МӨ.БАТБАЯР: БУЯН ӨӨРТ ИРЭХЭЭСЭЭ БУСДАД ОЧИХДОО ИЛҮҮ САЙХАН
2020-04-15 Мө.Батбаяр 1798

БУЯН ӨӨРТ ИРЭХЭЭСЭЭ БУСДАД ОЧИХДОО ИЛҮҮ САЙХАН

2020.04.08. 23.45 минут

Амьдрал гэдэг ар араасаа үргэлжлэх цаг хугацаан дээр өрнөж буй үхлээр л таслагдах дуусашгүй улирах хөврөл билээ. Аян гэдэг амьдрал доторх амьдрал юм шиг надад санагддаг. Аян үүргэвчээ үүрээд, чихэвчээ зүүгээд, малгайгаа дугтуйлаад, унаандаа суухаас аль эрт эхэлчихсэн байдаг зүйл болохоор энэхүү аян замын тэмдэглэлийг аяны дөрөө дөрөөлж, “агтны” нуруунд мордохоосоо өмнө эхлүүлж сууна. Хүний амьдрал ч ялгаагүй эх ундаргыг нь эрэлчид хэдэн зууны туршид эрж хайж байдаг их мөрөн шиг юм. Мөрөнг мөрөн болоход уулын цамнаа түмэн горхи, газрын ундарга, халгиа цалгиа голын цутгал, хурын ганц дусал оролцсон байдаг шиг хувьхан чи бидний амьдрал эцэг эхээр, эмээ өвөөгөөр, элэнц хуланцаар дамжин урагшилсаар эгээ л эх авсан нь олдоход бэрх Амазон мөрөн шиг их ээдрээн дунд эрэлчийг төөрүүлж орхих буюу. Миний амьдрал доторх амьдрал гээд нэрлэчихээд байгаа аянг ч мөн ялгаагүй хаанаас эхлэлтэйг нь бас олох боломжгүй. Харин учир тохиол бүрэлдээд унаа хөдөлж байгаа мөчийг тогтоох боломжтой. Уг учир тохиолын үр хөврөл хэзээнээс эхлээд одоо ийн тохиож байгааг гэвч олохуйяа бэрх. Юутай ч нэг л мэдэхэд газрын дулаахан энгэр лүү хулан зээр шигээ хулжиж одсон мэт алсад суудалтай Алтан овоо, Шилийн богдыг зорихоор болчхоод байгаа минь энэ. Бодол хүрсэн газар бие хүрдэг гэж би боддог. Бодол сэтгэл минь хэдүйн алтан хиаг хээ мэтгэсэн дорно зүгийн дэлгэр уудамд хүрсэн байнам. Тиймийн тул би биеэрээ араас нь очиж алдуурч одсон бодол сэтгэлээ авч ирэхээр хэдхэн хоногийн дараа хөдлөх нь нут бүлгээ. Эр, эм ураглаж айл бүтэн болдог бол бие сэтгэл цуг байж хүн хүн болдог ажаам. Сэтгэл нь харьд одсон бие гэгч амтат дарсыг барсан хоосон лонх лугаа зохирох буюу. Би сэтгэлээ буулгаж ирэхээр алсыг зорино оо, удахгүй.

2020.04.05 9.45 минут

Од эрхэс баримжаалан ниссээр орчлонгийн дулаан энгэрээс эгнэсэн бүл шувууд ирж байна, харин би тэр шувуудын гэрэлд нь нисэж ирсэн оддын доорх хязгаар луу явах гэж байна. Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр явах бэлтгэлээ хийж гадуур, дотуур зуун задгай, жаран хагархай жаал жуул ажил амжууллаа. Ард үлдэж байгаа зүйлс амгалан тайван, цэгц эмхтэй байвал эргээд ирэх үед амар юм даа гэж бодох. Яагаа вэ, нөгөө Үй Хуа “ухаалаг хүний үйлдэл, ухрах зам өөртөө үлдээдэг” гэж бичсэн шиг юм уу даа. Гэхдээ тийм ухаалаг нь би биш л дээ. Өөрийнхөө тэнэгийг гайхаж тэнгэр ширтэж явах шиг сайхан нь хаа байх вэ? Тэгэвч, тэнэгээрээ гайхуулж явах шиг муухай юм ч бас хаа байх вэ.

2020.04.13 2:40 минут

Аянаасаа дөнгөж сая гэртээ орж ирлээ. Гэвч хүн хүлгийн нуруу, хөлгийн суудалд суугаад хөдлөхөөс өмнө аян зам нь аль эрт эхэлчихсэн байдаг шиг аяны замаас гэртээ эгэж ирсэн хойно ч бас бядан тэнэгчийн бодол санаанд аян үргэлжилж байдаг ажээ. Тиймийн тул би үүнийг бичиж суугаа юм. Өнгөрсөн дөрвөн хоногийн аян замын тэмдэглэлээ бичихийн тулд би оюун санаандаа өнөөх газруудаараа ахин аялах хэрэг одоо надад гарч байна. Тэгэхээр дөнгөж ирүүтээ дүүжин шиг буцаад л уг газар луугаа тэмүүлэх болох нь ээ.

