ДУР БУЛААМ
2019-12-22 Д. Анужин 809

Энэ номыг уншиж эхлээгүй байхдаа дурлах шалтгаан бий. Хэвлэлийн газар, орчуулагчийн тухайд хэлээд илүүц биз. Хавтасны зураг дизайн, номын хэлбэр хэмжээ, гартаа барихад өгөх мэдрэмж нэр шигээ — “ДУР БУЛААМ”. Өргөн том хуудсуудийг нь эргүүлэхэд урамтай, дотоод зохион байгуулалт нь ч таалагдсан. 1922- 1982 оны хооронд төрсөн 21 зохиолчийн өгүүллэгүүд багтжээ. Миний хувьд түүвэрт орсон зохиолчдоос зургааг нь л эчнээ мэдэх бөгөөд ганц ч болов зохиол бүтээлтэй нь танил байв. Үлдсэн хэсэг бол наддаа л цоо шинэ, олон орон, соёлыг хамарсан сонирхолтой уншилт болсон.

Гэвч ганцаардал, шаналал гээч нь бүрэн арилчихдаггүй, тэсэж үлдэж болохуйц түвшинд хүрээд л зогсчихдог юмсанж. — “Аав бид хоёрын яриа” Грэйс Пэйли

Милан Кундерагийн “Зам зуурын тоглоом” өгүүллэгийг эхлүүлээд харцаа ер салгаж чадалгүй дуусгасан. Хүн аливааг танин мэдэх, ойлгоход тухайн мөчийн мэдрэмж, сэтгэл санаа их чухал санагддаг. Магад гурван сарын өмнө уншсан бол надад ийм гүн сэтгэгдэл төрүүлэхгүй байсан биз ээ. Хавар аваад номын тавиур дээрээ мартаж орхиод одоо л уншиж буй минь чухам энэ өгүүллэгийг зөв цагтаа унших боломжтой болгочихсон мэт. Амьдралд урсан өнгөрөх олон өдрүүдээс ойрын хэдэн долоо хоног нь яг л энэ өгүүллэгтэй хоршин холилдоод, салж нийлээд байх шиг ээ. Уран зохиолд бодит үнэн бус мэдрэмжийн үнэн чухал гэснийг ер мартдаггүй юм. Уншигчийн сэтгэлд тэр л үнэнээ буулгаж чаддаг зохиолчид гайхалтай. Ер нь ч энэ өгүүллэг өөрөө хүний сэтгэл санаа, ааш занг урнаар тайлбарлачихсан. Зам зуурын тоглоом болох төсөөлөл төдий үгс, үйлдэл нь эцэстээ бодит үнэнд буучихдаг. Бүсгүйн цэвэр цайлган, ариун нандинд дурласан залуу, залуугийнхаа төлөө ганц ч удаа болов сээтгэнүүр тачаангуй, өөртөө итгэлтэй төрхөө харуулахыг хичээх ичимхий бүсгүй( Хайртай залууд нь тийм л эмэгтэйчүүд таалагддаг хэмээн итгэдэг болохоор тэр шүү дээ). Эцэстээ тэд хүний дотор сайн муу, сайхан муухай бүхэн холилдон оршихыг харах аж. Харин энэ үед тэдний хайр сэтгэлд юу тохиолдох бол.

Хардалт гэдэг таатай юм биш ч аяганаасаа хальчихаагүй бол (аядуу зөөлнөөр л илэрч байвал) яагаад ч юм сэтгэл гижигдээд байдаг зүйл. — “Зам зуурын тоглоом” Милан Кундера

Эмэгтэйчүүд өөрийнхөө эрийн элдэв аашийг тэвчихгүй мөртлөө танихгүй эрийн элдэвлэхийг ер тоодоггүй. — “Зам зуурын тоглоом” Милан Кундера

Түүвэрт багтсан өгүүллэгүүдийг сонгохдоо Монголчуудын талаар өгүүлсэн сайн бүтээлүүдийг зорилготойгоор шигтгэж өгсөн хэмээн орчуулагч маань номын өмнөх үгтээ бичсэн байсан. Тэрний нэг нь Албанийн зохиолч Исмаил Кадарэгийн “Цагаан хэрэм”. Хэрэм дээрээс ажиглах хятад цэргүүдийн үйл явдлаар эхэлснээ тал нутгаас довтлон ирэх монгол цэргийн бодлыг ч ээлжлэн тусгажээ. Гэхдээ зүгээр нэг цагаан хэрмийн хоёр талыг өгүүлээд өнгөрөхгүй. Амьдрал үхлийг заагласан, нэг л нэвтэрвэл хэзээ ч буцахгүй Эх-хэрэм тус зохиолын жинхэнэ баатар .

