МӨНГӨН ҮНЭГНИЙ ҮЛГЭР
2020-12-24 А. УРАНТОГОС 702



Нарны туяа ойн захыг гэтлэн арын хадлангийн талбайг гэрэлтүүлнэ. Өмнө зүгийн нүүдэлчин шувууд сүрэг сүргээрээ хэсэг бараан үүлс адил наашлан цаашлан хөвсөөр хүйтэн салхи, хатуу ширүүн амьсгалт голын зүг чиглэн нисэлдэх нь холдох тусам улам дайвалзан үзэгдэх аж. Шувуудын дуу Сан Шао Бог зүүдний ертөнцөөс сэрээв. Сан Шао Бо бүдүүн лийрийн модыг налан, чулуун дээр сууж байлаа. Лийр хэдийн боловсорч алтан шаргал өнгөтэй болоод салхи хөдлөх бүрд зузаан навчистай шүргэлцэн нэгэн бүгт чимээ гаргана. Агаарт ганхах лийрийн нялуун чихэрлэг үнэр сайтар дарсан будааны дарс мэт сэнгэнэж, согтуу анхилам охь шимээ намрын нарны туяанд дур зоргоор цацлаж байхуй. Баруунаас тонгойх наран лийрийн модны тармаг навчисыг сэмлэн Сан Шао Богийн нурууг хэдэнтээ цоохорлож амжжээ. Дотно, тааламжит үнэр хүнийг дорхноо зүүд мөрөөдлийн ертөнцөд умбуулах шидтэй билээ , тэр нүдээ нээгээд тарианы өнгө, газрын өнгө, модны өнгө бас цэцэгсийн өнгө, орчин тойрны бүхий л өнгө гэрлийг тодхон ялгаж харав. Хэзээ ч нүүр учирч байгаагүй өнгийн солонго төсөөлөл дунд нь татахад төрөл, хэлбэрийн илүү баялаг сайхныг таних нь тэр.  Хүмүүний сэтгэл зүрхний гэрэл гэгээг нэвтлэн Сан Шао Бо үлгэр домгийн мөнгөн үнэг голын тэртээ нүүрээ угааж буйг олж үзлээ. Тэр бол урт цагаахан, булбарай зөөлөн үсэндээ мөнгөн сор гялтагнуулсан гоо амьтан билээ л.  Мөнгөн үнэг голын хөвөөнд суугаад усаар биеэ угаан урт үсээ намируулсан үзэсгэлэнт охин болно. Сан Шао Бо өөрөө өөртөө ямар хөөрхөн амьтан вэ! гэж дуу алдав. Түүний үгс өнгөрч явсан шувуудыг цочоож, шувуудын дуу түүний амтат төсөөллийг бусниулж орхилоо. Сан Шао Бо нарны туяа халуун ус адил нүүрэнд нь илч үлдээн урсаж буйг мэдрээд толгойгоо түүн зүг тэгшлэн, нүдээ цавчлан цавчлан мөрөөдлийн мөнгөн үнэгний зүг харцаа илгээн хэсэг зогсов. Нилээд удсан ч урьдын хэвээр хав харанхуй түүнийг угтжээ. Сохор хүмүүсийн адилаар тэр бодлогошронгуй мөрөө унжуулан хэсэг хором болсноо өөрийгөө шоолон хөмсөг уруул хоёроо нийлүүлэх шахам мушийснаа мэдрээд алгуурхан тэнийлгэхэд тэр бодол ч ор мөргүй алга болж орхив. Орь чимээгүйн дунд тэр бишгүүрээ шүүрэн авлаа. Нарны илчинд халсан бишгүүр хүний  бие мэт халуунаар төөнөх нь диваажингийн  гэрэл гэгээ түүнийг нойрсож байх зуур сэмээрхэн бишгүүрийн дотор орж хургасан гэлтэй. Сан Шао Бо болгоомжтой гэгч нь өвсөн толгой, хар зандан модон их бие, тансаг уран хийцтэй ган бүрээг нь илбээд гараа нөгөө зүгт эргүүлэхийн зуур зөөлхөн арьс үс, соотон чих, урт сайхан зоо, саглагар том сүүл баригдав. Энэ биерхүү нохой чулууны ойролцоо цогнойн сууж хэдийнэ ургацаа өгсөн тариан талбай, өргөн уудам ногоон бэлчээрийг ажиглана.  Тэнд хэдэн нохой хөөцөлдөн тоглох агаад зүс хар нэгэн нохой толгойгоо өргөн урин дуудах мэт улиснаа хурдхан доош тонгойн товцогийн тэндэх бяцхан төгөл рүү давхиж одов.
