СҮҮДРИЙНХЭЭ ХҮЙТНИЙГ БУСДАД ХҮРГЭХГҮЙ ХҮН
2020-12-08 Мө.Батбаяр 1260

Нар ёлтойсон өвлийн бүүдгэр өдөр

Мөрөнгийн шавар байшингууд чийчаан мэт

Амьд цэцгийн баглаа эрж

Аяа би хэчнээн их явав аа.! аж төрөн суугаа газрын тань зүг бодол чилээхүй ийм нэг мөр, эл нэгээхэн бадагт буй дүр зураг эрхгүй нүдний өмнүүр урсах шиг болно. Мөрөнд одоо нээрэн л нэг иймэрхүү нар ёлтойсон өдөр эхэлж байгаа даа. Дэлгэрмөрөн аниа болов уу? Яагаа бол. Ганболд ах юу хийж байгаа бол уснаас дөнгөж гаргаад ирсэн чулуу шиг нэг тийм нулимс гүйлгэнэсэн нүдээр хавь орчноо шинжин харж, тамхиа байн байн хурдан хурдан, шунаг шунаг гэгч нь сороод л  алхаж яваа даа. Гончиг ах мөн юу хийж байгаа бол шүлэг бичиж суугаа болов уу? Цөм л дор бүрнээ хойшоо сууж доошоо малтах санаагүй аж төрөн байна уу даа гэсэн түмэн төсөөлөл, буман бодол эргэлдэж байгаач энэ бүхэнтэй эрхгүй ойр суугаа хүн та учраас эрхбиш чинхүү аж байдлыг бидэнд уламжлах байх гэж найдаж байна. Манай энд 2020 оны 12 сарын 1 ны 10:37 минут болж байна.

 

Юун түрүүн арван хоёрдугаар сар гарчихлаа даа гэх зурвас бодол сэтгэлд буулаа. Цан цохиж хоносон голын эргийн бургас шиг, өглөөгүүр салхинд хийсэх хэмхдэс шиг. Аж төрөн суухын дүр зураг ингэж л үзэгдэх юм даа. Хүн өөрөө ч үзэгдэл юмсын тусгал байх. Дэлгэрмөрний нуга тохой, цагаан бургасных нь найгаан, тэртээд үүмэн сүүмэн шувуудын бараа, мөсөн дээгүүр татсан харуу гээд л... Өвлийн нар Мөрөнгийн дээрээс өнгийсөн шиг. Гүр.Нямдоржийн шүлэгт буусан Мөрөнгийн шавар байшингууд ч ертөнцийн анир чимээнд автсан уу гэмээр дүнсийнэ. Эндхийн гудамж, цэцэрлэг, зам талбай, модод түүнийг л хүлээх мэт. Өвлийн бүүдгэр өдөр амьд цэцгийн баглаа эрж... Тэр ер нь маш эмзэг яруу найрагч байжээ. Бас өвөрмөц эрэлч. Байгаа зүйлээс байхгүйг эрж хайгаад л явсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хараагүй охинд толийг нь олж өгчихөөд Хэсэг уйлж суулаа... ...Цас нам гүмхэн бударч байх нь сайхан ч Өлдсөн малын нүдийг харах хэцүү... гэх ч юм уу. Түүний тухай яриа бол сунайж өгнө шүү. Цас гэснээс Ганбаа ах маань цасны тухай ярих дуртай. "Ай даа" гээд мишилзэж байхыг нь олонтоо харсан. Ай цас гээд шүүрс алдахыг нь бас сонсож байсан. Олон жилийн өмнө цасан давалгаа гэж нэг шүлэг ахдаа зориулсан сан. Тэгэхэд бид хоёр Мөрөнгийн баруун захад явж байсан юм. Тэнгэрээс том том ширхэгтэй цас лавссан тэр өдөр би Ганбаа ахыгаа бүр илүү таних шиг болж билээ. Цасны ч учир биз ээ. Түүнээс хойш олон жил өнгөрч дээ. Ингээд л цаг хугацаа гэдэг олон олон жилийн цаагуур ороод тэндээс ертөнцийн үзэгдэл юмсаар дамжуулан хүүрнэж эхэлдэг ажээ. Үүнийг л би зохиол гэмээр байна даа, Ийм л нэг цасны улирал ирж буй болохоор ах маань сэтгэлдээ нэгийг бодож, хоёрыг тунгааж яваа биз ээ. Андашгүй ээ. Бичиж буйг нь алхаа нь хүртэл хэлээд өгнө. Гончиг уу. Тэр бичиж байгаа. Түүний бичих шүлгийг ч би төсөөлж байгаа. Хэд хоногийн өмнө дүүгийнхээ нэг бичвэрийг уншаад их баярласан шүү. Нандин сайхан бичих юм байна даа гэж бодсон. Ойрд тухтай уулзаж чадахгүй л яваад байна. Ингээд бид дор бүрнээ аж төрж, өөр өөрийнхөө хэлээр бичиж туурвиж сууна. Үүнээс өөр азтай учир ч гэж юу байх билээ. Түмэн төсөөлөл, буман бодол дунд бид ч бас байна.

 

Дор бүрнээ тунх сууж байх шиг сайхан юу байх вэ дээ. Хаа очсон газар үгээр холбогдсон, нүүр учраагүй ч шүлэг бүтээлээрээ алсаас нэгнээ уншиж суудаг  нэг ч атугай хүн байх халуун төрлийн хүн шиг сайхан байдаг гэдгийг сүүлийн хэдэн жил нааш цааш нилээд тэнэхдээ мэдэрлээ. Эрээнцавд яваад очиход яруу найрагч Батжаргал ах хар үүрээр босоод гэрээ галлачихсан хүлээгээд сууж  байх, наашлаад Чойбалсанд ирэхэд Төртайван ах тэнд аж төрдөг гэхээр цаанаа л нэг бүлээн, Ховдод яваад очиход яруу найрагч Өрнөхдэлгэр, Бямбаа ах нар байж байна гэдэг учиртай. Яг түүнчилэн Мөрөнд яваад хүрэхээр та хэд маань нэг зэлний унагад шиг даагалаад байж байх мөн уярам байсан даа. Тэр үеэр хөвөрсөн олон сайхан дурсамжаас онцолж энэ ялдар уншигч олонд хуваалцъя гэж бодож байна. Та тухайн үед нэг дэвтэр үзүүлж байснаа даа. Нэрт яруу найрагч, цогт эх оронч Очирбатын Дашбалбар гуай өөрийн гараар бичсэн номны нэрс байсан. Тэр ер нь ямар учиртай тийм явдал болсон юм бэ.

