Я.БАЯРАА: ТАХЛЫН ХӨЛ ХОРИО УРАН ЗОХИОЛЫН БУС НОМ УНШИХ БОЛОМЖ
2021-02-17 Я.Баяраа 528

Хорвоод ер нь хоёр янзын хүн л байдаг. Ном уншдаг, уншдаггүй хүн. Уншдаг хүн бол уншихаа болино гэж үгүй. Харин уншдаггүй хүн уншдаг болчих нь бий. Ийм болохоор элдэв янзын унших номын жагсаалт энд тэндгүй л гарч байдаг. Цар тахлын үед унших номын тухай ч ойгүй олон жагсаалт гарчээ. Цахим ертөнцөөр дүүрэн байгаа уран зохиолын гайхамшигт жагсаалт буй хойно цаас гарздалгүй энд арай өөр номуудын тухай ярьцгаая. Гэр орондоо хөл хорьж, ахуйн хэрэгт хэн хүнгүй сатаарахын завсарт уран зохиолын ном гэхээсээ илүү уран зохиолын бус ном уншсан нь сонирхолтой байж мэдэх юм. Ялангуяа анхлан ном уншиж, амтанд нь орохыг хүсвэл хэн нэгний бүтээсэн зохиомол ертөнц биш ертөнцийн хаа нэгтэй тохиолдож, үйл хэрэг болсон үйл явдал, хүмүүсийн тухай унших таатай биш гэж үү?

“Nonfiction” номуудыг монгол хэлэнд “баримтат зохиол” гэж ойлгочих гээд байдаг нь тун явцуу хэрэг. Уран зохиолын бус төрлөөр бичигдсэн оюун санааны их өв санг зүгээр л баримтат хэмээх ганц төрөл зүйлд хашиж ойлгох шаардлагагүй юм. Хүн хаана байна. Тэнд түүх байна. Тэр түүхийг хэн нэгэн, ямар нэгэн хэлбэрээр бичиж үлдээх хэрэгтэй болно. Сонирхолтой бичих хэрэгтэй. Сонирхолтой бичих замгүй олон арга замыг хүмүүс бодож олжээ. Манай монгол хүмүүс ч өөрсдийн түүхээ сонирхолтойгоор бичиж үлдээсэн нь олон. Ингээд монголчуудынхаа бичсэн уран зохиолын бус номуудаас уншууртай номын цомхон жагсаалт гаргах гээд үзье. Энэ бол монгол хэлнээ бичигдсэн уран зохиолын бус номын их өвөөс хэлтлэн сонирхуулах төдий л охор бичвэр юм шүү.

ДУРТГАЛ:

Халхын заяат харгуй + Тэнгэрийн цаг + Социализмаас капиталзм руу

Монголчуудын бичсэн дуртгалуудын дотроос Ц.Гомбосүрэн гуайн тэргүүлэн эрхэлдэг “Бидний Монголчууд” цувралыг юун түрүүн санал болгомоор байна. Энэ цувралын анхны ном зохиолч С.Эрдэнийн “Халхын заяат харгуй” гэж товчхон хэрнээ маш амттай, нягт бичлэгтэй ном бий. Хуучин номын худалдаан дээр хямдхан хэвтэж байдаг эдгээр номуудад 20 дугаар зууны монголыг бүтээн босголцон сэхээтнүүдийн амьдралыг түүх чимэг хачиргүй дурайж байдаг, алийг нь ч аваад уншихад амттай байдаг.

Дараагийн ном бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын “Тэнгэрийн цаг” хэмээх дурсамж. Нийгмийн шилжилтийн маш чухал цаг үед Монгол Улсыг удирдсан эрхмийн намтар гэхэд арай л мөлгөр санагдаж магад. Гэхдээ тэр үеийн хүнд суртлын аппаратын толгойд байсан хүмүүс өөрчлөлтийг хэрхэн хүлээн авсан тухай сонирхож байгаа бол уншихад гэмгүй ном.

