САЛМАН РУШДИ
Уран бүтээлийн төрөл: роман, үргэлжилсэн үг, 574

Хорин нэгдүгээр зууны хамгийн дуулиантай зохиолчдын нэг Салман Рушди 1947 оны нэгдүгээр сарын 19-нд Энэтхэгийн Бомбей /одоогийн Мумбай/ хотод чинээлэг бизнесмэн Анис Ахмед Рушдигийн ганц хүү болон төржээ. Кэмбрижийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн. Анхны ном нь 1975 онд хэвлэгдсэнээс хойш шүүмжлэгчдийн анхааралд өртсөн Рушди 1981 онд “Шөнө дундын хүүхдүүд” хэмээх роман хэвлүүлсэн нь олон улсын уншигчдыг байлдан дагуулж, утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Бүүкерийг хүртсэн юм. Уг зохиол 1993, 2008 онуудад тус шагналыг хүртсэн зохиолуудын хамгийн шилдгээр ахин дахин нэрлэгдэж байв.

Рушди 1988 онд “Шулмын шүлгүүд” нэртэй нэгэн роман хэвлүүлсэн нь Исламын шашны үнэт зүйлсэд халдсан хэмээн буруутгагдаж 1989 оны хоёрдугаар сарын 14-нд Ираны шашны тэргүүн Аяатолла Хомэйн түүнд Шашны шүүхийн дээд цээрлэл, цаазаар аваачих ял тулгасан юм. Исламын улаан хамгаалагчдын хэн нь ч мөнхүү ялыг өөрийн гараар гүйцэтгэхэд бэлэн байсан тул амь насанд нь аюул занал учирсан зохиолч олны нүднээс нуугдан амьдрахаас аргагүйд хүрч, Английн цагдаа нар түүнийг нэн хатуу чанд байдал дор арав илүү жил хамгаалж байжээ. Ираны Засгийн газар 1998 онд Аяатоллагийн шийтгэсэн алах ялыг дэмжихгүйгээ албан ёсоор мэдэгдсэнээр энэхүү хурцадмал байдал сая намжиж Рушди олон нийтийн дунд бага багаар ил гарч эхэлсэн юм. Тэрээр 2012 онд алах ял заагдсаны улмаас хүмүүсийн нүднээс далд амьдрах болсон арван хэдэн жилийнхээ тухай “Жозеф Антон” хэмээх дурсамжийн номоо хэвлүүлжээ. Мөнхүү хүнд хэцүү жилүүддээ зохиолч Жозеф Антон нэрэн дор халхлагдан амьдарч байсны учраас тэр ээ.