"Тэжээвэр" тэргүүт шилмэл бүтээлийн чуулган
Зохиолч: Далхаагийн Норов

Энэхүү ном төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын бүтээлээс “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газар уран зохиолын өндөр шүүлт шалгуураар сонгож хэвлэсэн шилмэл бүтээлүүдийн чуулган юм. Богино өгүүллэг, өгүүллэг, тууж, роман, кино зохиол зэрэг хүүрнэл зохиолын бүхий л төрлөөр тэгшхэн бүтээн туурвисаар ирсэн Д.Норов зохиолчийн бүтээлээс бид энэ удаа "Паанаг", "Үхэл хүлээх газар", "Хар гэгээ" зэрэг нийт 12 өгүүллэг, "Тэжээвэр", "Мөнхийн дуудлага", "Хөх сайрын чулуу" гэх алдартай 3 туужуудийг нь шилэн хүргэж байна.

Д.Норовын өгүүллэг, туужууд хүний дотоод сэтгэлийг төнхсөн нягт бичлэг, сэтгэлзүйн эрс тэс ялгарал, хүүрнэлийн баялаг чанараараа уншигчдад хүчтэй нөлөөлж, зохиолынхоо гүнд яв цав барьж чаддагаараа онцлогтой. Нэн ялангуяа туужууд нь түүний туурвилзүйн онцлогийг илэрхийлэх хөрс суурь нь юм. Д.Норов зохиолчийн хамгийн тулхтай зохиолууд туужийн хэлбэрээр бичигддэг нь санамсаргүй хэрэг биш болов уу. Энэ цагийн нэгэн гайхамшигт зохиолчийн туурвилзүйн ертөнц жирийн уншигчдын хувьд нууц хэвээр л байна. Тэр нууцаас энэ ном бага ч атугай хэлтэлж, хойчийн мэргэдэд нээхийн санаа төрүүлнэ хэмээн итгэнэ.

Хэвлэгдсэн он 2016
ISBN 978-99929-67-85-0
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Bayanjargal Munkh-Orshikh
Бид энэ хүний зохиол бүтээлтэй хэчнээн ойр явсан юм бэ. Гэсэн хирнээ огт шинээр мэндлэхдээ бүр гүн таньж чадах шиг болов. Ахуйд ойр гэж магтаж бичсэн мөртлөө сонсож, уншиж байгаагүй үгстэй тааралдана гэж төсөөлсөнгүй шүү. 


Тэжээвэр бол энэ шилмэлүүдийн сор нь юм.  Мөнхийн дуудлага дээр сэтгэлээ барьж дийлэх хүн гарах гэж үү. Мэдэх атлаа л аньсага чийгтэх нь энэ хүний авьяас чадварын илрэл биз. 

Ер нь энэ бүтээлийн чуулганд  илүүдсэн юм нэг ч алга. 


Нэг зүйрлэл олон орсон мэт санагдсан нь нохой юм уу даа. Гэвч ингэж саная гэхээр  Гөлөгөө болон Жингэр бүхэн гөлөглөдөг гэдэг нь ч юм шиг. Эсвэл уншиж таарсан нь тэр юм болов уу.

Nyamaa Ts
Надаас хол юм шиг санагдах ахуй, амьдрал. Миний сэтгэлийг хөдөлгөх хүмүүс. Дүрүүд биш хүмүүс гэж онцлон хэлмээр байна. Монголынхоо уран зохиолд мэдлэг дутуу ханддаг байсандаа өөрөөсөө үнэхээр ичмээр санагдсан. Энэ номны надад үлдээсэн сэтгэгдэл нь яг л Д.Батбаярын "Айсуй баярын зөн" шиг. Цаг өнгөрөх тусам сэтгэлд дотно. Дахин дахин бодход ч шинэ хуучин нь хамаагүй ямар нэг амьд зүйл байдаг.

Ganbat Enhkbaatar
Шилмэл бүтээлийн чуулган гэдэг нэрэндээ таарсан үнэхээр гайхалтай бүтээл болжээ.

Ag
Мөнхийн ус - Мөнхийн ус өгсөн эмэгтэйг төсөөлөх гээд ердөө ч нэг хүн болж төсөөлөгдөж чадаагүй шүү. :)

Үхэл хүлээх газар - Ахмадын асрамжийн газрыг хэзээ ч тийм хэцүү, муухай гэж төсөөлж байгаагүй. Шоронгоос дор газар гэдгийг уншаад дотор нихх тийм гэж хэлэхийн эцэсгүй хоосон мэдрэмж төрсөн. Яагаад ахмадын асрамжийн газар гоё байж болдоггүйн бол? Яагаад хүсэн тэмүүлдэг амралт шиг нь байж болдоггүйн бол. Яагаад ямар ч очих газаргүй, үхэхээс өөр хүлээх зүйлгүй улс болж хувирдын бол гэж бодогдсон. Зохиолоосоо гараад бүрр огт өөр юм бодоод явчихсан, эргээд орохоор л гуниглачихаад. Асрамжийн газрын ажилтнууд, дарга нь ч ямар муухай юм бэ гэж бодогдоод гомдоод. эмээ, өвөө нар минь гэж бидний хувьд хүний дээд улсууд байдаг гэтэл тэнд байгаа хөгшид... мидкүэ мидкү

Тэжээвэр - юм юмтай өгүүллэг... мэдкүэ тэгж их сэтгэлд хүрсэнгүй... Аюурзаны зөнгөр, өөрийнхөөрөө, дураа хүрэхээр хаашаа ч хамаагүй тэнэчихдэг дүр, Л.Сарантуяагийн энэ цагийн бүх шинжийг багтаасан дүр... ямартаа ч хүлээлтэд хүрсэнгүй... Уг нь их гоё илэрхийлэлтэй бичдэг хирнээ, энэ туужийн сэдэв нь таалагдахгүй байх шиг байна.

Lkhamsuren
Энэхүү хүний зохиол бүтээлтэй анх удаа танилцаж буй минь энэ дээ гэж бодож байтал үгүй юм аа. Юу гэхээр хүүхэд насны кинотой холбоотой олон дурсамжын нэг болох найруулагч Д.Баярсайхан, О.Бат-Өлзий нарын бүтээсэн "Зүрхэнд шивнэсэн үг" киноны эх зохиол болох "Мөнхийн дуудлага" тууж нь зохиолчын шилмэл бүтээлүүдийн нэг аж. Хүн бүрийн зүрхэнд шивнэж чадсан үг болох салаа гэзэгтэй бор охины нулимсаа тэвчин байж хэлдэг "Мөн ч их хүлээсэн дээ. Ээж хэлээрэй гэсэн юм" жирийн боловч үгсийг хүн бүр санах байх. Яг л үүнтэй адил Монгол ахуйн олон талт илэрхийлэл болон бусдаас ялгарах чухал илэрхийлэл болох дүрийн сэтгэл зүйн байдлыг цаг хугацааны дурсамж дурдатгалаар эвлүүлж өгдөг нь туйлын сайхан гэмээр. Мөн өгүүллэгүүдээс нь онцлон дурдахад "Үхэл хүлээх газар" газар бол 2016 оны Каннын кино наадамд өрсөлдсөн Кен Лоахын охь бүтээл "I. Daniel Blake" зохиолыг шууд л санагдуулсан. Бидний нэг хэсэг нь зүгээр л хүндлэх л болох гэж боддог хөгшин гэх ангилалын хүмүүсийн ертөнц бол сонсох тусам л улам их автдаг хөгжим шиг тийм сайхан гэдгийг мэдрүүлсэн.