Цаг хугацааны дуу чимээ
2017-12-25 А.Амармэнд 263

Цаг хугацааны шуугиан. О.Мандельштам

Хүмүүний дотоод ертөнц дэх илэрхийлж боломгүй мэдрэмж, төсөөллүүдийг илэрхийлэн биежүүлэх гэсэн оролдлогыг урлаг гэж нэрлэдэг юм болов уу гэж би таадаг юм. Магадгүй тийм болоод л жинхэнэ гэгдэх урлагийн бүтээлүүдийг хүртэхэд ямагт төвөгтэй байдаг биз. Хүн гэдэг гадаад ба дотоод ертөнцийн төв болон оршдог. Аль аль ертөнцөд нь хязгаар үгүй, төгсгөл бас эхлэл ч үгүй. Гадаад ертөнц бодитой харин дотоод ертөнц нь туйлын хийсвэр, онон барих аргагүй. Магадгүй энэ хоёр ертөнцийг холбогчийнхоо хувьд хүн бүр уран бүтээлч байх үүрэгтэй ч байж мэднэ. Бага зэрэг ойлгомжгүй оршил бичих болсон шалтгаан минь гэвэл эдүгээ цагийн Оросын болоод дэлхийн кино урлагийн томоохон төлөөлөгч А.Сокуров. Учир нь түүний бүтээлүүд хүмүүний дотоодод орших тэнгисийн хамгийн гүн дэх, биднээс ч өмнө байсан, биднээс хойш ч оршин байх, тэр л мэдрэмж, зөнгийн тухай байдаг бөгөөд бүтээлүүд нь үзэгчдийг зүрх сэтгэлийн дуу хоолойгоороо замчлуулан аялах төгсөшгүй аянд урьж байдаг.

Дэлхийн кино урлагийн оргилуудын нэг А.Тарковский сүүлчийн ярилцлагуудынхаа нэгэнд “Ленинградад Александр Сокуров гэдэг гоц авьяастай залуу найруулагч бий” хэмээсэн байдаг. Үнэхээр ч аугаа найруулагч алдаагүйг цаг хугацаа баталсан бөгөөд нэг бус судлаач түүнийг А.Тарковскийгоос хойш төрсөн хамгийн аугаа орос найруулагч хэмээн зөвшөөрдөг. Тэр гуч гаруй жилийн турш баримтат болон уран сайхны кино, телевиз радиогийн нэвтрүүлэг, ном нийтлэл хэлбэрээр дахин давтагдашгүй өвөрмөц дуу хоолойгоо бидэнд хүргэж байна. Сокуров 1951 онд Иркутскт дэлхийн дайны ахмад дайчны гэр бүлд мэндэлжээ. Гэр бүл нь байнга нүүдэллэн амьдардаг байснаас залуу Сокуровт найз нөхөдтэй болох боломж олддоггүй байсан бөгөөд бага нас нь ганцаардмал байдалтай өнгөрсөн гэдэг. Сокуровын анхны мэргэжил нь кино урлагтай холбоотой байсангүй. Дунд сургуулиа дүүргээд түүхийн ухаанаар Горькийн их сургуульд элсэн орж, суралцах хугацаандаа Горькийн телевизэд продюсерийн туслахаар ажиллах болсноор телевиз, кинотой анх холбогджээ. 1975 онд их сургуулиа дүүргээд Сокуров кино бүтээгч болохоор эргэлт буцалтгүйгээр шийдэж оросын хамгийн нэр хүндтэй кино академи болох ВГИК-т элсэн оров. Хэдийгээр залуу авьяастан маань сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэгт тооцогдож, С.Эйзенштейний нэрэмжит тэтгэлгийг хүртэл хүртэж байсан ч уран бүтээлийн чиг хандлага нь сургуулийн удирдлага болон багш нарт нь төдийлөн таатай сэтгэгдэл төрүүлдэггүй байв. Оюутны ажлуудыг нь багш нар хэтэрхий “этгээд хэлбэрдсэн” хэмээн шүүмжилж байлаа.

