Бидний хотоос намрыг үүрээд буцаж яваа түүнд...
2019-11-08 Б.Баясгалан 627

Улсын их сургуулийн Улс төр судлалын барагтайхан оюутан байхад маань оюутны дотуур байрны орц хаалга, эсвэл хичээлийн хоёрдугаар байрны анги танхим, хонгил шатан дээр байнга зөрөлдөж байдаг, Социологийн ангийн хөдөөх төрхтэй, хичээнгүй бас амбицтай байрын хэдэн залуугийн нэг, малийтал инээсэн, тэрүүхэндээ л бусдыгаа хөгжөөдөг бололтой яриа хөөрөө үүсгэж зогсдог шар залууг бас мань шигээ дурлалд хөл алдан дуниартаж, шүлэг тэрлэн сэнсэрч явдаг юм чинээ хэн санах билээ. Оюутны он жилүүдэд олзолж нэгнээ таниагүй бидэн хэзээ хойно, магад шүлгийн жимээр дотносон нөхөрлөжээ. Гэвч яг хэзээ, хэрхэн яаж нөхөрлөж эхлэснээ одоо тоймлохгүй байна. Ямартаа ч оюутны зөвлөл, илтгэх урлаг, эрдэм шинжилгээний хуралд оройлж, уран зохиолын дугуйлангийн үүд сахихаас өөрийг гийгүүлдэггүй маниас тэс өөр замаар маналзуулж явсан тэр шар залууг шүлэг бичдэгийг мэдээд ихэд гайхширч байсан санагдана.

Харин жинхэнэ гайхширал түүний анхны түүвэр “Дээврээс дуслах хавар” (2013)-ыг уншихтай хамт ирсэн. Нэр нь хүртэл хачин ажигч, гэгээхэн ертөнцийг нь шууд илтгэх тэр ном нэлдээ гэрэл гэгээтэй, нандин гэгэлгэн, хүүхдэрхүү цайлган, мэдрэмж торгон, тэгснээ яая даа гэмээр итгэмтгий шүлгүүдээр дүүрэн байсан нь манай залуусын бичиж буй шүлэг найрагт үгүйлэгдээд байдаг цээл хоолой, хиргүй тунгалаг эгшгийг нөхөн түрсэн билээ. Чухам тэр шүлгүүдийг уншаад л би Гончигийг уран зохиолынхонтой орой танилцаж, улиг хэнээрхэлтэй нь хожуу золгосон нь болж дээ гэж бодсон юм. Учир нь тэр бидний энэ хүрээллээс хол таваргаж явсандаа, бидний ойворгон номчирхолоос хойш сууж үлдсэндээ өөрийгөө яг л “оригоор” нь, гэгээн тунгалаг, цас шиг цагаахан бас хөнгөн хийсгэлэнгээр нь хадгалаад аваад ирсэн санагддаг.

Анхны номоосоо хойш зургаан оны дараа уншигч тантай золгуулан буй хоёр дахь түүвэрт нь ч Гончигийн гэх сэрүүн тунгалаг, гэгээн гэрэлтэй өнгө аялгуу бүдэгрэн бүүдийсэнгүй, харин ч илүү буурь зохирлыг олж, донж маяг нь тогтсон буйд уншигчийн хувиар би вээр ихэд олзуурхан догдолж байна.

Өөрөө хүүхдэрхүү, гэгээн хүн болоод ч тэр үү, эсвэл хөвгүүдийнхээ нүдээр орчлонг харж чаддаг эцэг хүн болсон нь ч тэр үү жаал багачуудын л ой тойнд орж болом төсөөлөл, эд юмсыг ч амьдшуулан амьдралдаа татан оролцуулах ид шидийн сэтгэлгээ түүнд бий.

