ДУРСАМЖ ШАГЛААЧ
2019-11-16 М.Батзориг 500

/Өмнөд Солонгосын зураач, барималч До Хо Сү 1962-/

ХЭЛХЭЭСҮҮД

Эдүгээ цагийн контэмпорари урлагийн нэгэн өвөрмөц, содон төлөөлөгч болсон Солонгосын уран бүтээлч До Хо Сү (Do Ho Suh) Сөүлийн үндэсний их сургуульд уламжлалт зургаар бакалавр, магистрт суралцсан ч, Америкт цааш үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байв. Хүсэлтийг нь Род Айландын дизайны коллеж л цор ганцаараа хүлээн зөвшөөрч, уран баримлын ангидаа түүнийг элсүүлсэн нь ирээдүйд консептуаль, фигуратив уран баримлын төрлөөр алдар нэрээ дуурсгах нэгэн сонирхолтой бүтээлчийг төрүүлэх азтай тохиол болох юм чинээ хэн санах билээ. Дараа нь тэрээр алдарт Иэлийн их сургуульд магистрын зэрэг хамгаалснаас үзэхэд акедемик мэдлэг олж авах үйл явцад маш олон жилээ зарцуулсан уран бүтээлч гэж тодотгууштай санагдана.

Үй түмэн бяцхан хүн аварга том хоёр хөлийн алхаа таарсан газарт дэвсгэр болон уралдан гүйцгээх “Карма” хэмээх бүтээл, эсвэл үзэсгэлэнгийн шалаар дэвссэн зузаан шилний цаадах аанай л багшралдсан олон бяцхан хүн хамаг чадлаараа үзэгчийн гишгэж буй шилэн шалыг эсвэл хэн нэгэнд зориулан босгох хөшөөний суурийг өргөж буй “Шал” (Floor), “Хэрэг явдлууд" (Stories) зэрэг ерээд онд хийж байсан эхэн үеийн бүтээлүүдээрээ тэр Ази тивиэс нэгэн сонирхолтой, хүчтэй уран бүтээлч мэндэлж байгааг тунхаглан зарлаж чадсан юм. Эдгээр бүтээлийг харахад дарангуйлал, дайн дажин, улс төр зэрэг хувь хүнээс үл шалтгаалах шинжтэй ч, амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх чадалтай нийгмийн үзэгдлүүд санаанд ордог. Бүс нутгийн улс төрийн онцлогоосоо шалтгаалаад Солонгосын ард түмний дайны тухай төсөөлөл, түүнд үргэлж бэлэн байх шаардлага зэрэг нь бидний эдүгээх ахуй амьдралаас тэс өөр билээ. Тэр бүхэн нь ч До Хо Сүгийн уран бүтээлд тусаж байдаг биз ээ. Шоргоолж юм уу зөгийн үүрэн дэх системтэй маш төстэй дарангуйллын зохион байгуулалтыг хүний бүтээсэн хамгийн энэрэнгүй, ардчилсан гэгддэг нийгмийн байгууллаас ч харж болно. Бид зорилгодоо хүрэхээр тэмүүлж, ямар нэг сайхан зүйлийг бүтээхээр дор бүрнээ махарцгааж байгаа ч энэ бүхнээ дээрээс нь харвал ердөө л хэн нэгний гишгэж буй шалыг доороос нь өргөж байгаа төдий зүйл байвал яана. Цагийн цагт хүчтэй нь хүчгүйгээ боолчилсоор ирсэн хүн төрөлхтөн гэх аварга том машины нэг л жижиг хэсэг гэдгийг маань нууж хаалгүйгээр шууд хэлдэг түүний бүтээлүүд орчин үеийн баримлын урлагт тун өвөрмөц төрх нэмсэн юм.

Өмнө нь “Төмөр хантааз” нэрээр хийж байсан, харин 2001 онд “Хэн/нэгэн” (Some/one) нэрээр толилуулсан аварга том бүтээлээ цэрэг хүний хүзүүнд зүүдэг төмөр пайзыг (тухайн цэргийнхээ дугаар, нэр, нас, харьяалал, цусны бүлэг зэрэг мэдээллийг багтаасан) олон мянгаар нь цуглуулан зүйж өрсөөр эртний дорно дахины цэргийн хуяг, өмсгөл мэт хэлбэр гарган бүтээжээ. Жижигхэн хүмүүс, цэргүүдийн пайз, ахлах сургуулийн дүрэмт хувцас гэх мэт дүрсүүдийг нэг ижил давтамжаар байрлуулан бүхэл бүтэн танхимыг дүүргэсэн, жижиг хэсгүүдээ маш тэвчээртэй цуглуулж, загасны хайрс мэт давхралдаж, эгнэсэн хэлбэр (систем)–тэй болгон нямбай өрсөн шийдлүүд түүний энэ үеийн бүтээлүүдэд зонхилж байсан ч зонхилдог бөгөөд зохиомж нь хэзээ ч юмсын эмх замбараагүй бөөгнөрөл болж харагддаггүй онцлогтой. Зэрвэс харахад гинжин хэлхээ, хээ, торлосон жигд нэхээс шиг харагддаг нь улам ч чамин сэтгэгдэл төрүүлнэ. Маш олон жижиг хэсгүүдийг нийлүүлж нэгэн том, цул дүр дүрслэл бий болгодог аргыг орчин үеийн Азийн томоохон уран бүтээлчдид түлхүү ашигладаг нь аливаад шууд логик дүгнэлт хийхээс илүү бясалгахыг чухалчилдаг дорнын хүмүүсийн орчин үеийн урлагт оруулж ирсэн нэгэн төрлийн хэл, тодорхой хандлага гээд хэлчхэд хилсдэхгүй. 

