МӨ. БАТБАЯР: МОРЬ ЭР ХОЁР БУЮУ МОЛОРЫН ДУУ
2020-08-09 Мө.Батбаяр 376

 Өчигдөр буюу 8 сарын 8 нд аав нарын баярын өдөр болж өнгөрлөө.  Уг өдрийг 2005 оноос манай улсад тэмдэглэх болсон агаад  2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” гэх газраас энэ өдрийг албан ёсоор аавуудын баярын өдөр болгосон гэнэ лээ.  8 . 8 -ыг ханзаар “八八 -ба ба"  гэж тэмдэглэх ба энэ нь хятад хэлний аав  буюу “爸爸-  ба ба” гэдэгтэй адил дуудлагатайгаас Хятадууд 8 сарын 8- ны эл өдрийг аавуудын баярын өдөр болгосон түүхтэй.  Хятадаас эрэл гаралтай гэх энэ шалтгаан нь  баяр тэмдэглэхийг санаархсан аавуудад  жилийн жилд нөхөж баршгүй лай болдог нь нууц биш юм.  Тийм дээ ч мянган аав цуглаж талбайн усан оргилуур болон АСЕМ-ийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөж, хадаг уяж мөргөх байсан ч энэ шалтгаан уламжлал ёсоор шаврын хаалт болов. Хэн ч тэднийг тоосонгүй өнгөрлөө. Мөн Мартын 8 шиг цэцэг навч болж, телевиз, PM-ын суваг бүрээр үүрийн гэгээнээс шөнө дунд хүртэл хайрт ээж, халамжит ханьдаа хайртай гэсэн хөөрхий муу эрчүүдийн мэндчилгээ зогсоо зайгүй цуварч,  “Алунгоо эхийг ч алдар цуугаар давсан” гэсэн шүү үгтэй  ээж, эмэгтэй хүнийг магтан дуулсан дуунууд  суултуурын татсан ус шиг багтаж ядан “урсаж” түүгээр ч үл барам 3 сарын 9 нд хүртэл хожимдсон ч гэсэн ханьдаа баярын мэнд хүргэе, хайртай шүү чамдаа гэчихсэн дэвшүүлж байдаг шиг сүйдтэй юм аавуудын баяраар болсонгүй. Угаас тэгэх  боломж хомс . Учир нь бүх сувгуудаар бүтэн хоёр өдөр явуулах нь бүү хэл өдрийн хугас явуулахад хүрэлцэхүйц аавуудын тухай тийм их дуу байхгүй шүү дээ.  Ганц байгаа нь “миний аав адуучин хүн байсан” гэдэг өнгөрсөн цаг дээрх дуу гэдэг худлаа ч гэлээ, тийм элбэг биш нь үнэн билээ. Хурдын “Аав даа би хайртай” дуучин Болормаа “Нутаг амьтай аав” дуучин Болдбаатарын “Аавын тэнгэр” “Бурхан жолооч аав” заа ер нь гэсхийгээд л ёроол нь гарч, ёзоор нь цухайж байгаа юм. Сүүлдээ арга ядаад “Эрчүүдээ дуулъя” гэдэг уриалга маягийн дуу хийж хаа сайгүй чарлуулаад ч тусыг эс олов. Гэтэл эмэгтэйчүүдийн гэзэгний үзүүрээс эхлээд, хөлийн ул хүртэл бүх зүйлийг магтан дуулсан дуу ямар ч уриалга энэ тэрийн шаардлагагүйгээр ар араасаа мэндэлж байдаг нь аргагүй л атаархмаар. Гэвч аливаа зүйлийн тэнцвэрт байдал алдагдвал мөхөж сүйддэг атал, аль дивангарт тэнцвэрт байдал нь алддагдчихсан эр, эм хүйсийнхэнд зориулсан дууны балаанс алдагдлаа гээд сөнөсөнгүй, мөхсөн ч үгүй. Тэгэхээр хорт бодис үүсгэдэг бодисоор хооллож хөрсийг эрүүл байлгаж экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй жоом гэдэг шиг эр, эм хүйст зориулсан дууны тэнцвэрт байдлыг хадгалж байдаг  өөр нэгэн хүчин зүйл байна уу? гэсэн хар эрхгүй төрж байгаа юм. Дууны тэнцвэрт байдал учраас дууны төрөл зүйл дотроос нь өнөөх “жоомыг” хайх нь зүй ёсных биз. Монголын нийтийн дууны урын санд   эмэгтэйчүүдийн сэдэвтэй дуунаас дахин их тоотой нэгэн сэдэв дуу байдаг нь морины холбогдолтой дуунууд юм.  