Үл таних эр
2018-02-27 Б.Алтанхуяг 658

 

Хариулт авмааргүй асуулт

Ийм гарчиг тавьчихад л хэний талаар бичих гэж буйг минь зарим нэг уншигчид шууд ойлгоно. Яруу найрагч Батжаргалын Одгэрэл. МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангид элссэн орсноос хойш хамгийн их сонссон нэрсийн нэг нь энэ. Гэвч тэрхүү нууцлаг, чимээгүй яруу найрагч ламтан миний хувьд үл таних эр” байлаа.

Үргэлж л оюутнуудын хөлд дарагдан үймээн шуугианд дунд хөвж байдаг улаан шаргал өнгөтэй их сургуулийн сунайсан урт байшингууд хоёр давхар барилаганаас өөр нүдэнд торох зүйлс хараагүй өссөн хөдөөний хүүд үлгэрт гардаг цайз шиг л санагдах нь мэдээж. Эндээс л бичгийн их мэргид, эрдэмтэн докторууд, хамгийн чухал нь яруу найрагчид төрөн гарсан.

Энэ сургуулийн урт шар коридорт би хэл, уран зохиолын багшийн ангийн нэг охинтой танилцсан юм. Урт шаргал үсээ дал мөрөө давуулан асгасан тэр охин миний Үл таних эр”-ийн гаргасан шүлгийн түүвэр болох Үл таних зочин”-г уншиж суусан билээ. Сүүлд өнөөх охиныг салахын аргагүй амттай шүлгийн түүвэр бариад суухаараа хаана буйгаа мартан уншиж дуусгадаг гэдгийг нь мэдсэн. Амттай шүлгийн түүвэр шиг “амттан” гэж үгүйг бид хоёроос өөр мэддэг хүн үгүй юм шиг дэгдэж явж дээ.

Галзууд овогт Б.Одгэрэл “Үл таних зочин” УБ. 2003 он. Харахад нимгэхэн цэнхэр ном. Уншихад бүхэл бүтэн номын сантай болчихсон мэт хөөрцөглөмөөр тийм зузаан ном.

“...Чамайг хардсандаа шүлэг бичнэм Чамайг хардах минь ийм сайхан. Үзэн ядсандаа шүлэг бичнэм Үзэн ядах минь ийм сайхан”.

Эхний хуудсыг нээхүй дор дээрх шүлгийн мөртүүд өвлийн талд төөрсөн хүн малын мөр олж үзсэн шиг л сэтгэл догдлуулж орхино. Хардах, үзэн ядах шиг муухай зүйл үгүй. Гэтэл өнөөх үл таних эрийн шүлгийг уншихаар яаж ингэж сэтгэж байна вэ, яаж ийм тансаг бичнэ вэ гэж өөрөөсөө асуумаар. Тэгсэн хэрнээ асуултандаа хэзээ ч хариулт олмооргүй санагдана. Ингэж л би үл таних эрийн Үл таних зочин”-той учирсан билээ. Шийдэж чадахгүй асуудлууд ар араасаа хөвөрч бухимдал төрүүлсэн бүүдгэр саарал өдөр. Тэнгэрт ганц нэг шувуу хаачихаа мэдэхгүй эргэлдэн байх тийм л үдшүүдээр өнөөх номыг уншиж суух шиг атаархмаар сайхан нь үгүй мэт санагдана.

Ийм л шүлгүүдийнх нь төлөө эрхэм ахтай зовлонгоо хуваалцан ярилцаж, шүлэг уншиж суумаар. Үгүй бол үзэн ядаж хараамаар, хараал ийм гэгээн тунгалаг сэтгэлээс гарахаараа ерөөл болж хүмүүст хүрдэг хэмээх утгагүй бодолдоо төөрөлдөж унтахаа мартан цагаан “Ононы бургасан дээгүүр” явгалан алхаж тэнгэр өөд мацах сарыг ажин “ер бусын шаналан гунигаа” дарс шиг амталж үзмээр болно. Авахыг хүсээгүй хариулт энэ. Эцэст нь ямар ч асуултын хариулт олддог л хорвоо шүү дээ.

Өндөрхааны тэнгэр дор, өчигдөрхөн...

Өчигдөрхөн би хар багаасаа л найзуудтайгаа очиж байлдаанд оролцдог байсан Хэрлэнгийн гүүрэн дээр тамхилж зогссон юм. Бидний хэдэн хүүхдүүд хэмхэрсэн банз олоод түүнийгээ балиусаар арайхийн нэг юм засч янзлаад буу шиг хэлбэртэй болгочихдог байв. Тэгээд л Хэрлэнгийн зүг хар хурдаараа гүйж гарна. Түрүүлж гүүрэн дор очсон нь хамгийн тансаг, дайсны суманд өртөхгүй, бат бөх “нуувч”-ийн эзэн болно. Ингээд л хэн нэгний маань гэрээс хүн дуудахгүй л бол эцэж цуцахыг мэдэхгүй байлдаж тоглодог байлаа.

