Б. АНУЖИН|ЗОЛИОСЛОХ НЬ ОРШИХУЙН МӨН ЧАНАР
2020-02-04 Д. Анужин 518

Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэлийг уншиж байхдаа өөрөөсөө жигтэйхэн ичиж билээ. Тэр хүний орон зай, оюун бодолд нь халдаад, зөвшөөрөлгүйгээр уншиж байгаа болохоор шүү дээ. Миний дэвтрийг хэн нэгэн миний хүслийн эсрэг уншиж байна гэхээр төсөөлшгүй бүдүүлэг санагддаг байсан юм. Гэхдээ л эхний хэдэн хуудсыг уншаад нэгээр ч тогтохгүй удаа энэ хуудсуудыг эргүүлнэ гэдгээ мэдэрсэн. Тэгээд унших явцдаа тэр хүнийг маш ихээр хайрласан, хамтдаа шаналж, хамтдаа багтарч…

“Бид хайрлах ёстой. Бас итгэх. Итгэл бол хайрын хүчээр олддог мэдлэг.” — Тарковский


Өөрийн тэмдэглэлдээ түүний талаар бичихдээ би “Суутан” гэх үг ашиглажээ. Гэхдээ нийгэм нь… зүгээр л уншиж суугаа би итгэж ядан багтрах атал тэрхүү хүмүүст хэр хэцүү байсан бол гэмээр. Тарковский бол суутан, тэр хэрээрээ л зовлон шаналал нь нэмэгдэнэ. Бүдүүн хадуун, боловсрол мэдлэггүй, бодож сэтгэдэггүй бол бас ч гэж жаргалтай амьдрахаар нийгэм байх. Гэтэл тэр чинь ТАРКОВСКИЙ.

Эшлэлүүд

Үнэн гэж юу юм бэ? Үнэний тухай бидний ойлголт? Бидний таамагладаг шиг хүний ертөнцөөс ангид, үл хувирах, төгс төгөлдөр бус, харин ч хүний өөрийн мөн чанарт илүү ойр зүйл байх.

Шашин бол аугааг тайлбарлах гэсэн хүмүүний цорын ганц оролдлого. Хязгааргүйд хүрэх аргагүй юм бол хүний оршихуйг бурхнаас өөрөөр тайлбарлах аргагүй. Хүмүүс хязгааргүйн тухай ойлголтыг бэлгэдлээр биежүүлж, тэрхүү хязгааргүйд хүрэх боломжтойг харуулсан(яагаад ч бүтэхгүй зүйл л дээ) жишээг сөргүүлж гаргаж ирэхийн тулд шашин, философи, урлаг хэмээх ертөнцийг тулагч гурван баганыг босгосон юм. Яагаад гэвэл: Бурхан сэтгэл амирлуулна, философи бүх зүйлийг, бүр амьдралын утга учрыг хүртэл тайлбарлана, урлаг үхэшгүй мөнхөд хүргэнэ. Хүний амьдралын богинохон эргэлтийг өнө мөнхтэй, хязгааргүй үргэлжлэх орчилтой зэрэгцүүлнэ гэдэг зоригтой хэрэг ээ. Энэ санаа өөрөө ч хязгааргүй.Мэдээж амьдралд тодорхой утга учир байхгүй. Хэрвээ тийм утга учир байсан бол хүн эрх чөлөөтэй амьдарч чадахгүй мөнхүү утга учрынхаа боол болж, амьдрал нь тэс өөр зарчмаар өрнөх байсан.

Хүн хүнээ удирдаж хэзээ ч чадахгүй. Зөвхөн эвдэн сүйтгэж л чадна. Одоо харин материализм хэмээх эрээ цээргүй зүйл мөнхүү сүйтгэлийг нь нэг мөр гүйцээхээр морилжээ. Хүн юун түрүүнд махан биеэ л хамгаалахыг бодно. Сэтгэлээ хамгаалах тухай хэзээ ч бодохгүй.Хүмүүс надад зохиолоо санал болгохоор шууд л зугтмаар болох юм. Тэгж хэлснээрээ надад ямар ч гэм хийгээгүй атал тэр хүнийг хүндэлж чадахаа больчихдог нь хачин.