2020.04.10

2000 он. Чиргүүлтэй ЗИЛ -130 дээрээ угсардаг байшингаа аччихсан, ууган нь арван гурав удаах нь арав, бага нь дөрөвтэй гурван хүү, эхнэрийн хамт тавуул тэр гучийнхаа кабинд суучихсан Чойбалсан хотоос Улаанбаатар хот руу нүүж байсан айл бол Эрхэмбаатарынх. Тухайн үед Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос нийслэл хот руу яг л уулын тал бүрээс уруй руугаа бууж буй үерийн ус шиг нүүж байсан их шилжилт хөдөлгөөн, тэр олон айл өрхийн л нэг. Тэдэнтэй л адил “Хот суурин бараадъя, сайхан амьдаръя. Соёлтой сайхан газар хүүхдээ сургуульд сургая хүний дайтай хүн, айлын дайтай айл явъя” л гэж нийслэл хотын хаяанд хаяа хатгахаар яваа нь тэр. Эрхэмбаатар гуайнх Чойбалсан хотоос хөдлөөд замаараа хэдэн тавиул мал нь байдаг айлаас гурван хонь төхөөрч ачиж аваад л хот руугаа шуударсан гэдэг. Замдаа Хэнтийд нэг хоноод маргааш нь нэг муу юм хотын бараа харжээ. Тэднийх Баян хошуунд айлын хашаанд нөгөө угсардаг байшингаа буулгаж угсраад л бум бужигнаж, түм түжигнэсэн үймээнт амьдрал руу ороод явчхаж. Гэвч миний энэхүү аян замын тэмдэглэл бол Эрхэмбаатар гуайн тухай ч бус, эхнэрийнх нь тухай ч бус, тэдний угсардаг байшингийн тухай ч бус, тэр ЗИЛ-130-ийн тухай ч бус бас тухайн үеийн их шилжилтийн талаар ч бус юм. Харин 2000 онд хот руу орж ирсэн тэр цэнхэр ЗИЛ-130-ийн кабинд ээж, аав хоёрынхоо дунд өвөр дээрээ дүүгээ суулгахчаа аядчихсан, өөрөө аяны уртад баахан хөгсөж ядраад зүүрмэглэж явсан айлын том хүү Эрхэмбаатарын Төмөрбаатартай цуг яг хорин жилийн дараа хүйгээ цөглөж, дуугаа хадаан төрсөн Чойбалсан хот руу зорчсон тухай тэмдэглэл юм.

Унаа маань ургахын улаан нарыг уургалах гэж байгаа юм шиг угтасхийгээд л дорно зүг довтолгож байна. Аянд гараад удаагүй хүмүүс л болсон хойно ам булаалдан үг өлгөлдөн цуурцгаах нь хаа газрын аль хүмүүсийн гэм биш зан билээ. Манай хэд ч тэр л жишгээр мар мар хийлдэж явлаа. Энэ хооронд би тэдний ам руу орчхоосоо өмнө та бүхэнд Төмөрбаатарынхаа тухай ахиад жаахан яриа дэлгэе. Энэ хэд эндээ ингээд инээд ханиад болцгоож л байг, гэмгүй.

Төмөрбаатар хотод ирсэн жилээсээ л ажил хийж эхэлжээ. Тэр эхлээд ундааны цехэд өрөгч хийдэг байв. 50-ийн ундаа гэдэг байгаад 100-гийнх болоод сүүлд 200-гийнх болсон бидний хүүхэд насны дурсамжаас ховх татаад хаячхаж болохгүй нэгэн амт болсон тэр ундааны цехэд шүү дээ. Тэгээд дараа жил нь Хархорин зах дээр мах зардаг эгчийнхээ ажилд туслах болж. Цайны газруудад мах хүргэх, нааш цааш болгох гээд л чамлахааргүй чанга атгахаар ажил юм даа. Ингэж л тэр хархан багаасаа өөрийн хөдөлмөрийн амт шимтийг өөрөө амсахын сайхныг мэдэх болж, түүнээс илүү сайхан нь өөрийн хөдөлмөрийн амт шимтээрээ өрөөл бусдыг баярлуулахад байдаг гэдгийг мэдсэн явдал байв. Төмөрбаатар маань ирийсэн цагаан шүд гарган инээмсэглэж энэ бүхнээ надад дурсаж нүд нь гэвч шүд шигээ цайлзаж, очитсон биш хаа эрт урсаж одсон он жилүүдийн чанадаас ямархан нэгийг олж харах гэсэн мэт сүүмийж тэр л гурвалжилж сүүмийсэн харцаараа нээрэн л хаа холоос дурсамжийн шан татаж ирээд буй мэт хорин жилийн өмнөх өөрийнхөө амьдралыг эдүгээ надад тоочно. Одоо харин тэр хүний цээнд хүрч, хүлгийн дөрөөнд эсгүүлэсэн эр болоод эх нутаг өөдөө тэр хүлэг шигээ тэмцэн явж байна. Амьтан ургамалгүй ахин сэргэж дахин тэнхэрч байгаа цаг гэдэг сайхан. Дөрөвдүгээр сарын тэнгэр хээлэндээ хурган хурган үүлтэй тэр тэнгэрийн доорх тал нутаг тэнгэрийн хурган үүлтэй очиж нийлье гэсэн юм шиг хонин сүрэгтэй. Ирж буй цагийн өнгө гэдэг ингэж л хургасан хонь шиг тэмүүлэмтгий авай. Тийм цаг улиралд аж төрж буй хүмүүний сэтгэл гэгч ч дөм дөмгөрхөн гишгэгдэлтэй ажгуу.

Чойбалсан хотын баруун дахь Өүлэн эхийн хөшөөнөө биднийг Төмөрбаатарын хавирганд нь зайгүй явж, харцаганд нь үегүй явдаг унаган багын нөхөд нь угтаж авлаа. Хөшөөнд сүү өргөж зогсоо Төмөрбаатарыг харахул “Хүү нь ирлээ” хэмээн шивнэж байх шигээ. Тэндээс тэр шууд арван гурав хүртлээ амьдарч асан хашаа руугаа явлаа. Нааш цааш хэдхэн мушгируулж сүлжээд л том төмөр хаалгатай хашааны үүдэнд ирлээ. Энэ хашаа одоо хадлан өвс нөөцлөх газар болжээ. Үүдэнд машин ирэх чимээнээр улаа бутарсан царайтай гав шав хийсэн залуу хашаан дээгүүр шоволзсоор өнгийсөн нь эдүгээ эндхийг хамаарч буй хүн бололтой. Төмөрбаатар явдал учраа мөнөөх залууд хэлж маргааш ахин тухтай ирнэ гэдгээ учирлаад бид буудаллах газар луугаа жирийлгэв. Эл хотын “Номин” сүлжээ дэлгүүрийн замын эсрэг талд саявтар үүдээ нээсэн “Ташгайт” нэрт зочид буудалд дөрөө мултлав. Ташгайт хэмээх нь ташуу, хазгай гэсэн үг юм болов уу гэсэн бодол энэ зуур бүрэглэж байвай.