Харин өнөөдөр модон буу эрүүндээ нааж суусан жаахан хөвгүүн гүүрэн дээр зогсоод санах гэж хичээх тусам янжуурын утаатай замхрах бага насны дурсамжуудаасаа чадахын хэрээр шүүрч авахыг хичээн зогсоно. Гэхдээ энэ бүхэн зүгээр л дурсамж, хуучны ул болсон зүйлсийг сараачих ямар ч хэрэгтэй билээ. “Хуучирсан бодлоос илүү хуучин юм үгүй” гэж Б.Одгэрэл найрагч шүлэглэсэн нь бий. Угтаа багын гэрэл цацраасан дурсамж бус үзэл бодлын тухайд хэлснийг нь ойлгох хэрэгтэй.

Ард Баатарын Галсансүхийн шүлэглэсэн шиг “архины гуанз мэт үнээдэй нютагын” тэнгэр дор “Ертөнцөд надад хайрласан гэрэлт өдрүүдийг Ердийн харанхуй болтол би дарс мэт шимнэм Хамгийн сүүлчийн хундагатай архи дуусах шиг харанхуй нөмрөхөд Халамцсан эр мэт дахин нэхэхээргүй гэгээн явнам би” гэж ард Батжаргалын Одгэрэл ариун тунгалаг мөрүүдөө аялгуулан дууднам. Сүүлчийн хундагатай архи дуусах шиг шөнө эхлэхэд дарсанд халамцсан эр шиг өдрийн нарыг дахин нэхэлгүйгээр “гэгээн” явдаг эл найрагч Жагарын орноо ном эрдэмд шамдан суугааг нь “олны салхи”-наас сонсч билээ.

Уулзаж ч амжаагүй гэж бодож явсан нутгийн найрагч ахтай учирч байснаа энэ өдөр мэдэв. Хэнтий аймаг дахь Р.Чойномын нэрэмжит “Нийтийн номын сан”-гийн фондод хадгалаатай буй зургийн цомог эргүүлж суугаад Б.Одгэрэл найрагчтай гар барьж, тэр ч байтугай өмнө нь зогсоод найз Б.Галсансүхийнх нь шүлгийг цээжээр уншиж эрхэм ахын алга ташилтаар шагнуулж явжээ. Ганцхан зураг харахад л арав гаруй жилийн өмнөх үйл явдал нүдний өмнүүр ёстой нэг жингийн цуваа шиг өнгөрч үзэгдэнэ. Даанч үүнээс өөр санах юм үгүй. Тухайн үеийн хөөр баяр, догдлол нэгээхэн агшинд ч болов нисэн ирж цээж халуун оргиулсангүй.

“Энгийн байх, гунигтай, хатуу, бардам явахын учрыг Энэ үеийнхээ цэцэрхэгчдээс илүү би мэднэ. Өдөр бүрийн амьдралыг өвдөж, өвчнөөн давж мэдрэхэд Өндөр утга, эгэл үнэн оршдогийн учрыг мэднэ”.

Цэцэрхэгчидээр дүүрсэн өнөөгийн нийгэмд энгийн байх, бардам явахын учрыг тэр мэддэг ажгуу. Үзэн ядах нь хүртэл ийм тунгалаг, хиргүй сэтгэлийн үнэн” шүлгүүдийг бүтээдэг байна. Шархирам өвдөлтийг давсны дараах мэдрэмжинд өндөр утга, эгэл үнэн оршдог. Цонхон цаана шөнө далавчаа хумин буух бүрийд тэр л аниргүйд олон нууцууд хөврөх шиг санагдана. Машины хурц гэрлээр харанхуйг зүсч, өвдөн буйг нь үл хайхран хип хоп дуу орилуулан яваа үеийнхээ залуусыг өрөвдөж байна уу, тэдэнд атаархаж байна уу гэдгээ үл мэднэ. Гэхдээ Одгэрэлийн шүлгүүдийг унших бүрийд аль аль нь эгэл үнэн гэх санаанд тулчихана. Тэгээд л хий хоосон хэлбэр хөөж, хэний ч бодож олоогүй шинэ зүйлийг нээх гэж толгой гашилгаж суусан өдрүүдээ шоолж, өрөвдөж, Өндөрхааны тэнгэр дор жаахан мушийхчаа аядаад тамхилж зогсоно.

Ээжийнхээ гараас хөтөлж явсан жаахан хүү барьж явсан бөмбөлөгөө алдчихаад часхийн уйлах дуунаар нь эргэн харав. Найрагчийн Үл таних зочин” шүлгийн баатар өөрийн эрхгүй санаанд бууна. Өнөөх улаан бөмбөлөг эрх чөлөөгөөр бялхаж, баяссан мэт тунгалаг урсгалт Хэрлэнгийн дээгүүр салхи уруудан нисч үзэгдэнэ.

Үнэтэй ганцхан зовлонгоо өвөртөлж унтнам

Эмэгтэй хүнд дурлах зовлон болдог уу, жаргал өгдөг үү? Мэдэрч үзээгүй хүн мэдэхгүй байх нь аргагүй. Дурлал, дарс шиг сайхан зүйл үгүй тухай их найрагч Омар Хайям шүлэглэсэн нь буй. Магадгүй бие сэтгэлээ татаад авчихаж чадахааргүй үерийн усанд дайруулсан мэт муйхар хүчинд эзэмдүүлчихдэг байх.

