НАМИНЧЛАЛ ХИЙГЭЭД АНДГАЙ
2021-08-26 Мө.Батбаяр 296

***

Ирэх амьдралынхаа талаар бид ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв унших шиг ч багцаагүй. Багцаагүй минь багадаагүй. Гэхдээ түүний талаар бодохгүй байж чаддаггүй.  Эгээ л хайртай хосууд шиг эсвэл ирээдүй хэмээгч дандаа мананд шургасан уулын зам шиг надад санагдах бүлгээ.

 Иймээс, энд яг одоо өнгөрч байгаа амьдралдаа хариуцлагатай, хайхрамжтай хандахаас өөр үр дүнтэй зүйл байх мэт. Өнөөдрийн үйл хэрэг, амнаас унаж буй үг авиа бүхэн маргаашийн салхины чигийг заана. Өнөөдрийнхөө үйлээр л бид ирэх амьдралын замд урган гарч ирэх хад чулуу, цэцэг ногоог багцаалах боломжтой мэт. Уг сурвалж өнөөд, үр дагавар нь ирээдүйд бий болдог мэт. "Цаашаа намайг хөтлөх цагаан, хар үйлийн үр" хэмээгч энэ буюу. Цаашид биднийг хөтлөх нь гагцхүү бидний үйлдсэн цагаан буюу зөв сайн, хар буюу гэм буруутай үйлийн үр маргаашийн маань замд ургана гэдэгт итгэж байна.Хожуу ч гэлээ одоо, одоо ч гэлээ хожуу би үүнийг ухаарч байна. Нэг алдвал гэнэн, хоёр алдвал тэнэг болдог. Нэг алдаандаа хоёр бүдрэхгүйн төлөө үг үйлдэл бүрээ цэнэх, түүнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстойгоо ойлгож байна. Товчхондоо санаатай болоод санаандгүй хийсэн гэм нүглээ, гэм нүгэл байсныг одоо л анзаарч байна гэх үү дээ.

Бүхнээс уучлал бас өршөөл эрнэм. Өршөөн соёрхох энэрэнгүй нинж сэтгэл тосон "гуйлгачилнам". Сайхан сэтгэл хүснэм. Танд зовлон удсандаа харамсаж байна. Миний харамсах гэм буруугаа ухаарах сэтгэл, тэр үйлээ давтахгүй байх сахилга таны нинж өршөөнгүй сэтгэлтэй нэгдэж миний үйлийн үрийг нимгэлнэ гэдэгт итгэнэм. Би та бүгдтэй шүтэж, харгалзаж оршдогоо ухаарнам. Таны тавьсан замаар би алхаж, таны тарьсан модны сүүдэрт сэрүүцэн сууж яваагаа сэхээрнэм. Таны барьсан байшинд би амьдарч, бид амьдарч байгаа болохоор та өөр олон хүмүүст ийм байшин ярьж явдаг гэдэгт итгэнэм. Тэгээд би та бүхэнд тус болуужин хэмээн шүлэг бичиж явдаг билээ. Хайрыг, эцэг эхийн энэрэлийг, эх нутгаа санагалзах сэтгэлийг, эх орноо гэх энэсэлийг би дуулахыг хүснэм билээ. Миний шүлэг таны дотор төрж тэвдэхгүй байсан тэр л эцэг эхээ, анд нөхдөө хайрлах сэтгэлийг хоромхон зуурч атугай танд бодогдуулж байвал тэр миний хийж чадах, танд өгч чадах бэлэг минь билээ. "Будантай юу буурал хорвоо доо. Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ" гэдэг дууны мөрийг санах бүртээ би ээжийнхээ ачийг нэг эгшинд санадаг билээ. Үүн лугаа адил миний шүлгийн ийм нэг шад мөр таны зүрхэнд үүрд үлдээсэй хэмээн бодож явдаг билээ. Өнөөдрөөс би энэ хүсэл бодолдоо улам гүн живэх боллоо. Та бүхний зовлон надаас үүдсэн байх шиг их зовлон, сэтгэлийн тарчлаан байхгүйг ухаарлаа. Таны сэтгэлийн баяр цэнгэл надаас үүдэж байвал нэн ч сэнгэг цэнгэл эдлэхээ ойлголоо. Сэтгэл гэдэг хуруу инчдэх төдийхөнд гансарч, хуруу инчдэх төдийхөнд хөөрч дэвэрдэг салхины замд ургасан морин агь шиг зүйл билээ л. Учир шалтгаан үүсэхийн төдийхөнд түүний үр дагавар болж байдаг хүмүүний сэтгэл гэгчийн баяр жаргалын учир шалтгаан болж явахын төлөө үлдсэн бүх амьдралдаа үргэлж хичээн явах болно.МӨ|2021.08.26

Түр хүлээнэ үү...
Top