ХАГАС АРВАН НҮҮР УЧРААГҮЙ, ХАЙРТ АХТАЙГАА УУЛЗСАН МИНЬ

2000 он, шинэ зууны анхны цагаан сарын шинийн дөрвөний шөнө гэнэтхэн мотоциклийн дуу намайг нойрноос сэрээв. Нойрондоо харам би бээр нүдээ нээгээгүй шахуу байтал хоёр хүн сүр сархийн орж ирэх, түүнтэй зэрэгцээд аав лаа асааж, аавын асаасан лаа мөнөөх хүмүүсийн хормойн салхинд дэлс дэлсхийх. Тэр хоёр хүн таг дуугүй, үүдэнд барлайж зогсох нь надад тун чиг аймшигтай байсан нь санаанд тодхон үлджээ. Аав дээлээ нөмрөн өндийхөд араар нь унтаж байсан над дээр үүлнийх шиг томоос том далбагар сүүдэр унаж байж билээ. Тэгэхэд надад туулайн зүрхт хүүгээ харлайж барлайж зогсоо хоёр хүнээс аав минь сүүдрээрээ нөмөрлөн хамгаалж байх шиг санагдсан сан. Хүн аавынхаа сүүдэрт ч амар амгалан, айх аюул байдаг ажаам. Эцэг, эх гэдэг үрдээ ийм билээ л. Тэр хоёр хүн аймшигт хадны мангаа биш байлаа. Аавын зулайгаа гишгэж төрсөн дүү нь эхнэртэйгээ зогсож байв. Тэр хоёр тэндээ түдэсхийснээ гэрийн баруун хоймроор ирж хамар доороо хэдэн үг гүвтнээд хар цагаан дуугүй боллоо. Аавын том ахын эхнэр өнгөрчээ. Манай хоёр яаран хувцаслаад тэр хоёртой цуг сумын төв явахаар шалавлав. Ингэж л том авга ахын маань тэрсхэн хоёр хүү хархан багадаа хагацал үзэж би анх удаа аав, ээжгүй гэртээ ганцаараа хонож үзсэн юм даа. Над дээр унаж байсан аавын сүүдрээс хэд дахин том, тэр хэрээрээ хүйтэн амьдралын бараан сүүдэр тэр хоёрыг маань нөмөрч хоёр жаахан хүү тэнд чичирч зогсож дээ. Түүнээс хойш авга ахын хоёр хүү зуныхаа амралтаар манайд ирдэг болсон юм. Айлын ганц миний хувьд зун болохын сайхан нь аймгийн төвийн хичээл амраад хоёр ах замын унаанд суугаад манайд зусахаар ирэх л байлаа. Намар болохын уйтгар нь надтай зуссан хоёрын хичээл цуглах болж нэг л өглөө аав суулгаж өгөхөөр унаагаа зэхэж өглөөжин машинаа эргэж тойрч арчиж зүлгэх, ээж ааруул, сүү арав таван төгрөг энэ тэрхэн бэлдэж гадаа гэртгүй бөртөлзөх л байдаг юм. Ингээд миний өмнө ганцаараа өнгөрүүлэх чилийсэн гурван улирал цэлийсээр үлддэг байв. Тэр гурван улирлын есөн сарыг бодохул дотор минь багтахгүй намайг багтрааж тоос хөвөрдсөн зам руу би нүдэндээ нулимстай ширтэж зогсдогсон. Нууж, дотогшоо залгихын хэрээр эвлэж асгардаг дотогшоо унагасан нулимс гэдэг савтай ус руу хийсэн чулуу шиг хамаг биеийн минь нулимсыг агсаадаг ажээ. Төрсөн гарснаас өөрцгүй болтлоо дасал болсон ихэр хурга шиг хоёр ах маань нэг л хавар ирэхээ больчихсонд би үнэхээр их гомдож гонсойдог байж билээ.

-Нөгөө ах нар чинь ирээгүй юм уу? Ирэхгүй юм уу? гэж зуслангийн найзууд асууна.

-Оюутан болоод хот явсан гэсээн гэж би товчхон хариулна. Заримдаа нөгөө хоёртоо гомдсон сэтгэлээрээ ч тэр үү “Тэр хоёроор яах вэ дээ” гэж хэгжүүрхэнэ. Гэвч тэр зунжингаа хүлээнэ. Хөтөл зам руу сэм сэмхэн харуулдана. Аав, ээжээс үгийн далимд асуууна. Тэр хоёр тэр бүр ойшоохгүй. Хотод ажил төрөл олж хийсэн нь дээр байлгүй дээ гэнэ. Аав, ээжийн энэ үг гол зурж гомдооно. Энэ цагаас ингэж л холдсон хоёр ахын маань нэг намайг Чойбалсан хотод ирсэн сургаар гэнэтхэн холбоо барьж бид уулзав. Олон жил өнгөрчээ. Адуун чулууны уурхайд ашиглалтын инженер хийж байгаа гэнэ. Бас хоёр ой хүрч яваа амьтны үр, ангирын зулзага болсон охиноо дагуулж ирлээ. Бид Чойбалсан хотоор элдвийг хөөрөлдөж хэсэг сэлгүүцлээ. Ахаас аавынх нь, өвөөгийн төрх харагдах бүрт дотор зөөлөрч тэр хэрээр хоолойны өнгө, инээхдээ амьсгаагаа сонин татаж байгаа нь хүртэл тун ч адилхан болгоно. Алтайн ууланд хамт хонь туугаад явж асан хоёр хүү алс зүүн хязгаарт ингэж гэнэ сэрэггүй уулзсан нь амьдралын санамсаргүй, санаандгүйг надад нотолж байх шиг ээ. Санамсаргүйн сайхныг хүлээж амьдарна гэдэг сайхан ч шиг үгүй ч шиг. Ийн явахад өвөр дээр сууж явсан ахын охин унтаад өгөв. Ижий нь хотод ажилтай энэ хоёр энд нэг нь ээжийн нөгөө нь эхнэрийн хүслэн болсон хүмүүс л суугаа юм даг уу даа. Хэсэгхэн зуур таараад өнгөрсөн энэ уулзалт хэдэн жил нэгнээ үгүйлж явсан бидний элгийг дэвтээж өгөв. Хол байсан хугацааны хаана нь ч хүрэхгүй богинохон уулзалт авч бидний хэн хэнд маань богинодсон санагдахгүй сайхан байлаа. Ахин уулзахын ерөөл талбиж ах бидэн хагацалдав. Ахын тэрэг Чойбалсан хотын олон тэргийн дунд шингэн одоход би Ташгайт буудал руугаа эргэж харалгүй алхлаа. Төмөрбаатар маань хорин жилийн дараа нутагтаа золгож буй энэ аян арван жил уулзаагүй ах биднийг ч учруулж санасан сэтгэлийн сүжрээг тайлж өгөв. Буянтай л аян юм. Буян өөрт ирэхээсээ илүүбусдад очихдоо сайхан байдаг ажээ.