Монголд хүний тоонд багтахын тулд заавал залаатай малгай өмсөж, занзагар жипээрээ үе үе адуугаа эргэхээр явдаг байх ёстой агаад тэр адуунууддаа зориулсан дуу адаглаад нэгийг хийлгэсэн байх ёстой юм.  Мөн монголд дуучин болж төрсөн л бол та хүссэн хүсээгүй хэн нэгэн хүний хайртай морьхондоо зориулсан дууг дуулах л болно. Жишээлбэл зөвхөн зээрд зүсэмийн адуунд зориулсан дуунуудыг сонирхвол  Үйзэн зээрд, Бөмбөг зээрд, Улс зээрд,  Хонгор зээрд,  Хөөрхөн зээрд, Хангал зээрд, Соёолон зээрд, Хурдан зээрд,  Аварга зээрд, Цоглог зээрд, Шөвгөр зээрд  Шувуун зээрд, Салхин зээрд, Үрээ зээрд, Далай зээрд, Мөндөр зээрд Шийтэрийн зээрд гэх мэтээр цаашаа эх адаггүй үргэлжилнэ. Гэвч төөрөлдөөд байх юмгүй.  Дууны шүлгийн агуулга ерөнхийдөө адил. Эхний бадагт уг морь эхээс босоогоороо унаж  буй тухай гарна. Дараагийн бадагт ган дөрвөн туурайгаар газар тамгалж, салхи, сумнаас хурдан давхидаг тухай гарна. Сүүлийн бадагт төрийн наадамд түрүүлж торгон жолоо өргүүлсэн, магнай даа тоосгүй, мянган агтны манлай, миний хайртай морь минь гэх мэтээр дуулах үед нөгөө адуугаа эргэж очсон  шинэ дээлтэй ах том хөөргөөр хүмүүстэй тамхилж, цоо шинэ дээлнийхээ ханцуйгаар хайр найргүй нөгөө морио арчиж буй дүрс гарна. Тэр хүн бээр арц хүж уугилж уяаныхаа дэргэд алс тэнгэрийг бараалсан байдалтайгаар сууж буй дүрс мөн нийтлэг.  Дуулж буй дуучин нь нэг морь хөтлөөд л дуулаад явна, мордохгүй. Эдгээр дууны клипний зурганд уяач 30 хувь, гол дүр болох морь 50 хувь, дуучин хийгээд сул дүрснүүд үлдсэн хувийг эзэлнэ. Өмнө дурьдсан морины тухай дуунуудын шүлэг болоод клипний  агуулга ерөнхий дөө ийм. Дээр зөвхөн зээрд зүсмийн морьдод зориулсан дууны нэрсийг дурьдсан агаад ахиад өдий төдий хээр, халтар, хонгор, хул гэх мэт хориод зүсмийн моринд зориулсан мөн тэр хэмжээний дуунууд байгаа гээд бодохоор хорвоо мөн баялагаадаа, тийм ээ. Энэ бүх дуу хурдан, хурц шахуу морьдын тухай тул гол дүр болох ноён морь гуай гадаад танилын хэлдэгээр цөм “эрэгтэй морь” болж таарч байгаа юм.  Энд л нөгөө асуудлын гогцоо байх шиг. Энд л нөгөө эр, эм хүмүүст зориулсан дууны тэнцвэр нөхөгдөж байх шиг. Учир нь гүүнд зориулсан ганц ч мөр мянган мянган морины дуунд байхгүй. Хамаатай гэж үзвэл “босоо төрсөн унага” гэдэг мөрөөс тодрох тус хурдан морь нь ямар ч байсан нэг эм амьтнаас унасан гэсэн санаа л хөөрхий гүүний бөгсөн хэсэгтэй холбогдож болох юм.  