Намрыг үдэх тэмдэглэл
2022-10-17 Б.Дэлгэрмаа 771

  Үймэрч дэнсэлж, үе, үе сэрхийтэл нэгийг ойлгуулсан амьдралын нэг намар ингээд яваад л өгөх нь. Налайсан, шаргал ийм өдөр арай ч дуусчхаагүй намрыг юу, юугүй үдэж гаргах гэж адгах минь цас ороосой, тогтож суух сан гэж яарсных уу, урьд үзээгүй хөндүүр намрыг туулж байгаагийнх юм сан уу. Намар, өвлийн дундах хачин ойлгомжгүй 11-р сар, уртаас урт хүйтэн өвөл өмнөөс тосно. Уг нь залуу насны минь намар хэд ч билээ дээ. Орон, хот Дарханд минь одоо бол замын хоёр хажуугаар зайгүй ургасан улиас модод нүцгэрээд, оройд нь хэрээд гуаглаад, гудамж талбай сааралтаад, хойгуур, урдуур замаар хоёр, нэг машин давхилдаад, галт тэрэгний дохио нам гүмийг эвдэж цаг, цагтаа хангинаад, хичээл, сургууль эхэлж, тарах үеэс бусдаар эл хуль, хүйтэн намар болж байгаа даа. Нагац эгч найман нэрийн дэлгүүрээ аялуулж суугаа, аав үйлдвэрийнхээ замаар ачааны тэргээ жолоодоод давхиж яваа. Ийм л өдрүүдэд хичээлийн дараа, “Залуучууд” театрынхаа номын санг зүглэдэг сэн. Хичээл давтах нэрээр олдсоныг уншиж хүүхэд насаа тэнд өнгөрөөсөн минь өдгөө намайг Улаанбаатар хотын альхан нэгтээ хэвлэлийн газрын ширээнд суулгаж байгаа биз.

 Хүйтэн өдрүүд ирэхгүй юм шиг инээж, шатаж, хорвоо дэлхийн үзэсгэлэнд “согтож”, дурсамжуудаа зурагт үлдээж, өөртөө хадгалж, хил давж, ой хөвчөөр фургонтой “мөлхөж”,  цахлайн дуунаар сэрж, хайртай хүмүүстэйгээ уулзаж, үдэн гаргаж, сайн байна уу, баяртай гэх үгсийн дунд ирж буцсаар нэгэн зуныг намартай нь үдсэний хойно өглөө ажилдаа ирээд хэдэн сар дамнасан ч дуусаагүй, мохож нэг, эрэмшиж нэг, барьж тавин нухаж суугаа номоо нээчхээд, бас болоогүй найман мөр шүлэг бичиж сэтгэл цэлмэчхээд өнөөдрийг эхлүүлж байгаа минь энэ. Өдөр хоног ингээд л урсаж байна. Өөртэйгөө нүүр тулсан, үнэнээ хайсан энэ цаг хугацаанд бичиж, туурвихуйн тухай намтар, дурсамж дээр ажиллаж суугаа маань санаандгүй тохиол ч биш шиг.

 Охиноо цэцэрлэгт нь хүргээд, ажилдаа ирж, үг үсэгтэй зууралдах минь хэдхэн жилийн өмнө бол төсөөлөл, мөрөөдөл төдий байлаа. Хөөрхөн охины ээж болж амьдарна ч гэж бодож явсангүй. Саяхан л энд ч, тэнд ч хэрэггүй хүн гэж өөрийгөө бодож, итгэл алдарч хүний хотод хар, бор бүхнийг халгалгүй л хийж явсан сан...  Даанч хүн гэдэг хүсэж, хүсчхээд хүрээд ирэхээр нь хааяа хайрлаж мэддэггүй шүү дээ. Одоогоос долоон жилийн өмнө хорвоогийн нэг саарал хотын аравдугаар сард бичсэн тэмдэглэлээ сөхөж харвал, Памукын “Цас” романыг тэвэрч явсан бололтой. “Үзэсгэлэнтэй сайхныг нь бишрэн, талархаж явдаг энэ хотыг цас нэвсийтэл дарахыг харж зогсох нь ээ амьдрал минь хэчнээн утгагүй юм бэ. Өнөөх сайхан хот маань манантаж сааралтаад одоо бол намайг хана хэрмэн дотроо хаашаа ч явуулахгүй хорьчхоод байгаа юм шиг санагдах юм. Буцан очих тухай бодлууд минь надад итгэл найдвар, баяр баясал өгдөг байсан бол чухам хүнд хэрэгтэй юу хийж чадах вэ гэсэн асуулт, түмэн зовуурь намайг дотроос минь хэмлэн мэрж байх шиг. Дуртай зүйлээ хийхэд чадал дутах энэ их хоосрол, итгэл алдарсан бүхнээс өндийж босох шалтгааныг олох сон. Итгэх, үл итгэхийн туйлд хүрч яваа өөрийгөө "Юм бүхэн өөрийн цаг хугацаатай, хүн бүхэн замаа өөрөө л олох ёстой" гэх үгээр тайтгаруулаад өглөө гэхэд л инээчихсэн алхаж явна даа.” гэж бичээд орхиж. Ямартай ч замаа олсноо бодохоор хүн явж, явж, яаж ч төөрч будилсан байх газраа хүрээд ирдэгт итгэх юм.