Энэ үедээ Сокуров А.Тарковскийн уран бүтээлүүдтэй танилцаж эхэлсэн бөгөөд ялангуяа “Толь” кино маш гүн сэтгэгдэл үлдээсэн гэдэг. Энэ бүхэн Сокуровын кино урлагт хандах хандлагад хүчтэй нөлөөлсөн нь түүний бүтээлүүдээс илт мэдрэгдэнэ. Хүмүүний дотоод сүнслэг оршихуйг бүтээлийнхээ гол болгож, урт удаан зураг авалтууд, байгалийн дүрслэл ба дуу чимээг өргөн ашигласан арга барил нь А.Тарковскийг өөрийн эрхгүй санагдуулам ч тэдний дотоод ертөнц харилцан адилгүй. Тарковскийн гол дүрүүд ихэвчлэн дотоод сүнслэг оршихуйд нь ирж буй гадны дарамтын эсрэг тэмцэж, эцэст нь чөлөөлөгдөж байдаг бол Сокуровын гол дүрүүд эсрэгээрээ тэрхүү дарамтыг хүлцэн тэвчиж байдаг.

Сокуров дипломын ажлаа болгон анхны бүрэн хэмжээний уран сайхны бүтээлээ бүтээсэн нь “Хүмүүний гансармал дуу хоолой” байлаа. Сургуулиас олгогдсон богино хэмжээний кино бүтээж л хүрэх төсөвтэйгөөр тухайн үед зөвлөлтөд ихэнхи бүтээлүүд нь хориглогдож байсан экцистэнциалист зохиолч Андрей Платоновын хоёр өгүүллэг дээр түшиглэн мэргэжлийн бус жүжигчдийн багтайгаар ажлаа эхэлж, 1978 онд дуусгажээ. Энэ бүтээл дээрээ Сокуров оюутны найзууд болох кино зохиолч Юрий Арабов, зураглаач Сергей Юриздицкий нартай хамтран ажилласан бөгөөд хожмоо тэд хэд хэдэн бүтээлүүдийг хамтдаа төрүүлсэн юм. Харамсалтай нь ВГИК Сокуровт диплом гардуулсангүй. Тэр бүү хэл Госкино (Улсын кино урлагийн газар)-ын зүгээс залуу оюутны бүтээлийг коммунист нийгмийн үнэт зүйлст харшилсан гэсэн шалтгаанаар хориглосон бөгөөд Сокуров ч сургуулиа төгсөлгүй орхижээ. Бүр хожим престройкийн он жилүүдэд буюу 1987 онд олон нийтэд нээлтээ хийсэн “Хүмүүний гансармал дуу хоолой” нь тэр жилдээ Локарногийн кино наадмаас “Хүрэл ирвэс” хүртэж, үзэгчид шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авсан бөгөөд эдүгээ дэлхийн кино урлагийн үнэтэй өвүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байна.

(Хүмүүний гансармал дуу хоолой, 1978)

Үзэл сурталжсан нийгэмд ганцаардсан энэхүү амаргүй үедээ Сокуров өөр нэгэн ганцаардсан зүрх А.Тар-ковскийтой танилцсан бөгөөд залуу оюутны уран бүтээлийн чиг, авьяас билгийг аугаа найруулагч ихэд үнэлж, хоёр найруулагчийн хооронд дотно нөхөрлөл эхэлсэн гэдэг. Хэдийгээр Сокуров сургуулиа дүүргэж чадаагүй ч А.Тарковскийн итгэмжилсэн захидлын тусламж-тайгаар Ленфильм студид ажилд орж чадсан бөгөөд энд тэрээр анхны баримтат бүтээлүүд болох “Тариачны элеги”, “Гитлерт зориулсан сонат”, “Хийлд зориулсан сонат” зэргээ туурвиж эхэлсэн байдаг.

