Өмнөд Хятадын тэмдэглэл
2017-12-25 А.Амармэнд 443

ҮҮЛСИЙН ОРОН ЮНЬНАНЬ

Юньнань буюу “Өмнөдийн үүлс” муж Хятадын аялал жуулчлалын хамгийн жуулчлалын чухал бүсүүдийн нэг. Өмнөдийн үүлс гэх нэр нь Юньнанийг Хятадын өмнөд муж гэдгийг нь бэлхнээ хэлнэ. Манж Чин гүрэн Төвд, Шинжаан зэрэг одоогийн БНХАУ баруун хязгаар нутгуудад хяналтаа тогтоох хүртэл Юньнань Хятадын соёл иргэншлийн баруун хязгаар болж байжээ. Хязгаар нутгийнхаа хувьд Юньнань Хан үндэстний соёл иргэншлээс олон зууны турш алслагдмал оршсоор ирсэн. Ийм ч учраас эдүгээ хүртэл олон үндэстэн ястны хэл соёл нь хадгалагдан үлдэж, харьцангуй багаар ханчлагджээ.

Төвд бүсгүй

Юньнань өмнө зүгт Лаос, Вьетнамтай, дорно зүгт Бирмтэй хиллэх бол баруун хойд зах нь Төвдийн тэгш өндөрлөгтэй шууд залгана. Тэр хэрээрээ байгалийн тогтоц нь сонирхолтой өвөрмөц ажээ. Жишээлбэл: Баруун болон Хойд нутагт нь үүлс хөвж, уулс сүндэрлэх бол өмнөд болон зүүн хэсэг нь Зүүн өмнөд азийн халуун бүсэд хамаарна. Газарзүйн энэ ялгаа нь соёлын хувьд ч илрэн гарна. Төвийн хэсгээр нь Бай хүмүүс суурьших бол Баруун хойд мужуудад нь Найхи, Төвд соёл зонхилно. Нийт хүн амынх нь 38 хувийг хан бус хүмүүс эзлэх бөгөөд Хятадын албан ёсны 56 үндэстнээс 25 нь Юньнань оршин суудаг. Хятадын хамгийн олон үндэстэн ястантай муж. Манайхаар бол Ховдтой зүйрлэж болох газар.

Юньнань Хятадын мужууд дотроос харьцангуй сүүлд Дундад улсын албан ёсны хэсэг нь болжээ. Манайд Хүннү гүрэн байгуулагдаж байх үед Төвд-Бирм хэлээр яригч Диан хэмээх улс энд цэцэглэж байсан гэнэ. Диан Хан гүрэнд эзлэгдэн мөхсөн ч түүнээс хойш Нанзао, Дали зэрэг бие даасан хаант улсууд энд оршин тогтнож байв. Хубилай хаан 1253 онд гурван зууны настай Далигийн хаант улсыг Их Юань гүрэнд нэгтгэснээс хойш Юньнаньд ахиад бие даасан хаант улс бий болсонгүй. Гэхдээ төвөөс алслагдмал газарзүйн байрлалтайгаас Юань гүрэн мөхөж, Мин байгуулагдсан ч арваад жил Монголчууд үргэлжлүүлэн Юньнанийг захирч байв. Мөн Мин мөхөхөд ч Юньнань Тайванийг эс тооцвол хамгийн сүүлд Манжуудын захиргаанд орсон билээ.

ЗАМ

Орон нутгийн галт тэрэг

Юньнаний төв Кунмин хот. Иймд Монголоос Юньнанийг зоригсод Бээжингээс Кунмин орох нь зохилтой. Агаараар уу, газраар уу гэдгийг таны халаас л мэднэ. Бээжингээс Кунмин орох хатуу унтлагын тасалбар 150 мянган төгрөг орчим. Хатуу унтлага нь купегүй орноос бүрдсэн вагон юм. Аялал багагүй урт, 44 цаг. Гэхдээ хатуу унтлагын тасалбараар ийм хугацаанд зорчиход онцын төвөгтэй биш.

