Урлахуйн нууц руу өнгийсөн гурван алхам
2018-04-06 Я.Баяраа 2522

Санаа алдахуй...

Гүнзгий санаа алдав. Ердийн санаа алдалтаас арай л урт, бас уушиг руу татаж, буцааж гаргасан агаар маань  жирийн амьсгалын түвшнээс бараг гурав дахин илүү байсандаа л үүнийг “гүнзгий санаа алдалт” хэмээн нэрлэж байгаа юм л даа. Хэдхэн секундийн энэ үйл явцыг монголчууд “Санаа алдах” хэмээн нэрийдсэн нь сонирхолтой. “Санаа”, “алдах”. Эзэн биед эс ухамсарлагдах амьсгалын энэ түрлэг хаа нэгтээ сэтгэлийн утас чичрэн доргисны илрэл эсвэл ухамсаргүйн гүн давхаргыг сэрээсэн өвөрмөц мэдээллийн хариу үйлдэл ч юм билүү? Ямартай ч хүн муу муухайн сэдлээр санаа алддаггүй нь үнэн юм.

Эхний санаа бурхны санаа гэх үг бий. Өчүүхэн ч атугай зүйл бүтээсэн, ядахаа жорын номоос арай өөрөөр сэтгэж хоол хийсэн хүнд шинэ сэргэгийг үүтгэсний баяр баясгалан төрдөг. Долоон бурхан од хот айлын дээр голлосон ганц зураг авах гэж цавчим уул өөд шөнийн хагас мацсаны эцэст өөрт нь  зураг дарах хэдхэн хором л үлдсэн тухай ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй ярьсан гэрэл зурагчин Б.Цэрэнжамцын үгнээс түүнд зургийг нь хүмүүс хэрхэн шагшрах нь биш, чухам аппаратныхаа товхыг дарсан хэдхэн хором л чухал байсныг би ойлгосон юм. Тэр агшинд дуран нь царцаад нэг ч кадр дарж амжаагүй бол мань эр уул өөд шөнө туж мацаж, даарч бээрсэндээ биш, амьдралынхаа хамгийн чухал зургийг дарж амжилгүй алдсан тэр хэдэн хоромд л харамсах байсан нь дамжиггүй.  Хот айлын дээр долоон бурхан давхарлан харагдах агшны тухай төсөөллөө биежүүлэхээр адгаж буй  энэ тэмүүлэл л уран бүтээлчийг тодорхойлох хамгийн гол хүчин зүйл ч юм шиг. 

“Уран бүтээлч болоход гол хүчтэй нөлөөлөх анхны хүчин зүйлүүд бол ердөө тухайн хувь хүний хүсэл сонирхол, мятрашгүй тэмүүлэл” гэсэн найруулагч Ш.Ихбаярын үгс, бас түүний шинэ бүтээл “Уран хас” миний энэ бодлыг бататгасан юм. Ш.Ихбаярын бүрэн хэмжээний анхны бүтээл болох “Уран хас” баримтат киног анх үзээд түүнийг юунд тэмүүлснийг, юунд тэмүүлээд явааг нь бага ч болов ойлгосон. Харин хоёр дахь удаа үзсэний дараа яагаад ч юм гүнзгий “санаа алдав”. Анхлан төрсөн уран санаагаа биежүүлэн бусдын хүртээл болгох нь үнэндээ өөрийн санаагаа алдаж буй хэрэг юм. Зотонд нялж, шүлгийн мөрөн дэх утгын бүрхүүлд шингээж, эсвэл дэлгэцнээ хөврөх дүрсийн урсгалд нийтгэсэн “санаа” алдагдах  тусмаа алдар нэрийг бүтээгчдээ авчирдаг. Хүмүүс хэрхэн хүлээн авах талаар тачаадах нь сайхан харагдахын тулд боломж олдох бүрт толио арчихаас өөрцгүй. Харин бүтээн туурвихуйгаас хүртэх хамгийн гол таашаал бол туурвих явцдаа гаргасан эрч хүч л байх. “Уран хас”-аас ийм л эрч хүчийг мэдэрсэндээ цөөнгүй үзэгчид миний адил гүнзгий санаа алдсан болов уу. Энэ хэмжээнд киногоо бүтээхийн тулд Ш.Ихбаяр уран бүтээлчийн хувьд гурван алхам хийжээ.

