АМОС ОЗ
Уран бүтээлийн төрөл: роман, үргэлжилсэн үг, нийтлэл эсээ 537

Израйлын зохиолч Амос Клознер дэлхийн уран зохиолд Еврейн ард түмний төлөөлөл болсон гайхамшигтай авьяас билигт романч, богино өгүүллэгийн мастер төдийгүй улс төрийн нийтлэлч гэдгээрээ алдартай. Эцэг нь Литва, эх нь Польш гаралтай хэдий ч Амос багаасаа Йерусалимд төрж өсөн Еврейн шашны сургуулиар дамжин хүмүүжсэн, Еврей үндэстний томоохон сэтгэгч юм. Түүнийг дөрвөн настай байхад Израйл улс Палестинаас салан тусгаарлаж байжээ. Озийн эцэг 17 хэл мэддэг, Еврейн утга зохиолын профессор болох хүсэлтэй, эх нь үе дамжсан баяны охин, философич мэргэжилтэй, 8 хэл мэддэг маш боловсролтой хүн байсан ч Палестинаас нүүн шинэ тутам тусгаар тогтноод байгаа Израйл улсад ирж суурьшсанаасаа хойш тэд өөрсдийн эрдэм мэдлэгт тохирох ажил олж чадахгүй, хүндхэн амьдралтай тулгарчээ. Амьдрал нь улам дордсоор хүүг 12 настайд эх нь сэтгэл гутралаа дийлэлгүй амиа хорлосон юм. Эхийнхээ нас барснаас гурван жилийн дараа хүү төрсөн гэрээ орхин явж Хулда нэрт хөдөө аж ахуйн хамтралд элсэн Хулда гэр бүлийн хүү болсноор өөрийн нэрээ Оз буюу эр зориг болгон өөрчилсөн билээ. Тэрээр 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж хамтралынхаа сонинд анхны бүтээлүүдээ хэвлүүлжээ. Өдгөө тэрээр 14 роман, таван өгүүллэгийн түүвэр, олон арван нийтлэл эсээний ном хэвлүүлж дэлхийн 45 хэлнээ орчуулагдсан, Гётегийн нэрэмжит утга зохиолын шагнал, Испанийн Хунтайж Астуриасын нэрэмжит утга зохиолын шагнал, Израйлын утга зохиолын шагнал, Франц Кафкагийн нэрэмжит утга зохиолын шагнал зэрэг дэлхийн нэр хүндтэй ихэнх шагналыг хүртсэн томоохон зохиолч болжээ.