Манайхан Хятадын галт тэрэгний нөхцлийн талаар таагүй сэтгэгдэлтэй байдаг. Гэхдээ Хятад орон богино хугацаанд эрчимтэй хөгжиж буй болохоор хэдэн жилийн өмнөх төсөөллөө гээсэн нь дээр. Мэдээж зэрэг нэгдүгээр зэрэглэл биш ч тав тухын хувьд хангалттай.  

Хятадад төмөр замаар зорчиход хоёр үндсэн бэрхшээл бий. Нэгдүгээрт, тасалбар авахад хэлний бэрхшээл. Хоёрдугаарт төмөр замын ачаалал чамгүй их тул олдоц муутай. Гэхдээ энэ хоёр асуудлыг аль алийг нь онлайн захиалгаар шийдэж болно. Ctrip зэрэг Хятадын цахим хуудаснуудаас хүссэн тасалбараа захиалах боломжтойгоос гадна Улаанбаатар дахь Кунз төвөөр дамжуулан захиалах боломжтой. Кунз төвийн шимтгэл 15 мянган төгрөг.

Зам урт болохоор зуурт найзтай ч болов. Тянжинд амьдардаг гэх хачин эелдэг залуу. Тянжиных болоод ч тэр үү Монгол гэхээр мэдэж сайн мэдэж байна. Надтай англиар ярьж, бусдадаа орчуулж өгөх нь өөрт нь тун догь байгаа бололтой. Доод талын орны хоёр бяцхан охинд англи хэлээ над шиг сурвал ингээд гадаадуудтай ярина шүү дээ гэх мэтчилэн сайрхах нь хөгжилтэй. Яриандаа халсан уу манай хүн бид чинь нэг гэр бүл, хамтдаа дэлхийг эзэлсэн, даан ч оросууд биднийг салгасан мэтийн ноцтой сэдэв рүү орж байна. Бид угсаа гарвалийн хувьд өөр үндэстнүүд гэж хэлмээр санагдсан ч нэгт, нэгэнт суусан үзэл амархан өөрчлөгдөхгүй, элдэв үг хэлж гомдоогоод яах вэ гэж бодоод эвтэйхэн яриагаа төгсгөлөө. Монголд очихсон гэж боддог гэнэ. Монголд ирвэл ингэж ярих хэрэггүй шүү гэж нэг сануулюу гэсэн ч мөн л жаахан эвгүй санагдаад болив. Аяллын туршид Монгол ямар вэ, Монголд очиж үзэхсэн гэж ярих Хятадуудтай олон таарсан. Харин бид тэдэнд нэг их зочломтгой хандахгүй гэж бодохоор жаахан эвгүй.

КУНМИН

Таатай зөөлөн уур амьсгалаас нь болоод Кунминийг “Мөнхийн хаврын хот” гэж нэрлэдэг аж. Халуу шатаж байсан Бээжингээс сэрүү татсан Кунминд буух таатай. Юньнаний хамгийн үзэсгэлэнтэй хойд, баруун хэсэг нь далайн түвшинээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт оршдог болохоор сэрүүн чийглэг. Иймд энэ зүгт зорчих бол нарны шил, сийрсэн малгай биш дулаан хувцас борооны цув хэрэгтэй. Зун хүртэл шүү.

Кунмин Юньнан дотор зорчих гол зангилаа цэг. Өөрөөр хэлбэл энд ирж, эндээс дараа дараагийн чиглэлдээ хүрнэ. Харьцангуй залуу хот тул түүхэн дурсгал цөөн. Гэхдээ орчин үеийн Хятадын гол асуудал болсон орчны бохирдолд хамгийн бага өртсөн, амьдрахад таатай хот гэнэ.

Хуучин хот, амьтны зах, хоолны гудам Кунминд үзэх ёстой гол газрууд нь гэнэ. Энэ гурав нь нэг доор байрладаг нь таатай. Гэхдээ үнэндээ эдгээр нь ч саатаж хорогдох зүйл багатай. Миний хувьд хоолны гудмаас нь Юньнаний хамгийн алдартай зоог гэх “Гүүр гаталхуй” нэрт шөл амталсан нь хамгийн онцлууштай дурсамж байв.