                                     Анхны алхам: Гарвал аян

Баримтат киноны нэр Монголын анхны бүжгэн жүжгүүдийн нэг Ж.Чулууны “Уран хас”-ыг үзэгчдэд сануулсан нь дамжиггүй. Цөөнгүй хүний амнаас “Уран хас”-ын тухай иймэрхүү таамаг ч сонссон. Харин Ш.Ихбаярын “Уран хас” үзэгчдийн төсөөлснөөс тэс өөр бүтээл байв. Одоо цагт уран бүтээлээ ид туурвиж буй залуусын гэр бүлийн амьдрал, бүтээн туурвиж буй үйл явцаас цухасхан харуулсан уг бүтээлээс дагнасан хүүрнэлийг хайвал Ж.Чулуун гуайн “Уран хас” балетын олонд алдартай вальсын аялгууг л хэлэх байх.

Ш.Ихбаярын хувьд эксперименталь хэв маягийг кино урлагийн эх санаа гэж үздэг нь Уран хас үзэгчдэд хүрснээс хойш хэвлэлд өгсөн ярилцлагаас нь тод харагдана. Драм, хүүрнэл зохиол зэргээс ялгарах цэвэр кино хэлийг тэр “Уран хас”-аараа эрэн бэдэрсэн нь илт. Кино бүтээх тогтсон таалал, урсгал бүхэн өөр өөрийн сэтгэгч, найруулагч, сонгодог болсон уран бүтээлтэй. Гэхдээ эдгээрийн тухай мэдлэг эзэмшсэн бүхэн кино хийчихдэггүй. Үүний тулд хүсэж, зорьж, хэлд орох шаардлагатай. Залуу найруулагч уг киногоо чухам кино хэлд орсноо үзүүлэхийн тулд хийсэн нь анзаарагдаж байв.

“Мөнх бус, мөнх бус л гэх юм

Мөн чанар нь хаанаа юм бэ?” гэж номонд муу нэгэн банди багш ламаасаа асуугаад банздуулсан түүх бий. Товчхондоо Ш.Ихбаяр кино урлагийн мөн чанарыг өөртөө нээхийг эрмэлзжээ. Жил тойрон ажилласан эвлүүлгийнхээ ачаар тэр ямартай ч үзэгчдэд хэлэх гэсэн санаагаа кино хэлээр хүргэж чадсан байна. Кино урлагийн эхлэл тийш хийсэн энэ аялалынхаа үрээр найруулагч өөрийн дуу хоолойтой биет уран бүтээлч гэдгээ багашаархан хүрээнд ч гэсэн нотлож чадав.

                                               Алхам 2: Амьдчилал

“Бүтээлийн санаа анх  хэлц, ойлголтоор уран бүтээлчийн дотор төрдөг. Биежсэн эдгээр үгс бол тухайн зохиолын урьдач нөхцөл (premise) юм” гэх Унгар судлаач Лаёош Эгригийн үг Ш.Ихбаярын энэхүү бүтээл дээр сонирхолтойгоор биелэлээ олжээ. “Кunstwollen буюу уран бүтээл үзэгч сонсогчдод сэтгэлзүй болон бие физиологийн төвшинд тодорхой нөлөө үзүүлдэг. Энэ бол урлагийн жинхэнэ мөн чанар” гэх Австрийн судлаач Алоиз Риглийн санаа “Уран хас” киноны урьдач нөхцөл болсон байна.

Сонгодог уран зураг, уран баримал, перформенс арт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг гурван гэр бүлийн таван уран бүтээлчийн туурвилын орон зай, явцыг үзэгч киноноос үзнэ. Өнгөц үзээд өнгөрөхөд “Уран хас” балетийн аялгуун дор бэлэн болсон зураг, барималуудыг харуулснаар үзэгчдэд догдлох мэдрэмж төрж байна гээд дүгнэчихэд болохоор. Гэхдээ анхааралтай үзэх юм бол киноны хэсэг бүр дээр эвлүүлэгчийн нягт ажиллагаа орсон нь анзаарагдана. Цаг хагас хүрэхгүй кинонд “Уран хас” балетын вальсын аялгуунаас гадна хоёр ардын дууны аялгуу, Б.Норовбанзад агсаны дуулсан “Сэрүүн сайхан хангай” дууг ашиглаж, байгалийн зураг авалт, дуу шуум ашигласан нь бүтээл бүхний явц, ажиллагаа дэлгэцэнд илүү дуурьсалтайгаар амилах хөшүүрэг болж өгчээ. Үгээр тайлбарлахад бэрхтэй энэ яруу чанар л найруулагчийн хийхийг хүссэн удаах алхам юм. Үүнд зураглаач Ц.Шувуу, Н.Цэрэнням нарын ажил ч тулгуур болж өгсөн нь илт. Ш.Ихбаярын хувьд хангалттай эх материалаас энэ баримтат киног босгосон байна.  Эвлүүлгийн онол, зарчмын талаар мэдлэг дутуугийн харгайгаар энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахад  хүчин мөхөсдөнө. Ямартай ч киноны хэмнэлийг бүтээл төрөх явцтай нягт уяхдаа үзэгчдийн сэтгэлзүйг ч давхар бодолцож, киног зохиомол өнгө аястай болгохоос алхам тутамдаа зайлсхийх тал дээр найруулагч багагүй толгой гашилгасан нь илт.  