Хувь хүний намтар, цадигийг хэвлэх тал дээр сүүлийн үед Непко хэвлэлийн газрын гаргаж буй хичээл зүтгэлийг тэмдэглэх хэрэгтэй. Сүүлийн 30 гаруй жил Монгол Улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн нь хоёр ч Ерөнхий сайдын дуртгал уг хэвлэлийн газраас хэвлэгдсэн. Ерөнхий сайд асан М.Энхсайханы “Социализмаас капитализм руу” хэмээх дуртгал бидний туулж өнгөрөөж буй нийгмийг эдийн засагчийн нүдээр харж, бодитой, ажил хэрэгчээр дүгнэхийг хичээсэн нь олзуурхууштай. Үүнээс гадна Ерөнхий сайд асан С.Баярын “Жар хоног, жарны бутархай” ном тахлын хөл хорионд цаг нөхцөөхөд жинхэнэ тохиромжтой. Хотын хүүхдийн бага нас, ирээдүйтэй сэхээтний идэр нас, улс төрийн тэмцэл дундах хижээл насныхаа тухай тэрээр уншихад тун тээр багатай, архаг сэтгүүлчийн найруулгаар бичихдээ хошигнолын тунг тун ухаалаг тааруулсан байгаа.

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ:

Дорно цаст + Цогт чандманийн эрэлд

Төвдөч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гуайн хэл найруулга өөрөө жинхэнэ монгол сонгодог бичгийн хэл найруулга юм. Энэ хүн Гэсэр судлалын хурлаар Төвдөд зорчсон тухайгаа тэмдэглэсэн “Дорно цаст” номыг уншвал та монгол хэлэндээ яг л загас шиг сэлнэ. Дээр нь уг номд Л.Хүрэлбаатар гуайн Монголын томоохон бичгийн мэргэдийн тухай маш тод яруу тэмдэглэл дуртгалууд бий. Бичгийн эрдэмд шамдаж буй бол хойшлуулалгүй унших л ном.

Сэтгүүлч А.Баатархуягийн “Цогт чандманийн эрэлд” хэмээх зальжин атлаа сэтгэл татам бичигдсэн ном байна. “Цогт чандмань” буюу эзэмшсэн хүндээ их хүч, эрдэм хайрлагч чулууны эрэлд мордож дундад азиас эхлээд ижил мөрөн, Солонгосын хойгт хөл тавьсан аяллын тэмдэглэл. Гэхдээ энэ нь философийн чулууны эрэл гэхээсээ өөрийн философийг бусадтай хуваалцах арга ч гэмээр санагдана.

НАМТАР:

Бодоо + Чойбалсан + Зоригийн инээвхийлэл

Одоо цагийн намтар бичлэгийн төрөлд мөн л Непко хэвлэлийн газар гол ханыг тулж байна. Уг хэвлэлийн газраас гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг”-ийг уншигчид хүлээдэг. Эдгээрийн дотроос бичлэгийн ур чадвараараа сэтгүүлч Г.Дашрэнцэн агсны бичсэн Ардын нам, ардын засгийг үндэслэгч Догсомын Бодоогийн намтар маш уншууртай. Соц үеийн тархи угаасан кинонуудаас болж жинхэнэ монгол төрийн зүтгэлтнээ харааж сууснаа энэ номноос ойлгоно.

Хорьдугаар зууны Монголын түүхэн хүн Хорлоогийн Чойбалсангийн намтрыг Баабар гуай бичсэн. Олон хүн энэ номыг улс төрийн өнцгөөс харж, тайлбарлахыг оролдсон ч тийм зүйл нэгээхэн ч олж чадахгүй байгаа. Эх оронч, дарангуйлагч, урвагч гэсэн асар олон тодотголыг өөртөө тээгч, хангалттай ерөөлгөснийхөө адил хараалгасан нөхөр Маршалын талаар хүнд харуулчихаар ганц ном гарсан нь үнэндээ энэ юм.

