Эрээн цавд цас орох сайхан
2019-12-07 Мө.Батбаяр 1572

Цас орчихоор манай сум улам л алс, улам л буйдраад, хорвоо ертөнц манай сумыг  мартчихсан мэт болчихдогсон. Хөдөө гадаанаас ирж буцах хүн зоны хөл  татраад, угийн анир гүмхэн сум маань дээс тасрахдаа нарийнаараа гэгчээр энэ л илэм жилэм, нам гүмд живэн живсээр алга болчих юм шиг надад санагддаг байлаа. Чингэвч манай сумын хүмүүс нүүдэл суудал, тариа ногоо, хичээл орох тарах гэж үймж сэтгэл хоёрдох юмгүй айвуу тайвуухан байдагсан. Хүнс хүч, түлээ түлшээ дөхүүлээд авчихна, тэгээд л “хай” гэх ханиадгүй өвлийг давнадаа. Харин ч бүр мөнх амьдрал эхлэчихсэн гэлтэй юунд ч яарахгүй, адгахгүй худгаас ус авах гэж ирсэн хүмүүс эгчтэй хошуу холбоод суучихна. Хэсэг байтал хүү нь ч юм уу эсвээс ач зээ нь ч юм уу “та яачихав” гэсээр араас нь орж ирснээ өнөө хоёрын ам руу ороод бас манайд өнжинө.  Тэгж байтал “та хоёр чинь яачихваа” гэсээр бас нэг нь ороод ирнэ. Ингээд бараг нэг айл ам бүлээрээ манайд өнжин.  Зарим өдөр шинэ дээл эсгэж зарим өдөр тариа хуурч, тээрэмдэж өнгөрнө. Дандаа л ийм халуун дулаан, айл хотлоороо цугтаа өдрүүд өвөл болохоор ирнэ. Хаа очиж даараагүй, ганцаардаагүй,  цаг мөчүүдээ өвөлөөс л авсан шигээ.

2006 он. Би тав дугаар ангийн сурагч болсон жилийн бас л нэг ийм өвөлсөн. Дүү маань “Цодгор хүү” шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд явахаар болж манайхан тэрүүхэндээ л хөөрхөн хөл хөгсөөн болов. Дулаахан, найдвартай унаа машин, дагуулж явах хүн хэн билээ, хэн тосож авах билээ. Хэд хонох, хэдэн төгрөгтэй явуулах гээд л юу эс мундах вэ дээ. Би ч яахав дүүд жаахан цагаахан атаархангуй.  Тухайн үед бид хоёр хоёулаа л шатар, даамын дугуйланд явдаг авч гавиагүй нь би юмдаг.  Дүү ингэж надаас урьтаж улсын аваргад оролцохоор Улаанбатар хотыг зорьж хожмын олон амжилтынх нь зам мөр нээгдэж байхад миний дотор мундаг шатарчин, даамчин болох мөрөөдөлийн цучил унтарч байв. Би дүүд надад Р. Чойномын “Сүмтэй будрын чулуу” гэдэг ном заавал олж ирээрэй гэж заналтай захисан юм. Дүү явлаа, нутгийн танил жолоочийн фургон машинд, авга ахын хадам талын нэг хүн бараадуулаад л нэг дүгээр ангийн 7 настанаа манайхан явууллаа. 10-аад хоногийн дараа, амжилттай оролцоод буцаад  ирлээ. Сумаар нэг хөөр хөгжөөн, яриа хөөрөө тэр хавьд ер намайг тоож байгаа хүн "ширхэг" ч алга. Шарандаа нөгөө номоо л хамгийн түрүүн нэхдэг юм байгаа биз дээ. Яг л олж ирж харагдаа ч. Хотын хамаг л номын дэлгүүрээр хэссэн, хэсээд хэсээд олоогүй л гэнэ. Түүгээр далимдуулж жаахан нүүр авах гэтэл харин ч уурлуулах янзтай болохоор л болчихсон. (Одоогоор бол “шантаач” хийж байгаа юм даг уу даа). Яаж уйлж майлж дээлээ урж дээдсээ хараавч намайг наашаа гэх мангас ч алга. “ За тэгж байгаад олдох л байлгүй” гэсэн үгээр халхласхийгээд өнгөрөөцгөөнө. Харин “тэр номыг чинь олсонгүй ээ” гээд өөр нэг ном авч явуулсан нь Д. Нямсүрэн гэж хүний “Аглагхан талаасаа” нэртэй авсаархан цэнхэр гадартай ном байв. Жаахан эргүүлж тойруулж харлаа, ойлгох юм ер нь алгаа. “Шувуу ч гэх шиг, өвс ч гэх шиг, бүсгүй хүн ч гэх шиг, Амитаба ч гэх шиг” юун миний нөгөө автаж явсан Р. Чойномын “Азийн бардамнал” “Монгол” найраглалуудын энтэй гоё сайхан юм алга. Тэгэсхийгээд тэр ном мартагдсан. Хоёр жил өнгөрлөө. Хоёр жилийн хугацаанд сумынхаа номын санд үнэнхүү суулаа даа. Уг нь би байхгүй бол номын санч эгч цоожлоод гараад явчихмаар байдаг. Тэгтэл би гэж нэг бээвийсэн юм хүрч ирээд байгаад байхаар баахан цухал төрдөг байсан уу? яасан “миний дүү ямар ном авах гэж байна, тэрийгээ аваад явчих” гэдэг байв. Би гэдэг хүн чинь нэг л их гэрээр ном авсан амьтан боллоо шүү. Тэгж байтал бас л нэг өвөл өнөөх “Аглагхан талаасаа” чинь амбаараас гараад ирлээ. Аваад эргүүлтэл салахын аргагүй , сайхан шүлгүүд байв. Ийнхүү би долоо дугаар ангидаа анх Данзангийн Нямсүрэн гэдэг найрагчийг өөртөө нээсэн юм даа. Түүний шүлгүүд холхи хөдөөгийн, хорин дөрвөн цагийн тог ч үгүй сумын, дунд сургуулийн хүүгийн сэтгэл зүрхэнд тодоос тод туссан гэрэл байв.

