НАМАР
2021-10-12 Мө.Батбаяр 521

НАМАР

(эргэцүүлэмж)

 

Намар. Өнчин ишигс ялгаран хоцорч эхлэх цаг. Хөөрхий анхны цаснаас нөмөрлөх ээжгүй амьтад, адил зовлонтой нэгнийгээ хань татах ёстойг амьтны зөнгөөрөө мэдэрч байгаа нь тэр. Юу тэдэнд тийн шивнэж, юу тэднийг тэгж нэгтгэв. Байгалийн ааль уу? бүү мэд. Юутай ч намар адагшаад ирэхээр гэнэтхэн тэд ингэж "бөлөрхөөд" эхэлдэг нь сонин. Эхээ дагаж яваа ишигний явдал эхгүй ишигдийн алхаатай таардаггүйгээс тэр биз ээ. Хүмүүсийн дунд ч гэлээ амьдралын "алхаа" нийлэхгүйгээс зам салахдаа нэг нь нисэж, нөгөө нь алхаж үлддэг явдал бий. Эхтэй ишиг өөр алхаатай, өнчин ишигс харин өөр хоорондоо адилхан алхаатай болоод тэр байх даа. Эхээ дагаж яваа ишигний алхааг хөөрхий тэд гүйцдэггүй биз ээ.  "Намар болохоор ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг" гэж Бавуудорж ах бичсэн. Намар болохоор өнчин ишигс яагаад ингэж ялгасан юм шиг ялгарнам бэ? гэж надад өөрийн эрхгүй бодогддог. Хяруу унана, хярман цас хэд хоногоос өнгөцлөнө. Шувуун мөр үзэгдэхүйц орно. Тэгээд богийн турууцаа, дараа нь бодын хар турууцаа цас орно. Ингээд өвөл болно доо. Энэ өвлийг эхгүй тэд маань бөөр бөөрөндөө наалдаж хоносоор давна. Тавуулаа бол хоёр гурваараа өврөлдөж хононо. Дөрвүүлээ бол хоёр хоёроороо, гурвуулаа болвол гурваараа бөөр бөөрөндөө наалдаж нэгнийхээ цавь руу хошуугаа шургуулж хэвтээд цастай өвлийн хүйтэн шөнийг өнгөрөөнө өө. Хорвоо гэдэг ээжтэй, амьдрал гэдэг аавтай үлдсэн тэдний тухай ийн бодож суунам би. Холхи нутагт минь одоо ийм л нэг өнчин ишигс ялгарч малын ард хоцорсон хонгор улаан тэмээн зүстэй намар болж байгаа даа.

Хонгортоод л хонгортоод л, холдоод л холдоод л, холхиноод л холхиноод л заам ярахаар жиндээд, энгэрээ товчлохоор халуудаад, амар ч суухаар жиндээд, алхаад байхаар хөлс чийхраад л хүний сэтгэл хоёрдуулсан хачин ч гэмээр улирал гэвч цагийн саалтаар аяндаа жигдэрнэ ээ. Уулын горхи шөнөдөө эмжээртэн зайрмагтавч газрын хээл бүлээн тулдаа амны ус өгөөд л, сонгины улаахан цоор салхинд цуурдаж эртний домог шивнэх,  морины бодол сарниж чих солбих, бор гөрөөсний сүрэг садрааны харганы шугуй дотор гүвэлзээд л, хадны сүг зураг дагаж хярууны ус урсаад. Чөдөр ногт, суран цулбуур унасан зуны бороо газрын гүн рүү хаваалах ус лугаа адил суран цулбуур чөдөр ногт гордойлгож хатсан намар. Айлууд хөдөөлөх гэрээ сэлбэж бариад л амбаар, их гэрийн хооронд аав ээжүүд ачаа бараагаа зөөж өдөржин хавираад цай ууж амсхийх дээ хүүгээ санагалзаад л ер нэг завчилаад яваад ирмээр цаг ч мөн чиг дээ.

Намрын говь ямар байгаа бол. Намрын алтай ямар байгаа бол. Намрын хангай ямар байгаа бол. Намрын Эрээнцав, намрын алтан Дарьганга ямар байгаа бол. Намрын Монголыг нэг үзэхсэн, тойрон хэсэхсэн.