 -Мөнгөн үнэг ээ явъя, Мана тосгон орж бишгүүр үлээе гэж Сан Шао Бо дуудлаа. Мөнгөн үнэг цасан цагаан урт ноосоо хэдэнтээ сэгсэрсэнээ босоод хулсан хашлагат өргөн замаар шогшуулж гарав. Сан Шао Бо бишгүүрээ үүрээд, мөнгөн үнэгийг даган хулсан таягаараа анхааралтай гээч нь хатсан сайрыг тогшиж явлаа. Урд шогших мөнгөн үнэг удаан, цэмцгэр гээч нь дөрвөн хөлөө солбин хойд талын таягны чимээгээр эзнийхээ алхааг мэдрэх аж. Хадлангаа өгсөн ногоон талбай нилдээ хоосрон цэлийнэ. Том цагаан нохой эзнээ дагуулан хөтлөх энэ дүр зураг алсаас ажихад хар цагаан хоёр бөөн юм дүүрэн хатсан өвс хөглөрсөн бэлийг сүлжсээр тосгоны зүг дэгдэж байх мэт үзэгдэнэ. Баруунаа хэвийх нарны туяа нилээд доошлож сохрын нуруун дахь бишгүүрийн ган бүрээнд ойгоод дурлам өнгөөр солонгорно. Энэ солонгон тэмдэг тариан талбайд бөөгнөрсөн олонд мөнгөн үнэг эзнээ дагуулан тосгоны хүрээг давж одсоны илтгэх авай.
-Хөөе, хүмүүсээ хар даа, хэн хурим хийх гэж байгаа бол бишгүүрчин ахиад л гарч одлоо, Хөөрхий амьтан нар хариугүй шингэж алга боллоо, ядаж гал бэлдэнэ байгаа, сохор хүн галаар яадаг юм, өдөр шөнө ялгаагүй таг харанхуй хойно азаар мөнгөн үнэг хань болж байгаа юм, ёстой ухаантай нохой хэмээн тэд шаагилдах зуур Сан Шао Бо мөнгөн үнэгийг даган намхан уулын бэлд ирээд бараа тасрав. Дөрвөн өдөр гэрэлтсэн үдшийн гялаан хурц цацрагаа гийгүүлж, нүд хуйхлах галт бөмбөлөг адил гялтагнан гилбэлзэнэ. Тариан талбайд байсан олон Сан Шао Бо бол Мэн Ма тосгоны өвгөн багшийн шавь гэдгийг бүгд мэдэж буй нь лавтай. Арван жилийн өмнө үе чацуутнууд нь хоёрдугаар ангид орчихоод байхад Сан Шао Бо сургуульд элссэнгүй.