2020.04.11

БААТАР ХОТЫН ӨГЛӨӨ

Аяншаад эрт унтсан, бөх ч унтаж сайхан эрт ч сэрчихлээ.

Чойбалсан (ᠴᠣᠶᠢᠪᠠᠯᠰᠠᠩ, 1941 оноос өмнө Баянтүмэн) — Монгол улсын наран мандах зүгийн хязгаар Дорнод аймгийн засаг захиргааны төв, 4 түм гаруй хүн амтай хот. Энэ үзүүлэлтээр улсдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дараа орох Монгол улсын томоохон хот. Аймгийн нийт хүн амыг төвийн хүн амтай нь харьцуулсан байдлаар хамгийн томд орох бөгөөд энэ үзүүлэлт 55,9 хувьд хүрч бусад аймгаас хол тасардаг байна. Үүний шалтгаан нь, социализмын үеэс зонхилох салбараар нь Монгол Улсыг “мал аж ахуй — аж үйлдвэрийн орон” гэж байхад Дорнод аймаг ганцаараа “аж үйлдвэр — мал аж ахуйн” аймаг гэж нэрлэгдтэлээ өндөр хөгжсөн үйлдвэрийн салбартай нь холбоотой. Үүний жишээ гэвэл, улсдаа том бөгөөд ховор үйлдвэр болох Мах комбинат, Хивсний үйлдвэр, Силикат тоосгоны үйлдвэр, Ноос угаах үйлдвэр зэрэг байлаа. Мөн аймгийн төвүүдээс цор ганц өөрийн гэсэн цахилгаан дулааны үйлдвэрлэгчтэй нь бөгөөд энэ үүргийг 1968 онд байгуулагдсан Чойбалсан хотын Дулааны цахилгаан станц гүйцэтгэдэг. Уг станцаас хөрш Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангаад зогсохгүй төвийн эрчим системд ч холбогдож эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Бусад аймгийн төв, сумдтай харьцуулахад зохимжгүй ч гэсэн засаг захиргаат нутгийн хувьд албан хэрэгт Хэрлэн (ᠬᠡᠷᠦᠯᠦᠨ) сум гэж бичигдэнэ.

Интернэтээс ийм ойр зуурын мэдээлэл харж хэвттэл ер нь гарч алхмаар, өглөө эртийн хотоор тойрмоор санагдав. Хувцаслаад гарлаа. Зочид буудлынхаа үүдэнд тамхилав. Тамхи дуусчээ. Сүүлчийн ганцхан бүхэн нандин сайхан. Зам, барилгын ажил эхэлжээ. Гурван хүн замын хашлага хийж байна. Нэг залуу урт гулданг алс авуулан өнхрүүлсээр цаад хоёр этгээддээ ойртуулж өгнө. Замдаа амарч чанга дуугаар хамтрагч хоёртойгоо юуг ч юм ярина. Тэгснээ нөгөөхөө өргөж босгоод буландуулан эргүүлж, хүнд гулдан нь тэнцэж өгөхгүй тэрсэнэ. Өглөөний гудамж сэлүүхэн. Өнгөрч буй машинууд огтхон ч яарсан шинжгүй. Би тамхиа татаж дуусаад замын эсрэг талын дэлгүүр лүү алхлаа. Дэлгүүрийн энэ өглөөний эхний худалдан авагчид болох хижээл насны хоёр хүн бараагаа бичүүлж зогсоно. Нөхөр нь картаа уншуулах гэж нэлээн будилав. Нууц дугаараа л андуураад байгаа бололтой. Эхнэр нь нэг гартаа талх тэвэрчээ. Нөгөө гартаа хоёр гозгор зайдас барьж нэгнийх нь нэг үзүүрээс шүдээрээ зулгааж задлан идэж байв. Яах ийхийн зуургүй өнөөхөө хоёрхон хуваагаад л идчихэв. Талхаа элгэндээ тас тэврээстэй. Нөхөр нь картынхаа учрыг олоогүй л. Би хүлээж тэвдэлгүй ус, тамхи хоёроо бичүүлээд гарлаа. Би хаа очсон газраа хамгийн түрүүн худалдааны захаар нь орох дуртай. Тухайн газрын дүр төрх, ахуй соёлыг нэг дороос харж болох хамгийн тохиромжтой газар гэж боддог. Ингээд би эндээс хоёр гудамжны цаана байх зах руу зүглэлээ. Хүмүүс цуглаж эхлээд, зах онгойж байх бололтой. Үүнтэй зэрэгцээд бидний “бөбөөчид” гэж нэрлэдэг хүмүүс энд тэнд гурав дөрвөөрөө цуглан бөөвийж суух нь тас шувуу юм сахиад сууж байх шиг. Гэвч ийм хүмүүсийн нүд тас шувууныхаас тэс өөр байдаг гэдгийг би мэдэх юм. Очсон газрын хүмүүс гадны хүнийг сонжсон, гайхсан, шинжсэн харцаар удаан аждаг бол эдгээр хүмүүсийн харцанд тийм зүйл байдаггүй. Бүх хүнийг нэг л харцаар хардаг. Ойшоодоггүй. Ойшоогдох ч гэдэггүй. Тэд зүгээр л уугаад, шараа тайлаад сууж байдаг. Хүн бүү хэл амьдрал ч чухал биш болсон хүмүүсийн харц ийм байдаг сан уу?