ДУРСАМЖУУД

Өнгөрсөн бүхэн урлаг болдоггүй ч урлаг бүтээгдэх нэг гол хүчин зүйл бол бүтээлчийн хүүхэд нас, туулсан амьдралын зовлон жаргал, залуугийн хайр дурлал зэрэг өнгөрсний дурсамжаас улбаатай оюун сэтгэлийн хүч байдаг. Хэчнээн футурист бүтээлч байсан ч тэр. До Хо Сү шиг дурсамждаа элгэмсэг бүтээлч ховорхон санагдана. Чухам тэгч л санагдахаар тэрээр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөр өнгөрсөндөө талархаж бас түүнээ хайрлаж чаддаг. Яг л Марсэл Дюшаны “Парисын агаар” бүтээлээс үгээр хэлж боломгүй санагалзал мэдрэгддэг шиг.

Солонгосын бэхэн зурагт өрнөдийн орчин цагийн урлагийн нөлөөтэй шинэчлэл хийсэн алдартай зураач аав, үндэснийхээ өв соёл, түүхийн талаар өргөн мэдлэгтэй ээжийн хүү болон мэндэлсэн тэрээр Америк руу суралцахаар явсан цагаасаа эхлээд л хүүхэд ахуй үеэ өнгөрүүлсөн эх нутгаа санаж эхэлсэн болов уу. Өнгөрсөн рүүгээ харж санаашрахыг, цаг хугацааны тухай бодлогошрохыг бараг л эсэргүүцдэг прагматик ертөнцийн хурдтай хэмнэл дунд орсон дорнын хүмүүсийн сэтгэл доторх санагалзлаас тэрээр олон бүтээлийнхээ санааг олсон байдаг.

Дурсамжаа бодит зүйл болгон хадгалж, хүмүүст үзүүлсэн анхны тохиолдол нь Солонгост амьдарч байсан, хүүхэд насаа өнгөрөөсөн байшингаа (доторх тавилга, эд зүйлсээ ч бүгдийг нь)  яг хэмжээгээр нь нимгэн, сиймгэр торгоор эсвэл нийлэг эдээр оёсон “Солонгос дахь гэр” бүтээлийг нэрлэж болно. Дараа нь Америкт түрээсэлж байсан байшингийнхаа хонгилын давхрыг тэр чигээр нь “Америк дахь гэр”, “Гэр доторх гэр доторх гэр” гэх мэт өөрт нь олон сайхан дурсамжийг бий болгосон тэр л хэсэгхэн орон зайг даавуун баримал болгосон цувралууд хийсэн уран бүтээлийн хоёр дахь хэсэг үе нь До Хо Сү-д дэлхийн хэмжээний алдар хүндийг авчрав. Сөүлийн Самсунг арт музейгээс эхлээд Нью-Йорк, Лос Анжелсын контемпорари урлагийн музей, Соломон Гугэнхайм, Витнийгийн музей, Тэйт модерн зэрэг өнөөгийн ертөнцийн хамгийн алдартай, том цуглуулгуудад түүний бүтээлүүд багтжээ.

Аварга том танхимд түүний дурсамжийн байшин, тасалгаа, шат зэргийг агаарт өлгөн хөвж байгаа мэт санагдахаар хийсэн үзэсгэлэнгийн дэглэлт, танхим дахь уур амьсгал нь хачин гоё. Хэн ч тэр танхимд чанга ярьж, инээж хөхөрч зүрхлэхгүй, зүгээр л бодолд дарагдахаар тийм нам гүм. Хэзээ мөдгүй сэмрээд үгүй болчхож мэдэхээр нимгэхэн бөсөөр нарийн, тун чимхлүүр ажиллагаагаар урласан хэсэг бүр нь наагуур, цаагуураа орон, үзэгчидтэй болон өөр хоорондоо давхарлан харагдаж, тэгэх тоолондоо шинээр "уншигдах" оптик хувирлуудыг тооцоолсон нь ч үнэхээр гоёмсог. Өнгөрснөө уудлан дурсамжаа гаргаж ирээд тийм эмзэг атлаа сүрлэг байгууламж болгон хувиргасан уран бүтээлчийн тэвчээр, мэдрэмжийн урсгалд өөрийн эрхгүй уусан автмаар. Консепт нь зүгээр л нэг хүний дурсамжтай холбогдох диалогиуд байх боловч  хувьд эрэгтэй хүнээс гарамгүй уран нарийн хийц бүхий шийдэл, шинэчлэл хийж чадсаныг нь бишрэхгүй байхын аргагүй. Тийм л уянгалаг... 