Кунминээс Юньнанийг үзэх хэд хэдэн чиглэл бий. Эхнийх нь зүүн зүгийг чиглэж, Бирмийн хил хүртэл аялах. Харин өмнө зүгт дэлхийн хамгийн алдартай шаталсан цагаан будааны тариалангуудын нэг, канола цэцгийн тариалан, пуар буюу хар цайны тариалангийн гол нутаг Пуар хотоор дайран Лаосын хил хүрэх боломжтой. Монголчууд Лаос улс руу визгүй зорчих боломжтой болохоор шуудхан хил гарч, аяллаа үргэлжлүүлсэн ч болно. Мөн энэ зам дагуу аялах аваас “Монголоо хайсан Монгол” төсөлд багтсан Юньнаний Монголчуудын хот Тонхайгаар дайрч болно. Кунминээс өмнө зүгт хоёр цагийн газарт буй. Миний хувьд хойд чиглэл илүү сонирхолтой санагдсан тул нутгаа тэмцэх замыг сонгов.

ДАЛИ

Дали. Эрхай нуур

Кунминээс хойд зүгт галт тэрэг, автобусаар дөрвөөс таван цаг яваад Юньнаний хамгийн эртний хот Далид хүрнэ. Автобусны тасалбар 100 юань. Галт тэрэгнийх арай хямд байсан санагдана. Дали VII зууны үес Нанзаогийн хаант улсын дараа нь Далигийн хаант улсын нийслэл байгаад Хубилайн дайралтын дараа ихээхэн сүйджээ. Хожим Мингийн үед ахин сэргээсэн бөгөөд тэр л төрхөөрөө энэ цагтай золгосон юмсанж.

Дали Чангшан хэмээх сүрлэг уул ба Эрхай гэх жижиг нуурын хооронд сунан байрлах бөгөөд үлдсэн хоёр талаараа хэрмээр хамгаалагдана. Хот бүхэлдээ нэгээс хоёр давхар цагаан, саарал өнгийн байшингуудаас бүрдэх бөгөөд ханан дээрээ элдэв хээ хуар ба хятадын эртний бийрэн зураг зурах нь түгээмэл. Энэ нь Бай үндэстний хот байгуулалтын хэв маяг ажээ. Бай хүмүүс олноор суурьших Гуаньси зэрэг мужуудад ч ийм байшинтай таарна. Чангшан уул, Эрхай нуур, хотын эртний агаад чамин барилгуудтай нийлээд Далигийн гол чимэг.

Хятадын аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болохоор элдэв уушийн хийгээд зуушийн газрууд, кофены мухлаг, томоос эхлээд цомхон буудлууд гээд жуулчин хүний хүсүүштэй бүхэн энд бий. Хятадын буурчын газрууд үнэ хямдын дээр тав тух тун давгүй. Гэхдээ эдэн дундаа Далигийн буудлууд цэцэрлэг, дотоод засал гээд бүхий л талаараа бусад нутгаа давахуйц санагдсан. Үнийн хувьд таваас 10 мянган төгрөгөөр нийтийн хонох газруудад хоноглох боломжтой бол тансаг чамин авсаархан буурчийн газрууд 30-40 мянгаас эхэлнэ. Хэдий Дали жуулчдын гол цэг, бум бужигнаж, түм түжгэнэсэн газар ч намуухан таатай хот ажээ. Чангшан уул руу авирах, Эрхай нуураар зугаалах, Гурван суварга гэх буддын байгууламжийг үзэх зэрэг нь энд ирсэн жуулчдын хийх ёстой зүйлсийн жагсаалтыг тэргүүлнэ.