Чойбалсан хотод мотоциклиор бас таксины үйлчилгээ хийдэг юм байна. Замын эсрэг тал руу гарч мотоциклин таксины жолоочдын нэгтэй яриа өдлөө. Хонгор сумын харьяат хүн аж. Энэ ажлаа арван хэдэн жил хийж байгаа гэнэ. Өдөрт дунджаар 10–20 мянган төгрөгийн орлоготой байдаг ч ойрд муудчихаад байна. Уг нь дулаараад ирэхээр нэмэгддэг юм гэх. Халуунд машинд сууж явснаас задгай сэрүүхэн тэгээд ч үнэ арай хямд болохоор хүмүүс суух дуртай байдаг гэж өгүүлнэ.

-Чи хаашаа явах гэж байгаа юм бэ?

-Ташгайт гээд шинэ буудал ордог юм уу? Хэд болох бол?

-Юу шалив гэж дээ, мянган төгрөг л биз.

-Заа, хөдлөх үү?

-Заа, суучих? Ачаа бараа байхгүй юм уу?

-Байхгүй, байхгүй

Ингээд бид хоёр Ташгайт буудалд ирлээ. Ах намайг буулгуутаа эгж одов. Замын хашлага хийж байсан гурав ажилласаар. Би үүдэнд зогсож тэднийг ажингаа ахиж нэг тамхилаад оров. Манай хэд босоод намайг хүлээж байж. Төмөрбаатар биднийг аймагтайгаа танилцуулахаар хөдөллөө.

ЭР ХҮНИЙ ОВОО

Эл овоо аймгийн төвөөс хойд зүг рүү явах зам дээр туж олны хөлд дарагдаастай байх аж. Аймгийн төвөө хоймроос нь тольдох боломжтой Чойбалсан хотын Зайсан толгой болсон энэ овоон дээр угталт, үдэлтийн үйл ажиллагаа өрнөж архи, дарсны шилнээс авахуулаад зүсэн зүйлийн л юм энэ гэзэрт ирж хурдаг аж. Энэ бүх хогийг энэ аймгийн “Зангиат” хорооллын иргэн Б.Эрдэнэ гэж хүн долоо хоногт хоёр удаа хүүхдээ салхилуулангаа цэвэрлэдэг тухай эндхийн багш Н.Мөнхсайханы бичсэнийг уншиж байсан маань санагдлаа. Б.Эрдэнэ ах ойрмогхон ирээд явсан бололтой. Овоо хашаагаа цэвэрлэчихсэн айл шиг цэмцийж байв.

ДАЙЧДЫН ХӨШӨӨ

Эх орноо дайснаас хамгаалахаар

Эцсийн дусал цусаа зориулсан

Эрэлхэг дайчдын сүрлэг хөшөөг

Эрсэдсэн тэр газар нь босгожээ

Даяар орны минь ард түмнээ

Дандаа тайван байлгах гээд

Эрхэм санаа өвөрлөсөн

Энэ хилчний нүд цавчлахгүй ээ…

СОЁЛ ЭРДЭНЭ|ХИЛЧНИЙ ХӨШӨӨ

Энд ирэхэд энэ дуу аманд аялагдана. Энэ хүмүүсийн амь эдүгээ бидний амьдрал болсон гэж бодохоор эх орноо хайрлах сэтгэл эрхгүй төрнө. Бас хүмүүс бид нэгнийхээ цусаар унд хийж ургасан нэгэн ургамал ч шиг санагдана. Ерөөс энэ аймгийн төвд ирэхэд эх орон, тусгаар тогтнол гэдэг тоогоор үнэлж боломгүй үнэт зүйл юм байна гэдгийг харин ч нэг сэрхийтэл ойлгуулна. Энэ газрын хүмүүс, хойд зүг рүү сэлмээ далайн довтолгож буй морьтон дайчны сүрлэг хөшөөн дээр тоглож өссөн хүүхдүүд тэгэхээр эх орныхоо тусгаар тогтонолын үнэ цэнийг маниасаа эрт ухаардаг биз ээ гэж бодогдоно. Өмнө нь нов ногоон хуягт, танк хоёр бий. Төмөрбаатар энд чинь л “байлдаж” өслөө шүү дээ гэж хүүхэд насаа дурсан гэгэлзэнэ. Наагуур цаагуур нь тойрч гүйнэ. Тэдний гэр бүр энэ хавьд байдаг байжээ.

Эндээс бид Зөвлөлтийн Улаан армийн нисгэгчдийн дурсгалд зориулан босгосон хөшөө рүү явлаа. Уг хөшөөг 1964 онд Халхын голын ялалтын 25 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр ардын армийн барилгачин дайчдын гараар босгожээ. Хөшөөний хананд БНМАУ-ын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө Халх голын байлдаанд эрэлхгээр тулалдаж амь эрсэдсэн Зөвлөлтийн Улаан армийн нисэх хүчний бөмбөгдөгч онгоцны 150-р хорооны дарга, ЗХУ-ын баатар хошууч М.Ф.Буристров, нисэх хүчний сөнөөгч онгоцны 22 дугаар хорооны дарга ЗХУ-ын баатар хошууч Н.Г.Глазкин, нисэх хүчний сөнөөгч онгоцны 22 дугаар хорооны даргын туслах ЗХУ-ын баатар ахмад А.И.Балашов нарын зэрэг 81 баатарлаг нисгэгчийн нэрс бичээстэй байдаг. Хөшөөний өмнө талд (Бунхан толгойн энгэрт) 1939 оны байлдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн Улаан армийн олон арван нисгэгчийн шарил хүндэтгэлтэйгээр хадгалагдаж буй. Халх голын байлдаанд Зөвлөлтийн нисэх хүчний олон хороо, бригад дайсныг бут ниргэхэд онцгой гавьяа байгуулсны дотор Зөвлөлтийн Улаан армийн нисэх хүчний 100-р бригад (түүнд бөмбөгдөгч нисэх онгоцны 19, 38, 150-р хороод байсан) нисэх хүчний десантын 212-р бригад, сөнөөгч нисэх онгоцны 22, 56, 70-р хороод чухал үүрэг гүйцэтгэжээ.