Хүү минь өсөхийн хэрээр
Тавагтай чихэр энэ гэрийн
Хүрч болох хамгийн дээд
Тавиур дээр зогсов.
Шил, шаазан, сав суулга ч гэсэн
Чадлынхаа хэрээр өөдөө зүтгэнэ

гээд л уншихад жаалхүүгийн гараас амь зулбан эргэнэг өөд мацах аяга тавагнууд нүдэнд харагдаж инээд, өхөөрдөл төрөхийн сацуу худлаа ч үгүй бас тийм л байдаг даа гэж бодогдон энгийн үнэн, жирийн үйл явдлыг яаж тэгж гярхай ажиглаж, хүүхэлдэйн киноны зураглал шиг хөөрхөн амилуулж чадав аа гэж гайхна.

Хаа хаанахын найрагчдаас илүү Хөвсгөлийн найрагчдад л ажиглагддаг хачин байгальлаг уур амьсгал, усны цалгиа, модон завь, загас, цахлай:

Мөрний эрэгт мохоор шившин суух эрийн 
Мөр дүрийг нь давалгаа зүлгэнэм.
Суунагласан цэнхэр тамхины утааг 
Шумуулнууд дээр нь бугуйлдан эвхмүй

гэх мэтийн борог бааз атлаа гоё нь дэндүү зураглал, говийн надад бол сонгодог зохиолуудаас л уншсан орос тосгоны амьдрал шиг харь атлаа дотно дүр дүрслэлүүд түүний шүлэгт бас бий. Анзаарч уншиж чадвал гоо сайхан тэнд харамгүй буй.

Ард нь дандаа гэрэл гэгээ тунарч байдаг түүний шүлгүүдэд бас аргаж торсон цөхрөл, уйсал, санагалзал, харуусал бий. Гэхдээ түүний гуниг цөхрөл дандаа тайлалтай, гэтлэх хийгээд тайвшрах чөлөөг өөртөө болоод өрөөлд үлдээсэн өгөөмөр том орон зайтай. Аавыгаа үгүйлж бичсэн нэгэн шүлэгт нь:

Угтан гүйх хөвгүүдийнхээ дотор би өөрөө буйг 
Уйлж суугаа миний дотор та бас буйг
Амьдралд бидэн хамтдаа буйг 
Ахин дөнхөн ойлгосоор л байна. 
Ахиж уйлахгүй ээ, хүү нь

хэмээх мөрүүд бий. Аргагүй хагацлын ард ч аавтайгаа дандаа хамт байх зайг тэр цээжиндээ аваад үлдчихсэн л байна. Гэгээн, их хүчтэй гэгээн чанар юм шүү.

Ийнхүү Цэрэннадмидын Гончиг хэмээх энэ шар залууг хүлээн авагчин дотор нь хумсын чинээхэн хүмүүс амьдардаг гэж итгэдэг хүүхэд балчирхан үеэс нь эхлээд дурлаж догдолж, хагацаж шаналж, хатуужин зоригжиж, хань болж, аав болж, хамтдаа ургаж, хааяа битүүхэн гуньж, хөвгүүдийнхээ гэнэн асуултанд эрүүлэхдээ ааваа санан нулимс унагах том эр болтол нь ханиндаа торнисон энгүүн, үнэн, элдэв чамирхалгүй, тэгсэн атлаа ганган мэдрэмжтэй шүлгүүд нь таны өмнө байна. Бидний хотоос намрыг үүрээд хөл уулс, хөх усны нутаг руугаа буцсан түүнийг малийтал инээсээр эргээд иртэл нь гуниг хийгээд жаргалынх нь захыг ч болохнээ имэрч, энэ гэгэлгэн шүлэгчийг өөрсдөдөө ээнэгшүүлэх үү?  

Алтан харуул
Б.Баясгалан

***

Цаг хугацаа гэж байхгүй,
Чамайгаа би санасан
Намайгаа чи минь хүлээсэн
Сэтгэл л гэж бий.

Одоо, өнгөрсөн, ирээдүй ч гэж үгүй,
Он жилүүд гэж байхгүй,
Олж харсан, би үнссэн, чи тэвэрсэн
Олон дурсамжуудад хэзээ гэдэг нь хамаагүй.

