МӨ ЯНЬ: ДУРСАМЖ
2020-11-04 Мө.Батбаяр 493

“Тагтаа” паблишингаас нобелийн шагналт зохиолч Мө Яны “МЭЛХИЙ” романыг яруу найрагч А.Урантогосын орчуулгаар удахгүй эрхлэн хэвлүүлэх гэж буйтай холбоотой Мө Яний өөрийн ярьсан нэгэн дурсамжийг орчуулан хүргэж байна. Эл дурсамжийг 2012 он буюу нобелийн шагнал хүртсэнийхээ дараахан Дундад Улсын нийслэл Бээжин хотын нэгэн их сургуульд уригдаж лекц уншихдаа ярьсан юм. Уг дурсамжинд Мө Янь бээр энэ хорвоод ээжийн хүү болж мэндлээд мэдэрсэн 1. ХАМГИЙН ЭХНИЙ 2. ХАМГИЙН ГАШУУН 3. ХАМГИЙН ГҮН  4. ХАМГИЙН ХАРУУСАМ гэсэн дөрвөн өөр зүйл ярьсан юм.  

1.

Миний дурсамж дундаас ээжтэй холбоотой хамгийн эртнийх гэвэл би гэрийнхээ цорын ганц усны саваа бариад нийтийн хоолны газраас буцалсан ус авахаар явлаа. Өлсөж ямар ч хүч тамиргүй болсноос гар чичирч усныхаа савыг алдаж хагалчихаад, амиа гартал айхдаа өвсөн дотор шургаж нуугдаад өдөржин бүгээд хэвтчихлээ. Орой болж байтал намайг дуудах ижийн дууг дуулдаж өвснөөсөө гарав. Турсгаа ч хуулуулах байх даа гэж бодтол ижий надад гар хүрсэнгүй, уурласан ч үгүй харин миний зулайг илбээд уртаас урт санаа алдаж билээ.

            

2.

Миний дурсамж дунд дахь хамгийн гашуун зовлонтой нэгэн явдал бол ээж бид хоёр хамтралын талбайгаас буудайн түрүү түүгээд буцаж байтал талбайн манаач хүн хойноос хөөв. Ижий минь хөөрхий жижигхэн хөлтэй юм болохоороо зугтаж гүйж чадалгүй баригдчихав. Өндөр лагс биетэй тэр манаач ээжийг шууд шанаадаад авав. Ижий гуйвж байснаа газар ойчоод өгөв. Манаач бидний түүсэн буудайг хурааж авсан ч үгүй орхичихоод хосгирсоор яваад өгөв. Ижийн завжаар цус урсчихсан газар сууна. Горь тасарсан ижийн тэр царай санаанаас ер гардаггүй юм. Олон жилийн дараа өнөөх манаач цал буурал болчихсон үед би хамтралын талбайд нүүр учруутаа би өс авахаар давших гэтэл ижий намайг хорьж намуухан дуугаар

-хүү минь дээ, намайг цохисон тэр хүн, энэ буурал хөгшин хоёр нэг хүн биш шүү дээ гэж билээ.  

 

3.

Надад буй хамгийн гүн дурсамж бол нэгэн намрын дунд сарын жин үдэд манайх арай чамай хүн бүхэнд нэг аяга ноогдох хэмжээний банш хийгээд яг идэх гэж байтал нэгэн гуйлгачин өвгөн манай гэрийн үүдэнд ирэв. Би аягын тал хатаасан чихэрлэг төмс гаргаж өгтөл өвгөн дурамжханаар

-би хөгшин настай хүн. Өөрсдөө банш идэж байж, өвгөн надад болохоор хатаасан төмс өгч яаж зүрхэлж байна гэхэд нь би сөргөн хэдэрлэж

-бид нар нэг жилд хэд хэдэн удаа банш идэж чадахгүй байна. Нэг хүн нэг жижиг аяга банш идэж аманд ч үгүй хамарт ч үгүй байхад чамд хатаасан төмс өгсөн нь буруу юу? Чи идвэл ид үгүй бол тонил гэтэл ижий намайг зэмлэж өөрийн аягатай баншаа өвгөний аяга руу хийсэн сэн.

4.

Хамгийн харуусам дурсамж гэвэл ээж бид хоёр байцаа худалдаж авахаар явав.  Байцаа зарж буй хөгшинтэй нэгтийн бутархай зоосон дээр ч яс тооцоо бодов. Тооцоогоо хийчихээд би сургуульдаа явлаа. Хичээлээ тараад гэртээ иртэл нулимс холтой ээж маань нүүр дүүрэн нулимстай сууж байвв. Гэхдээ намайг харааж зүхсэнгүй намуухан хоолойгоор

-хүү минь дээ, эхийнхээ нүүрийг яаж барах нь вэ гэж билээ.

МӨ. БАТБАЯР ОРЧУУЛАВ.

Түр хүлээнэ үү...
Top