                                      Алхам 3: Өрөөлд биелэхүй

“Уран хас” бүтээлдээ амьдралыг нь хүүрнэх хүмүүсээ найруулагч санамсаргүй сонгосонгүй. Бөөгийн сахиустай зураач Н.Насанбат нийгмийн өнгө бүхий реалист зураг бүтээж байхад, монгол зургийг модерн урсгалтай хослуулсан бүтээл туурвидаг Г.Гэрэлхүү, түүний гэргий Э.Энхзаяа нарын зургийн ажиллагаа, зураач Д.Дорждэрэмийн баримлын үйл явц, Ж.Анунарангийн перформенс артын үзүүлбэр гэх мэт орчин үеийн монголын дүрслэх урлагийн олон талт өнгө аясыг харуулахыг эрмэлзжээ. Эдгээр залуу гэр бүлийн дотоод уур амьсгалыг нэмэр хачиргүй камерт буулгаснаас харвал зураглаачид тавилганаас ялгарахгүй болтлоо ажилласан нь харагдана.

Кино тусгайлан бичсэн зохиолгүй хэр нь маш ритмлэг болсны шалтгаан нь зураачдын уран бүтээлтэй холбоотой. Үндсэндээ киноны турш зураачдын бийрийн татлага үзэгчдийн нүдийг хөтлөх бөгөөд гурван гэр бүлийн бяцхан гишүүдийн нэмэр хачиргүй бодит үйлдлүүд киног үнэмшилтэй болгохыг найруулагч тооцоолсон нь мэдээж. Ялангуяа Д.Дорждэрэмийн урландаа ажиллаж буй хэсэг “Уран хас” киноны оргил сценүүдийн нэг байв. Хоёр жилийн өмнө түүний “Огт Оргүй” үзэсгэлэнд тавигдсан аргалийн эвэртэй баримлууд хэрхэн бүтсэнийг уг киноноос үзэж болно.

Жиль Делёз, Феликс Гваттари нар “Философи гэж юу вэ?” хэмээх хамтын бүтээлдээ “концепт” хэмээх ойлголтыг гаргаж тавьсан. Тэд концептийг бидний мэдэх “ойлголт” -оос илүү өргөн хүрээнд авч үзсэн юм. Концепт нь зөвхөн сэтгэхүйн үр дүн биш. Сэтгэхүйгээс гадна хүртэхүй, догдлохуй, заншил, уур цухал зэрэг сэтгэлзүйн олонлог гэж эдгээр постмодернистууд үзжээ. Найруулагч Ш.Ихбаярын хувьд үзэгчдэд сэтгэлзүй болон бие физиологийн төвшинд тодорхой нөлөө үзүүлэх нь урлагийн мөн чанар мөн гэсэн концептийг уг киногоороо дэвшүүлэн тавьсан хэрэг юм. Эхэнд өгүүлсэн “Кunstwollen буюу урлагийн тэмүүлэл гэсэн утгыг тэрбээр монгол хэлэнд “Уран тэнгэр” гэж буулгаад байснаа, эцэст нь “Уран хас” хэмээн нэрлэхээр шийдсэн тухайгаа ярьжээ. Ийн шийдэх бэлгэдэлийн шалтгаан ч түүнд байсан байж болох. Ж.Чойжилийн “Уран Хас” балетад Хас хэмээх уран гартан залуу бурангуй хүчний эсрэг тэмцэн ялж буй тухай гардаг. Ш.Ихбаяр өөрийн киноны санаа, “Уран Хас” балетын агуулгын давхцлыг олж харсан нь дамжиггүй. Басхүү хас нь монгол билэгдэл зүйд ертөнцийн хязгааргүйг хураасан тэмдэг гэдгийг өгүүлэх юун.