Эл хөшөө дурсгал сүндэрлэн буй “Бунхан” толгой бол 1936 онд Монгол- Зөвлөлтийн Засгийн газрын хэлэлцээрийн дагуу БНМАУ-ыг Япон улс халдан довтолж ирэх аюулаас сэргийлэн хамгаалахаар ирсэн Зөвлөлтийн нисэх бригад байрлаж байсан түүхэн газар юм.

Эндээс би өөр нэгэн товлосон уулзалт руу явахаар болж Төмөрбаатар ах бага ангийн багш, багын найзууд, аавынхаа анд нөхдийнхөөр орохоор явлаа. Би “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд бууж хоцров.

Хэн хэнээ зүсээр бараглах хэрнээ бид тэгээд

Хэзээ ч нэгнээ гүйцэд ойлгож байгаагүй юм болов уу?

Дээрх шад мөрийн эзэн, зүсээр нь шүлгээр нь барагцаалах ах намайг “Найрамдал” хүрээлэнд хүлээж байв. Зүсээр нэгнээ барагладаг гэдгээ батлах шиг шуудхан л өөд өөдөөсөө алхалсаар бид хоёр уулзав.

-Та Төртайван ах уу?

-Аан, тийм

гэж амандаа шахуу хэлсэн хариуг би сонссоноор бидний яриа эхлэв. Хэтэд сууж бичсэн шүлгүүд нь хэзээнээс миний сэтгэлд дотно байсаар ирсэн энэ хүнийг Нямсүрэн агсны том охин Цасанчимэг эгч “Аавын тухай хамгийн их зүйл ярих хүн дээ” гэж хэлсэн болохоор бүр уулзъя гэж шаналгасаар л уулзаж байгаа маань энэ. Бид Хэрлэн голын хөвөө рүү алхлаа. Замд таарсан хөшөөг зураач П.Мэлс гуайн хөшөө, Нямсүрэн гуайг хөдөөлүүлэхэд барьж явсан тэр зургийг чинь зурсан хүн шүү дээ гэж надад танилцуулав. Халти харсан хүнд Нямсүрэн найрагчтай андуурам төрхтэй нэгэн бийрээ барин наран ургах зүг хандаж зогссон хөшөө. Хэдэн онд ч юм бэ, энэ хоёр аймагтаа телевиз байгуулж Төртайван ах захирал болж, П.Мэлс гуай дор нь ажиллаж тэгээд тэр хоёр Нямсүрэн гуайн тухай их ээ сайхан хөрөг нэвтрүүлэг хийсэн гэнэ. Зураг, хөрөг татуулах дургүй, дуран авианаас баахан халирамхай их найрагч татгалзаж, цааргалалгүй түүнд нь орж, Хэрлэнгийн хөвөөнд шүлгээ дуудаж, өвсөн дээр нь өөдөө харан хэвтэн аялгуулсан гэдэг. Уг нэвтрүүлэг тухайн үед орон нутгийн телевизээр цацагдсан ч одоо эргээд тэр нэвтрүүлгийнхээ хальсыг олохгүй байгаа юм гэж учирлав.

Бид явсаар Хэрлэн голын хөвөөнд ирлээ. Цаад эргийн шугуй зэсэрнэ. Тэндээс хэдэн тагтаа Хэрлэн гол дээгүүр ниссээр бидний дэргэд шахуу ирж буув. Төртайван ах тэр шувуудын нисэж өнгөрсөн голын дээрх тэнгэрийг ширтэж сууснаа ийн өгүүлнэ.

-Нэг жил Со ламтны төрсөн өдрөөр бид хэдүүл энэ голын бургасанд цуглаад сууж байтал яг бидний сууж байсан тэрхэн чөлөөгөөр зурвас бороо хаялаад өнгөрдөг юм байна. Тэгсэн манай Со “Тээр харж байна уу? Энэ бороог чинь би оруулж байгаа юм” гээд л догих. Бид л тоодоггүй байснаас сүрхий номтой байсан даг шүү гээд сүүрслэх.

Со ламтан манай энэ хийдийн хамбаар хэсэг ажилласан байдаг юм. Яагаа вэ, нөгөө “Цаг ирж нөхцөл бүрдэхэд Шавь Содномнамжил баруун зуугийн хамба болно” гэж Нямсүрэн ах бичсэн дээ. Со минь хийдийн арын хашаанд муу ээжтэйгээ байж байгаад л өнгөрсөн дөө. Гэрт нь хоёр орноос өөр хогшил болоод байх юмгүй. Со тэр орон дээрээ л эрх эргүүлж хэвтэх. Хувилгаан хүн шүү дээ, манай Со. Тэгээд мөн тэр орон дээрээ унтаад л сэрээгүй юм гэдэг гээд ахин нэг тамхи асаах. Со ламтан хийдийн өмнөх гудамны үзүүрт хажуудаа цэгээ тавьчихсан ирсэн хүмүүст түүнээсээ хийж өгөөд л засал номыг нь хийж өгдөг байж. Мань хэд хааяа дотор засах ямар ч гарцгүй үедээ Со-гийн өмнө яг л үзүүлэх гэж байгаа хүмүүс шиг очоод “Хариугүй явах нь” гээд л шивгэнэдэг байсан гэж байгаа. Өнөөх нь өөдөөс нь “Харин тийм ээ” гэчихсэн бүрзгэрхэн сууж байдаг гэж байгаа. Төртайван ах энэ мэтээр надад ёстой л олдошгүй орхоодой гэдэг шиг чих мялаасан сайхан дурсамж ихийг хүүрнэлээ. Өгүүлбэр бүрээ “Тийм ээ” гэж зөвлөх, асуух хоёрын завсар төгсгөх нь яриаг нь хачин зөөлөн, учирласан болгоно.