Тэр уран бүтээлийн замналынхаа туршид баримтат ба уран сайхны кино гэсэн кино урлагийн үндсэн хоёр чиглэлд зэрэг ажилласаар ирсэн бөгөөд эндээс олсон туршлагадаа дулдуйдан баримтат болон уран сайхны киноны нэгдэл болсон өмнө нь хэний ч санаанд орж байгаагүй бүтээлүүдийг өлгийдөн авч байлаа. Магадгүй энэ нь түүний шинэ, давтагдаагүй байх гэсэн хүсэл тэмүүлэлтэй холбоотой биз. Үүний тод илрэлүүдийн нэг нь 1983 онд Бернард Шоугийн жүжгээс сэдэвлэн бүтээсэн хоёр дахь бие даасан уран сайхны бүтээл “Шаналант огоорол” (Painful Indifference) байв. Дэлхийн нэгдүгээр дайны үеийн европын тухай толгой эргүүлэм сюрреал бүтээлдээ Сокуров дайны үеийн баримтат кадруудыг тун ч мэдрэмжтэйгээр ашиглаж, үр дүнд нь кино урлагийн хамгийн өвөрмөц, шинэ бүтээлүүдийн нэг төрсөн юм. Мөн л 1987 оныг хүртэл үзэгчдэд хаалттай байсан “Шаналант огоорол” нээлтээ хийсэн жилээ Берлиний кино наадмын тэргүүн шагнал Алтан баавгайг хүртэж байв.

Зөвхөн “Шаналант огоорол” ч бус Сокуровын Ленфильмд ажиллаж байх үедээ бүтээсэн нэг бус бүтээл нь наяаад оны төгсгөл үе хүртэл хориотойд тооцогдож байлаа. Хэдийгээр тэр үед Орост цагийн салхи зөөлөрч уран бүтээлүүд нь олон нийтэд чөлөөтэй хүрч эхэлсэн ч Сокуровын цэвэр дотоод сэтгэлийн дуу хоолойндоо хөтлөгдөн туурвисан бүтээлүүд нь энгийн үзэгчдэд хэтэрхий төвөгтэй санагдаж байснаас олон нийтийн дунд төдийлөн амжилт олж чадахгүй байв. Тиймдээ ч бүтээлүүд нь зөвхөн шүүмжлэгчдийн зүгээс л магтаал сонсож байв. Гэсэн хэдий ч улс төрийн дарамт шахалт, олны үл огоорол, алдар нэр, ашиг хонжооны аль аль нь Сокуровын бүтээх хүсэл тэмүүллийг даван гарч чадаагүй бөгөөд тэрээр уран бүтээлчийн хувьд өөрөө өөртөө үнэнч байж, зөвхөн өөрийнхөөрөө бүтээн туурвисаар л байлаа. Түүний урлах арга барилыг томъёолон тодорхойлох, онон барихад туйлын төвөгтэй. Энэ тухайгаа тэрээр “Үзэгчид үзэхэд төвөгтэй кинонуудаас биш харин ч таатай бүтээлүүдээс л айх ёстой. Муу кинонууд хүмүүсийн амьдралаас хэдэн зуунтай тэнцэх үнэтэй хором мөчийг нь хулгайлдаг” хэмээсэн байдаг. Үнэхээр ч кино урлаг биднийг хөгжөөх эсвэл зовлонт амьдралын дарамтнаас түрхэн хагацаах гэж оршдоггүй байх. Энэ үүргийг архи ч дөмөгхөн гүйцэтгэж чадна. Харин сайн кинонууд биднийг өөр юунаас ч амсаж үл чадах тийм тайлагдашгүй мэдрэмжүүдээр цэнэглэж байдаг бизээ.

1988 онд Сокуров А.Тарковскийн дурсгалд зориулан Тарковскийн Сталкер бүтээлийн зохиолчид болох Оросын нэрт зөгнөлт зохиолч Стругацкийн ах дүүсийн “Дэлхийн төгсгөлөөс тэрбум жилийн өмнө” зохиолоор төв азид судалгааны ажлаар ирсэн залуу эмчид тохиолдох жигтэй явдлын тухай “Бүрэнхий өдрүүд” (Days of Eclipse) бүтээлээ туурвив. Зэвхий өнгө давамгайлсан Туркмений элсэн цөл, хөдөөгийн суурингийн баримтат зураглал, хөгжмийн зохиолч Юрий Ханины дорно өрнийн нийлэмж болсон психеделик гэмээр аялгуу, гол дүрийн жүжигчин Алексей Ананишновын (Гайхалтай нь тэр мэргэжлийн жүжигчин биш байсан) дэндүү бодитой тоглолт нийлж нэг л хачин, харь уур амьсгалыг тун чиг сайн бүрдүүлсэн байдаг. Уг бүтээл нь А.Сокуровын өмнөх бүтээлүүдээс илүүтэй олон нийтэд хүрч, перестройкийн үеийн хамгийн олон үзэгчтэй орос кинонуудын нэгт тооцогдож байлаа.