 

1995 оны 3-р сард болсон явдал юм даа. Амьдралд минь тохиолдсон онцгой үйл явдлуудын нэг гэж боддог. Хаврын тэр нэг өдрийн үдэд аав минь зохиолч, яруу найрагч хүмүүсийн хамт гэртээ ирлээ. Ээж хэдийн хоол унд зэхчихсэн байв. Аав маань тэр үед Арбулаг сумын даргаар ажиллаж байсан үе л дээ. Зурагтаар л дүр төрхийг нь харж байсан яруу найрагч маань гэрийн баруун хойморт суугаад аавтай хууч хөөрнө. Хөө хуяг шиг хөх ноосон цамц өмсжээ. О. Дашбалбар найрагчтай би тэгж л танилцсан юм. Тэр л хүчирхэг, зоримог, юунаас ч үл хулчийх мэт дүр төрх нь зүрх сэтгэлд хоногшиж үлджээ. Энэ амьдралд шалчийж налчийх үе бишгүй дээ л таардаг шүү дээ. Тийм үедээ түүний хүчирхэг дүр төрхийг санаандаа дурсдаг юм. Бас буудуулахаар зогсож байхдаа шүлгээ уншиж байсан гэгддэг Лоркагийн тухай боддог. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ гэж үү? Орчлон дэлхий дээр ийм яруу найрагчид байсан юм шүү дээ, тиймээс чи, муу муухай, увайгүй хөгийн юмстай эвлэрч, хар амиа хоохойлон явах нь утгагүй. Тэгэх учиргүй. Сэдвээсээ жаахан халиад явчихав уу даа. Яах вэ, хааяа заримдаа халиж, дэвэрч байх хэрэгтэй. Тийм ээ, тэгэх хэрэгтэй.

Яруу найрагчтай ингэж нэг уулзлаа. Өдгөөгийн хэлээр бол амьд, жинхэнэ яруу найрагчтай шүү дээ. Тэр өдөр гэрт халуун, олон хүн манайд цугларсан байлаа. Эрин үеийнхээ дуу хоолой, шүлэгч залуусын хувьд од мэт байсан О.Дашбалбар найрагчтай хөдөө буйдын сууринд уулзах аз тохиосон нь үг үсэгтэй холбогдож ядан явсан бага залуу насанд минь гэнэтийн өөрчлөлт авчирсан шиг санагддаг юм. Санагдах ч юу байх вэ дээ, авчирсан юм. Аав намайг гаднаас дуудаж оруулж ирээд "Манай хүү шүлэг зохиол оролддог юм. Та бүхэн минь нэг үзэж харж өгөөрэй" гэсэн сэн. Тэнд нутгийн найрагч ах Ч.Дагвадорж, хүүхдийн зохиолч Д.Давааням гуай мөн байсан. Өөр ч бичиг номын хүмүүс ч байсан байх. Ямартаа ч О.Дашбалбар найрагч бичсэн зүйлийг минь уншсан юм. Тууш шугамтай дэвтэр дээр хэрдээ л хичээж бичсэн хэдэн муу шүлгийг минь олны зай завсраар уншиж байх үед дэргэд нь би нүдээ нээгээгүй гөлөг шиг амьтан шуухитнаж суулаа. Бид хоер олон юм яриагүй ээ. Тэгж суух зав зай ч байгаагүй байх. Гэхдээ л тэр цуугисан олны дундуур яаж ийгээд уншиж амжсан даа. Манай гэр тэгэхэд битүү хүнтэй, эгээ л бурхан тэнгэр буугаад ирчихсэн юм шиг хөлтэй байлаа. Цуутай яруу найрагчтай уулзчих гэсэн улс гадаа түлээн дээр тамхи баагиулж, Дашбалбартай л нэг гар барьчихмаар байна гэх шүү юм ярин сууж байлаа шүү дээ. Би ч гэрээс гарахын түүс болж суув. Тэрбээр бичсэнээс минь ганц нэг мөр онцолж байсан санагддаг. Нэг хэрээ мэрээ гэсэн сэдэвтэй шүлгийг энэ дэмий гэж анхааруулж байсан. Гэхдээ тэр шүлэг анхны номонд орсон бодогдож байна. Хот орохоороо уулзаарай гээд утасны дугаар, хаягаа үлдээж байсан юм. Оюутан болоод хотын гудамжинд хэдэнтээ барааг нь харсан ч уулзаж зүрхлээгүй. Үүнийхээ учрыг одоог хүртэл ухаад ойлгодоггүй. Түүнтэй хамт байсан тэр хугацаанд яруу найраг гэгээн байх гэдэг хальт мөлт ойлголттой л болсон сон. Бидний богинохон уулзалт өндөрлөв. Би гэрээс гараад түлээгээ хагалж зогслоо. Гадаа байсан улс "Ийм том яруу найрагчтай уулзана гэдэг чинь тэр бүр хүнд олдохгүй хувь шүү", "Үг сургаалийг нь сайн тогтоож авсан биз" гэхчлэн сануулж байлаа. Удалгүй тэд өндөрлөж машинд суун хөдлөх үед би гэж нэг пөөнийсөн амьтан хураасан түлээнийхээ дэргэд зогсож үлдлээ. Сэтгэлд минь гэрэл гэгээ, илч дулаан нэмж өгчихөөд яруу найрагч явчихлаа. Явахдаа ямар нэг юм хэлсэн бил үү, ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийсэн бил үү гэж одоо ч би боддог юм. Сонин бодол шүү энэ. Яг яасныг нь санахгүй атлаа ямар нэг юм санагдаад байх шиг байдаг. Энэ яруу найраг юм болов уу? Яруу найрагчийн үлдээсэн зөн совин юм уу. Мэдэхгүй ээ. Харин надад бол ямар нэг юм санагдаад байх нь сайхан л байдаг. Зүүд зэрэглээ мэт ийм дурсамжийн гүнд л амьдрал жинхэнэ утгаараа өрнөдөг ч юм бил үү. Тэднийг үдэж мордуулахаар явсан аав маань үдэш ирээд яруу найрагчийн бичиж үлдээсэн зүйлийг надад уншуулж билээ. Дашбалбар гуай аавын тэмдэглэлийн дэвтэрт надад зориулан "Яруу найрагч анхаарах зүйлс", " Унших ном"  гэсэн жагсаалт тэмдэглэж үлдээсэн байв. Үнэндээ бол Х.Хайне, Шиллер, Р.Бернс, Кайсын Кулиев, Е.Евтушенко гэх нэрсийг би анх удаа л сонсож буй нь тэр. Түүний бичиж үлдээсэн номоос өдгөө ч би уншдаг. Д.Нацагдоржийн түүвэр, Гоголийн "Петербургийн туужис", Расул Гамзатовын " Миний Дагестан" гээд л үргэлжилнэ. Тэмдэглэж үлдээсэн номын ихэнхийг нь нэлээд хожим уншсан даа. Бас үнэнийг хэлэхэд зарим нэгийг нь өдийг хүртэл олж уншиж амжаагүй л явна. Тухайлбал; "Нибулингийн дуулал", Ф.Рабле "Гаргюнта Пантюгрэл", Е.Богат "Ойлголцол" гэх зэрэг. Уншина аа. Хэдэн жилийн өмнө би "Тэнгэрт тогтсон бүргэд" гээд нэг дурсамж бичсэн билээ. Энэхүү яриатай хөг аяс нь нийлэх байх аа. Товчхондоо ийм л түүх юм даа. Ер нь ямар ч хүн өөрийн ул мөрөө бусдын санаа бодолд үлдээж явдаг шиг байна. Тэр нь чухам ямар утгаар гэдгээс хамааран тухайн хүний царааг мэдэрч болох юм шиг. Гэхдээ тийм мөр үлдэх эсэх нь дурсагдаж буй хүнд ямар хэрэгтэй билээ. Ингэхийн тухайд л хүн амьдардаг юм гэвэл тэр нь бас утгагүй шиг. Тэгвэл утга учир гэж ер нь юу юм бэ? Салаа бүхүй энэ асуултад яг одоо бол би, -Дурсах л гэж хариулмаар байна.