Тэрээр Сөүл дэх уламжлалт хэлбэрийн байшингийнхаа хаалга, цонх, баганын хээ чимэглэл гэх мэт хэсэг нэг бүрийг маш нарийн хийсэн атлаа Нью-Йоркод түрээсэлж байсан хонгилоо зөвхөн тааз, дээд давхар руу өгсдөг шат хоёрыг л хийсэн нь илүү  минимал шийдэлтэй болжээ. Нэрд гараагүй байх үеэс нь хонгилынхоо давхрыг түүнд түрээсэлж байсан, бүтээлүүдийнх нь хамгийн анхны үзэгч, сайн найз болтлоо ээнэгшсэн, сайхан сэтгэлт эрийн тухай дурсамжаа бүтээлдээ шингээхийг чухалчилсан нь тэр ажээ. Хэдийгээр түрээслэгч хөгшин урлагийн хүн биш ч гэсэн тэр хоёрын хооронд үүссэн тун элэгсэг харилцааг давхар хоорондыг холбодог шатаар төлөөлүүлснээ "Бид хоёрыг холбодог зүйл маань энэ шат л байсан" хэмээн тайлбарлах До Хо Сү алдартай, баян, том урлантай, олон туслахтай болсон хойноо ч хуучин хонгилынхоо өрөөгөө түрээслэхээ болиогүйгээр үл барам найзынхаа дурсгалд зориулаад ямар нэг юм хийх хүсэлдээ хөтлөгдөн хөлсөлж асан өрөөгөө тэр чигт нь цаасаар нямбайлан бүрж, түүн дээрээ харандаагаар зурж хана, шал, тавилгынх нь гадарга дээрх фактур нэг бүрийг нь цаасанд буулган авч үлдэхээр ажиллав. Тэр орон зайд өнгөрүүлсэн цаг хугацааныхаа тухай бодонгоо өрөө тасалгаа болгоны хэсэг бүрийг бага багаар харандаагаараа үрж байгаа нь зураг зурж байгаа биш зүгээр л өнгөрсөнтэйгөө эргэн харьцаж буй ярилцлага гэж санагдахаар, чухам тэр л агшин нь түүнд маш их таалагддаг байх гэмээр харагддаг.

Хүүхэд байхдаа зоосыг нимгэн цаасан дор хийгээд дээрээс харандаагаар зурж тоо, сүлднийх нь мөрийг гаргаж үзээгүй хүн гэж байхгүй байх. Яг энэ үрэх зарчмыг тэрээр бүтээлийнхээ энэ хэсэгт түлхүү ашиглаж эхлэв. Лондон дахь урлангаа ч мөн энэ аргаараа бүтээл болгож байна. Түүний дурсамжийн тухай бүтээлүүдийн гол материал байсан нимгэн даавуу өөрчлөгдөн цаас харандаагаар солигдож буй энэ үйл явцийг уран бүтээлийнх нь дараагийн үе гээд нэрлэчихсэн ч болохоор. Уг нь 2012 оны Гуанжугийн беннальд тэрээр 1980 онд засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцсэн оюутны жагсаалыг эрх баригчид цус урсган дарсантай холбоотой цаасаар бүрсэн гурван өрөөг нүдээ боож байгаад үрж ажилласан перформанс, инстоляци бүтээл үзүүлж байсан ажээ.

ЗУРААСУУД

Инстоляци бүтээлээ дардас болгон ашиглаж хэвлэх, өнгө өнгийн утсаар наах гэх мэт янз бүрийн арга техникийг сүлж буй сүүл үеийн зураасан зургуудаас нь түүний өмнөх барилаас төдийлөн анзаарагдаж байгаагүй коллажийн хувилбаруудаар баяжсан уран бүтээлийн нэгэн шинэ үе төрж байна. Зураач гэхээсээ илүү математикч шиг харагддаг даруухан Солонгос эрийг дэлхийд алдаршуулсан инстоляци бүтээлүүд нь илүү эмэгтэйлэг, санаашрангуй, зөөлөн санагдахаар байдаг бол өнгийн утсаар хийсэн график, коллажууд нь ийм намуухан зураачийн хаанаас нь гарав гэмээр хүчирхэг, эрч хүчтэй санагдана. Ажиллагаа техник өөр болсон хэдий ч дурсамжтайгаа харилцах хэн нэгэн, хязгааргүйн зүгт улам алсрах давтамжуудыг бас л харж болно. Ер нь нэгэнт төлөвшин, өөрийгөө олсон бүтээлч төрх ямар ч арга хэлбэрээр илэрсэн хүчээ үл алдах нь гайхалтай. Бидний амьдарч, мөрөө үлдээж буй энэ цаг үеийн тухай өвөрмөц дуу хоолой болсон нэгэн хүчирхэг бүтээлч Сөүл, Нью-Йорк, Лондон дахь урландаа бидний гайхшруулах эсвэл бодлогошруулах санаагаа боловсруулаад завгүй ажиллангаа бясалгасаар л.  

М.Батзориг

Түр хүлээнэ үү...
Top