-Ээж ээ, би сургууль явж сагсан бөмбөг тогломоор байна гэхэд
-Үр минь, чи бусадтай адилгүй гэдгээ мэднэ шүү дээ хэмээн ээж нь хариулжээ. Сан Шао Богийн баясгалант инээд замхарч, ахиад л анир чимээгүй нөмрөв. Аав нь үхрийн хашаа руу авирч хоёр тэвэр хатсан сүрэл авчраад цэцэрлэгийн өнцөгт лийрийн модны дэргэд хэвтэр засч өгчээ. Хүү цэвэрхэн хуурай сүрэл дээр суухад хүүхдүүдийн дуу илүү тод сонсогдож, хаврын нар ч түүн дээр тусдаг байв. Сан Шао Бо зөөлөн сүрэл дээр хэвтээд нарны туяа хэрхэн нүүрэн дээгүүр нь явж өнгөрөхийг, биеийнх нь баруун талыг дагуулан хөлийн өлмийд шүргэхийг мэдэрдэг байлаа. Сургуулийн хонх дуугарахад хүүхдүүдийн цовоо цолгиун инээд урсгал үгүй ус мэт дөрвөн зүг найман зовхисоос асгаран бууна. Агаар удвал цэцгийн анхилам үнэрээр дүүрчээ. Хавар Дэ Ран тосгоны удвал цэцэг нэг нэгээсээ өрсөх мэт уралдан цэцэглэж, хүний зүрх сэтгэлийн гуниг сүүдрийг үргээх амтат үнэрээ түгээнэ. Сан Шао Бо нэгэн нууцлаг хөлийн чимээ олж сонсов. Чихээ дэлгэн чагнавал хоёрдугаар авга ахын хүү Сан Шао Сун, Ян мужааны эрхийн тэнэг охин хоёр хичээлээ тараад ирж буй бололтой. Хөлийн чимээ холын хол хулсан ойн тэртээ гарах бөгөөд хүмүүсийн хувьд бол хаврын нууцлаг олон чимээний нэг нь төдий л аж. Сан Шао Бо хараагүй ч гэсэн бурхан түүнд бусдаас сонор соргог чих,  үнэрч хамар заяажээ. Нууцлаг хөлийн чимээ лийрийн модны хажууд ирээд тасрав. Сан Шао Бо хажуу тал руу гаа зангахад Сан Шао Сун, Ян мужааны охин хоёр зузаан сүрэл дэвссэн хэвтэр олж харлаа.
-Та нарын хичээл тарчихав уу хэмээн асуухдаа Сан Шао Бо тэр хоёрыг суух байтугай байрнаасаа ч хөдлөөгүйг харанхуйд таамаглан мэджээ. Ян мужааны охин:
-Тийм ээ, Сан Шао Бо ах аа, жодой модны самар шарлаад боловсорчихсон бна лээ, би хонь хариулахдаа таньд авчирч өгье гэжээ. Харин Сан Шао Сун:
-Ах аа, манай аав таныг Мэн Ма тосгоны багшид бишгүүр сургахаар шавь оруулна гэж аав тань ярихыг сонссон байна лээ гэхэд Сан Шао Бо баяртайгаар инээмсэглэн бардмаар толгойгоо дохилоо. Салхинд үлээгдэн хагдарсан хэдэн ширхэг удвал цэцгийн дэлбээ хүүгийн нүүрэн дээр газардав. Тэр хацранд наалдсан дэлбээг гараараа шудрах зуураа нөгөө хоёрын хонь хариулахаар баясгалантай инээлдэн цааш одохыг сонсжээ. Найзууд нь  Сан Шао Бог ийн зүрх сэтгэлийг аваад явчихав. Хэдийгээр  Сан Шао Бо унаж тусан тэмтэчсээр зам бүрийг таньж, сэргэг хамрынхаа ачаар хаана яваагаа ялгадаг болсон ч гэсэн тосгодыг хооронд нь ялгадаггүй гэмтэй. Тосгод өдөр өдрөөр томорсоор түүний гар тэмтэрч танихааргүй болжээ. Атга жууцай, эсвэл буудай, зэрлэг сүрэл хүүгийн гарт ав адилхан мэдрэгдэнэ. Арайхийж одоо л надад бусдын адил суралцах боломж олдох нь энэ, Дэ Ран тосгонд эргэж ирэхдээ алдартай бишгүүрчин болчихсон Сан Шао Сунд, эрх охинд, найзуудынхаа хуриманд зориулж баяр хөөр, дуу шуугиантайгаар бишгүүрээ тоглоно доо гэж хүү бодно. Чимээ аниргүй орчилд Сан Шао Бо төсөөлөлдөө ийн умбаж суух нь нэгэн чулуу давалгаан дунд нууцхан, мэдээ сураггүйгээр живэн алга болж байхтай төстэй гэлтэй. Хоёр өдрийн дараа Сан Шао Бог эцэг нь Мэн Ма тосгонд авчирч Лин Зун Рэн багшид шавь оруулжээ.
