ГРЭЙС ПЭЙЛИ
Уран бүтээлийн төрөл: ҮРГЭЛЖИЛСЭН ҮГ, ЯРУУ НАЙРАГ 232

Зохиолч, яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн Грэйс Пэйли 1922 онд Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт мэндэлжээ. Украйн эцэг, Еврей эхийн охин, нэг дэх үеийн цагаачдын үр удам Грэйс Пэйли Америкийн уран зохиолын ертөнцөд ч, улс төрийн тэмцлийн хүрээнд ч өөрийн нэр, дүрийг мөнхөлж чаджээ. Их сургуульд байхдаа нэрт яруу найрагч Уйнстон Хью Одентэй дотно нөхөрлөсөн нь түүний хувь ертөнцөд гүнзгий нөлөөлж, Одены маягийн гашуун егөөг зохиол бүтээлдээ өвлөн хөгжүүлжээ. Грэйс постмодернист бичлэгийн хэв маягийг дурайтал үзүүлсэн богино өгүүллэгүүдээрээ уншигчдад танигдсан ч басхүү олонд нэртэй яруу найрагч байлаа. Уран бүтээлийнхээ хажуугаар Вьетнамын дайныг эсэргүүцсэн сэхээтнүүдийн хөдөлгөөн өрнүүлж, хүйтэн дайны үеэр зэвсэглэлээр хөөцөлдөхийн эсрэг Орос, Америкийн Засгийн газрыг сөрөн жагсаж, Төв Америк дахь АНУ-ын цэргийн нөлөөллийг бууруулахын төлөө хүчтэй дуугарч явжээ. Үйл явдлаар хөөцөлдөхийн оронд дүрүүдээ харилцан яриагаар нээж өгдөг түүний өвөрмөц арга барил Америк өгүүллэгүүдэд тийм ч түгээмэл бус үзэгдэл юм. Мөн зохиол дотроо чөлөөтэй хөврөх бичлэгийн шинэ туршицууд, уран зохиолын тухай хувийн үзэл санаа, уран бүтээлийн мөн чанарын тухай эргэцүүллүүд нь түүнийг “зохиолчдын зохиолч” гэж цоллуулахад хүргэсэн байдаг.