Аавуудын тухай цөөн хэдэн дуун дээр уралддаг эрэгтэй морьдын тухай дуунуудыг аваачиж нийлүүлвэл сая эмэгтэйчүүдэд зориулсан дуунуудын тоотой эн зэрэгцэж илүү гарах юм. Ингэснээр эр, эм хүйстэнд зориулсан дууны тэнцвэрт байдал хадгалагдаж байгаа юм. Түүгээр зогсохгүй морьдод зориулсан их цогцолбор байгуулж морьдын сэрэг дүрийг сүндэрлүүлсэн ба монгол төрийн найман их хүлэгт хайрласан нэрийг сонирхвол “Засаг төрийн зандан ширээ” “Амгалан төрийн ажнай шарга” “Мөнх төрийн мөнгөн хөлт” зэрэг агаад энэ нь алдарт ээжүүдийг шагнадаг шагналын нэрсийг ч сүр далайцаараа давж чадаж байгаа юм. Монголд аавуудад зориулсан тэмдэглэлт баяр, янз бүрийн шагнал хэдий чинээ бага байна эрэгтэй морьдод зориулсан хөшөө, баяр, шагнал, цол хэргэм төдий чинээ их болдог нь нууц биш юм. Тэр жишгээр аавуудад зориулсан дуу хэдий чинээ цөөхөн байна, эрэгтэй морьдод зориулсан дуу ихсэх нигууртай. Монголчууд эр, морь хоёр холбоотой гэж ярьдаг, учиртай л үг. Одоо хар мянан дуун дунд эрчүүдээс ихээр хаягдсан гүүний тухай товч танилцуулъя. Гүү бол нэгдүгээрт амьтны аймагт багтах туурайтан багийн , адууныхан овгийн битүү туурайт хөхтөн юм.  Адуу, хулан, тахь илжигний гурваас дээш настай эмэгчин ч гэж ойлгож болно л доо. Гүү бээр дөнгөж хоёр нас хүрэв үү үгүй юу нийллэгт орно. Нийллэг гэдэг нь бид нарын мэддэг нийллэг паарты биш шүү. Гэхдээ адууны хувьд тийм ч байж болох л доо. Нийллэгт дийлэнх тохиолдолд төрсөн аавтайгаа эсвэл ойрынхоо хамаатантайгаа орно. Түүгээр ч зогсохгүй тэр азарга дөнгөж хорвоог таниж яваа хоёр настай амьтны улаан  нүдэн дээр ээж, эгч, гэх мэтээр цусан төрлийн гүүнүүдтэй нь бас нийллэгт орно. Үүнийг манай хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх хувь нь аав, ах, хамаатан садны хүмүүс эзэлдэгтэй жишиж бодохуй адуутайгаа мөн ч адилхан шүү гэсэн бодол хэнд ч төрөх вий.  Түүний хажуугаар гүүний зовлон их. Гүүнд хайртай морьд гэж “татаж чангаагаад салдаггүй” хэсэг бүлэг нөхөд байна. Мөн хөнгөлүүлээгүй үрээнүүд гэж тахиа шиг тачаалтай хутган үймүүлэгчид бий. Энэ бүхнээс азарга буюу сүргийн манлай нөгөөтэйгүүр өөрийнх нь аав ,  бүүр нөгөө талаар өөрийнх нь эр хамгаална. Гэхдээ нөхөр азарга бээр зөвхөн орооныхоо үед л хангаарал халамж тавьж, салахгүй дагаж салбаганана. Нийлэгт орох хугацаа сайн даа таван минут. За ер нь ингэсгээд азарга гуай тоохоо байчихна даа.  Эм амьтны зовлон мундах биш дээ, хөөрхий.  Гүү бээр 11 сар буюу хүнээс ч удаан тээж унагалана даа.  Мэдээж тэгээд эх амьтан болсон хойно тэжээж, тэтгэнэ, өсгөж бойжуулна юу эс мундах. Гэхдээ л гүүний энэ алдар гавьяаны тухай нэг ч дуу манайд байхгүй нь үнэн юм. Түүнд зориулсан  “гүүтэй хүнээс, хүүтэй хүн” хэмээх “оргүйгээс охинтойн дээр” гэдэгтэй ижил муушаасан утгатай  ганц хэлц байдаг нь “миний аав адуучин хүн байсан” гэдэг ганц дуутай гэдэг шиг л эмзэглэмээр зүйл юм. Эцэст нь ҮХЭР БОЛ АМЬД АМЬТАН МӨН ГЭДЭГ ШИГ ГҮҮ БОЛ АМЬД АМЬТАН МӨН ГЭЖ ХЭЛЬЕ.

 

Түр хүлээнэ үү...
Top