ХЭЛЭЭД ӨГӨӨЧ, ХЭРХЭН ТҮҮНИЙГ САНАХГҮЙ БАЙХ ВЭ?
2020-12-11 Мө.Батбаяр 1393

ХЯТАДЫН ОРЧИН ҮЕИЙН ЯРУУ НАЙРАГ ДУНДААС ОЛЖ УНШСАН ХАМАГ ДУРТАЙ ХАЙРЫН ХЭДЭН ШҮЛГЭЭ МОНГОЛЧИЛОВ. ХЭН НЭГНИЙ ӨГӨӨГҮЙ ХАЙРЫГ САЙХАН ХАЙРЫГ ШҮЛЭГ НӨХӨӨД БАЙХ ШИГ НАДАД САНАГДДАГ.  ХҮН БҮХЭНД Л ТИЙМ ОЛЖ ХҮРТЭЭГҮЙ ХАЙР БАЙДАГ БИЗ. ОР ЗАЙ НЬ ЦЭЭЖНИЙ ТАНЬ ХӨНДИЙД ОРГҮЙ ХООСОН ХАНХАЙЖ БАЙДАГ БИЗ. ЭНЭ ШҮЛГҮҮД ТАНЫ ЦЭЭЖНИЙ ТЭР ЗАЙГ НӨХӨӨСЭЙ, ОРЖ ИРЭЭГҮЙ МӨНӨӨХ ХАЙРЫГ ОРЛООСОЙ ГЭЖ ХҮСЛЭЭ, БИ.  

ХҮНДЭТГЭСЭН : МӨ. БАТБАЯР

 ЯРУУ НАЙРАГЧ:  ШИ МӨРӨН 

ХЭРВЭЭ

Дөрвөн улирлыг туйлын бүрэнхий болгож болно л доо

Хэрэв зэ, нар хүсвэл шүү дээ.

Хүний амьдралыг туйлаас нам гүм болгож болно л доо

Хэрэв зэ, хайр сэтгэл хүсвэл шүү дээ.

Би далд ороод өгч ч болно шүү

Чи үнэхээр хүсэж байвал шүү дээ.

Чиний дурсамжаас өөр

Чимэгтэй юм надад даанчиг алгаа, хонгор найз минь

Чингэвч, чи л хүсвэл

Энэ дурдатгалын хоолойг ч хэрчиж орхиё.

Чи л хүсвэл, би зөвшөөрнө.

Үр бүрийг ухаж авна.

Гол бүхний урсгалыг тасална.

Үржил шимгүй, хатмал хорвоог бүтээнэ.

Энэ  насандаа санаанд чинь ахиж торохоо ч байя

Үүнээс гадна, үүнээс гадна

Гүн шөнийг нулимсаараа дэвтээе, хэрэв

Хэрэв хүсвэл чинь шүү дээ.

 

 ЯРУУ НАЙРАГЧ: 汪国真

АМЬДРАЛЫГ ХАЙРЛАХУЙ

 

 Амжилтын талаар би боддоггүй ээ

Алсыг нэгэнт зорьсон л хойно

Тэнгэрийн аалийг л аргадаж явах минь.

 

Хайр сэтгэлийг ялах тухай боддоггүй ээ

Сарнайнд нугасгүй дуртай хойно

Сэтгэлээ зориглон илчлэх нь л зүй.

 

Хавсарга салхи, хүйтэн бороо хойноос шавхуурдах вий гэж түгшдэггүй

Зорилго минь тэнгэрийн хаяанд хойно

Дэлхий рүү хандуулж чадах минь л ар нуруу юм.

 

Ирээдүй энх амар эсвэл дажин самуунтай

Аль нь болох тухай боддоггүй ээ

Амьдралыг л хайрлаж явахад

Аяндаа бүх зүйл санаснаар болно доо. 