 

Орон хотын намар харин онцгой сонин зүйлгүй. Навчин хөмрөг дунд алхаж хол ойрыг бодогмолохоос цаашгүй. Бүх хүн жаргалтай сайхан амьдрах хүсэлтэйн сайхан ч жаргалтай сайхан  нь үгүй мэт. Бүх хүн сэтгэл хангалуун баян тарган амьдрахыг хүсэвч, ханаж цадсан нь үгүй мэт аанай л ямархан нэгэн зүйлд яараастай. Хүн төрөлхтөн урьд урьдынхаас завгүй, урьд урьдынхаас аз жаргалгүй болж байгаа ч юм шиг санагдах нь юуных вэ? Юмс яасан хурдан хуучирна вэ? Юмс яасан хурдан шинэчлэгдэнэ вэ? Юмс яасан хурдан хоцрогдоно вэ? Түрүү жил гарсан утас, хэдхэн жилийн өмнө баригдсан барилга, саяхан л тавигдсан зам, сарын өмнө л ногоохон байсан модод шиг хуучин байх нь юуных вэ? Хүн төрөлхтөний түүхэнд ахуй соёл  ингэж хурдан шинэчлэгдэж, өөрчлөгдөж байсан цаг үе гэж байсан гэж үү? хэдэн зууны туршид л морьтойгоо, гэртэйгээ байсаар ирсэн монголчууд бид өнөө өдөр тутам шахуу өөр өөр зүйлстэй учирдаг болж, өдөр тутам өчигдрийн зүйлс хуучин санагддаг болсон нь энэ намрыг улам ч эртний мэт болгож байх шиг л санагдуулах юм даа. Тийм дээ ч хотын намар надад дэндүү хуучин, хавар хайрцагны ёроол руу эвхэж далд хийсэн хүрмээ гаргаж өмсөх шиг дэндүү хуучин, урьдынхаараа. Уулын барааг харж, туулын урсгалыг ажиж зогсмоор, туулын усанд орж ирж байгаа бугын сүргийг бургасан дундаас ажим, хүнтэй уулзаж ярьж суумаар, бас хэнтэй ч үг дуугарамгүй ганцаар алхаж явмаар. Налайхын автобусны цонхон талын суудалд суугаад шүлгийн ном уншингаа хотоос гараад ирмээр. Хаа нэгтээ өнгөрч байгаа намар, намрын л тухай бодмоор. Чимээгүй гэхэд дэндүү чимээгүй орон хотын минь намар. Хотын ийм намраар хөдөөнөөс орж ирээд талбай орж зураг авхуулчихаад хүү охин, хүргэн бэрээ дагаад явж байгаа дээлтэй хүнтэй таарах надад хачин уярам мэдрэмж өгдөг сөн. Хотод орж ирснийх эмнэлэгээр нэг ороод бас захаар хэд тойрч жаал жуул юм цуглуулж авчихаад, хүүхдийндээ тайван хэд хонож чадахгүй явна гэж зүтгэсээр яараад буцаж байгаа даа энэ хөгшин хэмээн өөртөө итгүүлж суух сайхан сан. Орон хотод дөрвөн хананы дунд идээшихгүй  тийм хүмүүсийн зарим нь буриад дээлтэй, зарим нь том сэнсэн нударгатай дээлтэй, зарим нь торгууд дээлтэй байх нь сонин. Монгол орны минь хаа нэгтээ аж төрөн суудаг энэ хүмүүс нийслэл хотоороо ирээд буцаж байгаа гэж бодохоос л мэнд мэдмээр, зам зааж өгөөд баяртай гэгч нь үлдмээр. Хөдөөгийн намар, хотын намар энэ мэт өөр өөрийн өнгө аястай.  

Намар- Амар. Налгар-Дэлгэр. Хүйтэн-Уйтан. Хөөрхий...  хөөрхий... Ийм нэг намар ирнэ дээ гэж би мэдэж байсан. Тэгээд би:  

 

Ийм нэг сэрүүн намар

Ирнэ дээ гэж мэдэж байсан.

Эхний цасан дээр сөд өвсний толгой

Хацрын шунх шиг харагдана даа гэж

Яг дээхэн нь согоон сумангийн дэлбэ цухуйгаад

Яв ягаан болор шиг үзэгдэх байх даа гэж мэдэж байсан.

