Зүүд бол цорын ганц бодит зүйл
Зохиолч: Шарлотт Чэндлер, Орчуулагч: Ганбатын Лхагвадулам

“Тагтаа” хэвлэлийн газар уншигчид та бүхнийхээ мэлмийд ээлжит нэгэн номоо өргөж байна. Хүн төрөлхтний анхны киног 1906 онд Австраличууд бүтээжээ. Харин Монголчууд бид 1935 онд “Монгол хүү” хэмээх кино хийж энэхүү урлагийн хөгжлийн түүчээнд хөл нийлсэн. Монголын кино урлаг Дэлхийн кино урлагтай бараг нас чацуу ч бидэнд тэднээс сурах, судлах зүйл асар их бийг манай өнөөдрийн киноны хөгжил бэлхнээ харуулна. Энэ ч утгаараа бид Монголын кино сонирхогчид, кино уран бүтээлчид, кино урлагт суралцагч оюутнууд, киноны үнэнч шүтэн бишрэгчиддээ зориулж Италийн төдийгүй хүн төрөлхтний суут найруулагч Федерико Феллинийн намтар, дурсгалын “Зүүд бол цорын ганц бодит зүйл” хэмээх гайхалтай номыг яруу найрагч, орчуулагч Ганбатын Лхагвадуламын хөрвүүлснээр өргөн барьж байна.

Федерико Феллини бол 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Амьдран туурвих хугацаандаа 20 гаруй кино, 40 гаруй кино зохиол бичсэн тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй арга барил, өвөрмөц сэтгэлгээ, гайхамшигт дүр дүрслэлүүдээрээ кино урлагийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Италийн неореализмын үндэслэгчдийн нэг Роберто Росселлиниг даган урлагт хөл тавьсан тэр хожим Felliniesque буюу Феллини маягийн хэмээх тусгай үг, тухайлсан үзэл санаа дэлгэртэл өөрийн гэсэн зам мөрийг гаргаж чадсан суут туурвилч болсон юм.

Хэвлэгдсэн он 2016
ISBN 978-99962-55-97-7