Хөл хорионы Гэгээ
2022-10-18 Б.Дэлгэрмаа 161

  Цас ороод л, ороод л байсан. Хөл хорионд охиноо унтуулчхаад, ширээндээ суухаар эргэхэд цонхны цаана ийн цас лавсан орж байдаг сан. Орж буй энэ цас шиг олны дунд бужигнаж явсан би нэг л мэдэхэд дөрвөн цагаан хананы дунд, бичгийн ширээнээсээ холддоггүй, тагтан дээрээ ч цөөхөн гардаг хүн болчихсон байв. Амьдрал хэзээд ийм л байсан мэт, эгэл жирийн байсан олон зүйл үгүй болж, анзаараагүй атлаа шинэ бүхэнд хэдийн дассан байна. Өнгөрсөн жил гаруйн амьдралаа хоёр өгүүлбэрт багтаа гэвэл “Хөөрхөн охины ээж боллоо. Хөл хорионд зөндөө удлаа.” гэж шуудхан хариулна. Төдхөн таны унших энэ богинохон тэмдэглэлд цар тахлын өмнөхөн ээж болж, хөл хорионд охиноо өсгөнгөө  гэртээ ажиллаж сурсан тухайгаа хуваалцах буй за.

 Охин маань ой зургаан сартай. Харин би ой зургаан сартай ээж. Төрсний гэрчилгээ шигээ жижигхэн байсан охинтойгоо одоо бол адилхан маскаар “гоёод” хөтлөлцөөд гүйж явна. Нөхөр бид хоёр олон жилийн өмнө “Hotel Transylvania” үзчихээд чи ч буржгар, би ч буржгар юм чинь яг л энэ жижигхэн Денисович шиг буржгар хүүхэдтэй болно гэж ярьдаг байв. 2019 оны 11 сарын 11. Цагаан гэгээ татаж, өвлийн эхний цас хялмаалсан шөнө, төрөх эмнэлгийн тог хоёронтоо тасраад ирэх хооронд би гэдэг хүн гэнэтхэн л ээж болсон юм. Хорвоод мэндэлсэн даруйдаа эмчийн хуруунаас тас зуураад авсан, хүчтэй, бяцхан охин минь төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө ингэж бидэндээ яарсаар ирсэн. Бас яг л мөнөөх Денисович шиг үстэй. Тэр өдрөөс хойш хөл хорионд өнгөрүүлсэн жил гаруйн хугацаанд хаашаа ч яваагүй атлаа хамгийн ихийг үзэж туулж,  хамгаас завгүй өдөр хоногууд өнгөрч, хамгийн олон зураг даржээ. 

 Төрсний дараа эмнэлэгт дөч гаруй хонож билээ. Ээж, охин хоёр өдөр шөнийг ч үл ажран нэг уйлж, нэг инээсээр эмнэлгээс гэртээ гарч ирэх үед цар тахал гэдэг сураг төдийхөн, биднээс өдий төдий холд байх шиг санагдаж байв. Эхэндээ юуг ч анзаарсангүй. Гагцхүү сандарч, будилсан шинэхэн аав, ээж хоёрын бээлийн чинээ үрээ торниулах гэсэн хичээл зүтгэл, санаа зовнил л байлаа.

 

 

Хөл хорио бас дахин хөл хорио

 Өвөл шувтарлаа. Гуравдугаар сар гарч, урин дулаантай золгоход Улаанбаатарт анхны хөл хорио эхлэх үест охин маань таван сар хүрээд байв. Эмнэлэгт удаж, охиндоо үргэлж сэтгэл зовниж, түгшдэг байснаас болсон уу, баргийн зүйлийг ажрахгүй, даваад гарна гэж боддог би нэг л мэдэхэд сэтгэл санааны хямралд орж, охин маань шөнө сэрдэггүй ч өөрөө нойргүйдэн суудаг болов. Тэр үед гадагш гараад хүссэн газраараа алхах, найз нөхдөөрөө ярилцаж суух, кино театрт очих, кофе уух гэдэг энгийн хэр нь, боломжгүй болсон бүхэн сэтгэл санаанд маань тун ч их дэм болохоор байсан сан. Хаа ч очсон хүүхэдтэй орж болохгүй нь хамгийн утгагүй шийдвэр шиг санагдаж байлаа. Эхэндээ юм бүхнээс хоцорч буй мэт санагдана. Ээж болсон хэн бүхэнд хэзээ нэгтээ ийм мэдрэмж өчүүхэн ч атугай төрж байсан болов уу. Гэхдээ уран зохиолын орчуулга хийх хүсэлдээ хөтлөгдөж, ажлаасаа гараад, хоёр дахь номын ажлаа эхлүүлээд байсан би цар тахал гарсан ч гараагүй ч ихэнх цагаа ингэж л гэртээ өнгөрөөх байсан даа гэж үе үе өөрийгөө тайтгаруулна. Үнэндээ бол би энэ “шинэ” амьдралын хэв маягийг зах зухаас нь ойлгоод, мэдэрчихсэн байлаа. Дэлхий эргэхээ больчихсон юм шиг хачин санагдах үе цөөнгүй. Өглөөг хэцүүхэн эхлүүлсэн ч өдөр гэхэд тайвширчихсан инээд алдаж сууна. Хэчнээн тогтворгүй байсан маань энэ хэдэн өгүүлбэрээс мэдрэгдэх болов уу. Ямартай ч охин маань өсөж, торнисоор. Агаар, салхи дутагдах вий гэсэндээ өглөө эрт ээ босоод, тоглоомын талбайд хэн ч байхгүй үед гарч эхэлсэн нь шинэ бүхэнд дасах эхний оролдлогуудын нэг байлаа. Зун, намар санаснаас тайван өнгөрч, гурвуулаа хаа нэг хотоос гарч, айдас багатай гадуур гардаг байжээ.