Хятадууд нүүдэлчдийн сөнөөн дарагч их хүчнээс айдаг бол нүүдэлчид хятадуудын алсуур зөөлөн нөлөөллөөс эмээдэг юм. — “Цагаан хэрэм” Исмаил Кадарэ

Нэгэнт өгүүллэг тус бүр дээр бичээд байх боломжгүй болохоор эндээ агуулгыг зогсооё. Надад өгүүллэг, шүлгийн түүврүүд их таалагддаг. Үнэхээр хайртай зохиолчийнхоо бичсэн бүхнийг нь уншаад байж болох л доо. Гэвч ихэнхдээ зохиолч гэдэг “хүн” л юм хойно зохиол бүтээл нь сайнтай муутай холилдон, тухайлсан уншигчид үнэ цэнтэй эс бөгөөс үгүй байх нь элбэг, ядаж л миний өөрийн дүгнэлтээр. Нэмээд өнөөдөр хэвлэгдэж буй бүхнийг барьж унших боломжгүй. Тэгэхээр надад бол сайхан түүвэр уншчих нь нэг зохиолчийн (Ялангуяа сайн мэдэхгүй, бүтээлтэй нь танил бус зохиолч) бүх бүтээлийг гүйлгэснээс хамаагүй дээр санагддаг. Тэндээс магад бичсэн бүгдийг нь уншихыг хүсэх тэр л зохиолчоо ч олох юм билүү. Сайн мууг нь түүж сорчлоод бэлээхэн түүвэр болгон гар дээр тавьчихсан байна шүү дээ. Энэ түүврийн хувьд бас нэгэн онцлог бий нь “Дэлхийн нэн шинэ үеийн шилдэг өгүүллэгийн антологи” гэх гарчигнаас нь харагдана. Үнэндээ нэн шинэ хэмээх энэ үетэй нэг их танил бус, номын дэлгүүрт ороод сонгох нь бараг л үгүй миний хувьд олон нэр тогтоох сайхан завшаан болсон.

Зүрх урна аа гэдэг чинь болгоомжтой, алгуурхан хийх ажил. Би гаднаа агсам хүлэг агсчихаад сууж байдаггүй. Харин бага багаар, хэсэг хэсгээрээ арилж оддог хүн дээ. Холын тэр цагаас хойш, одоо ч гэсэн арилж тонилсоор байна. – “Том зүрх” Шерман Алекси

- Нэвширтлээ нүдүүлчихээ шив? Хэнд зодуулснаа санаж байна уу?.

- Ноён Гутрал бид хоёр хэдэн тойрог үзэлцээд ээ.

- Ноён Гутрал чамайг болгоод өгсөн бололтой.

- Ноён Гутрал дандаа л ялдаг шүү дээ.

— — — “Том зүрх” Шерман Алекси

За тэгээд зэрэгцэн уншаа номуудаасаа уран зохиолыг нь л түрүүлж дуусгаад байдаг, таашаалаа бодсон залхуу уншигчийн хувиар бусад номоо хаа нэг мухарт хааж тавьчхаад(одоо олж авдаг л байхдаа) энэ бүтээлийг дуусгалаа, би.

Өө тийм, шинэ хуучин үе аль тэрийг гэхэв, өнөөх “ХАЙР” аргагүй л мөнхийн сэдэв аж.

Хайр сэтгэл бол цаг мөч тутамд үхэж байдаг зүйл. Замаасаа будилан төөрч, өөр нэг хайр сэтгэлд будагдан бүдгэрч, бүр бусдын гарт золгүйгээр амь тавьж ч байдаг эд. — “Догдлол” Элис Мүнро

2019.10 сар

Түр хүлээнэ үү...
Top