Тэгээд хотод ороод яагаад уулзаагүй юм бэ? Зориг дутав уу? зүгээр л уулзаагүйн дээр санагдсан уу? Уулзаад бас яах ч билээ гэж бодогдох үе хаа мундах вэ дээ. Хөдөөний бозлог шиг бор хүүг тийн ойшоон тийм урт жагсаалт бичиж үлдээж байсныг бодоход тэр хүний мөн чанар тийм халуумсаг байж эсвэл таны уншуулсан шүлгүүд төдий чинээ сэтгэл гаргаж болохуйц байж. “Унших номын жагсаалт” тийм байдаг юм байж. “Яруу найрагч анхаарах зүйлс” гэсэн хэсэгт юу юу гэж бичсэн байсан нь сонь татаж байна.

 

Намайг оюутан болж хот орсон тэр жил Дашбалбар найрагч УИХ-ын гишүүн болчихсон байсан юм. Хөдөөх нэгэнд ахиад л хүршгүй холын санагдсан байж мэднэ. Анх уулзсан тэр мөч л мөнх юм шиг үлдэж. Хэн нэгийгээ мөнх юм шиг л эндүүрч явдаг нь хүний тавилан юм хойно доо. Эндүүрэгч хорвоо гээд түүний нэг шүлэг байдаг. Цэнгээнт хорвоод дуулж байна гэж бодном, хөөр баяр минь хаа байна? Цэгнэж бодвоос ерөөсөө л дуулаагүй мэт... 1999 оны намар тэрбээр бурхан болсон билээ. Би тэгэхэд ТИС-ын 4-р курсд ороод байсан үе. Соёлын төв өргөөнөөс салах ёс хийсэн бөгөөд сэтгэлдээ хайрлаж хүндэтгэж явсан яруу найрагчаа сүүлчийн замд нь үдэлцсэн. Цуваа болон эгнэсэн хүмүүсийн дунд гэмшил тээн зогсохдоо үхэшгүй мөнхийн юм шиг дүрэлзэж амьдарсан яруу найрагчийн дүр төрхийг санаандаа эвлүүлж байснаа ер мартдаггүй. Түүнээс хойш би дотроо хайрлаж хүндэтгэж явдаг хүмүүстэйгээ уулзаж явах учиртай юм байна шүү гэдгийг ухаарсан гэх үү дээ. Хүн гэгч тэгээд цаг цагт, нас насанд л ухаарч сэхээрч явдаг бололтой юм. Тийм ухаарал сэхээрэл байхгүйсэн бол өөрийнхөө балчиг намагт өвдгөө далдартал шигдчих байлгүй. Ухаарч амьдрах хорвоо гээд гэгэлгэн сайхан дуу байдаг даа. Дуучин Төмөрхуяг дуулдаг. Бууж мордохдоо буурал аав минь Инээж явдгийн учрыг олъё доо Дуулж суухдаа буянтай ээжийн минь Уйлж байдгийн ухааныг танья даа... гээд эхэлдэг. Хүүхэд бага насандаа хээр хөдөө адуу малд явахдаа хэрдээ л цангинуулж явдаг байлаа. Марал мичидийн анивчаан дунд манхайх саран энэ тэр гээд... Намрын навчис гандана даа, ганхана даа гээд... Дорнын цагаан саран шөнөжин дуулж хонолоо гээд... Өвсний толгой цайраад байна гээд л... Цэрэг би чинь ингэж бодохоор гээд л... Шуудан хүргэгчийг тосон гүйгээд гээд л... Олны өмнө бол чингэж чадахгүй ээ, чааваас. Би ер нь нэг тийм бүрэг, зожиг ч гэмээр хүүхэд байж дээ, одоо бодоход. Яс цусанд чивчирсэн зан араншин гэдэг хэзээ хойно ч хэвээр байдаг болтой. Одоо нөгөө анхаарах зүйлс рүүгээ эргэе. Аавын тэмдэглэлийн дэвтэр. "Яруу найрагч анхаарах зүйлс" Шударга байх, Хүнлэг байх, Эр зоригтой байх, Боловсрол төгс байх, Хөдөлмөрч байх, Цог жавхлантай байх, Маш цэвэрхэн хувцаслах, Бүдүүлэг явдал бие, хэл сэтгэлээр үл үйлдэх, Тэвчээртэй байх... гээд гарын үсэг зуржээ. Яруу найрагчийн надад зориулсан үгс болохоор ой ухаандаа хадгалж явдаг даа. Энэ тэмдэглэлийн дэвтрийг би наддаа л хосгүй үнэт өв гэж боддог. Аавын минь бичгийн хэвтэй, яруу найрагчийн гарын үсэгтэй дэвтэр шүү дээ.

