ЖИНЬ БО: ЦОНХОО ДЭЛГЭН ЧАМАЙГ ХАРНАМ
2021-01-08 Мө.Батбаяр 318

"Цонхоо дэлгэн чамайг харнам" нэртэй хүүхдийн нэрт зохиолч Жин Бо-гийн шилмэл хүүхдийн шүлгийн ном орчуулж байсан минь өдгөөгөөс хоёр оны тэртээ билээ. Өнөөдөр гэнэтхэн файлуудаа цэгцэлж суугаад өнөөх номныхоо орчуулгыг ахин уншаад сэтгэл машид хөдлөсөн учир та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Хүүхдийн аливаа уран бүтээл хүнийг хүүхэд настай нь ахиж учруулдаг шидтэй билээ. 

Орчуулагч, яруу найрагч Мө. Батбаяр 

 

Ойн хамгаалагч өвөө минь

 

Уулын морин зөргийг

Өвөө гаргасан

Ойн алаг бялзуухай

Түүний дуулахыг сонсож дэрвэсэн

Өвөө минь ой хамгаалагч

Уулын модод түүнд хачин дотно

Ногоон навчсын нэрсэн дарс

Нэлмэрсэн шүүдрээр биеэ чимсэн

Үүлс түүнд цасан цагаан

Гарын алчуур өгсөн

 

Түймрээс сэргийлж, хүр хорхойноос хамгаална

Түүний хөлийн чимээг уулс даяар сонсоно

Хөвч тайга гэтэлж, цавчим хадыг туулна

Хаа сайгүй сэрэмж дүүрэн түүний нүд гялалзана

 

Хараастай газарт, оройн модыг түшин зогсогч

Хаврын эхэнд мод нахиалахад баярлагч

Гүн шөнө модны мөчир

Гэнэ гэнэхэн нахилзахыг шимтэн сонсогч

 

Хэдэн арван жил энэ модот уулнаас холдоогүй

Хамгийн дуртай зүйл нь орой дээрээс алсыг бараалах

Шинэ барилгууд сүндэрлэн босох

Улам уламаа нэмэгдэх үйлдвэрүүдийг ажих

 

Моддын цагираг нэгэн тойрог тэлж

Өвөөгийн нүүрнээ хэдэн үрчлээ нэмэгдэж

Үс нь цайж, уул хөхрөвч

Үргэлж мөнхөд ал улаанаараа байх нь

Үл хөгшрөгч түүний зүрх билээ.

...

Нэгэн мөр шүлэг

 

Хэрэв чи хаврын мэдээг хайж байгаа бол

Харахад л болно шүү, манай нутгийн тэнгэрийг

Тэнгэр талирч тунарамлаад

Тэнд хонгор галууд нисэж явна

 

Галууд минь нисэж өнгөрсөн

Мөрний өмнөд тариан талбай

Угалз мэтгээтэй хивсээ, хивс

 

Галууд минь нисэн өнгөрсөн

Хойт нутгийн уулс, номин хөвч

Эн өргөн хоргой, хоргой

 

Жигүүр дэлхэх галууд үсэг шиг эгнээд

Хаврын мэдээ тээж мянган бээрийг гатлана

Хонгор галууд руугаа бид гараа даллаж

Хаврын урийг угтан авна

 

Галуудын минь дэвэх алтан жигүүр

Хаврын мэдээг уул, тал, тарийн талбайд минь зарлана

Эгнэсэн галууд энэ хаврын эхний мөр шүлгийг

Эх орны минь тунгалаг тэнгэрт бичнэ.

...

Тунгалаг бороо

 

Хаврын борооны алхаа сэмхэн түргэсэж

Уулаад, уудам талаад давхилдав

Өвлийн тоос шороог нь угааж

Уул талд хөхөмдөг шинэхэн хувцас бэлэглэв

 

Үр тариаг соёолохыг яаруулж

Мод бутаас цэцэглэхийг шавдуулж

Ус мөрөнг түргэн урсахыг шахаж

Ургамлаас үтэр түргэн тэнгэр баганадахыг хүснэ...

 

Хаврын бороон зогсож

Манай саравчин доор хөлөө амрааж байна

Түүний цохилох тунгалаг хонх

Хаврын аялгууг бидэнд дуулнам.

...

 Наранцэцэг

 

 

Хавраас зун хүртэл

Та нар энд эгнэж

Харин одоо боловсорчээ

Тун  чиг сайхан даа, манай наранцэцэгүүд

 

Хажуугаар чинь өнгөрхүй

Халуумсагаар толгой дохиж

Дугираг, томоос тавагнаас нь

Дурлам сайхан үнэр түгнэ

 

Энэ таваг дүүрэн үр шингэжээ

Гурав дугаар сарын бороо

Тав дугаар сарын салхи

Долоо дугаар сарын нарны илч шингэжээ

 

Мөн бидний чин хүсэл

Мянган мянган дусал хөлс сонгосон болохоор

Манай наранцэцэгүүдийн ширхэг үр нь ч

Юугаар ч солимгүй үнэ цэнэтэй.

...