Удалгүй Орос орныг өөрчлөлт шинэчлэлтийн их давалгаа нөмрөн авснаар урлагийн салбарууд хүндхэн цаг үетэй нүүр тулж, олон уран бүтээлчдийн замнал зогсолтын байдалд орсон ч Сокуров “Хоёр дахь тойрог” (The Second Circle), “Чулуу”, “Шивнэн буй хуудаснууд” (Whispering Pages) зэрэг уран сайхны бүтээлүүд “Москвагийн элеги”, “Петербургийн элеги”, “Зөвлөлтийн элеги”, “Энгийн элеги” зэрэг баримтат бүтээлүүдээ туурвисаар байлаа. 1990-ээд оны сүүл үеэс Сокуров хүмүүсийн харилцаа ба гэр бүлийн холбооны тухай гурвал бүтээж эхэлсэн бөгөөд эдгээр бүтээлүүд нь түүнийг олон улсын тавцанд ихээхэн алдаршуулсан юм.

Гэр бүлийн холбоо ба хүн хоорондын харилцааны тухай гурвалын эхний кино нь 1997 онд нээлтээ хийсэн үхэж буй эхийн сүүлчийн өдрийн тухай “Эх, хүү хоёр” байлаа. Хамгийн их хайрлах ёстой гэж итгэдэг тэр хүнийхээ үхлийн тухай кино үзнэ гэдэг амаргүй. Гол дүрүүдийн зовлонт дүр төрх, харанхуй байшин, удаан хүнд харилцан яриа тэр бүү хэл дүрүүдийнх нь амьсгалах нь ч дэндүү дарамттай. Найруулагч тусгай дурангийн тусламжтайгаар дүрсийг гажааж авсан зураглалаараа дүрүүдийнхээ орших тэвчихийн аргагүй дарамтыг улам ч хүчтэй илэрхийлж, гажсан дүрс зүүдний мэт гэрэлтэн сарних киноны өнгөтэй нэгдсэнээр кадр бүрийг нь шилмэл уран зураг мэт үзэсгэлэнтэй болгожээ. Хүн хэзээ ч бүрэн аз жаргалтай байхгүй. Яагаад гэвэл бид ийм л заяанд төрсөн, бидний зовлон дуусашгүй. Магадгүй эх үхэлгүй ахиад зуун жил хүүтэйгээ амьдарсан ч тэдний зовлон нимгэрэх нь юу л бол. Гэхдээ киноны төгсгөлөөс зовлонг ч даван гарах итгэл үнэмшлийг анзаарч болно.

(Эх, хүү хоёр, 1997)

Энэ гурвалын дараагийн бүтээл эцэг хүүгийн хоорондын харилцааны тухай “Эцэг, хүү хоёр” байв. Үе үе хар даран зүүдлэх цэргийн сургуулийн залуухан оюутан Алексей. Түүнийг хачин зүүднээс нь аврах цагтаа цэрэг явсан эцэг. Тэдний хооронд тогтсон эцэг хүү гэхээсээ илүү дотны найзууд эсвэл амрагуудынх гэмээр харилцаа. Тэр харилцаанд атаархах Алексейн найз бүсгүй. “Эцэг, хүү хоёр” Каннын кино наадамд нээлтээ хийснийх нь дараа зарим хүмүүс эцэг хүү хоёрын хэт дотно харилцаанаас нь болон гомо эротик бүтээл гэж тодорхойлсон ч найруулагч тэр даруйд нь үгүйсгэж, “Тэдний харилцаа бол домгийн шинжтэй. Бодит амьдрал дээр энэ бүхэн тохиолдох боломжгүй” хэмээсэн байдаг. Энэ бүтээл нь “Эх, хүү хоёр”-ийн нэгэн адил тодорхой үйл явдалгүй бөгөөд зөвхөн ирээдүйд эцэг хүү хоёр хамтдаа байхгүй гэдэг л бидэнд тодорхой үлдэнэ. Магадгүй эх үр, эцэг үр гэсэн энэ харилцааны мөн чанарыг тодорхой үг үйлээр илэрхийлэн гаргах боломжгүй болоод тэр байх.