Монголын “nоnfiction” бүтээгчид дотроос эрхгүй ялгардаг зохиолч бол Л.Чойжилсүрэн. Монгол Улс НҮБ-д элссэн тухай “Нью-Йорк 61” болон “Дилав хутагт” баримтат роман нь алдартай ч энэ удаа түүний “Зоригийн инээвхийлэл” номыг онцолмоор байна. Санжаасүрэнгийн Зоригийг амьд ахуйд нь бичиж, насан эцэслэсэн хойно нь хэвлүүлсэн энэ номонд өөрчлөлтийн үед С.Зоригийн туулсан замнал гарахаас гадна нийгмийн их өөрчлөлтийг анхааралтай ажиглаж буй сэхээтний үзэл бодол, хүлээлт давхар уншигддаг нь амттай.

СЭТГҮҮЛЗҮЙН БҮТЭЭЛ:

Хорин нэгэн хөрөг + Ярилцъя + Хүмүүсийн тухай роман

“Монголын нууц товчоон”-д холбогдох 21 түүхэн хүний тухай эсээ бүхий номоо зохиолч Т.Мандир энэ эсээнүүдээ түүхэн судар, хөрөг зургуудыг судалж өөрөө зурсан хөрөг зургуудаар чимэглэсэн нь сонирхолтой. 1980-аад оны сүүлээр зохиолч Т.Мандир “Хөдөлмөр” сонинд ажиллаж байхдаа энэ эсээ, хөргүүдээ цувралаар нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг их татсан гэж тэр үеийн сэхээтнүүд ярьцгаадаг.

Гэхдээ “21 хөрөг” номын хамгийн онцгой, сэтгэл татам чанар нь бичлэгтээ байгаа юм. Т.Мандирын “Сэнгүр горхины өглөө”, “Түгшүүрт аян”, “Саран зэв” зохиолуудыг уншсан бол түүний найруулга эртний өнгө аястай, монгол хэлний язгуур шинж чанарыг агуулж байгааг анзаарна. Нууц товчооны хэлээр одоо цагт бичээд байгаа ч юм шиг. Иймэрхүү өнгө аяс Монголын уран зохиолд Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, Сорогдогийн Жаргалсайхан, Тангадын Мандир таваас өөр зохиолчид төгс төгөлдөр хэлбэрээр төдий л их ажиглагдаагүй санагддаг. Төрөл зүйл нь хөрөг ч гэмээр, эсээ ч гэмээр. Агуулга нь харин асар баялаг харин хэмжээ нь хэт нимгэн ном.

Манай чөлөөт сэтгүүлзүйд ярилцлагын төрлөөр хүлээн зөвшөөрөгдсөн, ярилцлагыг байж болох түвшнээс нь ч илүү үнэлүүлж чаддаг сэтгүүлч Б.Ганчимэгийн эхэн үеийн бүтээлүүд “Ярилцъя” номонд бий. Хоёр зууны заагт амьдарч асан олон түүхэн хүний дотоод ертөнцийг маш товч, зурвас ярилцлагуудаар бараг л хөрөг гэмээр нээчихсэн бүтээлүүд. Цагийн уртад хүмүүс өөрчлөгддөг, гэхдээ мөн чанар нь огтоос өөрчлөгддөггүй гэдгийг энэ номоос унших боломжтой.

Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүйгийн “Хүмүүсийн тухай роман” хоёр боть ном хөрөг бичлэгийн нэгэн том өв гэж хэлж болно. Тэндээс сүүлийн үеийн сэтгүүлчдийн мөнгө зарж, мөнгө цуглуулж хэвлүүлдэг гялгар хөргүүдийг лав олохгүй. Ж.Нэргүй хүмүүсийг хувь хүний үйлдэл, зан чанарынх нь үүднээс энэ тэргүүнд, хийсэн бүтээл, ур чадварынх нь үүднээс бас нэг удаа, үзэл бодол, оюун санааных нь хувьд ахин нэг хөрөглөж байж нэг хөрөг нь бичигдсэн байдаг.

Түр хүлээнэ үү...
Top