XX зууны дунд үеэс дэлхийн баримтат киноны чиг хандлагад шууд ахуйн баримтыг дэглэхээсээ  илүү “зохиогчийн” буюу найруулагчийн үзэл бодол, хэлэх гэсэн санааг илэрхийлэх арга барил хүчээ авсан. “Уран хас” бол энэ чиглэлээр монголд хийгдсэн анхны бүтээл юм.  Делёз, Гваттари хоёр “Plane of immanence” буюу “Дотоод төлөвлөл” гэх ухагдахууны тухай мөн ярьдаг. Энэ нь хэрхэн сэтгэхээ өөрөө баримжаалж буй үйл явцын нэр юм. Энэ тохиолдолд “Хүн урлагийн талаар бясалган ухаарах биш, шууд сэтгэхүй, физиологийн хувьд тэмүүллийг мэдрэх ёстой” гэсэн Ш.Ихбаярын “дотоод төлөвлөл” түүний кинонд тусгалаа олжээ. Тусгах тусгахдаа кинонд оролцож буй уран бүтээлчдийн бүтээлд уг санаагаа толин тусгал мэт ойлгон, кино хэлээр өгүүлж чадсан нь манай кино урлагт гарсан дэвшил юм.  Ч.Гомбо гуайн гол нурууг нь тулж, өдгөө үр хүүхдүүд нь залгамжилж яваа сонгодог хэлбэрийн, тайлбарламж бүхий баримтат киногоор л энэ салбарыг төсөөлөх аргагүй болсныг  монгол үзэгчдэд “Уран хас” кино сануулах болов уу. 

                              Шувуудын жиргээнээс уртын дуунд...

“Уран хас” баримтат кино шувуудын жиргээн дунд эхэлж, уртын дуугаар төгсдөг. Шувуудын жиргээн дунд Жиль Делёз, Феликс Гуаттари нарын “Nomadology: The War Machine” номоос эшилсэн “Тэд төрөлхөөс бус урлахуйн чадвар, хэрэгцээнээсээ үүдэн агуйд амьдарч байв” хэмээх үгс тодорно.  Энэ үгс надад Шарль Бодлерийн

“Байгаль дэлхий хэмээх амьд баганасын сүм
Барьцгүй энэ мэт үгсийг үе үехэн илгээнэ
Танимхайрсан харцаар  зүг бүрээс ширтэх
Таагдашгүй билэгдлийн шугуйд хүмүүс хөлхөлдөнө”

гэх мөрүүдийг санагдуулсан. Урлагт тэмүүлэх гээч уран бүтээлчийг гуйланчлалын талхи, алдар нэрийн мансуурлаас авран хаацайлж, гоозүйн хил хязгаарт нь барьж байдаг хүчин зүйл аж. Хадны сүг зургаас эхлээд, тэгш хэмээрээ гайхуулдаг эртний уран барилгууд, одоо ч нууц нь тайлагдаагүй Египетийн сац суварга, гурван өдөр, гурван шөнө хайлах их хөлгөн туульсыг хүмүүс энэ тэмүүллийн ачаар бүтээж, тэр нь хүний бие сэтгэлд шингэн шинээр амилж оршин тогтносоор байх хуультай аж. 

Яагаад аль тэртээ хорьдугаар зууны эхэн дэх Ф.В. Мурнаугийн “Носферату” хожим бүтээгдсэн олон цус сорогчтой киноноос илүү үнэмшилтэйг, түүний хийсэн “Фауст” техник технологийн хувьд хязгаарлагдмал ч Сокуровынхоос огтоос дутахгүйг, Андрей Тарковскийн “Солярис” техникээр зодож хийсэн “Инстерстеллар”-аас гоо зүйн хувьд ямагт илүү гэдгийг найруулагчийнх нь урлагт тэмүүлэх чанараар тайлбарлаж болох юм Хээнцэрлэл, яарлын сэтгэлзүйдээ дийлдэж, уламжлал шинэчлэл, урлагийн мөн чанараасаа холдон төөрсөн биднийг Ш.Ихбаяр “Уран хас”-аараа хатган сэрээж, урлагт тэмүүлэх чанарыг сануулахыг хүсчээ. Миний үзэхээр тэр зорилгодоо хүрсэн. Хүрэх хүрэхдээ ул суурьтай хэр нь уран яруу арга замаар шүү!

Түр хүлээнэ үү...
Top