Төрийн шагналт зохиолч Д. Норов ах маань бурхалсан зэврүүн өдөр өнгөрч байна. Ийм бараан мэдээтэй өдөр таныг бараг хариу зурвас илгээхгүй алгуурлах байх гэж бодож суутал хүрээд ирлээ. Нэгэнтээ та утга учир гэж юу юм бэ гэдэгт одоохондоо би бол дурсах л гэж хариулна гэсэн болохоор би ярилцлагаа тэр үгнээс тань цаашаа томож нийтгэж үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Та Д.Норов гуайн тухай юу дурсах бол? Хоёулаа халуун дээр нь сайхан дурсъя

 За нэг л эвлэхгүй нь ээ ахын дүү. Уучлаарай

 Түр хойшлуулах уу?

 За түр хойшлоё оо.

 Энэ асуулт нь тохиромжгүй бол маргааш дүү нь өөр юм явуулъя

За. Эвлээд буувал ах нь бичнээ.

 

 

Тийм ээ. Дурсах л үлдэж. Надад дурсах юм юу билээ? Өчигдөр чамайг асуухад тулгамдаад нэг л болсонгүй. Асуусанд ах нь хариулах учиртай шүү дээ. Бяцхан дурсамж сөхье. Хоёр мянга арваад оны дундуур юм даг уу. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир ах Хөвсгөлд ирээд хэдүүл хууч хөөрч суулаа. Тэгтэл тэр надаас, -Чи Монголын зохиолчдоос хэнийг уншиж байна вэ дээ гэж асууж байна. -С.Эрдэнэ, Д.Норов, П.Баярсайхан гэлээ. Тэр мөчид буусан нь энэ гурав л даа. -Норов ах уу? гээд царайд нь инээмсэглэл тодорч байна. -Тийм ээ... гээд би хойш тавьсан гитар авч,

Торгон хилийн шугаман дээгүүр

Тогоруун цуваа орж ирлээ

Дайчин нөхдийн минь булшин дээгүүр

Далавчаа дэвэлгүй халин өнгөрлөө

Салхи нь хичнээн жил хийслээ дээ

Саруулхан хил минь онгон хэвээрээ

Үүлс нь хичнээн жил нүүлээ дээ

Түүхт хил минь дагшин хэвээрээ... гэх "Босго тотго" олон ангит киноны дууны аяыг дарлаа. Тэгээд, тогоруу далавчаа дэвэхгүй халин өнгөрч буй энэ дүрслэл бол гунигтай хэрнээ гайхалтай юм шүү гэхчлэн өөрийнхөөрөө баахан бурлаа. Үнэхээр ч надад далавчаа дэвэлгүй халин нисэх тогорууны тухай дүрслэл гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Эрдэнэ-Очир ах утсаа аваад залгаснаа "Норов ах уу" гээд, -Энд, Хөвсгөлд таныг уншдаг нэг залуу байна. Танд хайртай гэж байна. Та таних уу гээд миний нэрийг хэлснээ, энэ чинь л сайхан шүү дээ гэхчлэн хэсэг яриад утсаа тавьсан сан. Би түүний мянга мянган уншигчийн л нэг шүү дээ. Намайг яаж таних билээ дээ. Хэдий тийм ч уран бүтээлч хүний ярих нь, үлдэх нь, дурсагдах нь зохиол бүтээл нь юм даа. Нутгийн зохиолч Б.Батэрдэнэ ахад "Үзэг нэгт үйлт нөхөртөө" хэмээн бичиж дурсгасан "Хөх тавилан" номыг нь хоёр мянга дөрөв таван оны үест шимтэн уншиж байсан нь саяхан мэт. Бараа дүрийг нь харж, амар мэндийг нь эрж явсан минь ч өчигдөр мэт. Гэвч өчигдөр өнөөдөрт хувирах чанадын орныг тэрбээр зорьжээ. Түүний зохиолуудыг уншиж байхад сэтгэл л зүрх гээч юм л бодтой, бие махбод бол угаас байхгүй болно гэх маш энгийн атлаа гүн агуулга тодроод ирдэг. Өвгөд буцахад бөхийж үдлээ Өр зүрхэнд нэг л юм үлдлээ... гэх шүлгийн мөр эрхгүй бодогдож байна. Энэ л үед "Мөнхийн дуудлага" туужийн бяцхан охин ус аваад эргэх нь нүднээ тодорч хөнөгнөөс цалгих ус бодол чийглэх шиг болном. Үгүй бол нэгэн эр бөжир бөжир алхах морины нуруун дээр элдвийг сэтгүүрдэн явах нь үзэгдэх шиг. Эсвэл "тэр хэдэн тэмээнд л хүрье. Эс чадвал" хэмээн хоолой зангируулах нэгний түргэн түргэн алхаа ч сонсогдох шиг. Тэр эрийг бас нэг эр дуудаж байх шиг. "Нөмрийг нь бодож хогтой жалга сахиж хэвтсэнээс нүцгэн хярын оройд гараад даарч явсан нь дээр биз дээ" гэх үгийг Цээнэ бүсгүйгээр хэлүүлсэн энэ хүчирхэг туурвилчийг бид ахин дахин унших л үлдлээ. Ахин дахин уншина гэдэг уран бүтээлч амьд байгаагийн утга билээ.