-Хүү минь, хичээж сурдаг юм шүү, багш шигээ мундаг бишгүүрддэг болсон цагтаа чи өөрөө хоол олж идэж чаддаг болно хэмээн эцэг нь захив. Лин багш бол Мэн Ма хөгжмийн сургуулийн ганц бие хөгшин, нэртэй бишгүүрчин. Тэр баяр наадам хөгжөөх олон төрлийн аялгуу тоглодог, түүнээс дутахгүй олон аянд үгээр наадан бишгүүрддэг учраас хурим найранд түүний бишгүүр нэг л хангинах юм бол хүмүүс хийж байсан ажлаа орхин бэлгээ тэврээд найрын өргөөг зорьж Лин багшийн дуулж, хөгжимдөхийг нь сонсоцгооно. Тэр бол үнэхээр жаргалтай хүн билээ. Сан Шао Бог төвхсөний дараа багш нь цор ганц шавьдаа зориулж хоёр бэлэг өгчээ, нэг нь сэвийсэн үстэй бяцхан цагаан гөлөг, нөгөө нь урт нарийхан хар суона бишгүүр. Сан Шао Бо юуны түрүүнд багшаасаа яаж бишгүүр үлээхийг сурав, багш түрүүлээд нэг мөр тоглоно, хүү давтаж нэг мөр явна. Энэ аяз цоглог хэмнэлтэй улаан өнгийг бодож тогло, улаан өнгө гэж юу юм бэ,  яг л галын дөл мэт...
Сан Шао Бо нарны гэрлээс цацардаг илч дулааны тухай бодов. Охин уйлж гэртээ харихыг хүсэж байна, энэ аяз өр өвтгөм учраас цагаан өнгийг бодож тоглоорой, цагаан өнгө гэж юу юм бэ, яг л торго мэт...
Сан Шао Бо багшийн бариулсан цагаан торгоны үзүүрийг  тэмтэрч үзлээ их зөөлхөн юм, цааш эргэн цагаан гөлгөө илэв, мөн л зөөлхөн тэгээд тэр зөөлхөн өнгөний тухай бодлоо. Багшийнхаа зааснаар хүү мөн ч олон аялгуу тоглож сурчээ. Цоглог эрчимт “Зуун адуу”, хүндэтгэл ёслолын “Тэнгэрт мөргөхүй”, хүсэл тэмүүллийн “Галт шувуу”, хөнгөн товшилтот “Тоорын улаан”, шог хошин “Хаалгаа бүү түгж”, эмгэнэлт өнгө аястай “Салхин тамга”, өгүүлж дуулдаг “Хаврын шөнө” гээд л.  Эдгээр аязыг тоглохдоо Сан Шао Богийн зүрх бага багаар мэдээ орох нь ойн гүнд наранд шарагдаж хатаагдсан анир чимээгүй арайхийн зүг чигээ олон чөлөөлөгдөж буй мэт байв. Тэр “Зуун адуу” аялгууг тоглохдоо нүүдлийн шувууд хэрхэн гуугчиж ой модон дунд бүжиглэлдэхийг, босон суун нисэлдэж буйг олж хардаг бол “Хаврын үдшийг” тоглохдоо үзэсгэлэнт бүсгүй хоосон өрөөнд ганцаардан суугаад нулимс унагахыг тов тодхон үзэх авай. Бишгүүр  Сан Шао Богийн нүдийг хараа оруулж, үзэгчид сохор бишгүүрчиний зовхи бүжиглэх хөдөлгөөнөөр түүний уй гуниг, баяр баяслыг тааж мэдэж ажээ. Баяссан үедээ түүний зовхи адтай чөтгөр мэт зай чөлөөгүй цовхчиж, уй гуниг харин цааш түрэгдэж одсон давалгаа мэт хөдөлгөөнгүй, нам гүм болгох аж. Эхний хоёр жил бишгүүрчдийн ур чадвар сайн муугийн хоёр туйл мэт  байлаа. Уйлах мэт учирлах мэт эгшиглэх нь багшийн ид хав, үхэр мөөрөх морь тургих мэт дуу гаргах нь шавийн цуурай байв. Багш нь  Сан Шао Бод:
-Чи сайн хичээж бишгүүрд, сургуулийн ар талын цэцэрлэгийн хашаанд үзэсгэлэнт мэргэн ухаант мөнгөн зүст үнэг амьдардаг юм, Суона сонсох хичнээн дуртай гэж бодно, чиний эрдэм багшаасаа хэтийдэх үед мөнгөн үнэг сайхан эмэгтэй болон хувираад чамтай суух болно хэмээн хэлжээ.
-Багшаа, тэр яагаад надтай цуг байна гэж, та хүртэл ганц бие байхад гэхэд
-Багшийнх нь чадал хүрээгүй юм аа, чи заавал надаас илүү хөгжимчин болох учиртай юм шүү хэмээнэ.
-За, тэгвэл би цагаан гөлгөндөө Мөнгөн үнэг гэдэг нэр өгье, сүүлд би нохойгоо дуудах үед бүсгүй өөрийгөө гэж бодоод хойд цэцэрлэгээс гарч ирэг...
Багш шавь хоёрын хооронд тэр үдэш ийм яриа болоод өнгөрчээ. Гуравдахь жилийн хавар, удвал цэцэг дэлгэрээд төдий удаагүй байтал  Сан Шао Богийн хоёрдугаар авга ах муу мэдээ дуулгав.
-Шао Бо, эцэг эх чинь өнгөрсөн сард хортой мөөг андуурч идээд бурхан болсон. Гуравдугаар авгатай чинь сайтар ярилцсаны эцэст нас чинь бага, харьж очоод нэмэргүй, дээрээс нь хичээлийг чинь цаламдуулах вий гэж бодоод чамд даруй дуулгасангүй. Гэрийг чинь бид сайн харна, чи бишгүүрээ сурч гүйцээд харьж ирээрэй хэмээжээ. 
Сан Шао Богийн нүднээс аадар борооны дусал адил бөөн бөөн нулимс асгаран дорхоноо хувцасыг нь норгоход хүмүүс сохор бас ийм их нулимстай байдаг аа хэмээн гайхацгаажээ. Хоёрдугаар авга Дэ Ран тосгонд харьсан тэр орой хөгжмийн сургуульд бүтэн шөнө бишгүүр үлээ чимээ тасарсангүй. Чухамдаа энэ үдэш л  Сан Шао Богийн эрдэм оройдоо хүрчээ. Энэ явдалаас хойш хөгжмийн сургуулийн хөгшчүүлд хараатай багш амаараа бишгүүрддэг бол хараагүй шавь нь зүрхээрээ бишгүүрдэж буй мэт санагдах болов. Тун удалгүй ард олон ч шавийн эрдэм багшийг хэдийнэ гүйцэн түрүүлснийг анзаарчээ. Ихэнх үед харцандаа мөн ч олон зүйл тээсэн багш чив чимээгүй бараа болж, харин Сан Шао Бо бишгүүрэнд нь зүрх сэтгэл хүүрнэж байх мэт уянгална. Тав дахь жил хонгорцог модны цэцэг дэлгэрэх тавдугаар сард  Сан Шао Бо мөнгөн үнэгийг дагуулан Дэ Ран тосгондоо харьжээ. Явахын үед багш нь  Сан Шао Бог ойн гүн хүртэл гаргаж өгөхдөө гарт нь хүн орхоодойн ороонго бариулж гэнэ. Хүн орхоодойн шүүслэг навчны судал хүүгийн гарт тэмтрэгдэхэд нойтон хийгээд харанхуй нэвчсэн энэ мэдрэмжний өмнө тэр өөрийн эрхгүй давхийн цочжээ. 