 

Нисдэг цэцэг

 

Эрвээхий, эрвээхий

Хээр талыг туулаад, уулыг даваад

Хүрээд ирээ манай нутагт

Хаа сайгүй цэцэг шинэхэн дэлгэрч байна

 

Улаан, шар, бор цэцгүүд нийлээд

Цэцгийн далайг үүсгэсэн байна

Эрвээхий чи үүгээр

Эрээн далавчаа дэлгэн нисээч

 

Эрвээхий, эрвээхий

Чи бол нисдэг цэцэг

Нисээрэй, нисээрэй холыг зорь

Холын хол гэдэг цэцгийн далай шүү дээ... 

...

 

Гэрэлт цох

 

Оройн шаргал гэгээг цуглуулж чамд өгөхгүй

Огторгуйн оддоос суйлж чамд өгөхгүй

Гэхдээ хүү минь хоёулаа хамт

Үдшийн гэрэлт цох агная

 

Оройн үүлс шатсаар борлож

Цалин цагаан мананд залгиуллаа

Энхрий цэцгүүд нүдээ аниж

Энтээх уул сүрлэг сүүдрээ унагалаа

 

Гялс хардаа, тэнгэрээр асаж унтраад

Гэрэлт цохнууд нисэн ирж байна

Нэг од шиг, хоёр од шиг

Нэлмэгэр урт далавч дэлгэсэн од шиг

 

Ногооны талбайгаас нэгэн иш сонгино гуурс тасдаж

Урхидаж оруулъё хэдэн гэрэлт цох

Түүний зөөлөн цагаан гэрэлтэй

Хасын ногоон дэн болгон чамд хүргэе

 

Гэрэлт цохыг дэрний чинь дэргэд тавьж

Дахин нэг үлгэр уншиж өгье

Зуны энэхэн шөнө

Зүүд чинь оюу ногоон болно.

...

Хөөе

 

 Энэ шүлгийн минь нэр богино

Ганцхан “хөөе” гэх үг

Гэхдээ би чамайг тэвчээртэй уншаасай

Утгагүй гэж битгий бодоосой гэж хүсэж байна.

 

Би чамд энэ “хөөе” гэх үгний

Бяцхан түүхийг ярьж өгье

Манай дүүтэй холбоотой юм

Тэр хэзээ ч хүнийг нэрээр нь дууддаггүй

 

Сургууль дээрээ ч,  театрт ч

Тэр намайг ч хөөе гэж чамайг ч хөөе гэж

Яг л дэлхий дээрх бүх хүмүүс

Ялгаагүй нэг л нэртэй юм шиг байдаг.

 

Хойноос нь “хөөе” гэх дуулдахаар

Хойшоо харсан арван хүний

Есөн хүнд нь тэр тэсгэлгүй

Чамайг дуудаагүй гэж хэлдэг.

 

Нэгэн удаа хүн багширсан зээлд

Тэр манай багшийг харчихаад

“Хөөе” гэж чанга гэгч орилсон

Тэндхийн бараг тал хүмүүс эргэж харсан

 

Хүмүүс бүгд л өөрийг нь дуудаж байна гэж бодтол

Хөөрхий дүү минь багшийг дуудсан байсанд

Хилэнтэй харцаар түүнийг ширвэсэн

Тэр мишээгээд, тоосон шинжгүй л байсан

 

Энэ янзаар өдрүүд өнгөрч

Тэр бүх хүний нэрийг мартсан

Эцэстээ ганцхан “хөөеөлж” дуудаад

Эргэж харсан хүмүүсийг танихгүй царайлах болсон. 

...

 Цас

 

Өвлийн өглөө

Зулзаган модод

Цэцэггүй

Навчгүй

Чимээ үл сонсоно.

Илтэс илтэс цас

Энэ өвлийн модон дээр бууж байна.

 

Мөчир шүргээд өнгөрөхөд нь

Дин дин хийх дуу гарна

Хахир хүйтэн цасны далийг хөлдөөж

Хасын чулуу адил гялалзуулна.

 

Гэвч цас бүхэн

Цээл хоолойгоороо

Цэнхэр дэлхийдээ

Ой шугуйдаа

Урь ороход

Ус болно би

Хөрсөнд шингэж

Үндэс тэтгэнэ би

Навч болоод

Мөчир дээр сууна

Цэцэг болж

Мод бүрхэн

Хэмээн хэлж байна.

...

Янзага

 

Цэцгийн сүүдэр, навчны сүүдэр чамд

Цоохор толбот хувцас нөмөргөөд

Уудам их ой модтой чи

Уусан нэгдэж байна

 

Дүүлэн нисэж байгаа

Зулзаган мод гэлтэй эвэр чинь

Өтгөн их моддын дунд сэрэлзээд

Энэ ч модтой, тэр ч модтой

Ирэх хаврын тухай ярилцана.

 

***

Зулзаган модны бүүвэй

 

Зулзаган мод

Хаврын салхинд найгана

Ногоохон нахиа

Ногоохон мөчир

 

Зулзаган мод

Хаврын салхинд найгана

Улаахан цэцгийн тоорцог нь

Улаахан цэцгийн цомирлог нь

 

Хайрын дууч шувуухайг дуудаж

Хэлсэн нь:

Сүрлэг сайхан мод болохыг минь хүлээ

Догшин салхинд булгарахгүй болохын цагт

Дулаахан үүр нэгийг барьж аваарай

Миний мөчир хооронд гэв ээ. 

Түр хүлээнэ үү...
Top