиолчийн онцгой арга барил "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романд хамгийн тод илэрснээрээ уг зохиолыг орчин цагийн үгийн урлагийн нэн содон шидээвэр болгосон юм.

"Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь энэ зохиолын суут чанар юм" хэмээн Sunday Times-аас тодорхойлсон нь уг зохиолын хамгийн магадтай дүгнэлт болов уу.

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр, зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу Тагтаа Паблишинг ийнхүү хэвлэн гаргаснаар дэлхийн уран зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг Милан Кундерагийн зохиол бүтээлээс монгол хэлт уншигчдад хүрч буй анхны тохиолдол болж байна.

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романаар 1988 онд ижил нэртэй кино хийгдсэн байдаг нь дэлгэцийн бүтээлийн хувьд өндрөөр үнэлэгддэг ч уг кинонд эх зохиолын амин сүнс, онцгой чанар нэлээд хувиар гээгдэж бүрэн илэрхийлэгдээгүй гэж судлаач, уншигчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг ба зохиолч Милан Кундера ч зохиол бүтээлийг нь дэлгэцийн бүтээл болгон хувиргах явдлыг хатуу хориглох болсон юм.

Хэвлэгдсэн он 2017
ISBN 978-99978-0-833-2
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Ulzii Altansukh
Яаж ч явж байгаад уншчихав. Нэрнээс нь болчихов уу даа. Нэр нь маш таалагдсан гэхүүдээ. Уншаад яаж хөнгөн оршихыг мэдье, суръя гэсэн эсрэгээрээ үйл явдал нь маааш хүнд, олон зүйл бодогдуулсан ном байлаа. Уншиж дууссаны дараа хэтэрхий гунигтай байна.
Номын үйл явдлын тухайд Томас, Тераза 2-ын хайр дурлалын тухай ба Томасын урвалт, Томас Теразаг өрөвдөх нь хайр уу эсвэл өрөвч сэтгэл үү??? Номон дахь олон араар тавилтаас илүү дайны дараа сэхээтнүүдээ хэлмэгдүүлж буй нь их эмзэглэмээр санагдлаа.
Орчуулгын хувьд дажгүй болсон байна. Бичилт бас их өвөрмөц юм. Нэг юмыг 2 талаас нь харьцуулж, эсвэл эсрэг талаас нь бичсэн нь философийн ном ч юм шиг.
Юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй ном байна. Дүгнэхэд хэтэрхий хүнд зохиол, бас эмгэнэлтэй. Амьд үлдэх хүн амьтан алгаа.
Би бол бараг ахиж сөхөж харахгүй байх. Сэтгэлд бөөн хар үүл хуруулчих шиг санагдлаа.

Anya
Бүх зүйл өөрийн гэсэн зөв цагтаа болдог. Мөн өөрийн гэсэн хугацаатай...

Милан Кундера "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" энэ номыг анх гараад бест селлер байх үед нь авсан боловч уншилгүйгээр (нээж ч бараг хараагүй байх) жил шахуу хадгалжээ. Хэд хоногийн өмнө гэнэт яагаад ч юм миний сонголт болоод уншиж эхлэв. Хэрвээ би энэ номыг авсан даруйдаа уншсан бол ойлгож мөн чанарыг нь таних биш ердөө л "усан нүдэн гүнж" болох байсан байх.

Энэ номноос:
-‎Хэн нэгэн хүний хүүхэд насандаа авсан сэтгэлийн шарх (юу ч байж болно, хэн нэгний тоомжиргүй эсвэл албаар хэлсэн үг, хийсэн үйлдэл, өссөн орчин гэх мэт) хүний амьдралд (бидний хэлж заншснаар "хувь заяа") хэрхэн нөлөөлдөг тухай;
-‎Нэгэнт бий болсон "БИ"-г хэрхэн чиглүүлж, зөв замд нь оруулах тухай;
-‎Өөрийгөө сонсох нь хичнээн чухал болохыг дахин сануулж;
-‎Хүмүүс хөнгөн хийгээд хүнд хэрхэн ОРШИН буй тухай;
-‎Чиний жинхэнэ гэж боддог "хайр" яг үнэндээ зүгээр л хэн нэгнийг өмчлөх гэсэн сэтгэл ч байж болох тухай;
-‎Бүх л зүйл учир шалтгаантай тухай гэх мэт олон зүйлсийг олон талаас нь бодож тунгааж мэдэрлээ.

Хүмүүсийн хууран мэхлэлт, гуниг гутралын үеэр яагаачгүй байж Каренин нохойг нь өвдөөд нас барах үеэр ямар их гуниг төрөв өө. Хүмүүс яагаад амьтантай нөхөрлөж, тэднийг хайрладгийг ойлгож авсаан.

Хүнд хийгээд хөнгөн, хөнгөн хийгээд хүнд...