Нямсүрэн гуайг өнгөрөх үед хойно хашаандаа ногоо тарьж байсан тухай, тэр үед гэнэтхэн шуурга тавьж хашааг нь хариугүй хамаад хаячих дөхсөн тухай, тэр л надад өгсөн дохио тэмдэг байж гэж боддог талаараа ч өгүүлэв. Хойд хашаандаа ногоо тарьж байсан гэж сонсуут надад Төртайван ахын

Хуучирч салтал нь шаахайгаа талхиж

Ногооны талбайд бөгтөгнөнө

Хурдлахгүй бол

Хэмх маань шарлачихна

Гандаж цайтал нь цамцаа хэдэрч

Газар шороонд тонголзоно

Мачийхгүй бол

Манжин маань өтөлчихнө

Шаахайгаа салтал, цамцаа гандтал

Салхинд сэвүүлээд

Саранд мөрөөдөл, нарны баясалтай

Санаанд автаад

Сайхан байнаа, сайхан байна…

Түгшиж, догдолж

Нялх хүүхэд шиг бөөцийлж

Түүж авсан ногоогоо

Түрдэг тэргэнд ачаад

Дуугаа дуулаад харьж явах минь

“Ногоо” нэртэй ийм шүлэг яагаад би бичсэн нь учир тайлагдана.

-Та ногоо тарьж байсан хэрэг үү?

-Тийм ээ, ногооны ажил сайхан шүү. Байгаль, газар шороотойгоо ойр бид ингэж ярилцана.

-Та ингэхэд яг хаанахын хүн юм бэ? Бас Сүхбаатар уу?

-Биш ээ, биш би чинь Өмнөговийнх шүү дээ. Энд далан хэдэн онд анх томилолтоор л ирж байлаа. Бид ингэж яриад чимээгүй болцгооно.

Тэгээд бас надад яруу найрагч Бат-Орших, Нямсүрэн гуай хоёр зохиолчдын их хуралд зүүн аймгаа төлөөлөн явах гэж байгаад онгоцныхоо тасалбараа зараад нисэхийн хажуугийн 28 дугаар байранд бараг долоо хоносон тухай, нэгэн үе хотын захирагч, УИХ-ийн гишүүн байсан Алтангэрэл ах бичиг номынхонд элэгтэй, үргэлж эргэж тойрч сайхан сэтгэлээр ханддаг байсан тухай, яруу найрагч И.Батсүх гуай л ихээхэн өөриймсөг загнаж, зөвлөж нуулгүй хэлж, шулуун шударга ханддаг байсан тухай, Нямсүрэн гуайн тухай цогт эх оронч, яруу найрагч О.Дашбалбар агсан “Зохиост аялгуу” сонины анхны дугаарт бичсэн хөрөг нийтлэлийг найрагчид хүргэж өгөхөөр Эрээнцав руу Бат-Орших хоёулаа зорьсон тухай, галт тэрэгнээс буунгуут онжавууд нь Бат-Оршихийг тосож аваад гурав хоногийн дараа буцаж суухын өмнөхөн буцааж авч ирсэн тухай гээд л ёстой ч нэг аагтай сайхан цай шиг өег нүнжиг анхилсан аядуу зөөлөн дурсамжаар тэр оройжин намайг хөглөв.

БААБАР АХЫН БАГЫН НАЙЗ ЗОРИГОО

http://baabar.mn/article/3386

Баабар ахын “Багын найз Зоригоо” нийтлэлийн эзэнтэй зорин зорин уулзав. “Сэгс цагаан богд” найраглалын гол баатрууд 44 жилийн дараа уулзав гэдэг шиг л энэ нийтлэлийн гол баатартай тус нийтлэлээс есөн жилийн хойно Дорнод аймгийн төвд уулзав. Өндөртөө (тэтгэвэрт) гарсан ч залгаж заах шинэ залуу багш байхгүй тул сургуульдаа эргээд багшилж байгаа аж. Залуу багш олдохгүй байгаа нь Соц нийгмийн үед 10000 гаруй хүн амтай байсан тэдний сумын сангийн аж ахуйнууд татан буугдаж шинэ нийгэмтэй золгосноор шилжилт хөдөлгөөн их болж одоо 1200 гаруйхан хүн амтай буйдхан сумын төв болсонтой холбоотой. Дунд сургуулийн багш 19 цагийн хичээл зааж байж цалин мөнгөтэй золгох атал эдний сумын сургууль дугаар анги бүр нь ганцхан бүлэгтэйгээс багш нарын цаг бүрдэхгүй болжээ. Зоригоо ах физик, орос хэл гэх хоёр хичээл зааж байж 19 цагаа бүрдүүлж байгаа гэж хуучлав. Баабар гуайн нийтлэлээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс хүзүүний ороолт шуудангаар ёстой нэг ирэх шиг болж, цуглуулга нь овоо дээрээ овоо болж арвидсан гэнэ. Ийм л нэг шавилхан биетэй шар өвгөн энэ буйд хязгаарт аж төрөн амьдарч байна даа.