 

2020.12.07.Даваа гараг. Өнөө өглөө хотод хаа очиж дулаахан байна. Гэхдээ л цонхны нар бараадаж тагтаа бөөгнөсөн нь эрхгүй л өвлийн зураг. Ажлын ширээнийхээ ард суугаатаа сормуусных нь цан арчин арчин хариу зурвасаа бичиж суугаа минь энэ. Бидний ярилцлага эхлэлснээс өдий хүртэл хоёулаа О. Дашбалбар, Д.Норов, Ц.Ганболд, Ц.Гончиг зэргээр дандаа л хүмүүсийн тухай яриа дэлгэлээ. Өөрөөсөө бусдыг сайн сайхнаар дурсах сэтгэлтэй байна гэдэг чинхүү сайхан чанар юм уу даа. Нөгөө талаар хүнийг өөрийнхөө тухай бус бусдын талаар ямар үг унагаж байгаагаар сэтгэлийг нь таниж болмоор санагдах авай.

Хэн нэгнийг дурсана гэдэг хичнээн сайхан бэ?

Зөөлхөн гар магнайг минь илбэх шиг

Хүнгүй, хоосон гудманжинд

Бурхантай дайралдах шиг... гэж та бичсэн шүү дээ. Таны яруу найргийн үнэ цэнэ ч үүнд оршиж байна уу даа гэж би уншигчийн хувиар хардаг. Өнөөгийн энэ хүн төвтэй, би төвтэй, хувьхан шинжтэй болсон яруу найраг дунд таных өөрөөсөө анги зүйлсийн тухай бичиж, би гэж тусдаа бодгаль үгүй мэт энэ мод бут, уул ус, араатан жигүүртний тухай л дуулаад би цаашилбал энэ хорвоо ертөнцийн нэг хэсэг нь бид нэг бүхэл цул юм гэж харж буй өнцөг таны яруу найргийн үнэ цэнэ, ялгагдах өнгө төрөх дөө гэж би хардаг. Миний ширээн дээр таны “Сая жилийн намар” “ Өвсний шувуу” “Үүрдийн хоосон агшин” “ Эртний сэтгэл” тэргүүтэй арваад шүлгийн түүвэр байна. Он цагаар багцаалвал 2?-иод жилийн туршид бичсэн шүлгүүд тань миний өмнө байна гэсэн үг.  Ахиад цаана нь бас өдий төдий ном буй байх. Одоо хоёулаа таны яруу найргийн талаар яриа дэлгэе. Аль ч номыг тань аваад, хаанаас нь ч дэлгэсэн яг л таны бичих шүлгүүд байх юм. Энэ олон жилийн туршид “онхол донхолгүй” их жигдхэн бичиж буй яруу найрагч юм байна даа гэсэн бодол ургах юм. Та яруу найрагтай холбогдсон зам мөр, өдийг хүрсэн замналынхаа талаар бидэнтэй хуваалцаач.  

 