2019. 12. 07.  Өвөл болжээ, нар эртлэн жаргаад л... шинэ цас, хуучин цасаа хучаад л... цагааныг хучсан цагаан гэдэг цагаанаас цагаан буй заа.  Цас... гэхээр Д. Нямсүрэн гуай бодогдоод л...

 Исгэрэх салхи,цаст өртөөний чимээ...
Энүүхэнд, ойрхон байлаа, Эрээнцав... энэ хоёр мөр сэтгэлийн тооноор сэрүү татуулан цас мэт сүрчигнээд л... Б. Золбаяр ахын “Бүлээн” тэмдэглэл үе үе зурс зурс санаанд тодроод л... Тиймээс би энэ өвөл явахаар шийдлээ, Эрээнцав руу.  Тэнд очиж:

..Тэнд Эрээнцавд, миний гэрийн хойт хашаагаар дүүрэн их цас хунгаралдагсан
Тэнгэрээс ирсэн тэр том, том цасан цагаан морьдыг
Тэнд, Хөхдэй мэргэн хүү минь
Хөх нуурынхаа хүүхдүүдтэй унан давхилддагсан...
Д.Нямсүрэн

Энэ шүлэгт буй цасан цагаан морьдыг би ч бас унаад хөх нуурын хүүхдүүдтэй давхилдмаар байна. Агуу их Нямсүрэн агсаны хашаанд унасан цас шүү дээ. Агуу их Нямсүрэн мэндэлсэн улс эх орны минь алс зүүн хязгаарт гадна хүйтэн тачигнасан ийм л өвлөөр галт тэргээр түжигнүүлэн хүрэх хуна.

Цас их унадаг гэсээн. Тийм учраас л Д. Нямсүрэн гуай цасны тухай их маш олон шүлэг бичсэн байлгүй дээ.  

***

Шинэ шинэ цас

 

Шинэ, шинэ цас орно

Шинэ, шинэ ногоо ургана

Шинэ, шинэ хавар болно

Шинэ, шинэ жил ирнэ

 

Шинэ, шинэ цас орсоор л

Шинэ, шинэ ногоо ургасаар л

Шинэ, шинэ хавар болсоор л

Шинэ, шинэ жил ирсээр л...

 

Шинэ, шинэ хүн төрнө

Шинэ, шинэ гэр барина

Шинэ, шинэ гал ноцно

Шинэ, шинэ айл болно.

 

Шинэ, шинэ хүн төрсөөр л

Шинэ шинэ гэр барьсаар л

Шинэ, шинэ гал ноцсоор л

Шинэ, шинэ айл болсоор л...

 

Шинэ, энэ цасан дээр

Чи бидэн учирсан —

Шинэ, өмссөн хувцасны

Өвдөг хормой хоёрт

Шинэ, ногооны туяа байсан.

 

Шинэ, энэ цасан дээр

Чихний ээмгээ чи унагасан

Ширэг зүлэг ногоороход

Хойтон хавар нь олоогүй.

 

Шинэ, энэ цасан дээр

Ахиад бидэн учирсан

Шинийн хавирган сарыг

Чиний ээмэг тэр! гэж заасан.

 

1986. 12

Эрээнцав

***

Цас бударна

Цагаан эрвээхийнүүд нисэн нисэн ирнэ.

Цамцаа тайлж бариад хойноос нь хөөе үү би,

Харин хэрэггүй байж дээ,

Халуун биеэнд минь наалджээ

Цамцаа мөнөөхөн өмсөх зуур

Цагаан эрвээхийнүүд дахиад нисэлдэнэ.

Цас бударна..

 

1986. 12. 12

Соловьёвск – өртөө

 

***

Үүрээр цас орох сайхан юм

Өнгөтэй зүүдээ үзэх шиг баясах юм

Үдшээр цас шуурах хэцүү юм

Үзэсгэлэнтэй бүсгүй явчих шиг гунигтай юм

***

2.
Өглөө болоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэлзэх нь сайхан.

Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан.

Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ижий орж ирэх сайхан.

Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсөг тэрэг гарч ирэх сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн доороос шувуу нисэх сайхан.

Тэнгэр будангуйрч сундайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтээ нь сайхан
Салхи эргэж утаа хуйрагнах сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайxан

Зуухны галд нозоорон нойр хүрэх сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-.. Цай уу гэж бүдэг бадаг үг дуулах сайхан

Цайдам хоолойтой цайвалзаж цахилах сайхан
Цаадах уулс гял гялсхийн харагдах сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өндөр мэлтэс мэлтэсхийх сайхан

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гаригийн хөлөг ирж явах шиг сайхан

Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан
Цаг гэрт цохилсоор байх нь сайхан

Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх нь сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймар санагдах сайхан.

Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэт нүдгүйлэн харанхуйлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан

Айлын гэрээс хүмүүс гарцгаах нь сайхан
Арилсан тэнгэрт шувууд нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэрээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээн цавд цас орох сайхан

 

“Дөрвөн цаг” шүлгээс

Тайлбар: Дээрхи шүлгүүдийг яруу найрагч Д. Нямсүрэнгийн "Сарны цагаан үүлс" "Амитаба"  "Ирж буй цаг" бүтээлүүдээс авав. 

 

Мө. Батбаяр

 

 

Түр хүлээнэ үү...
Top