 Чадал дутаж, гацаж орхисон нэг номоосоо улбаалаад өнгөрсөн, одоо, ирээдүйгээ тунгааж суугаа миний амьдралд үг үсэгтэй зууралдаж суухаас өөр үнэ цэнтэй юу байх билээ... Заримдаа гурван өгүүлбэр өрж тавиад өдөр дуусна, зарим өдөр зүгээр л халгаж байгаадаа гэмшинэ. Үнэндээ амьдрал нэг л өдөр байдаг гэдэг шиг сэтгэл, оюун, цаг хугацаагаа зориулж яваа нэг номоороо тухайн мөчид амьдардаг ч юм шиг. Ажлаа хэцүү, хүнд гэж ер бодож байсангүй. Тэгж бодтолоо ч ихийг хийж бүтээсэнгүй. Дөнгөж эхэлж яваа би хүний санааг дамжуулж буй тусмаа л хүндэтгэлтэй, хариуцлагатай, хуудуугүй хандахыг хүснэ. Даанч ном бид хоёр ойлголцдоггүй хосууд шиг олон ч хоног нэгнээсээ дөлж, наргиж цэнгэж, эргэлзээ, тээнэгэлзээгээ дарах гэж яваа шиг санагдана. Гэхдээ ийм л төөрөгдөл дундаас зам ахиад тодоос тод зурайж байгааг харав аа. Энэ бүхний ард үнэнээсээ үзгээ шүүрээд өөрийнхөө зохиолыг бичиж эхлэх дүүрэн итгэл өвөртлөөд, ирж яваа өдрүүддээ, хайрлаж, дурладаг бүхэндээ өнөөдөр талархнам.

 Үнэндээ энэ намрыг үдэж буй тэмдэглэл нэртэй ч өөртөө, миний адил зам, чигээ олж яваа хэнд ч юм бичсэн тэмдэглэл болж дууслаа. Ихэд удаан үргэлжилсэн энэ үйл явц маань сайн, сайханд хүргэж, ахин нэг алхам урагшлах биз ээ. Хүн тэгээд итгэж үнэмшиж яваа бүхнийхээ араас эртхэн л зам шуударч, зориг, цөстэй явахгүй  бол “Залуу нас хажуугаар исгэрэн өнгөрөхөд, замын хажуугаас зүгээр л хараад зогсож байна..” гэх шүлгийн мөр шиг л өнгөрөх нь. Ширээгээ онох гэж явж, явж ирсэн миний ширээнээсээ босох завгүй суух он жилүүд одоо иржээ. Хүрэх зам бартаатай ч хүн бүр хүссэнээ хийгээсэй, урт амьдралыг болж өгвөл хийж байгаагаа хайрлаж туулаасай гэж бодно.  

 Юуны учир өнөөдөрт ирснээ бодсоор юу ч нийтэлдэггүй нийтлэлч би чинь төөрч будилж, хааяа шантарч байгаагаа цухасхан хуваалцаж байгаа минь энэ. Намар явж, өвөл ирж буйн учир бидэнд хавар ч бий, зун ч бий.  Туулах л ёстой амьдрал, “бичих учиртай үгс” ч бий...

Залуу насны намар хэд ч билээ дээ, цайгаа зэхээд ширээндээ сууя. Намрыг үдэж, үгсээ өрье.

 

2022.10.17

Зураач: Маргарита Кухтина 

Түр хүлээнэ үү...
Top