Түүх: Нэг хүнд аз жаргалтай болох боломж олджээ. Гэвч тэр хүн аз жаргалыг боломжгүй зүйл, солиотой хүн л аз жаргалтай байж чадна гэж боддог тул мөнхүү боломжийг ашиглахаас айв. Гэтэл итгэлийг нь төрүүлэхүйц нөхцөл байдал үүсэж, тэр ид шидээр аз жаргалтай болохоор сэтгэл шулуудна. Тэгээд галзуурч, солиотнуудын ертөнцөд татагдан оров. …Дажгүй түүх, аятайхан зохиолыг жүжиглүүлж амилуулснаа кино гээд нэрлэчхэж болохгүй. Энэ чинь ерөөсөө кино биш. Юун түрүүнд кино гэдэг бол урлагийн өөр аль ч төрлөөр илэрхийлэх аргагүйг харуулсныг хэлнэ. Өөрөөр хэлбэл, кино хэлийг ашигласан, зөвхөн киногоор л бүтээж болох зүйлсийг.

Хамгийн гол нь, тэр зүүдэнд мартагдсан, удаан төрөөгүй нэг мэдрэмж сэргэсэн. Энэ бол зүүд биш бодит байдал гэх мэдрэмж… Хоёр дах удаагаа үхлийнхээ тухай зүүдэлсэн нь энэ. Тэр бүрд хязгааргүй эрх чөлөөг мэдэрч байлаа.

Цаг хугацааг буцааж болдогт итгэл төгс байна. Цаг хугацаа гэдэг нэг чигт урсгал биш.Золиослох нь оршихуйн мөн чанар.

Бид бие биенээ дутуу үнэлнэ, эс бөгөөс нэг нэгнээ хэт өндөрт өргөнө. Бусдыг яг байгаагаар нь үнэлж чаддаг хүн даанч цөөн. Энэ бол зөвхөн суут хүмүүст заяагддаг авьяас юм.

Хайр гэж юу юм бэ? Мэдэхгүй. Мэдрээгүй ч юм биш л дээ яаж илэрхийлэхээ л мэдэхгүй байна.Хүн оршиж байна гэдэг ерөөс хүн болж төрснийхөө хэргийг гүйцэлдүүлэхийн тулд сайныг хичээж, тэр хэрээрээ түүхэнд эерэг мөр үлдээх гэсэн ёс суртахууны мөнхийн тэмцэл юм.
Амьдралын минь дуудлага хэмээвээс оршихуйн мөн чанарыг танин мэдэх. Мэргэжлийнхээ оргилд хүрэх. Уран бүтээлчийнхээ хувьд хүндлэгдэх. Чанарын дээдийг бүтээх.

Би ганцаараа. Орь ганцаар. Ганцаардал үхлээс өөрцгүй гэдгийг ухаармагц миний дотор үүрлэсэн энэ аймшигт мэдрэмж улам үгдрэх юм. Бүгд намайг мэхэлсэн. Цаашид ч мэхлэх болно.Миний азын тоо 13 гэдгийг санав. 💛Би эрх чөлөөнд донтогч байж мэднэ. Эрх чөлөөгүй үед би бие махбодиороо тарчлан зовдог. Өөрийн болон бусдын үнэ цэнийг үнэлж хүндэтгэхийг эрх чөлөө гэдэг.

Мэдлэг гэдэг хөлс, хий шиг хүний оршихуйн илрэл болж, организмын үйл ажиллагааны нэг хэсэг болдог зүйл бөгөөд туйлын үнэнд ямар ч хамаагүй. Танин мэдэхийг зүрх сэтгэл л хийдэг.Надтай амьдрах хэцүү. Энэ амьдралын хэцүүг үүрч, зөв зам сонгосон гэдэгт минь намайг итгүүлэх амаргүй л ажил. Ядахад би наалинхай, зөөлөн хүн биш. Ингэж амьдарч чадах хүн цөөн. Ларагүй амьдарч чадахгүй гэдгээ би мэдэж байна.Итгэх хамгаас хэцүү, бас хамгаас чухал. Итгэвэл юм бүхэн биелдэг, гэвч чин сэтгэлээсээ итгэх нь боломжгүйн чинээний хэцүү. Чимээгүй, гал халуун, чин итгэл шиг ховор зүйл үгүй ээ.

Нийгэм болон хувь хүний бараг бүх асуудал хүмүүсийн өөрсдийгөө үл хайрлаж, үл хүндэлдгээс үүдэлтэй. Хүмүүс бусдын давуу талд амархан итгэдэг. Гэтэл бүх зүйл өөрийгөө хайрлахаас л эхэлнэ шүү дээ. Өөртөө хайргүй хүн бусдыг ойлгоно, чин сэтгэлээсээ хайрлана гэж үгүй билээ. “Хөршөө өөрийн адил хайрла…” Энэ бол “Би”-н гарааны цэг. (1982.04.16)Бид хүмүүсийн тухай ямар буруу ойлголттой амьдардаг юм бэ?