20180311

Battuya Tsendsuren
Романы нэр нь унших сонирхлыг өдөөж эхлүүлсэн ч нэр шигээ тийм ч сонирхолтой байсангүй, мэдээж миний бодлоор шүү дэ. Ямартайч романы бичилтийн хэлбэр нь их онцлог байлаа тухайлбал роман дөнгөж талдаа орж байхад гол дүрийн 2 баатар эцэстээ үхэх нь тодорхой болсон.Ер нь хэлбэр талаас дүгнэж болохооргүй гүн хоёрдмол утгатай юм. Мөн тухайн цаг үеийнхээ улс орны нөхцөл байдлын золиос болж байгаа хүмүүс, тэдгээрийн харилцаа болон амьдралд хандах "ХҮНД", "ХӨНГӨН" хандлага их онцой байлаа. Эцэст нь амьдрал гэдэг урт аялал оргүй хоосон зүйл мэт,хайрыг мэдрэх, аз жаргалтай байх эсэх нь тухайн хүний хандлага юм дөө мээдгүй нэг тийм хийсвэр учраа ч олохгүй мэдрэмжтэй дуусгалаа да. Гэхдээ уншаад үзчихэд бас гэмгүй юм. Something different

Lkhamsuren
FOR YOU, DEAR ….
I.

Хүлээсэн хоёрыг уулзуулах гэж

Мод навчсаа гөвдөг гэж би боддог

Дурласан тэд салхинд хийсэн бүжихэд

Тэнгэр ямар их атаархдаг бол

Яг л над шиг

II.

Чамруу тэмүүлэх сэтгэлийг зурж нэг үзлээ

Уртаас урт шат, олстой байх юм

Унавал чи бариад авах байх гэж итгэн

Чимээгүй дээшлэн жингүйдэн явна

Будрах цас шиг

III.

Цагийн зүү чиний инээмсэглэл хоёр л

Ухардаггүй, урвадаггүй гэдэгт итгэн

Цоо ширтэн чамайг би ховсдож

Өвдгөн дээрээ толгойг чинь тавиад

Үнсэх болгондоо сэрээмээр байна… Д.Л 2016.12

Энэ шүлгийг би нэг удаа, зөвхөн нэг л удаа уулзах ёстой хүнд зориулж бичсэнсэн. Хожим эл номыг унших үед шүлгийг засаж сэлбэсэн нь энэ. Уншихад их хөнгөн уншигддаг ч хуудас бүрт санаа алдуулах ид шид байдаг нь зохиолчын өнгө аяс юм шиг. Харин эх хэлээр минь хачин сайхан хөрвүүлсэн орчуулагч Ж.Тэгшзаяа танд их баярлалаа. Номыг уншихын хажуугаар найруулагч Майк Николасын"Closer" /2004/ гээд киног үзчихвэл за тэгээд бүр л сайхан болоод явчихна шүү дээ.

Eny Rebel
Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж.

Ari
Гуниг бол хэлбэр, аз жаргал бол агуулга. Аз жаргал гээч гуниг гансралынхаа сул орхисон зайг дүүргэн орших буюу.

Тэмдэглэл: https://medium.com/@iBold/%D0%BD%D0%B...

Doore Dooree
хэн бүхэн мэдэх боловч өөртөө хүлээн зөвшөөрөхийг (бүр бодохыг ч) хүсдэггүй бидний дотоод дүр төрх юм шиг санагдлаа. мэдээж хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь дотоодод минь байдаг нэг тийм таатай бус мөн чанар, номын хэллэгээр бол тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй (хариуцлагаас зугтаасан, хөнгөн оршихуйгаар аргацаасан түрхэн зуурын бидний амьдрал). Нөгөөтэйгүүр нийгмийнхээ золиос болон амьдарч буй хөөрхий хүмүүс гээд л .. том гүрэн жижиг улсуудыг яаж золиос болгон ашигладаг нь энгийн иргэдийн амьдралаар тод үзэгдэнэ. их хурц хурц үгийн сантай зохиолч бас орчуулагч юм аа. ( зохиолч их егзөр хүн байх даа гэж бодов ккк)
дахиж уншихаар ном!

Даваадорж Ишдорж
Хувьсах чанар, түрхэн зуурын зугаа ихэд чамин зүйлс хором мөч сүүлдээ гутамшиг эсвэл дараа болох. Эцгээсээ дайжин урвасан нь үнэн хэрэгтээ өөрөөсөө урвасан урвалт төдий. Олох зүйлс хувьсаж болох. Хувьсдаггүй зүйлс л БУРХАНЫ ХААНТ УЛСАД (диваажин) байдаг гэх. Нохой бол диваажингийн амьтан нохойг яасан ч тэр чамаас урвахгүй(нохой ямар нэгэн болзол, хардах сэтгэлтэй чамд үнэнч байхгүй) , харин хүний хувьд энэ нь жижигхэн оршихуйгаа баясгахын тулд зорилгодоо хүлэгдэхээс өөр аргагүй.
-Зорилго гэдэг утгагүй зүйл Тереза...Элдэв балай зорилгоос суллагдаж өөрийгөө чөлөөлөгдөхийг мэдрэх ямар гайхалтай тайвшрал гээч.

Bolortuya Ulziibat
Тэнгэрлэг агуу хийгээд дорд өчүүхний хооронд төөрөлдмөөр жаахан зай байдаг...

Uluud
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй gej yuu v