***

Яруу найрагч:叶挺王

ХАЙР СЭТГЭЛ

 Бүх замыг чамд зориулж тавьсан

Бүх гүүрийг чамайг зорчиг гэж барьсан

Бүх ордонг чамайг зочлог гэж босгосон

Бүх хүслээ чиний төлөө оршоосон

Бүх зүйл минь билээ чи, үүний л тулд би өдөр шөнөгүй зовнидог

Зам уртаад, хойноос чи санах вий гэж эмээх юм

Гүүр өндөрдөөд, чамайг айлгачих вий гэж эмээх юм

Ордон аглагдаад, эл хуль уйтгарт автуулчих вий ч гэж бодох юм

Хүсэл минь цөөдөөд, та үүнийг ойлгохгүй байх вий гэхээс эмээх юм.

Чамдаа л зовних юм. Тэгээд хүсэх юм.

Хүсэл минь замын тэмдэг, чи зүгээ алдаж мэднэ шүү дээ.

Хүсэл минь гүүрний тулгуур, чи гатлага завьнаасаа хагацаж мэднэ шүү дээ.

Хүсэл минь дам нуруу, чи хэлбийж хазайх магад шүү дээ

Хүсэл минь залбирал найдлага, чи цаг хугацааг эндүүрч магад шүү дээ.

хэрэв энэ тэнгэрийн санаа аваас, эцэстээ би хэрхэн тэвчих билээ.

нэг л өдөр замын тэмдэг шилжихээр, чамайг бүү эргэлзээсэй гэж найднам

нэг л өдөр гүүрний тулгуур унахаар,  чамайг гатлаж чадаасай гэж найднам

нэг л өдөр дам нуруу нурна, гэвч чамайг тэсээд үлдэхэд найднам

нэг л өдөр, найдвар тасарна, гэвч чамайг ойлгоно гэдэгт найднам.

***

 ЯРУУ НАЙРАГЧ: 覃子豪

ГАНЦААР ЯРИА

 

 Чамайг санаж байна гэж тэнгис далайд хэллээ

Тэнгис далай надад

Түрлэгээрээ намуухан хариуллаа.

 

Чамайг санаж байна гэж хөвч ойд хэллээ

Хөвч ой надад

Шувуудын уянгат дуугаар хариу өглөө.

 

Чамайг санаад байна гэж одот тэнгэрт хэллээ

Одот тэнгэр надад

 Шөнийн анираар хариуллаа

 

Чамайг санаад байна гэж уул хангайд хэллээ

Уул хангай надад

Ус горхины чимээгээр хариуллаа

 

Чамайг санаад байна гэж чиний чихэнд шивнэлээ

Чи чулуун хөшөө шиг

Чим чимээгүй, хариу хэлсэнгүй

Чимээгүй чиний шаналал юм бол

Шаналал хэмээгч юу болохыг

Хамгийн ихээр шаналаж байгаа нь

Харин миний зүрх гэдгийг

Чи мэдэж байгаа.

***

ЯРУУ НАЙРАГЧ: 刘半农

 

ХЭРХЭН ТҮҮНИЙГ САНАХГҮЙ БАЙХ ВЭ?

Тэнгэрт сэмжин үүлс намина

Газарт сэвшээ салхи сэрхэрнэ

Ай

Сэвшээ тэр салхи үсийг минь сэвнэ

Санахгүй яаж байхыг хэлнэ үү дээ надад.

 

Сарны туяа далайг эрдэнэлэн.

Далай тэнгис сарыг жилбэрхэн.

Ай

Зөгийн бал шиг энэ мөнгөн шөнө

Зааж байна уу даа надад хэрхэн санахгүй байхыг

 

Усны өнгөнд навч ягуухан хөвнө

Усны гүнд загас алгуурхан сэлнэ

Ай

Хараацай чи юу тэсгирнэм бэ?

Хэрхэн  санахгүй байхыг хэлж байна уу даа надад.

 

Өтөл мод хүйтэн салхинд найгана.

Хээрийн түймэр бүрэнхийд дүрэлзэнэ

Ай

Тэнгэрийн баруун хаяа улаарна

Түүнийг санахгүй байхыг зааж байна уу даа надад.



 

 

 

 

 

 

 

 

Түр хүлээнэ үү...
Top