Мөч хормууд гэж үгүй,
Мөргөлдсөн харцнууд үүрд болж,
Шүргэлцсэн хуруунууд мөнх атгалцсан
Орон зайг туулах бидний жимд
Олон жижигхэн мөрнүүд зам нийлээд
Орон гэрлүү минь хамтдаа алхах болсон.

Хайрт минь,
Энэ шүлэгнээс цаашаа
Урт, богино зүүнүүд эргэлдэхгүй,
Урьд эртийн цагт гэж
Үлгэр эхлэхгүй ээ...

***
Хайрт минь, энэ өглөө тэнгэр бүүдийсэнд

Хахь ондоо нэгэн шалтгаан байгаа.
Сав шим, хүмүүсийн мэдэх ердийн зүйлс бус,
Салангид нэг орчлонгийн зүүд биелж байгаа.
Хэлхээтэй үүлс, голын манан, цонхны цанг
Хэн нэгэн далдаас зураад байгаа
Өөрөө би бүүдгэр ахуйд автаж гүйцээд
Өөр ертөнцийн сэжүүрээс зуураад байгаа.

2014-01-14
Мөрөн

***

Чиний гоёлыг юутай зүйрлэнэм
Чимэг, шигтгээ, зүүсгэл сэлтийг нь ээ…
Чихэнд чинь яавал би одоо
Чиний ээмэг шиг үгийг хэлэх вэ? 

Дэргэдүүр өнгөрөх цагаахан инээмсэглэлтийн
Дэндүү чамин өмсгөл сэлтийг нь ээ…
Дандаа чамайгаа яавал би
Даашинз шиг чинь чанга тэврэх вэ? 

Хуриманд чинь зохиогүй ганц гоёл л
Хүрмээ дааж ядан зогсном.
Хувь тавилангаа яаж өөрчилвөл би
Хуруунд чинь сүйн бөгж мэт гялалзах вэ?

***

Зөрөг цэцгийн нуга минь - эх орон минь
Зөрлөг замын  дэн буудал минь- гэр минь
Мансуурам их униар минь- орчин минь
Манарсан олон бодол минь- шалтгаан минь
Эргэлзээ тээнэгэлзээ нээлтүүд минь -алдаа минь
Энэлэн шаналан гунигууд минь - нулимс минь
Ижлээ хайсан солгой жүнз минь- ганцаардал минь
Эндүү ташаа хардалтууд минь -хагацал минь
Мухрын ганц ширээ минь - дэр минь
Мушгирч урссан лаа минь- мөрөөдөл минь
Дутуу унтарсан тамхи минь - дурлал минь
Дурсамж минь.., УУШИЙН газар минь....

***

Ааваа…
Ахиад л уйлж орхилоо би. 
Шалтгаагүй яагаад инээмсэглэсний учрыг 
Саяхан л би таниас асуудаг байсан даа.
Гэтэл одоо хүү минь надаас ингэж
Гэнэгүй суухад асуух боллоо. 
Гэгэлгэн инээмсэглэл тань надад ирж
Гэнэн асуулт минь хүүгийнх минь болжээ. 
Гэлээ гээд ганцхан үгээр тань шиг
Гэмгүйхэн хариулж чадахгүй байгаадаа
Гэмшиж орхилоо 
Мэгшиж орхилоо би...
Ааваа... 
Цаг хугацаа яг л таны урласан тоононы 
Цагирага юм шиг дугуйраад буйг
Цамхагууд нь нэгнээ түшин түүнийхээ тэгт
Цац суврага мэт оршсоор буйг
Угтан гүйх хөвгүүдийнхээ дотор би өөрөө буйг 
Уйлж суугаа миний дотор та бас буйг
Амьдралд бидэн хамтдаа буйг 
Ахин дөнхөн ойлгосоор л байна. 
Ахиж уйлахгүй ээ, хүү нь.

Түр хүлээнэ үү...
Top