ЛИЖИАН

Лижиан Далигаас хойд зүгт дөрвөөс таван цагийн зайд байрлана. Уулсын дундуур явж хүрэх тул зөвхөн автобус л үйлчилнэ. Лижианы хуучин хот нэн алдартай. Энэ нь хотын хаяанд байрлах модон барилгаас тогтох жижиг хэсэг юм. Цахим хуудаснуудад бичсэнээр бол хуучин хот лавтай 1000 жилийн настай гэнэ. Хятадын олон хуучны хотууд газар хөдлөлийн улмаас сүйдсэн бол Лижианыг чулуу, тоосго бус модоор босгосон тул арван зууныг тэсэн бидний үед хүрчээ. Барилгын хэв маягийн хувьд Далигаас тэс ондоо. Учир нь Лижиан бол Найхи хүмүүсийн хот ажээ.

Лижиан хоёр дахь торгоны зам гэгддэг “Цайны зам”-ын нэг зангилаа нь байжээ. Юньнаны тухай бичихдээ цайны тухай дурдахгүй өнгөрч болохгүй. Цай бол Юньнаний уугуул ургамал бөгөөд хожим соёл иргэншлийн үрээр дэлхийгээр нэг таржээ. Зөвхөн Юньнаньд ургадаг байх үед цайг Сичуан, цаашлаад Төвд, Энэтхэг, Бенгаль руу тээвэрлэх худалдааны зам байсан бөгөөд үүнийг “Цайны зам” хэмээн нэрлэдэг байжээ. Уулын хэцүү бэрх зам тул морь гол тээврийн хэрэгсэл байсан гэнэ. Юньнаньд морь унах соёл нэлээд түгээмэл санагдсаны учир энэ бололтой. Эндхийн морьд монгол морь шиг давжаа биетэй ажээ.   

Эдүгээ цайны тариалан газар бүрт буй болсон ч Юньнань пуар хэмээх нэрийн хар цайгаараа алдартай. Монголчууд ч хувьсгалыг хүртэл эндээс л пуар зөөдөг байсан гэдэг. Хятадын бусад нутгуудад ногоон цай түгээмэл бол Юньнань хар цайгаараа алдартай. Миний ажигласнаар Төвдүүд ч бас хар цай уух юм билээ. Өндөр, хүйтэн уур амьсгалтай болхоор энэ гурван нутагт хар цай илүү дэлгэрчээ гэж дотроо таамагласан. Цайны дэлгүүрийн эзэд хар цай хоол боловсруулахад тустай, ногоон цай бөөрөнд сайн гэх юм билээ. Манай цайнд хорхойтой нэг найзын хэлснээр бол пуар холестрин зайлуулдаг учраас хүнд хоол хэрэглэдэг Монголчууд ууж дадсан юм гэнэ. Хар ч бай ногоон ч бай цай бүгд л нэг ургамал. Гагц боловсруулалтын аргаасаа шалтгаалан амт, үнэр, өнгө нь өөрчлөгдөнө. Жишээ нь хар пуарыг цайны навчийг хуурах аргаар гаргаж авдаг ажээ.

Лижианыг Монгол хүний сэтгэлд дотносуулах өөр нэг зүйл нь сарлаг. Сарлагийн мах, сарлагийн махан борц, элдэв хоол унд хаа сайгүй. Тэр хэрээрээ цагаан идээ ч түгээмэл ажээ. Товчхондоо энэ бүс нутаг Төвд ба Хан соёлын зааг хязгаар бололтой.

Лиажиан олон арван суваг, түүн дээгүүр татсан гүүрүүдтэй. Энэ нь уулын бэл дэх байрлал, чийглэг бороо хур ихтэй цаг уурын онцлогоос үүдсэн бололтой. Мэдээж хэрэг энэхүү чулуун суваг шуудуу, бяцхан гүүрнүүд нь хотын үзэсгэлэнг улам чимнэ. Хэдий харц булаам байдлаараа Лижиан Далигаас илүү юу гэхээс үл дутах ч над шиг чимээ шуугианд дургүй хүнд тохиромжгүй хот санагдсан. Далитай харьцуулахад шөнийн цэнгээний газрууд, дуу хуур, хөл хөдөлгөөн чимээ шуугиан үлэмж их. Үүний дээр үнэ хөлсний хувьд ч буурчийн газруудыг эс тооцвол Далиг хоёр нугална.