Бид харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Бид юу ч олж харахгүй байна.

Би хүмүүсийг анхаардаггүй, ойлгодоггүй юм байна. Тэгээд л алагчилж, хүндэтгэлгүй ханддагаа ойлголоо. Үүнээс болоод сэтгэлийн тэнхээ шавхагдаж, төөрөлддөг.

Бид муйхарлан зүтгэх, зөрүүдлэх зэрэг зөвхөн өөрийгөө л хохироох үйлдлийг байнга хийдэг.

Хүүрнэл зохиол уншигчийн нарийн мэдрэмжинд суурилж дүрслэл бий болгодог онцгой шинж чанартай. Аливаа үзэгдлийг хэчнээн дэлгэрэнгүй бичиж тодруулсан ч уншигч туулж өнгөрсөн бүхэн, зан авир, дур сонирхлоосоо хамааран өөр өөрийнхөөрөө харна. Үргэлжилсэн үгийн зохиолын асар дэлгэрэнгүй бичсэн хэсэг ч зохиогчийн хүссэнээр бус уншигчийн нүдээр өөр болж уншигддаг. “Дайн ба энх”-г үгчлэн, бичигдсэн хэлбэрээр нь мянга мянган хүн уншсан. Гэвч тэдний уншсан нь мянга мянган өөр ном л гэсэн үг. Зохиогчийн ба уншигчийн суурь өөр учраас тэр. Энэ чухал шинж чанарт уран зохиолын онцгой мөн чанар, бүхнийг татах чадвар нь илэрч байгаа. Уншигч хамтран бичилцдэгээрээ онцгой.

Бид улс төр, урлаг, спорт, эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнгийн талаар ярьж байхдаа л өөртөө итгэлтэй байдаг. Дотоод сэтгэлийн тухай яриа эхлэнгүүт төөрөлдөөд, энэ тухай ярихад бэлэн биш, мэдлэггүй нь тодроод ирнэ.

Эрх чөлөөтэй улс оронд амьдарсан амьдраагүй бид бүгд эрх чөлөөтэй хүмүүс. Эрх чөлөөгүй байгаа бол тэр хүний, зөвхөн тэр хүний л буруу. Асуудлын гол нь юунд байна гэхээр хүмүүс хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаадаа өөрөөсөө бусдыг буруутгадагт байгаа юм. Аз жаргалтай баймаар байвч аз жаргалгүй байвал өөрийгөө аз жаргалтай болго. Хэн саад болоод байгаа юм.

Дэлхий ертөнц нөлөөллийн бүсүүдэд хуваагдчихаад байгаатай та санал нийлэх биз. Энэ чинь буруу. Яагаад гэвэл хүн дэлхийг бүтээгээгүй, тиймдээ ч эзэмших эрхгүй шүү дээ. Энэ дэлхийд амьдарч, сэтгэлээрээ хөгжин цэцэглэх эрхтэй л болохоос төмөр утсаар хувааж, тэр хуваагдлаа цөмийн зэвсгээр хамгаалах эрхгүй.

Сэтгэлээрээ цэвэр ариун хүн дотоод сэтгэл нь бохир хүмүүсийн дунд амьдрахад хүрснийг өгүүлсөн нь “Гамлет”-н гол шугам. Гамлет хувь төөргийнхөө дагуу амиа алддаг нь гол юм биш, харин дотоод сэтгэл ёс суртахуунаараа үгүй болох аюултай тулгарснаараа эмгэнэлтэй юм.

Урлагийн бүтээлийг хүн логик дүгнэлтээр бус итгэл үнэмшлээрээ дамжуулан хүлээн авах учиртай.

Ихэнх хүн насан эцэслэтлээ амьдралын утга учрыг мэдэж чаддаггүй, зарим нь бүр тэр тухай боддог ч үгүй.

Хүний сэтгэл гэдэг чинь ийм тийм гээд тодорхойлчих аргагүй төвөгтэй эд.

Хүүхэд ахуйдаа ааваасаа би “Бурхан яг байдаг уу” гэж асууснаа санадаг. Түүний өгсөн хариулт нүдийг минь нээсэн. “Итгэдэггүй хүний хувьд бол үгүй, итгэдэг хүнд бол тийм.”

Түр хүлээнэ үү...
Top