-Сан Шао Бо чиний гарт юу байна, -Модны навч,
-Үгүй дээ, хүн орхоодойн навч тэр чинь,
-Тийм үү, их гулгамхай гөлтгөр юм, -Хүн орхоодой гэдэг ургамал их ухаантай, хэрвээ би түүнийг ойн гүнд авчирч хориогүй аль хэдийн газрын чийг дагаад арилж өгөх байсан, Хүн орхоодой ухаантай болохоор зугтаж чадах шиг мөнгөн үнэг ч гэсэн нэг өдөр алга болчихож магадгүй. Одоо гэхдээ санаа амарлаа, мөнгөн үнэг эндээс явахаасаа нэгэнт өнгөрсөн, чи сайн хөгжимдөж өөрийнхөө зүрх сэтгэлийг урсах ус лугаа түүнд шингээсээр байвал мөнгөн үнэг сайхан бүсгүй болж заавал хувирах болно хэмээн захисан авай. 
Сан Шао Бо нэгэн үлгэрийн учиг зангидсаар, хамаг биендээ нэвт шингэсэн хонхорцогийн үнэр анхилуулсаар, мөнгөн үнэг нэрт цагаан нохой дагуулж хар бишгүүрээ тэвэрсээр гялалзах нарны алтан цацраг адил тосгондоо эргэн ирлээ. Хүмүүс үлгэрийг мэдэхгүй, хонхорцогийн үнэрийг ойшоохгүй ч Мөнгөн үнэгийг анзаарчээ. Энэ нохой суналзсан том биетэй,  мөнгөлөг цагаан өнгийн сороор бүх бие нь гялтагнасан амьтан байв. Мөнгөн үнэг эзнийхээ нүдний оронд нүд болж тосгоноос хэдий хол, хаашаа ч явсан, ямар ч танил биш газар очсон замаа олж, тэнэмэл ноходыг хэмх уран явуулж яг л сарны туяа мэт эзнээ үнэнчээр дагахыг хүмүүс олж харжээ. Мөнгөн үнэг сохрын нүд нь, бишгүүр зүрх сэтгэл нь,  хэлээд юу гэхэв, нөгөө сохор чинь нүд, зүрх сэтгэл хоёроо дагуулаад тосгоноос гарч явна гэж тэд шаагилдана. Хүмүүсийн шуугилдах дуунд бишгүүрчин бишгүүрээ үүрээд, таягаа тэгшлэн, Мөнгөн үнэгийг даган хүрээнээс гарч одов. Энэ удаа тэр Ма На Сай тосгон орж Луо Чан Ши гэгч эрийн хуриманд ая хөгжөөхөөр хөлсөө хэдийн тохиролцжээ. Бишгүүрчиний нэр алдар алсад цуурайтахын хэрээр түүний  хөгжимчин хүний илч гэрэл, ид хав  ч багшийг хэдийнэ даван хэтийджээ. Хүмүүс багшийн хоёр нүд түмэн янзын эрээн мяраан, эд баялгаар түүний эрдэмийг мухарласан бол, сохор шавьд нь бишгүүрээс өөр юу ч алга , гагц бишгүүрээ үлээх үедээ тэр хараа олж үзэсгэлэнт ертөнцийг олж үзэх юм даа хэмээн бодоцгоох авай. Сан Шао Бо алдаршихын хэрээр өвгөн багш мартагдаж, хажуу хавийн хийгээд арай алсхан тосгодын иргэд хүртэл найр хурим хийхдээ түүнийг урин залах болов, бишгүүрчингүй найр найр биш болсон мэт. Мөнгөн үнэг бишгүүрчин хоёрыг Ма На Сай тосгонд