Лижиан хотын нөгөө захад хуучин хотоос арваад километрийн зайд Шүхэ, Байша хэмээх хоёр ч тосгон бий. Барилга байгууламжийн хувьд Лижианы хуучин хоттой адилхан ч менежмент муутайгаас уу олны хараанд өртөлгүй мартагдан үлджээ. Одооноос л Лижианы жишгийг давтаж, аялал жуулчлал хөгжүүлэхээр оролдож байгаа нь хуучирч муудсан барилгуудын хажуугаар шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаагаас илт. Хэдий Лижианы хуучин хоттой харьцуулахад өнгө зүс муутай ч жуулчид багатай, тэр хэрээр нам гүм, элдэв хуурамч гял цал байдлаас ангид буй төрхөөрөө болохоор нэгэнт Лижианд ирсэн бол хуучин хотод бус энэ хоёр тосгоны нэгэнд байрлах нь илүү сонирхолтой санагдсан.
 

БАР ХАРАЙХЫН ХАВЦАЛ

Бар харайхын хавцал

Лижианд очсон жуулчдын дийлэнх нь Бар харайхын хавцлыг зорьдог. Энэ бол өндөр уулсын хооронд хөх мөрний эх урсах нарийн хавцал бөгөөд Лижианаас хойд зүгт 90 километрийн зайтай. Домогт өгүүлснээр анчдаас дутаасан бар хавцал дээгүүр үсрэн гарсан юм гэнэ. Хавцлын өргөн хамгийн нарийн хэсэгтээ хавцал 25 метр хүрнэ. Харин урт нь 20 орчим километр.
Хавцлыг туулах хоёр зам бий. Эхнийх нь доод жим буюу голын эргээ дагах, хоёр дахь нь дээд жим буюу уулсыг сүлжин алхах. Доод жимийн дагуу автомашины зам тавьж, хажуугаар нь элдэв үйлчилгээ худалдааны газрууд үүдээ нээснээр алс буйд газар гэсэн өнгө төрхөө нэгэнт алджээ. Эгээ л хотын доторх худалдааны гудмыг сануулна. Хятадад аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаагаас гол бүс нутгуудад жуулчид маш их, үүнийгээ ч дагаад онгон зэлүүд гэсэн өнгө төрх багатай юм билээ.

Хятадууд тохь тухад дуртай бололтой. Нутгийнхан голдуу доод жимээр зорчино. Харин дээд жим нь нэлээд амаргүй эгц шовх уулсын дагуух ганц хүний нарийн жим аж. Туулахад амаргүйн хэрээр үзэсгэлэнтэй. Иймд нэгэнт очсон бол энэ замаар зорчсон нь хавьгүй сонирхолтой. Уулс даган өгсөж уруудаж алхах учраас замыг нэг өдөр туулах боломжгүй. Зам дагуу байрлах тосгод, найхи хүмүүсийн байгуулсан гэр буудлуудад хоноод маргааш нь аяллаа үргэлжлүүлнэ. Энэ нь ч аяллыг улам сонирхолтой болгоно. Нэмж хэлэхэд, дээд жимийг тохижуулж засах ажил аль хэдийнээ эхэлсэн харагдана лээ. Хэрэв энэ ажил шударчихвал жимийн экстрим, алс буйд байдал алга болж, энгийн л нэг аялал болж хувирахаар санагдсан. Тэгэхээр энд цардмал зам тавигдахаас нь өмнө Бар харайхын хавцалд очиж үзээрэй гэж зөвлөх байна.

