Орчин үеийн хятад яруу найраг
Орчуулагч: Нацагдоржийн Энхбаяр

Гурван мянга гаруй жилийн түүхтэй Хятадын сонгодог яруу найраг хүн төрөлхтний оюуны ертөнцөд Дорно дахины сэтгэлгээ, сэрэл мэдрэмжийг онцгой хүчтэй төлөөлсөөр ирсэн. Монголчууд бид ч түүхэн учир жимээр салшгүй холбоотой явсаар ирсэн урд зүгийн ард түмний шүлэг найрагтай эртнээс танил. Харин хятадын орчин үеийн яруу найраг, тодруулбал Манж Чин гүрэн задарч Дундад Иргэн Улс байгуулагдсанаас эдүгээ үе хүртэлх яруу найргийг бид бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй.

Орчуулагч Нацагдоржийн Энхбаярын таван жилийн нөр их хөдөлмөрийн ургац, хятадын орчин үеийн 80 гаруй яруу найрагчийн 250 гаруй шүлэгтэй, бүрэн хэмжээний эл антологи бидэнд урд хөршийнхөө утга соёл, яруу найргийг ойр шадар танин мэдэхэд үлэмж тус хүргэх юм. Орчин үеийн хятад яруу найргийг эх газрийн болоод Тайванийн гэж хоёр ангилдаг. Тус антологи мөнхүү ангиллыг мөрдлөг болгож “Эх газрын яруу найрагчид”, “Тайванийн яруу найрагчид” гэсэн хоёр бүлэг шүлэг найргуудаа зангидсан нь уншигчдад ойлгомжтой, цэгцтэй, харьцуулж унших боломжтой болжээ.  Шүлгийн сонголт, яруу найргийг орчуулгын чадал чансааг мэдрүүлсэн эл антологийн ариутган шүүгчээр яруу найрагч Л.Өлзийтөгс, яруу найрагч Д.Нямдорж нар ажилласан байна.

Н.Энхбаяр “Зөвхөн өөрийн таашаал, үнэлэмжээр эдгээр шүлгүүдийг сонгохдоо нам засаг, эх орны сэдвээс зориуд тойрч утга уянгын өнгө аястай бүтээлүүдийг түлхүү оруулах гэж хичээлээ. Хэдий ганц хүний оролдлого боловч энэ түүвэр хятадын орчин үеийн яруу найргийн талаар уншигч танд бас ч гэж чамлахааргүй төсөөлөл өгөх болов уу хэмээн найдна” гэж номоо тодорхойлжээ.

Хэвлэгдсэн он 2015
ISBN 978-99973-0-689-0