ирэхэд гүн хөх тэнгэрт дүгирэг саран мандаж таарав. Дөрөвдүгээр сарын дүүрэн асгарсан сарны гэрэлд сүйт хархүү цэгээн мананг нэвтлэн нэгэн цагаан нохой дагасан хүн цалин мөнгөн туяа туучсаар, сараар замчлуулах мэт тариа талбай өнгөрч явахыг олж харлаа. Сүйт хархүү түүнийг тосохоор очихдоо хөөрхөн, хар зүсмийн нохой дагуулжээ. Энэ нохой бусад шигээ хуцаж гүйхгүй тэр ч байтугай сүүлээ эрхлэн шарвалзуулж Мөнгөн үнэгийн өмнө гарч шогшино. Хоёр нохой бишгүүрчиний энд тэнд  хөөцөлдөн тоглож, гэнэт хурдтай давхиж гарч ирсэнээ түүн шигээ гэнэтхэн нам гүм болно. Сүйт залуу бишгүүрчинийг  гавир модны дор тосч авсан нь шөнийн салхинд сэнгэнэх гавир цэцгийн үнэрээр  илчлэгдэх аж. Тодхон сар шөнийг гийгүүлж суонагийн дуу хавь ойрд эгшиглэх нь баясгалант  “Зуун адуу” ажээ,  зуун адууны төвөргөөн сарны гэрлээр өртөөлж дөрөвдүгээр сарын тэнгэрт дөрвөн зүгнээ түгнэ. Хурим хэдийгээр маргааш болох ч хүмүүс хүлээж тэвчсэнгүй үүдээ түгжиж галын цучил барьсаар сүйт хархүүгийн гэрийн гадаа цугларчээ.  Сар асгарсан цэцэрлэгт хүмүүс Сан Шао Бог тойрон гурав гурван эгнээгээр тойрон бүчээд түүний зовхи зогсолтгүй эргэлдэн бүжихийг жаргалтайгаар ширтэцгээнэ. Хөгжимчин эхлээд “Галт шувуу,” “Тэнгэрийн тамга,” “Урт аялгуу”, “Өвс хадсан нь” зэрэг аязуудыг дараалан тоглоод үзэгчид балын эгшигэнд мансуурч гүйцсэн үед сая л өөрийн хамгийн гайхалтай бүтээл “Мөнгөн үнэгийг” бишгүүрдлээ. Энэ бол удаан хэмнэлт хүүрнэлт аялгуу, хөгжмийн эгшиглэнд Сан Шао Бо байнга үздэг зүүд мөрөөдлийн ертөнцдөө хальж одов. Мөнгөн үнэг цалин цагаан гэрэл цацруулсаар ойн захаас гарч ирэхэд түүний бүх бие зөөлөн цагаан өнгөөр туяарах агаад голын амтат уснаас хутган авч хөөрхөн нүүрээ угаахад хурц гэрэл зурс хийн солонгороод үзэсгэлэнт бүсгүй болон хувирч  Сан Шао Богийн өмнө зогсоно. Суонагийн ус адил урсах чимээ эргэн тойронд уянгалж, үзэгчид саран авхай дагина минь, хүний орчлонд буу даа хэмээн дуулахыг сонсоно. Хөгжимчин тоо томшгүй олон хуримын ая хөгжөөсөн билээ л, гэвч өөрийнх нь хурим тэдэн дунд болсонгүй.   Сан Шао Бо үй олон сүйт бүсгүйн хоолойг сонссон билээ л, гэвч өөрийнх нь бүсгүй тэдэн дунд байсангүй. Болор сувдан хэдэн дусал нулимс сохрын үүрд аниатай нүднээс гялтагнан унахыг хүмүүс олж харжээ.