ШАНГРИ-ЛА

Шангрилагийн шар айраг

Хойд Юньнань дахь Төвдийн энэ жижиг хот богинохон хугацаанд Хятадын төдийгүй дэлхийн аялал жуулчлалын гол цэг болжээ. Байсан баялаг нь гэвэл хуучны төвд хороолол, Төвдийн тэгш өндөрлөгт байрлах өргөн ногоон талууд ба Сонгзанлин хийд. Хот 3,200 метрийн өндөрт байрлах атлаа Өмнөд азийн улсууд шиг зундаа урт борооны улиралтай аж. Өндөр газарт бороо их орохоор маш хүйтэн. Хэдий долдугаар сар ч температур Цельсийн 15 орчим. Шөнөдөө улам хүйтэрнэ. Ийм өндөр атлаа ийм чийглэг газар очиж байсангүй.

Ингээд энэ бүх баялгаараа жуулчдыг татах боломжтойг анзаарсан орон нутгийн захиргаа 2001 онд хотоо Шангри-Ла хэмээн нэрлэжээ. Уугуул нэр нь Төвдөөр Гялтан, Хятадаар Зонгдиан юмсанж. Тэр байтугай Жеймс Хилтон “Алдагдсан хязгаар” романд гарах Шангри-Ла нэрт газрын диваажин бол манай хот гэсэн яриа ч гаргаад авч. Уг нь Хилтон энд хэзээ ч ирж байгаагүй бөгөөд өөрөө Шангри-Лагаа Кунлуны уулсын хавьд байгаа гэж итгэж байсан гэдэг. Гээд яах вэ, хүйтэн чийглэгийг нь эс тооцвол сайхан л нутаг.

Нэрээ сольсны хүчээр Шангри-Ла богино хугацаанд алдаршиж. Одоо Төв азийн аялал санал болгодог тур операторуудын тансаг зэрэглэлийн үйлчилгээнд Шангри-Лад зочилох заавал багтана. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зөвхөн үзүүлж харуулах зүйлсээс гадна түүх хэрэгтэй ажээ. Жишээ нь, манайхан Н.Рерихын, Н.Гумилевын Алтайн цаанаас хайж байсан Шамбалын орны түүхийг сурталчилж, Говь-Алтай аймгийн нэрийг Шамбала болгож солиод үзвэл, аялал жуулчлал нэлээд татаж болхоор санагдсан. Гэхдээ дагалдах зүйлсийг ч бас мартаж болохгүй. Жишээ нь, Шангри-Лад Шангри-Лагийн нэг чухал брэнд нь Төвд амуугаар исгэсэн гэх шар айраг. Шангри-Ла, Сонгха гэх мэт эдгээр шар айргууд нэрнээсээ эхлээд буддын бурхадыг дүрсэлсэн шошго гээд бүхий л талаараа Шангри-Лагийн нууцлаг, буддист гэсэн дүр төрхтэй сайхан зохицно. Шамбала нэртэй, Рерихын зургаас сэдэвлэсэн шошготой шар айраг байвал догь биш гэж үү.

Далайн түвшинээс дээш

Төвд хүмүүс нохой тэжээх дуртай бололтой. Шангри-Лагийн гудмаар алхаж байхад гэнэтхэн л тал талаас том биетэй ноход давхин ирж айлгана. Хуцаж, боргох ч лав хазаагүй. Гэхдээ Төвд банхар олон биш. ГанДалайн түвшинээс дээшДалайн түвшинээс дээшц нэг л таарсан. Магадгүй энэ бүс нутагт ховор байж мэднэ.

Нэгэнт төвд нутагт ирсэн бол төвд хоол зооглох хэрэгтэй гэж бодтол харин ч сэтгэл дундуур үлдэв. Төвд хоол гэсэн хаягтай газар олон. Гэвч сарлагний махтай халуун тогоо л санал болгоно. Үнэндээ бол ихэвчлэн Хятад эзэнтэй бөгөөд халуун тогооны амтлагч, орц нь Төвд бус Хятад шинжтэй. Цэсний нэмэлт орцны хэсэгт Монгол элэг, Африк ногоо гэх мэтийн зугаатай англи үгс олон. Бодвол ханзаа гар утсан дээрх орчуулгын аппуудын тусламжтайгаар орчуулсан бололтой. Хятадууд англи хэл муутай ч бараг хүн бүр утсан дээрээ англи ба хятад хэлний хооронд хөрвүүлэх программтай.