2020.04.12

Эндээс бид Төмөрбаатар ахын ээжийн нутаг Шилийн богд Алтан Дарьганга руу хөлгийн жолоо залав. Замаараа Дорнод нутгийн уулсын тэргүүн Хан-Уул хайрханд бараалхаад цааш хөдөллөө. Адуут их талын дундуур алдуурсан сэтгэлийнхээ араас нэхэж яваа адил сүнгэнэж гарлаа. Салхи шаргал өвсний хээ, сүлжээг задлан самнан үлээхдээ өөрөө эрчилж хуйларна. Тэнд зогсоо хэдэн адуу энэ салхийг үүтгэж байна уу гэмээр ажиггүй нам гүмхэн зогсоно. Талын хээл тэнгэрийн хээлтэй нийлэх хөх савслага чиглэн явж байгаагаа бодохул бид тийшээ тэнгэрт хүрэхээр явж байгаа мэт ээ. Уул өгсөж гэмээнэ тэнгэр ойртоно гэж бодож явсан маань том эндүүрэл байжээ. Тал ч хүмүүнийг тэнгэрт хүргэнэм бөлгөө. Энэ зуур “Тал гэдэг нэг том уул юм” гэсэн нөхрийн үг санаанд зурсхийв. Тийм ээ, тал гэдэг нэг том уул ажээ. Эх газар хотойхын хэрээр тэнгэр “цүдийдэг” ажээ. Газар тэнгэр хоёр эв мод шиг эвлэнэм буюу. Хөрст газар өргөгдөх тусам хөх тэнгэр цаашаа зугтаанам буюу. Тэврэлдэж наалдахгүй, тэрсэлж холдохгүй өнө мөнхөд цуг оршном. Мөнх цуг оршихуйн чанад нууц энэ буюу гэж сэтгэгдэнэ. Тал уудам ахул тэнгэр бас тийм ажаам. Тэнгэрийн эн хэмжээгээр талийн эн хэмжээ тодорно. Тэнгэр тал хоёр зүмбэрлүүлж залбирч хавсарсан алга шиг оршино. Хүмүүн бид дунд нь хүслээ шивнэж амьдарна. Алга хавсарч байж сүсэг бүтэн болно. “Зэрэг нэмэхийн өмнө” кино дээр еэвэнгийн “Тал нь энэ, нөгөө тал нь энэ! Аан, бүүр нөгөө тал нь уу? Энэ” гэдэг шиг тэнгэрийн нэг тал нь энэ тал юм. Талын нөгөө тал нь тэр тэнгэр юм. Тэгээд тэр хоёр нийлэхээрээ “Тэнгэр газардсан бүтэн тал” болдог юм.

Мэнэнгийн тал

Одод чуулсан

Тэнгэрийн тал

Мэнэнгийн тал

Цэцэгс хөөрсөн

Газрын тал

Мэнэнгийн тал

Тэнгэр газардсан

Бүтэн тал! (Д.Нямдорж. “Нэргүй” шүлгээс)

“Зэрэг нэмэхийн өмнө” гэснээс яаг ийм тэнгэрийн нэг тал нь энэ, талын нөгөө тал нь тэр гэсэн шүү юм бодоод ингээд явж байтал. Агуу их Л.Түдэв гуайг бурхалсан мэдээг дуулахад талаа тэнгэр нь орхиод явчих шиг, Монголын минь нэг тал үгүйрчих шиг л харуусалын чийгтэй хүйтэн будан голоод дааруулж өгсөж байв.

Шилийн богд, Алтан овоо онгуу энгүү энэ талын цаад хилийг манан оршиж байгаа билээ. Дурдан шаргал талаар давхиулж явахад буугаад үлдчихмээр, утасны хөх шон дагаад ганцаар алхмаар ч шиг ганихрал төрнө. Бас

Шар-бүрдийн зам шар гэгээтэй

Шаргачин олон зээртэй

Шандат ухаагаарай нартай

Шарга жаахан морьдтой (Д.Нямсүрэн. Шар-Бүрдийн замд)

энэ шүлэг санаанд бууна. Нээрэн л энэ шүлэг шиг тал, энэ тал шиг шүлэг. Шар гэгээ нь өвснийх. Өвсний гэгээт замаар бид Дарьганга руу довтолгож явна. Өөр бас олон хүн ингэж яваа байх даа. Зарим нь яарч, зарим нь ардаа хоргодож, зарим нь эхнэрээ амаржуулах гэж, зарим нь ижий дээ очих гэж, зарим нь зүгээр л уул овоо Дарь, ус мөрөн Гангаа гэж яваа байхаа хөөрхий.

Дөрөөн дээр Шилийн Богдын алтан богширго жиргээд

Дөрвөлжийн ширээ, Хонгорын овоо амдаж давхиад

Дөрвөн далайн дунд Ганга нуур минь тормойгоод

Дөчин жил нутгаа саналаа, би явлаа… (Д.Нямсүрэн. “Явлаа” шүлгээс)

Хүн хүлээх, нутгаа санах хоёр шиг хэцүү зүйл юу байх билээ. Хүлээсэн хүн ирэхгүй байж болно, хүрээд очиход тосоод цэнхэртэх нутаг сайхаан. Төмөрбаатарын маань ижий энэ Дарьганга нутгийн хүн байсан юм гэнэ лээ. Ижийнх нь нутаг ойртох бүр надад Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэрийн

Эрэг нь үгүй газар

Элээ нь юундаа эргэнэ вэ?

Ээж минь үгүй газар

Би чинь юундаа ирнэ вэ?

гэсэн дууны энэ бадаг үе үе сэтгэл хайрч орж ирнэ. Хүйтэн цалир шиг хэцүү ч үгтэй дуу бол доо. Ээжгүй хүн ижийнхээ нутгаар ирэхэд ийм бодол төрдөг ч юм болов уу даа.

Цахарын Дарьгангаар нь хэдэн оны өмнө орж явлаа. Хэдэн оны дараа Сүхбаатарын Дарьганга руу ирж явна. Хэчнээн ч жил намайг дуудав даа. Бүрий нөмөрчээ. Харанхуйгаас өмнө үүрэндээ, үр зулзагандаа очъё доо гэсэн шиг хоёр гурван шувуу жиргэн журган зам хэрээд нисэн өнгөрөв. Баруун голдуу азарга адуу баруй бүрийтэй, баруй бүрий болж уусан уусан, шингэн шингэн одно. Гэгээ татрах тутам тэнгэр тал хоёр ойртоно. Үдшийн шар толон дулайж “тэнгэрийн хот”-ын айлууд дэнгээ ноцоогоод эхэлснийг илтгэнэ. Тэнгэрт барьсан дэнгийн бүгээн гэрлийг нөмөрсөн талын уул бүхэн Шилийн богд, Алтан овоо шиг харагдана.

Мө.Батбаяр

Түр хүлээнэ үү...
Top