Өнөөдөр энд ч мөн дулаахан өнжлөө. Шөнөдөө хялмаалж хоноод өглөө нь түүн дээгүүр шувууд жирийтэл гүйлдэх нь нэг хоёроороо сүргээсээ тасран дунгуйрах нь, уул хангай минь тэртээд цэнхэртэх нь мөнөөх л миний харж дассан, хайрлаж мэдэрсэн зураг юм уу даа. Хүмүүсийн тухай ярих нь ч явж явж өөрийн тухай л яриа юм шиг. Өөрийн зүрх сэтгэлд оршин амьдрах тэдгээр хүмүүс үгүй бол бид чинь ер нь хэн юм бэ? Гэтэл заримдаа бас шувуудыг илүүтэй хармаар санагдах нь юу билээ. Хүн ер нь үй олон асуултын дунд л амьдардаг юм шиг. Түүнийг нь өөрөөсөө асуусан, өөр нэгний асуусан гээд хоёр хуваачихаж болмоор. Өглөө гэрээс гармагц л асуултад хариулж эхэлдэг ажээ. Яруу найрагч Элбэгээ дүүгийн "Авиа өгөх тэнгэрийн зүг нисэх мэт гайхалтай ертөнц амгалан уу" гээд л асуудаг шиг байна. Хэв хэвээрээ мөнхөд дүнхийх уул нурууд, ус мөрнөө харж баясчихаад л ажил руугаа алхана даа. Өсөж төрсөн нутаг минь энүүхэнд ойрхон, сүсэлж залбирдаг уул хангайн бараа нүдэнд илхэн болохоор өдөр бүхэн л нэг иймэрхүү давтамжтай. Шүлэг бичсэн минь нэг уулнаас л үүдэлтэй юм. Тэрийг хойно өгүүлье. Би багадаа дургүйгээ хүрэхээр довын ч юм уу, эсвэл аль нэгтээх дошин дээр очоод суучихдаг хүүхэд байж л дээ. Тэгээд хэн нэгэн дуудахаас нааш ирэхгүй. Үүнийг ах эгч нар олонтой дурсаж ярьдаг сан. Ийн сууж байсан нь ч санаанд илхэн л байна. Хөх цөгцгий буун суун жиргэхийг, чогчиго сэрвэлзэхийг, довон дундуур ус жирэлзэхийг, модны хөх бух хурц нүдээр ширтэхийг, бүргэд элин халихыг, өвс ногоо ганхахыг харж, тэр бүхний өнгө гэрэл ой санаанд нэвчиж үлдэж л дээ. Довын бамбалзуур дээр айл саахалтын багацуултай нууцаар очиж тоглодог байсан тэр үе минь ч өнгөрсөн цагаас үлдсэн сонин мэдрэмж хэвээр л. Чогчиго шувуу зурам унаад давхиж явахыг хараад бид байдгаараа хөөрцөглөн инээлддэг сэн. Хурга эргүүлээд эргэх зуур л өтгөн манан татаад гэрээ олохгүй төөрчихдөг сөн. Манан дунд чандага туулай дэгдэж байдаг сан. Хаврын өглөө гэрээс гарахад хажуугийн шил дээр олон буга сэрийлдэн зогсож байхыг хараад учиргүй догдолдог сон. Шүлэг зохиолд минь дов толгод, жигүүртэн амьтан дүрслэгдээд байдгийн цаад учир ч энэ байх. Эндээс яруу найраг эхэлсэн байх аа. Аав ээж хоёр минь олуулаа. Би чинь арван нэгэн авга, арван нэгэн нагацтай хүн шүү дээ. Олон дунд өссөн. Бор дүр амьдрал гэж юу болохыг, олуулаа байхын жаргал зовлон ямархан гэдгийг гадарлана. Тэгээд тэд минь ухаан санаанд багаас аж амьдрал, үлгэр түүхийн сайхныг шингээж өгч дээ. Зарим авга нагац нарын минь амьдрал бараг л үлгэр домог шиг санагддаг шүү. Эртэй, хуйхтай явсан нь ч бий. Зүдэрч ядарсан нь ч бий. Нэг тийм алсын дуу шиг, гэгэлзээд л, гэрэлтээд л байдаг зүрх сэтгэлийн л гэмээр амьдрал бий. Түүнийг би хөгшин аав ээжүүдийн минь, авга нагац нарын минь, нутгийн олны минь надад хайрласан хишиг буян гэж сүслэн залбирч явдаг даа. Миний гэх ертөнц бүтэж бүрэлдэхэд тэдний минь тус нэмэр даанч их байжээ. Энэ амьдралаас хэдийн буцсан авга нагац нар минь ч гэрэл гэгээгээ сэтгэлд орхиод явсан мэт. Манай энэ хөгшин ээж бусдын төлөө их санаа тавьдаг, хол суугаа хүүхдүүдээ өнөө маргаашгүй хүрээд ирэх гэж байгаа юм шиг л хүлээдэг хүн байв. Ойр хавийн айл гурил будаагүй болсон байна гэж дуулдвал гурил будаа аваачиж өгөхгүй бол болохгүй нь гээд л сэтгэл чилээж суудаг сан. Хүндхэн ч цаг үе байж. Энэ хөгшин ээжийгээ өөд болоход би хотод оюутан байсан юм. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг өнгөрсөн тэр намар даа. Хөдөөлүүлэхэд нь байгаагүй болохоор ч тэр юм уу одоо ч амьд байгаа юм шиг, нутагтаа очих бүр тосоод зогсож байх шиг үзэгддэг дээ. Уул хангайдаа ууссан болохоор тэр биз ээ. Харин нөгөө хөгшин ээжийгээ бол хэдхээн жилийн өмнө бурхан диваажингийн оронд үдсэн дээ. Өнгөрөхөд нь толгойг нь түшсэн. Зээ хүүдээ үлдээсэн зандан эрих нь бий. ...Наранд гандсан улаан тэрлэг эвхээстэй... ...Өчүүхэн нулимс өнхрөн өнхөрсөөр Өвчүүний цаадах өндөр ууланд будантлаа... гэх зэрэг шүлгүүд зориулсан. Би хорь хүртлээ хөдөө амьдарсан юм. Авга нагац нараа дагаж уул хадаар их тэнэсээн. Ан гөрөө ч хийх гэж үзсэн. Гэхдээ анчин болох хүсэл анхнаасаа л надад байгаагүйг хожим ойлгосон билээ. Харин байгаль дэлхийг танин мэдэх, үзэгдэл юмсыг нь сонирхож шохоорхон байх нь л гол байж. Тэгэх гэж л би тэднийг уйгагүй дагаж явжээ. Бичээд байвал дуусахгүй нь ээ. Ингэсгээд энэ хэсгийг дуусгая. Өвгөд хөгшдийн үлдээсэн орон зай тэнгэр газрын савслага шиг санагдаж байна аа. Тэртээх цагийг тодруулах гэхдээ л ийн бичиж буйг минь болгооно биз ээ. Нөгөө л яруу найргийн замналыг тодруулах гээд байгаа нь тэр шүү дээ. Анхныхаа шүлгийг би арван дөрөвтэйдээ бичсэн юм. 1990 оны намар. Гэхдээ үүнээс өмнө довын оройд сууж байхдаа бичсэн ч байж мэдэшгүй. Өмнө нь бол шүлэг бичих, найруулах зэрэг багшийн өгсөн даалгаврыг хийхэд ээж минь тусалдаг байсныг тод санаж байна. Ээжийн бичсэн мөрүүдийг би уншиж байсан шүү. Одоо эргэж нэг асууя байз, ээжээс. Аав залуудаа сонины идэвхтэн сурвалжлагч хийж байсан гэдэг юм. Бичсэн хөрөг найруулал нь хүртэл бий. Ингэхээр бичих язгуур байсан болж таарч байна. Анх шүлэг бичсэн минь нэг уулнаас үүдэлтэй гэсэн дээ. Тэр намар манай хэл уран зохиолын багш сурагчдаар шүлэг бичүүлсэн юм. Багшийг минь Баасанжав гэдэг байв. Тэгэхэд би нэг уулын тухай шүлэг бичсэн сэн. Ухаан санаанд минь нэг уул л эргэлдэн гэрэлтээд байсан шиг. Ингэж л эхэлсэн дээ. 1996 оны хавар миний анхны ном хэвлэгдлээ. Аав минь л санаж сэдсэн явдал шүү дээ. Түүнээс биш маньд тийм юм бодох ухаан хаа ч билээ. Шүлгийн номоо багын анд А.Азбилэгтэйгээ хамт очиж хэвлэх үйлдвэрээс авлаа. Номын зургийг П.Баяртөгс гээд нэг найз маань зурсан юм. Тэгээд хоёулаа Мөрөнгийн гудамжинд таарсан таних танихгүй хүн бүхэнд баруун солгойгүй номоо өгөөд явснаа санадаг юм, хэдийг ч хүмүүст өгсөн юм, бүү мэд. Анд маань миний өмнөөс яриад л, одоогоор бол сурталчилгаа хийгээд л явжээ. Орой нь хоёул бас нэг тэмдэглэх ухааны юм болж, бага сага шимийн юм нууцаар хүртсэн юм даг. Энд нэг зүйлийг нэмье. Анд минь надтай хамт таван номыг минь гаргалцах гэж улсын нийслэл орсон хүн дээ. Юм учиртай, сум гичиртэй гэж үнэн. Би ч андыгаа дагуулах дуртай. Ойр тойрны минь зохиолч, яруу найрагчдын зарим нь мэдэх байх. Чи яагаад Майг дагаж явдаг юм бэ гэж асуухад "Олны дунд хэцүүдэх л хүн шүү, наадах чинь. Бараа болж явдаг юм" гээд муухан мушилзаж байж билээ. Анхны ном хэвлэгдсэнээс хойш би бараг арван жил юм бичээгүй гэхэд болно доо. Яруу найргаас ер нь л их хөндийрсөн шүү. Нэг тийм үе намайг дайраад өнгөрчээ. Тэгээд 2006 онд оочин цоочин тэмдэглэсэн зүйлүүдээ эмхэлж цэгцэлж байгаад "Сарны бичээс" шүлгийн номоо гаргасан юм. Анхандаа "Уул талын зүг" гэж нэртэй байсан юм. Тэр хавар би гучин нас хүрсэн. Тэр хавар бас ихийг бодсон шиг санагддаг. Хаа ч явсан шүлэг, яруу найраг бодогдоод салахаа байсан. Түүнгүйгээр амьдарч чадахгүйгээ ухаарах шиг болсон. Учиргүй их юм бичмээр, бичмээр байсан. Тэгээд л ахиад бичиж эхэлсэн. Хүнд хэрэггүй байж болох ч өөрт хэрэгтэй шиг санагдаад бичсэн. Бичихээ л бичдэг. Ингэх болов уу, тэгэх болов уу гэж өөрийгөө хаяалдаггүй. Өөрийнхөөрөө бичиж байгаа минь, алдаж оноод амьдарч байгаа минь надад л олдсон хувь тавилан. Хувь тавиланг өөрчлөх боломж гараад ирлээ ч би өөрчлөхийг хүсэхгүй. Бурханы хайрласныг л бид хайрлана шүү дээ. Өгснийг нь л авна. Түүнийгээ л хайрлах хэрэгтэй. Голох хэрэггүй. Хайрлахгүй ч байж болох шүү дээ.