 

Ийм нэг сэрүүн намар

Ирнэ дээ гэж мэдэж байсан

Ширээний лаа уйтгарлан

Сүүлчийн үгээ хэлэхийг минь хүлээх шиг бүүдийгээд

Сэрүүн гэрэлт мөнгөн гүцний бөөрөн дээгүүр

Манай дэлхийг тойрон яваа юм шиг

Гэрэлтэн нүүнэ дээ гэж мэдэж байсан.

 

Ийм нэг сэрүүн намар

Ирнэ дээ гэж мэдэж байсан

Одоо мөдхөн нутгаасаа ирэх чамайг минь

Отгонтэнгэр уулын зоргол арцны бутан дундаас

Олзолж харцаараа үдэж зогсоодоо гэж

Овоон дээр үлдсэн хадаг тогоруудын араас нисэхээр

Огторгуй нэн ч номинших байх даа гэж мэдэж байсан.

 

Ийм нэг сэрүүн намар ирэхээр

Хүйтэн хөх бороотой үдшээр нь

Хөнжилдөө хэвтээд

Цучил шатаж, зуух ямаатах зуур

Ийм нэгэн шүлэг тэрлээд

Дэрний дэргэд тавьж хононо гэдгээч

Дэрнийхээ дэргэд хонуулсан шүлгээ

Маргааш өглөөгүүр уншваас мөнгөн аяганд хонуулсан

Аршаан хүртэх шиг л байна даа гэж ч мэдэж л байсан

Ийм нэг сэрүүн намар ирэхээр

 

2021.08.22

Шинийн арван таван тооно одтой хар бар өдөр

 

-гэж бичээд учиргүй уртаар сүүрс алдсан. Энэ бол намарт өргөх миний дуу. Эрхгүй санаж, энсэн хүлээхдээ урин дуудсан зүрхний минь дуудлага. Намрыг би хайртыгаа хүлээх мэт хүлээдэг. Нандин залуу зүрхээ түүгээр эсгүүлэхдээ дуртай байдаг.  Намрыг цээжиндээ амраг мэт тэвэрч нулимс минь бидний дундуур халуу татуулан унахыг мэдэрдэг. Намрын намарт би урьд урьдынхаасаа яруухан болж, намрын намарт би өөрийгөө улам сайн, улам сайхан зүйл бичнэ гэдэгтээ итгэдэг. Надаар алив сайхнаа магтан дуулуулах гэж ирсэн улирал аль эсвэл би магтан дуулах гэж төрсөн нэгэн. Намарт би урьдын өр өглөгтэй, намартай би урьд насны ерөөлтэй. Ингэж намрыг эрхгүй өмчирхмөөр, нандигнаж магтан дуулмаар. Харцны гүнээс сэтгэлийн минь билиг билгүүн улам тодрохыг намар би мэдэрч, хараацай шунгах оройн тэнгэр дор нь яруухан бодолтой алхаж чаддаг. Намраар хайр энэрэл минь өгөөжрөөд, нартын дор үлдэх нэгэн сайхан шүлгийг чамдаа зориулж хусны үйсэн дээр сийлмээр. Өглөө өглөө үсийг чинь самнаж өгмөөр, үдэш үдэш үлгэр уншиж өгмөөр нинж бялхаад. Чамайгаа улам ч зүс гоо болоод байгааг анзаарч чиний гэгээнд би өөрөө сарны гэрлээр дэлгэрдэг мод шиг хайрын үр дотор минь сүеэлэхийг анзаардаг. Намар миний сэтгэлийг бэхэлдэг, зүрхийг чангалдаг. Урьд төрөөгүй хайрын сэтгэл ийм л намраар төрөөд, уймарч явахад ч хүртэл дотор минь байсаар байгааг мэдэрдэг. Аяа, намар гэхээс цээжин цаагуур сэрүү татах шиг.  Аяа намар гэхээс цэнгийн нүүдэл тодрох шиг. Оддоор баримжаалаад ниссэн тэр шувуудын нүүдэл одоо хаа хүрч яваа бол гэхээс уяран уярмаар.  Аяа, намар гэж хөрст дэлхийн талархаж буй сэтгэл мэт улирал. Хүн төрөлхтөнд эх байгаль хайртайгийн баталгаа. 

 

МӨ.БАТБАЯР

Түр хүлээнэ үү...
Top