“Эцэг, хүү хоёр”-д Сокуровын зураг авалтын гайхалтай уран чадвар ч үргэлжлэн илэрсэн бөгөөд гэнэтхэн алдуурчхаж мэдхээр гэрэлтсэн зөөлөн дүрслэлүүд, дүрүүдийн харилцан ярианы үеэрх энгийн агаад ухаалаг эвлүүлгүүд (Ялангуяа Алексейн найз охинтойгоо яриж буй үеийн) нь энэ ертөнцийн бус гэмээр тийм цэвэр ариун зөөлөн атмосферийг бий болгоно. Нэмээд киноны гол дүрүүд мэргэжлийн жүжигчид биш гээд бодохоор гайхалтай! Эцгийн дүрийг бүтээсэн Андей Щетениний зөөлөн инээмсэглэл, Алексейн найз бүсгүйн дүрийг бүтээсэн Марина Засухинагийн зовнисон эмээсэн эмзэгхэн төрх... Сокуров хэн нэгнийг өгөгдсөн нэг дүрд жүжиглүүлснээс илүү тухайн дүртэй адил хувь тавилантай нэгнийг олж кинондоо тоглуулах нь илүү үр дүнтэй гэж үздэгээс нэг бус бүтээлдээ мэргэжлийн бус жүжигчдийн багтай хамтран ажиллаж байсан аж. Энэ гурвалын сүүлчийн бүтээл эгч дүүсийн харилцааны тухай байх болно гэдгийг Сокуров мэдэгдээд байна.  

Уг гурвалын хажуугаар Сокуров түүхэн удирдагч нарын тухай өөр нэгэн гурвалыг бүтээж эхэлсэн байдаг. Энэ нь сүр хүчнийхээ оргилд хүрсэн ч хүүхдийн мэт айдсаасаа хагацаагүй Гитлерийн Баварид өнгөрөөж буй амралтын тухай “Молох”, эхнэр эгчийнхээ асаргаанд үхлээ хүлээн буй Улаан хувьсгалын удирдагч Лениний сүүлчийн өдрүүдийн тухай “Үхэр”, дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгөх хүндхэн шийдвэрт гарын үсэг зурахаар зэхэж буй Японы эзэн хаан Хирохитогийн тухай “Нар” гурав байлаа.

Энэ гурвалаараа Сокуров кино урлагийн тухай төсөөллөө ахин нэг удаа эрэгцүүлэхэд хүргэсэн бөгөөд баримтат болон уран сайхны бүтээлийн дээд хослолуудыг бүрдүүлж, өнгөрсөн зууны хамгийн хүчирхэг хүмүүсийн дотоод ертөнцийг дэлгэн үзүүлжээ. Гитлер ба Лениний дүрийг оросын жүжигчин Леонид Мозговой тун гайхалтай бүтээсэн бөгөөд “Молох”-ийн зохиол Каннын кино наадмаас шилдэг кино зохиолын шагналыг авсан билээ.