-Ишш, яасан ч уярам сайхан хүн бэ, хөлөнд үсэрсэн цэврүүг л хөл мэднэ, нүднээс урсах нулимсыг зүрх л мэднэ дээ тэд ярилцана. Хурим хараахан ёслож гүйцээгүй ч  Сан Шао Бо хэдийнэ өөрийн билиг ерөөлийг бишгүүртээ шингээн газраар нэг асгарсан сарны туяа адил хос хоёрт мэлмэрүүлэн хүргэжээ. Луо Чан Шигийн хурим найр өндөрлөх үест хүмүүс сая л сохор бишгүүрчиний хажуугаас холддоггүй мөнгөн үнэг урьд шөнийн саран нойрссон навч цэцэг дэлбээгээ нээхийг хүлээлгүй аварга том саарал үүлийг даган одсон мэт алга болсныг анзаарав. Мөн тэд сүйт залуугийн гэрт байх саяхан нас биенд хүрсэн, хөөрхөн хар эм нохой үзэгдэхгүй болсныг мэдлээ. Энэ хар нохой мөнгөн үнэгийг дагуулаад явчихаж, мөнгөн үнэг цагаа болохоор буцаад ирнэ хэмээн тэд таамаглана. Хөгжимчин мөнгөн үнэгийг хүлээж тэсэлгүй, таягаа тулан ганцаар замд гарлаа. Мөнгөн үнэгээс хагацсан сохор хөгжимчин ганцаар ирж яваа энэ дүр зураг Дэ Ран тосгоныхныг ихэд тавгүйтүүлжээ, илч гэрэлт  нарны туяанд Сан Шан Бо таяг тулан тэмтэчсээр эгээ л биеийнхээ нөгөө хэсгийг гээсэн мэт хазганан хоосорсон хадлангийн талбай, уулын замыг уруудан айсуй. Тэр үдэш бүдэг ичингүй сарны туяа сохор хөгжимчиний мөнгөн үнэгийг дуудах ганцаардмал, цөхрөнгүй, зүүдний яриа шиг чимээг дуурьсжээ.
Хүмүүс орондоо хөрвөөн анир чимээгүй энэ дууг сонсохдоо бишгүүрчин нөгөө цагаан өнгөт нохойгоо дуудаж байна даа, төд удалгүй алга болсон газраасаа өнөөх нь гүйгээд ирнэ хэмээн бодоцгооно. Мөнгөн үнэгийн үлгэрийг хэн ч хэзээ ч сонсож байгаагүй тосгон нилдээ эл хуль, эзэнгүй.
-Мөнгөн үнэг ээ, хүрээд ирээч, мөнгөн үнэг минь ирээч! Ганцаардаж цөхөрсөн сохор бишгүүрчиний зүрх сэтгэлээс тасрах энэ чимээ л сарны туяаг даган тосгоныг нөмрөн асгарах авай. Тосгоны хүрээ тойрон газар дэлхий цайвалзаж зүүдний ертөнц мэт бүдэг бадаг үзэгдэнэ.

(Суона* Хятадын эртний уламжлалт хөгжмийн зэмсэг, цоор бишгүүр)
Зохиолч: Ди Дай Жао Дун, уг нэр нь Ү Жиэн Гуо, 1963 онд төрсөн. Чун Чинь аймгийн харьяат, Миао үндэстэн. Хятадын зохиолчидын хорооны гишүүн тэрбээр 1981 оноос эхлэн бичиж, хэд хэдэн шилмэл өгүүллэгийн эмхэтгэлд бүтээлүүд нь хэвлэгджээ.

Орчуулагч: А.Урантогос

Түр хүлээнэ үү...
Top