Хачин юм шүү

Амьдралын эцсээ хүртэл

Үг үсэгтэй зууралдах минь

Модноос илүү мод гэсэн үгэнд

Тэнгисээс илүү тэнгис гэсэн үгэнд

Дуртай байдаг минь гэх... шүлэгт дуртай.

Яруу найрагтай холбогдсон минь нэг ийм л дүр зургаар бууж байна. Үүрдийн хоосон агшин гэдэг шиг л... Амьдрал ч агшин хормын нийлбэр мөн юм аа. Яруу найраг ч ийм. Миний л ойлгосноор.

 

 Хэт дотогш алсраад тов тодорхой шууд хариулахгүй байгааг тань уншигч авхай хэрхэн хүлээж авахыг би эс мэднэ. Надад бол өглөө бүр ирээд яруу сайхан зурвас уншаад суух таатай л байна. Угаас энэ л та гэдгийг би гадарлах болохоор, аргацаагаад өнгөрөөж болох л асуултанд ингэж өргөн дэлгэрэнгүй хариулж буй тань өнөөх л танд байдаг өгөөмөр сэтгэл гэж харж байна. Миний ярицлагын хэв маяг ч ийм бичгийн хүнийг бичгийн хэлээр нь яриулах бодох хугацаа өгөх, мөн сошиал хөгжсөн энэ үедээ ч тааруулж алсаас ийн ярилцах хэлбэрийг сонгосонтой таараад байх шиг.  Басхүү таны хариултаас, таны яруу найргийн өнгө аяс ч мэдрэгдэж байх шиг. Би бээр өнгө аяс гэж харж байгаа ч энэ өөрөөсөө хэт бол эсвэл хэт дотогш алсралтыг магад  сул тал гэж харах хүмүүс ч бий байх. Амны нээвэл уушиг нээ гэдэг болохоор энд дүү нь шуудхан хэлж байгааг ах болгооно буй за. Арван жил юм бичээгүй гэхээр бас гэж уран зохиолоос тэр чигтээ урвачихвал урчихаж болмоор урт цаг хугацааны дараа эргэн иржээ. Заа ойр үеийн таны уран бүтээл рүү яриагаа чиглүүлье. Хоёулаа өнгөрснийг сүрхий яриад нилээд дурсамж голлосон ярилцлага болж байх шиг байна. Сүүлд “Хагас нь эс, хагас нь элс” нэртэй хүүрнэл зохиолын номыг тань  уншлаа. “Довцог” гэж өгүүллэг гойд таалагдлаа. Таны “Тэнгэрт тогтсон бүргэд” “Барханы газрын сахиул” гээд хөрөг дурсамжийг уншиж байх даа л хүүрнэл бичвэл “алахнээ” гэсэн бодол төрж байсан тэр бодол биелэлээ олж тууж, өгүүллэгүүдийг тань уншиж бах нэгэн ханав даа. Та ойр үед юу хийж байна вэ?, та энэ зохиол бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьж явдаг хүн бэ? Ер та уран зохиолыг юу гэж бодож, сэтгэж явдаг юм бэ? Мөн алс буйдад анир чимээгүй аж төрөхүй, ажиллаж амьдрахуйн талаар тань сонсохыг хүсэж байна.