Төвд цай халуун тогооноосоо ч илүү сэтгэл гонсойлгосон. Гүц цайнд есөн мянган төгрөг төлсөн ч сүүтэй цайн дээр чихэр нэмсэн сонин эд байж таарсан. Хан хүн ажилсаг. Төвд нь залхуу юм болохоор хан хүмүүс Төвд гэсэн хаяг тавиад бизнесийн бүх боломжийг нь ашиглачихдаг юм болов уу гэж таасан. Хожим Сичуанд жинхэнэ төвд хоол цайтай учирч, хүслээ хангасан. Тийм болохоор Шангри-Лагаас Төвд амт эрээд хэрэггүй.

Яах аргагүй Төвд ба Хан хүмүүсийн хооронд эдийн засгийн ялгаа ажиглагдана. Наймаа хийх сэтгэлгээ, ажилч хөдөлмөрч байдал гээд аль аль нь л нөлөөлдөг байх. Нэмээд Төвд хүмүүс догшин дүр төрхтэй, ширүүн зантай байж мэдэхээр санагдсан. Эелдэг, наалинхай Хятад соёл давамгайлсан бүс нутгаас гэнэтхэн Төвдүүд дунд ороод ирэхээр эрс өөр.

Шангрила дахь баар

Шангри-Ла гол үзэсгэлэн нь мод шавран байшингуудаас бүрдэх тойрог хэлбэртэй төвд хороолол. Энэ тойргийн голдоо суварга залжээ. Харамсалтай нь хэдэн жилийн өмнө болсон их галд хуучин хорооллын дийлэнх нь шатаж сүйдсэн аж. Намайг очих үед ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байв. Шатсан барилгуудаа яг л хуучин ямар байсан тэр хэвээр нь нөхөн сэргээнэ. Ингэж байж л жуулчдын сэтгэлийг татна л даа. Улаанбаатар дахь хуучин барилгуудыг нураах тухай сүүлийн үед яригдаж байгаа. Буйран дээр нь тэнгэр баганадсан шилэн барилга барихын оронд уг нь ингэж л хуучнаа хуулбарлаад ч болтугай босговол хотын маань түүх арай урт харагдах мэт.

Сонгзалин хийд

Шангри-Лагийн захад Сонгзанлин хийд буй. Төвдийн томоохон хийдүүдийн нэг байгаад соёлын довтолгоонд өртөн сүйрчээ. Харин 1981 онд хуучин загвараар нь нөхөн сэргээжээ. Сонгзалин ногоон хөндий дунд, толь мэт бяцхан нуурын хойморт байрлана. Архитектурын хувьд Потала ордонтой тун төстэй бөгөөд уулын бэлд, дээш өгсүүлэн барьсан нь адил. Сонгзанлин хийд нэртэйгээс хурал номын газар гэхээсээ илүү жуулчдад зориулсан Төвдийн шашны музей гэмээр байгууламж ажээ. Нэг давхар нь Бон шашинтай холбоотой үзмэрүүдээс бүрдэх бол дараагийн давхарт нь Буддын үзмэрүүд байрлуулсан байх. Бидэн шиг буддизмийн баялаг уламжлалтай газраас очсон жуулчдад Сонгзанлинг гаднаас нь харахад л хангалттай санагдсан.

Энд ирсэн жуулчдын нэлээд хувь нь машин хөлсөлж, ойр орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг тольдож, найхи, төвд хүмүүсийн гэрт зочилж үздэг ажээ. Миний хувьд цаг хугацаа, мөнгө хэмнэх шаардлагатай байсан тул энэ хэсгийг орхиод Сичуаныг зорьсноор Юньнань дахь аялал маань дуусвай.

Түр хүлээнэ үү...
Top