Сокуров оюутан байхдаа ч, кино урлагийн салбар дахь хал цэрэг болсон хойно ч кино урлагийн шинэ хэлийг хайж, хамгийн нухацтай нэгнийг ч барьц алдуулам таамаглахын аргагүй, зарим талаараа радикал гэмээр бүтээлүүдийг туурвисаар ирсэн билээ. Зарим урлаг судлаачид түүнийг зоримог шинэчлэлүүдийнх нь төлөө авангард найруулагч хэмээн нэрийддэг ч тэр энэ бүхэнд төдий л таатай хандаж байсангүй. “Би бол дэлхийн соёлын нэг жижиг хэсэг. Би уран бүтээл бүрээ өмнөх үеийн уламжлалтай холбохыг оролддог. Тийм болохоор намайг авангард найруулагч гэж дуудах хэрэггүй. Авангард уран бүтээлчид ямар нэгэн цоо шинэ зүйлийг бүтээхийг оролддог. Энэ талаас нь харвал авангард гэдэг үгтэй би холбогдож болно. Гэхдээ урлаг бол мөнх. Шинэ хуучин гэж үгүй. Шинэ эсвэл хуучин гэдэг үг зөвхөн уран бүтээлчдэд л хамаатай” хэмээж байв.

Техникийн шинэчлэлийг уран бүтээлдээ зоримог ашигладгийнх нь төлөө түүнийг М.Скорсезе “Технологийн анхдагч” хэмээн нэрлэж байсан удаатай. Сокуровын шинэд тэмүүлсэн эрэл хайгуулын нэг жишээ нь 2002 онд бүтээгдсэн “Оросын өв эрдэнэ”. Кино урлагийг эвлүүлгийн үйл явцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл Сокуровын тархинд нэг ч засвар нөхөөсгүй, нэг камер дээрээс нэг удаагийн тасралтгүй зураг авалтаар бүхэл бүтэн кино бүтээх тухай солиотой гэмээр санаа орж иржээ. Тэр энэ тухайгаа “Кино урлаг гэдэг эвүүлгийн тусламжтай хөгжиж байдаг. Гэхдээ зарим найруулагчид нэг удаагийн зураг авалтыг аль болох урт байлгахаар оролдож байсан. Жишээ нь Александр Довженко. Магадгүй түүний туршлага Тарковскийд нөлөө үзүүлсэн байх. Надад нэг удаагийн тасралтгүй зураг авалтаар кино хийх тухай санаа анх 15 жилийн өмнө төрсөн. Гэхдээ тэр үед техникийн нөхцөл бололцоо байгаагүй” хэмээн ярисан байдаг. “Оросын өв эрдэнэ” бол аугаа орос орны өнгөрсөн 300 жилийн түүх соёлын хураангуй. Ямар нэгэн ослоос болж амиа алдсан сүнс (Найруулагч өөрөө дуу оруулжээ) Оросын эзэн хаадын өвлийн ордонд сэрж, түүнийг олж харж буй цорын ганц хүн болох XIX зууны францын жуулчин Маркиз Де Кюстиний хамтаар өвлийн ордноор цаг хугацааны аялал хийнэ. Екатеринагийн үеийн дуурийн бэлтгэл, Нэгдүгээр Николайгаас Александр Грибоедовийн үхэлд уучлал эрэх Ираны элчин сайд, Хоёрдугаар Николайн амар жимэр гэр бүлийн амьдрал, Ленинградын бүслэлтэд сүйдсэн Эрмитаж... Нийт 90 минут үргэлжлэх зураг авалтад 2000 жүжигчин бүхэл бүтэн оркестр оролцож, эрмитажийн музейн 33 танхимыг дамжин хийсэн гээд бодохоор төсөөлөхөд ч бэрх. Кино бүтээгчдэд ердөө 3 удаа л зураг авалтын оролдлого гүйцэтгэх боломж байсан гэдэг. Эхний 2 зураг авалт техникийн алдаанаас болон амжилтгүй болсон бөгөөд аз болж сүүлчийн зураг авалт амжилттай дууссанаар эрин цагийн хамгийн гайхалтай кино урлагийн өвүүдийн нэг мэндэлжээ.   

Эдүгээ оросын артхаус киноны манлайлагчдын нэг Сокуров Ленфильмд ажиллаж байсан хамтрагчдийнхаа хамтаар “Берег” нэртэй ашигийн бус кино студийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд удахгүй В.Гётегийн Фаустаас сэдэвлэн бүтээсэн Фауст бүтээл нь нээлтээ хийхээр зэхэж байна.

Түр хүлээнэ үү...
Top