 

 “Алсран холдож буй юмс л амьдрал минь” гэж нэгтээ бичсэн. Хүний амьдрал бүхэлдээ өнгөрсөн цагт л өрнөдөг. Гэвч одоо цаг түүнээс чухал аа. Учир нь энэ цаг л өнгөрсөн хийгээд маргаашийн гагнаас нь. Дотогшоогоо алсарч холдоод байдаг тийм хүн гэдгээ би мэдэрдэг. Төвөөс зугтдаг. Олны төвд байх дуртай биш. Өөрийнхөөрөө тэгээд нэг болсон болоогүй юмаа бичээд, баясаж бахддаг зүйлээ хараад нам тайван амьдрахыг л эрхэмлэдэг. Гэвч увайгүй, хөгийн амьтад дургүйг минь үргэлж хүргэдэг. Түүнээс болоод хатуу хөтүү үг хэлэх үе ч гардаг. Нүднээс нь шуналын гал улалзсан хүмүүсийг харахаар хамаг бие харшил өгөх мэт болдог. Хайр гээд шуналаа яриад байдаг хүмүүс надад таалагддаггүй. Өөрөө өөртөө дайсан олж хардаг хүнд бол би дайснаас нь ч илүү дайсан. Хот хүрээ газар руу биш хөдөө буйд аглаг суурин тийш л хүсэл минь татагддаг. Тэнд өсөж төрсөн болохоор тэр биз дээ. Цаанаа барих юмгүй шүлэг зохиол бол мянга уянгалаад ч нэмэр байхгүй. Тэр уран зохиол биш. Зохиолын цаана заавал сүртэй гүн ухаан, сургаал номлол байх албагүй гэдгийг ч мэдэрсэн. Ганц дусал нулимс ч байсан ч, ширхэг цасны гялбаа байсан ч болно шүү дээ. Дотогшоогоо залгичихсан ганц үг ч юм уу. Өөрийнхөө бичиж чадах хэв төрхийг санаандаа харсан. Гэхдээ нэг юм бий. Энэ санаагаа “Мөнхийн хөсөг” тууждаа дам илэрхийлсэн билээ. Үнэн мэдрэмж гэдэг ямар гайхалтай зүйл болохыг хайрладаг. Нэгтээ би метроны буудал дээр зогсож байхдаа,

Чийрт олны дундаас үзэсгэлэнт царай гэнэт тодрох нь Чийгт бараан мөчирт өнгөт цоморлиг дэлгэрэхийн адил... хэмээсэн Эзра Паундын шүлгийн цаад утгыг барих шиг болсон сон. Яг л тэгж харагддаг юм байна лээ. Манайд бол их зохиолч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг л гэсэн үг. Наадмын талбайд дүүхэлзсэн морь унасан бүсгүйтэй таарах, метроны буудал дээр гэнэт үзэсгэлэнт царай тодрох хоёр угтаа яг адилхан. Ийм л уран зохиолыг бүтээхийг зорьдог. Зорьсон зүйлээ язгуур сэтгэлгээний гэж тодорхойлсон нь ч удаатай. Уг язгуураас бичих, тийш очих л одоо миний зам, зорьж буй бүхэн. Ойрд нэг хүүрнэл зохиол явуулж байна. Яаж өрнөх, яаж буухыг нь сэтгэлдээ бариад л сууж байна. Зав чөлөөгөөрөө, зөнгөөрөө тэгээд нэг бичээд л байгаа. Хэр хэмжээний бүтээл болохыг нь одоогоор мэдээж хэлж мэдэхгүй . Ер нь үргэлжилсэн үгийн зохиол сонирхолыг минь их татаж байгаа шүү. Өгүүллэг тууж ч оролдож байна. Бас яруу найраг. Сүүлийн жилүүдэд бичсэн шүлгүүдээ эмхэлж цэгцэлж байна. Мөдхөн тэгээд нэг яруу найргийн ном гарна даа. Өмнөх номуудаас олж авсан ур зүй, зүг чигээс өөр, өнгөрсөнд ойлгож ухаарсаны нийлбэр цогц ч гэмээр нэг тийм ном нэгэн цул болохоор тал бүрээс цугларч байна даа. Хэвлэе гээд яарвал хэзээ ч гарчихаар л. Гэвч яарахгүй байнаа. Ааг амьсгаагүй хэдэн жил шүлэг бичсэн байна шүү дээ. Ахынх уран бүтээл гэвэл нэг иймэрхүү л сонинтой байна. За тэгээд аж төрөхүйн анир чимээгүй минь анир чимээ болсон шиг ээ л амьдарч байна даа, ах нь.

  ***

Харуусал гуниг миний үнэн

Хамаг насаа түүний төлөө л үрэх байх

Бодтой, бодгүйн завсарт үүл болтлоо

Борооших мэт амьдрах нь магад...

 

Адгуу яаруу зантайг минь хүмүүс

Ам уралдан ярьцгаадаг ч гэсэн

Зүйрлэж хэлшгүй амар амгалан

Зүрхэнд үргэлж цохилсоор л байдаг

 

Энэ хорвоод би өширхөж үзээгүй

Эргэлзэх үедээ ч өрөвдөн шимширдэг

Сүүлчийн өдөр минь байсан ч

Сүүдрийнхээ хүйтнийг бусдад түгээхгүй

 

Цурласан царайнаас минь ирээдүй

Цухалзахыг чи харсаар л байх болно

Цуурайнд нь зүсэгдсэн төөрөгдөлүүд

Цусаа шүүрүүлэн биежсээр л билээ...

***

Миний цус судсаар чинь гүйж байгаа тул

Хэний ч өмнө чи толгой гудайх ёсгүй шүү!

Өмнөдөд ч, умардад ч

Өршөөл гэж байхгүй

Хэнд ч чи төлөөсгүй

Хэтдээ чи минь алзахгүй

Эцэг чинь гэж хүн

Эхнээсээ ер байгаагүй

Ороолтоор чинь бурхан чамайг танина,

Ойртох гэж битгий яараарай хүү минь!

Дөлсхийх мэт л зогсож бай,

Дөрөв, гурав, хоёр.., битгий тоол

Чиний дотор тоймгүй олон онгод буй

Чихний чинь хэнгэрэгийг тэд үргэлж нүдэх болно

Аймшигтай шуугина, тэсэшгүй мэт санагдана

Амсхийх цаг иртэл тэвч,

Аавынхаа хэлснийг бүү март!

Би чиний зүүднээс цааш зүүд

Бичээд ч түүнийг гүйцэхгүй болсон

Надад хүрэхгүй байгаа чинь л

Чамд олдсон аз жаргал!

2011.10.23

Яруу найрагч Пүрэвжалын МАЙНБАЯР

"Өвсний шувуу" /2012/ номын 81 дэх тал

 

ЯРИЛЦСАН : МӨ. БАТБАЯР

Түр хүлээнэ үү...
Top