МО ЯНЬ: ХҮН, НОХОЙ ШИГ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ
2020-10-26 Мө.Батбаяр 1188

 

Намайг таван настай байх үе , дундад улсын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү цаг үе байлаа. Амьдралаас миний ой тойнд үлдсэн хамгийн эхний санамж гэвэл цагаан цэцэгтэй лирийн модны дор ижий суугаад, улаан хүрэн мунаар хувцас угаадаг, бас хавтгай цагаан чулуун дээр хээрийн зэрлэг ногоо тавьж нүддэг асан дүр төрх юм. Ногооны шүүс газар руу урсах нь урсаж, ижийн энгэр өөд үсрэх нь үсэрч, агаарт зэрлэг ногооны шүүсний гошуун нясуун үнэр тархана. Мөнөөх мунаар ногоо нүдэх  бүгэдхэн болоод нойтон дуу миний зүрхийг агшааж байх шиг мэдрэмж төрнө.

Энэ дуу, өнгө,  үнэр, аж байдал би гэдэг хүний дурсамжийн эхлэл,  мөнхүү миний уран зохиолын замын эх. Энэхүү дурсамж дундаас надад хамгийн хүнд санагддаг үл мартам нь зовлон, зовнилт ижий минь хүнд хүжир ажил хийж байхдаа амандаа гиншин аялдаг асан нэгэн богино дуу юм.  Миний ижий насан турхруу дуусаж дундрамгүй хүнд бэрхийг туулсан. Дайн, өлсөглөн, өвчин, гээд энэ бүх гашуун зовлон дунд ямархан янзын хүч түүнийг цааш нь амьдруулж, басхүү ямархан янзын хүч түүнийг улаан эсгий залгичихмаар болсон эсвэл ургашгүй өвчин ороосон үед дуу аялуулж байж вэ? Би ижийгээ амьд мэнд байхад нь энэ тухай нэг ам тулган асууя гэж санаархсан авч тухай бүр цаанаа л нэг цадиггүй санагдаад болоогүй юм.

Нэг үе , тосгонд удаа дараа хэд хэдэн эмэгтэй амиа хорлосон явдал болсон нь надад үнэнхүү айдас хургуулж билээ. Тэр үе бол манай гэрийн тартагтаа тулж, тогоогоо маажсан үе. Аав хүнд гүтгэгдсэн, гэрт хоногийн хоолгүй, ижийн учиг өвчин сэдэрсэн, эмчлүүлэх мөнгөгүй. Би ижийг амиа өөрөө юүтгээд, замаа дуусгачихвий гэдгээс л амиа гартал айдаг байлаа. Ажлил тарж ирүүт даамнаар оров уу үгүй юу хашхирч дуудна, ижий хариу дуугарвал сая нэг санаа амарч, чулуун дээр сууна.

Нэгэн удаа ажлаас их оройтож тарж ирэв. Ижий хариу хашхирсангүй, би сандарч гүйгээд үхрийн саравч, тээрмийн амбаар, жорлонд очлоо, ижий алга. Хамгийн түрүүн юм л бодогдож тэсгэлгүй цурхирч уйллаа. Энэ үед ижий гаднаас орж ирэв. Ижий миний уйлсанд ихэд дурамжхан байв. Ижий: хүн тэр дундаа эр хүн юмны захад хүрэлгүй усан нүдэлж болохгүй хэмээн үздэг авай. Ижий надаас яагаад уйлсныг асуув. Би ээрч муураад өөрийн сэтгэл түгшсэн зүйлээ үнэнээр нь хэлж зүрхэлсэнгүй. Ижий ч миний санааг ойлгож

-хүү минь, санаа амар бай, эрлэг номун хаан намайг дуудаагүй цагт би очихгүй гэсэн юм. Энэ бол ижий өөрийнхөө сэтгэл зовомхой хүүдээ өгсөн эрхэм амлалт. Эдүгээ ижийг эрлэг номун хаан дуудаад явжээ. Гэвч ижийн энэ үгэнд хүнд хэцүү зовлонг тэвчиж амьдрах агуу зориг багтаж өнө мөнхөд надад түшиг болж яваа билээ.

Өлмөн зэлмүүн тэр цаг үед би өлсөглөнгөөс болж хорвоог орхисон олон хүмүүсийг  харсан. Жишээлбэл буурцгийн багсармал олж идэхийн тулд олон хүүхдүүд тосгоны хөгшин няравыг тойрч зогсоод нохой шиг хуцаж байсан юм. Хөгшин нярав:  Нохойтой  хамгийн адилхан хуцаж чадсан хүүхдэд тэр багсармалыг өгнө гэсэн юм л даа. Энэ явдлыг аав хоёр нүдээрээ харжээ. Гэртээ эргэж ирээд намайг тас шүүмжлэв. Өвөө бас намайг зад шүүмжлэв. Өвөө надад:

-хүний ам бол зүгээр нэг зам. Хангайн хишгийг хүртсэн ч өвсний үндэс, модны холтос мэрсэн ч ялгаагүй л ходоодонд хүрнэ. Буурцгийн багсармалын төлөө юунд нохой шиг хуцаж байдаг юм. Хүнд өөрийн мөн чанар байх ёстой. Тэдний үг тухайн үед намайг ятгаж дөнгөөгүй юм даг. Учир нь би хангайн хишиг, модны холтос хоёр өөр гэдгийг мэддэг байлаа. Харин би тэдний үгнээс нэр төр хэмээгчийг мэдэрсэн юм. Хүний нэр төр, хүний аяг намба гэдгийг юу байхыг мэдэрсэн.

Хүн, нохой шиг амьдарч болохгүй. Өлсөглөнгийн цаг үеийг би өөрийн биеэр туулж хүн хэмээгчийн энгийн хийгээд түвэг яшигтай хамгийн адгийн зан чанарыг ч танисан. Би хүний мөн чанарын олон талыг нэвт шувт харсан. Миний эцэг, эх, элэнц эмээ өвөө тэдний л адил хүн. Гэвч надад тэргүүн өндөр явах итгэлийг бүтээж өгсөн. Эдгээр энгийн хүмүүст буй үнэт эрдэнэс бол нэг ард түмэн хичнээн зовлон зүдгүүртэй ч адагтаа тулж дордож хэрхэвч болохгүй гэдгийн хамгийн том баталгаа байсан юм. Энэ угтаа уран зохиолын ч амин сүнс юм. 

 

ОРЧУУЛСАН МӨ. БАТБАЯР

 

 

Түр хүлээнэ үү...
Top