 

“Эх орон чинь дуудаж байна.” ба нарны мөргөл

 Цаг хугацааг ашиглаж хөгжих хэрэгтэй! Цаг үргэлж амжилт өөд тэмүүл! гэх мэт үгс чихний минь хажуугаар урсаад явчихдаг юм. Ярьж хөөрөх дуртай, дэврүүн харагддаг байж мэдэх ч тааваараа урдхаа хийдэг тайван нь дэндсэн хүн болохоор гэртээ байх тусам улам ч назгай болж байв. Өмнө нь олонтой ажилладаг байхдаа ганцаар, тааваараа ажиллахыг мөрөөсдөг байсан ч хүссэн юм хүзүүгээр татах үед өөрөө өөрийгөө хөтөлж, түлхэж ажиллана гэдэг тийм ч амар байсангүй. Урьд урьдынхаас илүү их сахилга бат хэрэгтэй боллоо. Төрөхөөс урьд орчуулж эхлээд орхисон “Эх орон чинь дуудаж байна” романаа эмнэлгийн орон дээр ч тэврээд хэвтэж байв. Хийх хүсэл тийм их байсан юм. Охиноо байгаа болохоор л энэ бүх эмх замбараагүй, бүрхэг бүхний дунд төөрөлгүй явж байгаагийн нэгэн адил ажил маань ч надад тодоос тод гэрэл, хүч болсон юм. Өглөө босоод ширээндээ сууна. Цар тахал бидний амьдралд аятай, таатайгаар нөлөөлөв үү гэвэл мэдээж үгүй. Асуудал бэрхшээл дүүрэн байсан ч жирийн үед бол гурвуулаа хамт тийм их цагийг өнгөрүүлэхгүй байсан болов уу. Орой охиноо унтуулчхаад дахиад л ажиллана. Элдвийг бодох ч завгүй боллоо. Түүний хажуугаар ээж болсноос хойш нэлээд хэдэн сарын дараа ч танигдахын аргагүй илүүдэл жинтэй хэвээр байсан би бие, сэтгэлээ эмчлэхээр нарны мөргөл хийж эхэллээ. Тахал надад биеийн тамирын заал руу очих боломж өгөөгүй ч дасгалын гудас, аяга ус бас хүсэл байхад болдог л юм гэдгийг анх удаа ойлгуулж, өдөр бүр хөдөлгөөн хийдэг болов. Охин маань чадлаараа дагаж хөдөлнө, ихэнхдээ амьсгал аваад гаргаж байгааг минь дуурайна. Биеэсээ 20 кг гээж орхиод, оронд нь эрч хүч, бүтээмж, айсуй өдрүүдэд хүлээж буй сайн сайханд итгэх итгэл найдвар олж авсан минь энэ.

 https://tagtaa.mn/book/98

Нэг насны төрсөн өдрийн мангастай бялуу

 Охиныхоо нэг насны төрсөн өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Алив нижгэр, том хурим найр, баяр ёслолд бид угаас ач холбогдол өгдөггүй ч гоё бялуу захиалаад, дотнын хүмүүсээ цуглуулаад, баярлана даа гэж хэр чинээгээрээ төлөвлөв. Ээж маань ч хол газар олон жил болсны эцэст эх орондоо ирж, тусгаарлалтаас гараад, зээ охиноо анх удаа харахаар, би тэднийгээ уулзуулахаар тэсэж ядан хүлээж байсан ч нэг л өглөө хатуу хол хорионд орчхов. “Where The Wild Things Are” зурагт номоос сэдэвлэж захиалсан мангастай бялуу, чимэглэл сэлт, тэр ч байтугай эмээ нь ч ирж чадахааргүй болов. Нөхөр бид хоёр гэрт байсан зүйлсээрээ чимэглэл хийж, “Wild One” гэж бичсэн чимэглэлээ ханандаа тогтоож, охиндоо хөөрхөн шар титэм хийсэн. Саатай хуулган дээр нэрийг нь бичиж, хайчлаад, агаарын бөмбөлөг дээр нааж, хажуугийн дэлгүүрт байсан ганц эвэрттэй бялууг авав. Охин маань одоо ч гэсэн өнөөх титмээ зүүчхээд “хамаг мангасуудын хаан” шиг амьтан л алхаж явна. Уг нь бол даруухан, нандин төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн ч бид гурвын хувьд жинхэнэ “Wild” байсан юм. Тэр өдрийн зургууддаа би хачин их дуртай. Ямартай ч байгаадаа талархаж, байгаагаа хэрэглэж, аливаа гэнэтийн бүхэнтэй аль болох хурдан эвлэрэх хэрэгтэйг бүр ч ихээр ойлгожээ.