Амьдралаас амсч үзэх ёстой хамгийн гэгээн, сайхан зовлон нь хайр гэдгийг Б.Одгэрэлийн шүлгүүд хэлдэг. Сайхан зовлон гэж хаана байх билээ. Гэхдээ л сайхан зовлонг амсч эдлээд, хуучирсан гутал шигээ хаячихаж чаддаггүй хүмүүс энэ найрагчид л байдаг юм шиг ээ...

Гашуун утаанд намдахгүй Гарын нударганд дийлдэхгүй Галзуу архинд унтрахгүй Ганцхан зовлон байдаг <...> Зүлгэсэн толинд гэрэлтэмгүй Зөрсөн хүнд ажиглагдамгүй Зүрх уушиг алдамгүй Жирийн бүсгүй байдаг...

Тэр ингэж бичсэн юм. “Зүлгэсэн толинд гэрэлтэмгүй жирийн бүсгүйн” тухай хачин сайхан үлгэр сонсч суух шиг, эсвэл нэг их гуниг төрүүлсэн хайрын тухай домгийн эхлэл шиг, бүр зөрүүдэлж бодвол эдгэрэшгүй шарх сорвиор дүүрсэн эр хүнд баймгүй уяхан, эмзэг, сул дорой зүрхний дуу шиг...

Гэхдээ тийм биш ээ!

...Сүмийн хандмаа, номын зураг шиг Сүйт хүүхний тухай гэгээн төсөөлөл шиг Тэр хүүхнүүд хэзээ ч зовлон амсдаггүй Тэгээд ч бид эхлээд шаналлын тухай боддоггүй.

Тэртээ 1994 он буюу намайг орчлонд мэндлэхээс хоёр жилийн өмнө Б.Одгэрэл найрагч ингээд бас биччихжээ. Нөгөө юу билээ дээ, өвгөдийн яриад байдаг өөдрөг сэтгэлийн гэгээн дуулал гэдэг нь энэ байх. Яагаад ч юм дээрх мөрүүдийг уншихаар найруулагч Мишель Гондригийн “Тунгалаг оюуны мөнхийн гэгээ” киноны нэр аманд орж ирээд байдаг юм. Гэхдээ шүлэг бүрт нь нэг тийм гуниг шингэчихсэн шиг санагдаад өөрийгөө хүчлэвч инээж чадахгүй, өрөвдөөд уйлчихаж болохгүй, сар ширтээд инээмсэглэхгүй, сайхан дарс залгилаад ч согтохгүй болчих шиг санагдана.

Тэгээд л “эрхийн өргөс шиг эдгэчихдэггүй, эрхгүй ганцхан зовлон”-гоо өвөртөлж унтаад, унтаад л баймаар... Саарал тэнгэр шиг сэтгэлийн гунигаа сэгсэрчихээд, сайхан зүүднээс сэрэхдээ ширээ рүүгээ яаран гүйж үзгээ шүүрч аваад өрөөнөөсөө гаралгүй өнжмөөр...

...Ердийн хямд зугаанд бид сохорч, зовлонд тэнцэхээн больдог Ертөнцийн, гэгээрэх, мунхрахын үл үзэгдэх хуулийг үзэгдэх болтол жижгэрдэг Адгуусан дунд ч байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохирол Анд нөхөд тамхины утаан дунд алга байгааг мэднэ.

Зохиолч Г.Аюурзаны бас нэг шүлгийн мөрийг саначихмаар байх юм. Аан тийм, “Гунигийн энэ мөрүүд дээр азнамаар байна...” Үүн шиг дээрх шүлгийг уншихаар гунигийн энэ мөрүүд дээр азнамаар байна. Амьдралыг дургүйлхэн уншиж, аавыгаа санан бэтгэрч, ээжийгээ үгүйлж, эх нутагтаа эсэн мэнд суугааг нь сонсоод “хүүгээ санаж л байгаа даа” гэж бодон элэг эмтрэвч их хотоос сугаран гарч ээждээ очоод үнсүүлчихэж чадахгүй суугаа өөрийгөө зүхнэ. Адгуусан дунд ч байдаг амгалан, цэцэн, жинхэнэ зохиролоос үүдэн зовлонд тэнцэхээн болохын утга учрыг ухаж, ойлгохыг хичээх тусам өөрийгөө зүхэх минь багасч, азналгүйгээр амьдралыг үргэлжлүүлэн уншмаар болном.

Одоо номын сан минь хэзээ ч дундрахгүй, орхихгүй гэсэн бүхэн хаяж одоход орой бүр гуниж суухгүй. Учир нь нимгэхэн цэнхэр энэ түүврийг нээх бүрийд нулимстай нар манддаг. Гэхдээ амьдралыг хайрлаж сурсан эр хүний баярын нулимс шингэсэн нар.

Түр хүлээнэ үү...
Top