 

 Шинэ амьдрал

 Саяхан, сүүлийн хөл хорионы үеэр нөхөр маань ганц нэг ханиалгаж байснаа, нэг өглөө нойрон дунд “надад юу ч үнэртэхгүй байна.” гэв. Халуурч, бүлээрэх, амт мэдрэхгүй байх шинж тэмдэг огт үгүй. Сандарч, тэвдсэн хоёр хүн яах учраа мэдэхгүй, охин бид хоёр нөгөө өрөөндөө “амьдрахаар” явлаа. Амралтын өдөр тул шинжилгээ өгөх газар ч олдсонгүй. Маргааш нь шинжилгээ өгөөд нөгөөдөр хариу ирэх хүртэл хоёр хоног тусдаа байв. Бүх зүйлээс тусгаарлагдлаа ч ааваасаа тусгаарлагдана гэдэг охин бид хоёрын хувьд тун ч гунигтай байлаа. “Сөрөг” гэсэн хариу ирэхэд гурвуулаа хагартлаа баярлаж билээ. Мэдээ сонсоод баахан цочирдож, сандардаг байсан бид энэ өвчин хэзээ ч хамаагүй гэрт маань ороод ирж болохыг энэ явдлаар ч, эргэн тойрноосоо ч өчнөөн харж байгаа тул хэтрүүлэн бодож, хий дэмий айж чичрэх нь багасаж дээ. Бид энэ “Шинэ амьдрал”-д хэдийн хөл тавьжээ.

 Одоо бол маскаа зүүж гадагшаа гарна, гэртээ орж ирээд маскаа тайлж хаяна, маскийн цаанаас ээж инээхэд хариу инээмсэглэнэ, хамтдаа гараа ариутгана, сайн савандаж угаана гэдгийг охин маань маш сайн ойлгочихсон. Заримдаа би өөрөө ч энэ бүгдийг охинтойгоо тоглож буй хөгжилдөн хийдэг болсон ч өвчин, тахал бидний эргэн тойронд хаа сайгүй байсаар буйг мартаж болохгүй.

 Сурахыг хүссэн хөтөлбөртөө тэнцэж, онлайнаар сурч, шинэ туршлага хуримтлуулж, амьдралын найз нөхдөө олсон баялаг нэгэн жил өнгөрснийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Бие, сэтгэл болоод цар тахлаас үүдэлтэй их өөрчлөлтийг туулаад гарч байгаагийн хувьд цаашдаа юу ч болсон чамлахааргүй дархлаатай болсон гэж итгэнэ. Өөртэйгөө хэчнээн жаргалтай байж чадахаа дахин олж нээсэн жил. Авах ёстой завсарлага минь байв. Хааяа боддог юм, миний амьдралд ийм удаан нэг газраа, гэртээ сууж, өөрийгөө мунгинан чагнаж, бодлоо зажилж, өөртэйгөө ярилцах, тунгаан бодох цаг үе ойрд тохиохгүй ч байж мэднэ. Бүх зүйлд талархаж буйг минь ухааруулж, оюун бодлыг минь цэгцэлсэн энэ тэмдэглэлд баярлалаа. Бүгдэд амаргүй байлаа. Бүлтгэр үрс цэцэрлэг, сургуульгүй хоригдож, олон газар үүдээ барьж, төр засгийн хариуцлагагүй, ойлгомжгүй, гэнэтийн шийдвэрүүдэд бухимдаж, зарим нь хилийн цаана гацаж, хайртай хүмүүстэйгээ уулзаж амжсангүй… Гэхдээ удахгүй бүх зүйл сайхан болно, урьдын хэвээр биш байлаа ч бид улам л дасна, эвлэрнэ. Ямраар ч болов амьдарна. Үзэх, туулах олон зүйл чи биднийг хүлээж байна хонгор үр минь гэж охиндоо хэлж, тайтгарна. Энэ бүхний дараа юу хийхээ бодсоор, өнөөдрийг хайрлаж сууна даа. 2021 оны тавдугаар сар. Өглөө сэрэхэд ширээн дээр дэлгээтэй орчуулж буй шинэ ном, охины минь “гадд гудд” гэж өөрийнхөө хэлээр шулганан ном унших дуу намайг угтана. Гэр бүл, хэдэн ном, дуртай хөгжим... хүнд их юм хэрэггүй гэдгийг ихэд ойлгосон би, эрүүл байхад болно доо болно гэж хэлэх дуртай болчхож.

 Эцэст нь энэ бүрхэг, бүдэгхэн хааяа бүр харанхуй санагдах цаг үед гэрэл ГЭГЭЭ болж ирсэн охиндоо, урагш алхуулж байсан “Эх орон чинь дуудаж байна” зохиолдоо баярлалаа.

 Зураач: Маргарита Кухтина 

 

Түр хүлээнэ үү...
Top